Судрууд
Хиламан 1


Хиламаны Ном

Нифайчуудын шастир оршвой. Тэдний дайн мөн зөрчилдөөнүүд, мөн тэдний тэрсэлдээнүүд оршвой. Мөн түүнчлэн Хиламаны хүү асан Хиламаны цэдгүүдийн дагуу, мөн түүнчлэн түүний хөвгүүдийн цэдгүүдийн дагуу, Христийн ирэлтээс өмнөх үеэс бүр Христийн ирэлтийг хүртэлх олон ариун бошиглогчдын бошиглолууд оршвой. Мөн түүнчлэн леменчүүдээс олон нь хөрвүүлэгдэв. Тэдний хөрвүүлгийн тухай шастир оршвой. Хиламаны ном хэмээн нэрлэгдсэн тэр Хиламан мөн түүний хөвгүүдийн цэдгийн дагуу, бүр Христийн ирэлтийг хүртэлх, леменчүүдийн зөв шударга байдал, нифайчуудын ёс бус болон жигшүүрт хэргүүдийн тухай, мөн энэ мэтчилэнгийн шастир оршвой.

Бүлэг 1

Хоёрдугаар Пахоран ерөнхий шүүгч болж мөн Кишкуменд алагдав—Пекүменай шүүгчийн суудлыг эзлэв—Кориантумр леменчүүдийн их цэргийг удирдаж, Зарахемлаг эзлэн мөн Пекүменайг алав—Моронайха леменчүүдийг ялж, Зарахемлаг буцаан авч, мөн Кориантумр алагдав. Ойролцоогоор МЭӨ 52–50 он.

1 Мөн эдүгээ болгоогтун, улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын дөчдүгээр оны эхэнд, нифайчуудын ард түмний дунд ноцтой бэрхшээл гарав.

2 Учир нь болгоогтун, Пахоран нас барж, мөн бүх хорвоогийн жамаар одов; тиймийн тул Пахораны хөвгүүд асан, ах дүүсийн дунд хэн шүүгчийн суудлыг эзэлбэл зохих талаар ноцтой зөрчилдөөн бий болж эхлэв.

3 Эдүгээ шүүгчийн суудлын төлөө тэмцэлдсэн мөн хүмүүсийг тэмцэлдэхэд хүргэсэн тэдний нэр нь Пахоран, Пеянкай болон Пекүменай байв.

4 Эдүгээ эдгээр нь Пахораны хөвгүүд бүгдээрээ биш байв (учир нь тэр олон хүүтэй байжээ), гэвч эд бол шүүгчийн суудлын төлөө тэмцэлдсэн тэд байв; тиймийн тул, тэд ард түмний дунд гурван хэсгийг бий болгов.

5 Гэсэн хэдий ч, улиран тохиох дор Пахоран хүмүүсийн саналаар Нифайн ард түмний дээрх ерөнхий шүүгч мөн засаглагчаар томилогдов.

6 Мөнхүү улиран тохиох дор Пекүменай, өөрөө шүүгчийн суудлыг авч чадахгүйгээ хараад, тэрээр хүмүүсийн саналтай нэгдсэн ажээ.

7 Гэвч болгоогтун, Пеянкай болон түүнийг өөрсдийн захирагч болоосой хэмээн хүсэж байсан хүмүүсийн хэсэг нь үлэмж хилэгнэж байв; тиймийн тул, тэрээр ах дүүсийнхээ эсрэг тэдгээр хүмүүсийг эсэргүүцэлд босгохоор зусардах гэж байв.

8 Мөнхүү улиран тохиох дор тэр үүнийг хийх гэж байхад, болгоогтун, тэр баривчлагдаж, мөн хүмүүсийн саналын дагуу шүүгдэн, мөн үхлийн ял тулгагдсан аж; учир нь тэрээр эсэргүүцэлд босож мөн хүмүүсийн чөлөөт байдлыг устгахыг эрэлхийлсэн ажээ.

9 Эдүгээ түүнийг өөрсдийн захирагч болгохыг хүссэн тэдгээр хүмүүс тэрээр үхлийн ял хүлээхийг хараад, тиймийн тул тэд ууртай байв, мөн болгоогтун, тэд Кишкумен гэгч нэгнийг, бүр Пахораны шүүгчийн суудал руу илгээж, мөн Пахораныг шүүгчийн суудал дээрээ сууж байхад нь түүнийг хөнөөв.

10 Мөн тэрээр Пахораны зарц нарт мөрдөн хөөгдөв; гэвч болгоогтун, Кишкумений зугталт ямар ч хүн түүнийг гүйцэж чадахааргүй тийм хурдан байжээ.

