Судрууд
Хиламан 12


Бүлэг 12

Хүмүүс тогтворгүй, мунхаг мөн хилэнцийг хийхдээ түргэн—Их Эзэн хүмүүсээ зэмлэдэг—Хүмүүсийн юу ч биш нь Бурханы хүчтэй харьцуулагдав—Шүүлтийн өдөр, хүмүүс үүрдийн амьдралыг эсвэл үүрдийн ялыг авах болно. Ойролцоогоор МЭӨ 6 он.

1 Мөн хүмүүсийн үрс ямар хуурамч, мөн түүнчлэн зүрх сэтгэл нь тогтворгүй болохыг бид тийн болгоож чадах буюу; тийм ээ, Их Эзэн өөрт нь найдлага тавьдаг тэднийг хэмжээлшгүй агуу сайн сайхнаараа адисалж мөн дэгжүүлдгийг бид харж чадна.

2 Тийм ээ, мөн тэрээр өөрийн хүмүүсийг дэгжүүлэх чухам тэр үед, тийм ээ, талбайг нь, бог болон бод малыг нь нэмэгдүүлэхэд, мөн алт, мөнгө, мөн бүх төрлийн мөн янз бүрийн уран хийц бүхий үнэт зүйлсийн төрөл зүйл бүрд дэгжүүлэхэд; амийг нь хэлтрүүлж, мөн тэднийг дайснуудынх нь гараас чөлөөлөхөд; тэдний эсрэг дайн зарлахгүй байлгахын тулд дайснуудынх нь зүрхийг зөөллөхөд; тийм ээ, дүгнэж хэлэхэд өөрийн хүмүүсийн сайн сайхан болон аз жаргалын төлөө бүх зүйлийг тэрээр хийх тэр үед; тийм ээ, тэгэхэд тэд зүрх сэтгэлээ хатууруулж, мөн Их Эзэн Бурханаа мартаж, мөн Ариун Нэгэнийг хөл дороо дэвсэлдэг тийм цаг үе ирдгийг бид харж болох бөлгөө—тийм ээ, мөн ингэдэг нь тэдний амар хөнгөн амьдрал, мөн тэдний үлэмж агуу дэгжлийн улмаас бөлгөө.

3 Мөн бид Их Эзэн өөрийн хүмүүсийг олон зүдгүүрээр зэмлэхгүй бол, тийм ээ, тэр тэдэнд үхлээр мөн аймшгаар, мөн өлсгөлөн болон бүх төрлийн тахлаар зочлохгүй бол, тэд түүнийг санадаггүйг бид ийн харлаа.

4 Ай хүмүүсийн үрс ямар мунхаг, ямар ихэмсэг, мөн ямар хилэнцэт, мөн чөтгөр шиг, мөн алдсыг үйлдэхдээ хэчнээн хурдан, сайныг үйлдэхдээ хэчнээн удаан билээ; тийм ээ, хилэнцэт нэгний үгийг анхаарахдаа, мөн зүрх сэтгэлээ дэлхийн хоосон зүйлс дээр тавихдаа хэчнээн хурдан билээ!

5 Тийм ээ, бардамналд хөөрөхдөө хэчнээн хурдан билээ; тийм ээ, сагсуурахдаа, мөн алдас болох түүний бүх төрлийг хийхдээ хэчнээн хурдан билээ; мөн Их Эзэн Бурханаа санахдаа, мөн түүний зөвлөмжүүдэд чих тавихдаа хэчнээн удаан, тийм ээ, мэргэн ухааны замуудаар алхахдаа хэчнээн удаан билээ!

6 Болгоогтун, өөрсдийг нь бүтээсэн Их Эзэн Бурхан нь өөрсдийнх нь дээр захирахыг мөн засаглахыг тэд хүсдэггүй; тэдэнд түүний хандуулах агуу сайн сайхан болон нигүүлсэл байсан хэдий ч, тэд түүний зөвлөмжүүдийг үл ойшоодог, мөн тэд түүнийг өөрсдийн хөтлөн дагуулагчаа байлгахыг хүсдэггүй.

7 Ай хүмүүсийн үрс юу ч биш нь ямар илэрхий билээ; тийм ээ, тэд бүр газрын тоосноос ч өчүүхэн билээ.

8 Учир нь болгоогтун, газрын тоос нь бидний агуу их мөн үүрдийн Бурханы зарлигаар, хоёр хуваагдах хүртлээ нааш цааш хөдөлдөг.

