“Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаа,” Судар судлах санаа (2021)
“Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаа,” Судар судлах санаа
Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаа
Гэр бүлээрээ судраас тогтмол суралцах нь гэр бүлдээ сайн мэдээнээс суралцахад туслах хүчирхэг арга юм. Гэр бүлээрээ хэр ихийг хэр удаан унших нь тогтмол хичээл зүтгэл гаргахтай адил тийм ч чухал биш. Та судар судлахыг гэр бүлийнхээ амьдралын чухал хэсэг болгосноор Есүс Христэд илүү ойртож, Түүний үгэн дээр суурилан гэрчлэлээ босгоход нь гэр бүлийнхээ гишүүдэд туслах болно.
Дараах асуултуудыг тунгаан бод. Үүнд:
-
Та гэр бүлийнхээ гишүүдийг хувиараа судруудыг судлахад хэрхэн урамшуулж болох вэ?
-
Та гэр бүлийнхнээ сурч мэдэж байгаа зүйлсээ хуваалцахад урамшуулан дэмжихийн тулд юу хийж болох вэ?
-
Судраас сурч мэдсэн зарчмуудаа өдөр тутам заах боломжтой мөчүүддээ хэрхэн онцолж болох вэ?
Гэр орон бол сайн мэдээнээс суралцаж мөн заах хамгийн тохиромжтой газар юм гэдгийг сана. Сүмийн ангиудад суралцах боломжгүй тийм арга замаар гэртээ сайн мэдээнээс суралцаж, зааж болно. Гэр бүлдээ судраас суралцахад нь туслах арга замуудыг бодож олохын тулд санаачилгатай бай. Гэр бүлийнхээ судар судлах үйл явцыг сайжруулахын тулд дараах санаануудаас заримыг нь ашиглахыг бод. Үүнд:
Дуу хөгжим ашиглах
Сударт заадаг зарчмуудыг бататгах дуунуудыг дуул.
Утга учиртай судруудыг хуваалцах
Хувиараа судлах үедээ олж мэдсэн утга учир бүхий судрын хэсгийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах цаг гарга.
Өөрийнхөө үгээр ярих
Судраас сурсан зүйлээ өөрийн үгээр дүгнэн хэлэхийг гэр бүлийнхнээсээ хүс.
Судруудыг амьдралдаа хэрэгжүүлэх
Судрын хэсгийг уншсаныхаа дараа үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг хуваалцахад гэр бүлийнхнээ урь.
Асуулт тавих
Гэр бүлийнхнээ сайн мэдээний тухай асуулт тавихад уриад, уг асуултад хариулахад туслах шүлгийг эрж олоход цаг гарга.
Судар үзүүлэх
Танд утга учиртай санагдсан шүлгийг сонгож, гэр бүлийн гишүүдийнхээ тогтмол харж болох газарт байрлуул. Ээлжлэн үзүүлэх судар сонгоход гэр бүлийн гишүүдээ урь.
Судрын жагсаалт гаргах
Гэр бүлээрээ ирэх долоо хоногт хэлэлцэх хэд хэдэн шүлэг сонго.
Судруудыг цээжлэх
Гэр бүлийн тань хувьд утга учир бүхий судрын хэсгийг сонгоод, өдөр бүр давтан уншсанаар эсвэл цээжлэх тоглоом тоглосноор уг хэсгийг цээжлэхэд гэр бүлийнхээ гишүүдийг урь.
Үзүүлэнт хичээлүүдийг заах
Гэр бүлээрээ уншиж буй бүлгүүд эсвэл шүлгүүдтэй холбоотой үзүүлэн ол. Судрууд дахь сургаал нь үзүүлэнгүүдтэй хэрхэн холбогдож байгаа тухай ярилцахыг гэр бүлийн гишүүдээс хүс.
Сэдэв сонгох
Гэр бүлээрээ хамтдаа судлах сэдвийг гэр бүлийн гишүүдээрээ ээлжлэн сонгуул. Тухайн сэдвийн тухай судрын мөрийг олохын тулд Topical Guide, Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org)-ийг ашигла.
Зураг зурах
Гэр бүлээрээ хэдэн шүлэг уншсаны дараа, уншсан зүйлтэйгээ холбоотой ямар нэгэн зүйл зурахад цаг зарцуул. Нэг нэгнийхээ зурсан зүйлийн тухай ярилцах цаг гарга.
Түүхийг жүжигчлэн тоглох
Түүх уншсаныхаа дараа гэр бүлийнхээ гишүүдийг энэ тухай жүжигчлэн тоглоход урь. Дараа нь уг түүх хувь хүн бүрд болон гэр бүлд тань тохиолдож буй зүйлстэй хэрхэн холбогдож байгаа тухай ярилц.
Ахлагч Дэвид А.Бэднар “Гэр бүлийн залбирал бүр, гэр бүлээрээ судар судлах цаг мөч бүр мөн гэр бүлийн үдэш бүр бидний зүрх сэтгэл дэх зурган дээр нэгэн бийрээр зураас татдаг юм. Ямар нэгэн үйл явдал дангаараа дурсгалтай, сэтгэл хөдөлгөм байдаггүй байж болно. Гэхдээ шаргал, алтан шаргал, бор өнгөнүүд нэг нэгэнтэйгээ уусан нэгдэж, гайхамшигт зургийг бүтээсэн шиг, бид жижиг зүйлсийг байнга хийх нь агуу сүнслэг байдалд хүргэнэ” хэмээн заасан (“Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20).