11 Мөн тэрээр өөрийг нь илгээсэн тэдэнд очив, мөн тэд Кишкумен Пахораныг алсныг хэнд ч хэлэхгүй хэмээцгээн бүгд гэрээнд оров, тийм ээ, өөрсдийн үүрдийн Бий Болгогчоороо тангараглав.

12 Тиймийн тул, Кишкумен Нифайн хүмүүсийн дунд мэдэгдсэнгүй, учир нь тэрээр Пахораныг алах үедээ зүсээ хувиргасан байжээ. Мөн Кишкумен болон түүнтэй гэрээ хийсэн бүлгийнхэн, тэд бүгд олдох боломжгүй тийм байдлаар өөрсдөө хүмүүсийн дунд хутгалдав; гэвч олдсон бүгд нь үхлээр яллагдав.

13 Мөн эдүгээ болгоогтун, хүмүүсийн дээрх захирагч бөгөөд ерөнхий шүүгч байхаар, ах Пахораныхоо оронд засаглахаар хүмүүсийн саналын дагуу Пекүменай тохоогдов; мөн энэ нь түүний эрхийн дагуу байв. Мөн энэ бүхэн шүүгчдийн засаглалын дөчдүгээр онд тохиож; мөн тус он төгсгөл болов.

14 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын дөчин нэгдүгээр онд, леменчүүд тоолшгүй олон эрстэй их цэргийг нэгтгэн цуглуулж, мөн тэднийг сэлмээр, илдээр, мөн нум, сум, толгойн дуулга, цээжний хуягаар, мөн зүйл бүрийн бүх төрлийн бамбайгаар зэвсэглэв.

15 Мөн тэд нифайчуудын эсрэг байлдаан өдөөж болохын тулд дахин уруудаж ирэв. Мөн тэд Кориантумр гэдэг нэртэй эрээр удирдуулсан байв; мөн тэрбээр Зарахемлагийн удам байв; мөн тэрээр нифайчуудын дундаас тэрслэгч байв; мөн тэрбээр том биетэй мөн чадалтай эр байв.

16 Тиймийн тул, Аммороны хүү асан, нэрийг нь Тубалоф гэдэг байсан леменчүүдийн хаан, Кориантумрыг чадалтай хүн байсан учраас нифайчуудын эсрэг өөрийн хүч чадал мөн түүнчлэн их мэргэн ухаанаараа зогсож чадна хэмээн бодож, үүний хэрээр тэрээр түүнийг илгээснээрээ нифайчуудын дээр эрх мэдлийг олно хэмээн бодоод—

17 Тиймийн тул тэр тэднийг уурлуулахаар өдөөн хатгаж, мөн тэрээр их цэргээ нэгтгэн цуглуулж, мөн тэрээр Кориантумрыг тэдний удирдагч байхаар тохоож, мөн тэднийг Зарахемлагийн нутаг руу нифайчуудын эсрэг байлдахаар давшин очих болгов.

18 Мөнхүү улиран тохиох дор засгийн газар дахь тийм их зөрчил мөн тийм их хүндрэлтэй асуудлын учир, тэд Зарахемла нутагт хангалттай харуулуудыг байлгасангүй; учир нь тэд леменчүүдийг агуу их хот Зарахемлаг дайрахаар газар нутгуудынх нь төвд орж ирж зүрхлэхгүй гэж бодсон байв.

19 Гэвч улиран тохиох дор Кориантумр тоолшгүй олон цэргийнхээ тэргүүнд давшин алхаж байв, мөн уг хотын оршин суугчдын дээр ирэв, мөн тэдний давшилт нь үлэмж хурдан байсан тул их цэргээ нэгтгэн цуглуулах цаг нифайчуудад байсангүй.

20 Тиймийн тул Кориантумр хотын хаалганы дэргэдэх харуулуудыг цавчиж, мөн бүх их цэрэгтэйгээ хотод давшин орж, мөн тэд өөрсдийг нь эсэргүүцсэн хүн бүрийг хөнөөж, үүний хэрээр тэд бүхэл хотыг эзэмшилдээ авсан ажгуу.

21 Мөнхүү улиран тохиох дор ерөнхий шүүгч асан Пекүменай, Кориантумрын өмнө, бүр хотын хэрмийг хүртэл зугтав. Мөнхүү улиран тохиох дор Кориантумр түүнийг хананд шахан дайрч, үүний хэрээр тэр үхэв. Мөн Пекүменайн өдрүүд ийн төгсөв.