9 Тийм ээ, түүний дуу хоолойгоор толгод болон уулс доргиж мөн чичирдгийг болгоогтун.

10 Мөн түүний дуу хоолойн хүчээр тэдгээр нь хагарч, мөн тэгш тал, тийм ээ, бүр хөндий адил болдог.

11 Тийм ээ, түүний дуу хоолойн хүчээр бүхэл дэлхий сэгсрэгддэг ажгуу;

12 Тийм ээ, түүний дуу хоолойн хүчээр суурь нь, бүр чухамхүү төвдөө хүртэл хөдөлдөг.

13 Тийм ээ, хэрэв тэрээр газарт хандан—Нүү—гэвэл энэ нь нүүдэг.

14 Тийм ээ, хэрэв тэрээр дэлхийд хандан—өдрийг олон цагаар уртасгахын тул, чи буцаж яв—гэвэл, энэ нь хийгддэг;

15 Мөн тийн, түүний үгийн дагуу дэлхий буцаж эргэн, мөн энэ нь хүмүүнд нар хөдөлгөөнгүй зогсох мэт үзэгдэх бөлгөө; тийм ээ, мөн болгоогтун, энэ нь үүнчлэн тохиодог; учир нь нар бус харин дэлхий хөдөлдөг нь гарцаагүй юм.

16 Мөн болгоогтун, түүнчлэн, хэрэв тэрээр агуу их гүний усанд—чи хат—гэвэл энэ нь хийгддэг.

17 Болгоогтун, хэрэв тэрээр энэ ууланд—чи өргөгд, мөн энэ хот нь булшлагдахын тулд, үүний дээр ирж мөн унагтун—гэвэл, болгоогтун энэ нь хийгддэг.

18 Мөн болгоогтун, хэрэв хүн эрдэнэсийг газарт нуух аваас, мөн Их Эзэн—энэ нь үүнийг нуусан түүний алдсын улмаас зүхэгдэг—хэмээн хэлбэл, болгоогтун, энэ нь зүхэгдэх болно.

19 Мөн хэрэв Их Эзэн—энэ цагаас хойш мөн үүрд хэн ч чамайг олохгүй байхын тулд чи зүхэгдэг—хэмээн хэлбэл, болгоогтун, хэн ч тэр цагаас хойш мөн үүрд үүнийг олохгүй.

20 Мөн болгоогтун, хэрэв Их Эзэн—Алдсуудынхаа учир, чи үүрд зүхэгдэх болно—хэмээн нэгэн хүнд хэлбэл, энэ нь хийгдэх болно.

21 Мөн хэрэв Их Эзэн—Алдсуудынхаа учир чи оршихуйгаас минь тусгаарлагдах болно—хэмээн хэлбэл, тэрээр үүнийг ийм байхаар болгох болно.

22 Тэрээр үүнийг хэнд хэлнэ, түүнд халаг байна, учир нь алдсыг үйлдэх түүнд л хэлэх болно, мөн тэрээр аврагдаж чадахгүй; тиймийн тул, хүмүүс аврагдаж болох энэхүү шалтгааны учир, наманчлал тунхаглагдсан юм.

23 Тиймийн тул, наманчлах мөн Их Эзэн Бурханыхаа дуу хоолойг анхааран сонсох тэд адислагдсан болой; учир нь аврагдах нь тэд билээ.

24 Мөн хүмүүс наманчлалд болон сайн ажлуудад авчрагдаж болохыг, тэд үйлүүдийнхээ дагуу ач ивээлийн хариуд ач ивээлд сэргээгдэж болохыг Бурхан агуу их бүрэн байдлаараа соёрхох болтугай.

25 Мөн бүх хүмүүн аврагдах болоосой хэмээнэ би. Гэвч бидний уншдагчлан агуу их бөгөөд эцсийн өдөр хаягдах, тийм ээ, Их Эзэний оршихуйгаас зайлуулагдах зарим нь байх болно;

26 Тийм ээ, тэдний төгсгөлгүй зовлонгийн байдалд хүргэгдэх нь: Сайныг хийсэн нь үүрдийн амьдралыг авах болно; мөн хилэнцийг хийсэн нь үүрдийн ял авах болно хэмээх үгсийг гүйцэлдүүлэх болно. Мөн энэ нь тийм болой. Амен.

Хэвлэх