Бүлэг 10
Их Эзэн лацдах хүчийг Нифайд өгөв—Тэрээр газарт мөн тэнгэрт холбох мөн цуцлах хүчийг хүлээн авав—Тэрээр хүмүүст наманчлахыг зарлиглаж, эс бөгөөс тэд мөхөхийг хэлэв—Сүнс түүнийг цугласан олноос цугласан олонд хүргэж байв. Ойролцоогоор МЭӨ 21–20 он.
1 Мөнхүү улиран тохиох дор хүмүүсийн дунд хагарал үүсэж, тиймээс тэд нааш цааш хуваагдаж мөн тэдний дунд зогсож байхад нь Нифайг ганцааранг нь орхин, тэд замаараа одоцгоов.
2 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэний өөрт нь үзүүлсэн зүйлсийн талаар тунгаасаар Нифай гэрээ чиглэн замаараа одов.
3 Мөнхүү улиран тохиох дор түүнийг ийн тунгаах зуур—тэрээр Нифайн хүмүүсийн ёс бус үйлүүд, тэдний харанхуйн нууц ажлууд, мөн тэдний аллага, тонуулууд, мөн бүх төрлийн алдсынх нь учир ихэд гутарч байв—мөн улиран тохиох дор түүнийг зүрх сэтгэлдээ ийн тунгааж байх зуур, болгоогтун, нэгэн дуу хоолой түүнд ирж хэлрүүн:
4 Нифай, чи хийсэн зүйлсийнхээ учир адислагдсан болой; учир нь чамд миний өгсөн үгийг энэ хүмүүст ядрахаа мэдэхгүй яаж тунхагласныг чинь би болгоосон. Мөн чи тэднээс айсангүй, мөн амиа хамгаалахыг эрэлхийлсэнгүй, харин миний тааллыг, мөн зарлигуудыг минь дагахыг эрэлхийллээ.
5 Мөн эдүгээ, чи үүнийг ингэж ядрахаа мартан хийсэн учир, болгоогтун, би чамайг үүрд адислах болно; мөн би чамайг үгэнд мөн үйлэнд, итгэлд мөн ажилд ч хүчирхэг болгох болно; тийм ээ, тэгснээр бүр бүх зүйл чиний үгийн дагуу чамд хийгдэх болно, учир нь тааллын минь эсрэг зүйлийг чи эс гуйх болой.
6 Болгоогтун, чи бол Нифай, мөн бибээр Бурхан. Болгоогтун, чи энэ хүмүүсийн дээр хүчтэй байх болно, мөн энэ хүмүүсийн ёс бус үйлүүдийн дагуу газар дэлхийг өлсгөлөнгөөр, тахлаар, мөн устгалаар цохих болно хэмээн тэнгэр элч нарынхаа дэргэд би үүнийг чамд тунхаглаж байна.
7 Болгоогтун, би чамд хүчийг өгье, иймээс газарт лацадсан болгон чинь тэнгэрт лацдагдах болно; мөн газарт цуцалсан бүхэн чинь тэнгэрт цуцлагдах болно; мөн тийн энэ хүмүүсийн дунд чамд хүч байх болно.
8 Мөн тийн, хэрэв чи энэ ариун сүмд, хоёр хуваагдан цуур гэж хэлэх аваас энэ нь хийгдэх болно.
9 Мөн хэрэв чи энэ ууланд, чи нурж мөн тэгш тал бол гэж хэлбэл, энэ нь хийгдэх болно.
10 Мөн болгоогтун, хэрэв чи Бурхан энэ хүмүүсийг цохих болно гэж хэлэх аваас, энэ нь улиран тохиох болно.
11 Мөн эдүгээ болгоогтун, чи явж, мөн энэ хүмүүст: Та нар наманчлахгүй аваас, бүр устгалд хүртэл цохигдох болно гэж Бүхнийг чадагч Их Эзэн Бурхан хэлж байна хэмээн тунхаглахыг би чамд зарлиг болгож байна.
12 Мөн болгоогтун, эдүгээ улиран тохиох дор Их Эзэн эдгээр үгийг Нифайд ярьсны дараа, тэрээр зогсож мөн гэртээ очсонгүй, харин нутгийн гадаргуу дээр тархсан хүмүүсийн зүг эргэж очоод, мөн хэрэв тэд наманчлахгүй аваас тэдний устгалын талаар өөрт нь яригдсан Их Эзэний үгийг тэдэнд тунхаглаж эхлэв.
13 Эдүгээ болгоогтун, Нифай тэдэнд ерөнхий шүүгчийн үхлийн талаар хэлсэн тэрхүү агуу гайхамшиг байсан хэдий ч, тэд зүрх сэтгэлээ хатууруулж мөн Их Эзэний үгсийг анхааран сонссонгүй.
14 Тиймийн тул Нифай тэдэнд Их Эзэний үгийг тунхаглаж, өгүүлсэн нь: Та нар наманчлахгүй аваас, бүр устгалд хүртэл цохигдох болно хэмээн Их Эзэн хэлэв.
15 Мөнхүү улиран тохиох дор тэрхүү үгийг Нифай тэдэнд тунхаглахад, болгоогтун, тэд зүрх сэтгэлээ хатууруулсан хэвээр байж мөн түүний үгсийг анхааран сонсохыг хүссэнгүй; тиймийн тул тэд түүнийг доромжлон, мөн түүнийг шоронд хаяж болохын тулд түүнд гар хүрэхийг оролдов.
16 Гэвч болгоогтун, Бурханы хүч түүн дээр оршиж, мөн тэд түүнийг шоронд хаяхаар баривчилж чадсангүй, учир нь тэрээр Сүнсээр авагдаж мөн тэдний дундаас зөөгдөн одов.
17 Мөнхүү улиран тохиох дор тэрээр тийн Сүнсээр, бүр тэдэнд бүгдэд нь тунхаглатлаа, эсвээс бүх хүний дунд илгээх хүртлээ, цугласан олноос цугласан олонд очиж, Бурханы үгийг тунхаглав.
18 Мөнхүү улиран тохиох дор тэд түүний үгсийг анхааран сонсохыг хүссэнгүй; мөн зөрчилдөөнүүд эхэлж, үүний хэрээр тэд өөр хоорондоо хуваагдаж мөн нэг нэгнээ илдээр хөнөөж эхлэв.
19 Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын далан нэгдүгээр он ийн төгсөв.