22 Мөн эдүгээ Кориантумр Зарахемла хотыг эзэмшилдээ авснаа хараад мөн нифайчууд тэдний өмнө зугтаж, алагдаж, баривчлагдаж, мөн шоронд хаягдаж байсныг, мөн тэрээр бүх нутгийн хамгийн бат бэх хамгаалалтыг эзэмшилдээ олж авснаа хараад, түүний зүрх сэтгэл зоригжин үүний улмаас тэрээр бүх нутгийн эсрэг явах гэж байв.

23 Мөн эдүгээ тэрээр Зарахемла нутагт үлдсэнгүй, харин тэрээр томоохон их цэргийн хамт, бүр Өгөөмөр хотыг чиглэн давшин алхсан болой; учир нь тэрээр уг нутгийн умард хэсгүүдийг эзлэн авч болохын тулд урагшлан явж мөн илдний хүчээр өмнөө зам гаргах нь түүний хатуу шийдвэр байв.

24 Мөн тэдний хамгийн их хүч нутгийн төвд байсан хэмээн бодоод, тиймийн тул тэдэнд жижиг хэсгүүдээс бусдаар бол нэгдэн цуглах цагийг өгөлгүйгээр тэр урагш давшив; мөн энэ маягаар тэд тэдний дээр бууж мөн тэднийг газарт хиаруулан унагав.

25 Гэвч болгоогтун, алагдсан нифайчуудын тоо их олон байсан хэдий ч, уг нутгийн төв дундуурх Кориантумрын энэ давшилт нь тэдний дээр агуу давуу байдлыг Моронайхад өглөө.

26 Учир нь болгоогтун, леменчүүд уг нутгийн төвд орж ирж зүрхлэхгүй, харин тэд урьд нь тэгж байсныхаа адил хилийн ойролцоох эргэн тойрны хотуудад довтолно хэмээн Моронайха бодсон байв; тиймийн тул Моронайха хүчирхэг их цэргээ хилийн ойролцоох эргэн тойрны хэсгүүдийг хадгалан хамгаалуулахаар болгосон байлаа.

27 Гэвч болгоогтун, леменчүүд түүний хүслийн дагуу айсангүй, харин тэд уг нутгийн төвд орж ирэн, мөн нийслэл хот Зарахемла хотыг авав, мөн хүмүүсийг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, мөн хүүхдүүдийг аль алиныг нь их аллагаар хөнөөсөөр, олон хот мөн олон бат бэх хамгаалалтыг эзэмшилдээ авсаар уг нутгийн хамгийн гол чухал хэсгүүдийн дундуур давшин явж байлаа.

28 Гэвч Моронайха үүнийг олж мэдээд, тэрээр Лихайг их цэргийн хамт тэднийг Өгөөмөр нутагт ирэхээс нь өмнө амдуулахаар тойруу замаар тэр даруй илгээв.

29 Мөн тэрээр тийн үйлдэв; мөн тэрээр тэднийг Өгөөмөр нутагт ирэхээс нь өмнө тэднийг амдан тосов, мөн тэдэнтэй тулалдаж, үүний хэрээр тэд Зарахемла нутгийн зүг гэдрэг ухарч эхлэв.

30 Мөнхүү улиран тохиох дор Моронайха тэдний ухралтад тэднийг амдаж, мөн тэдэнтэй тулалдаж, үүний хэрээр энэ нь үлэмжийн цуст тулаан болов; тийм ээ, олон нь алагдав, мөн алагдсан тэдний дунд Кориантумр түүнчлэн байв.

31 Мөн эдүгээ, болгоогтун, леменчүүд хаашаа ч, умардад ч, өмнөдөд ч, дорнодод ч, бас өрнөдөд ч ухрах замгүй байв, учир нь тэд тал бүрдээ нифайчуудаар хүрээлэгдсэн байв.

32 Мөн тийн Кориантумр нифайчуудын дунд леменчүүдийг оруулан, үүний хэрээр тэд нифайчуудын хүчинд автаж, мөн тэрээр өөрөө алагдав, мөн леменчүүд өөрсдөө нифайчуудын гарт бууж өгчээ.

33 Мөнхүү улиран тохиох дор Зарахемла хотыг Моронайха эзэмшилдээ буцаан авч, мөн олзлогдсон леменчүүдийг амар тайвнаар уг нутгаас гаргах болгов.

34 Мөн шүүгчдийн засаглалын дөчин нэгдүгээр он ийн төгсөв.

Хэвлэх