Судрууд
Хиламан 2


Бүлэг 2

Хиламаны хүү асан тэрхүү Хиламан ерөнхий шүүгч болов—Кишкумений бүлэглэлийнхнийг Гадиантон удирдав—Хиламаны зарц Кишкуменийг алж, мөн Гадиантоны бүлэглэл аглаг буйд тийш зугтав. Ойролцоогоор МЭӨ 50–49 он.

1 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын дөчин хоёрдугаар онд, Моронайха нифайчууд болон леменчүүдийн хооронд дахин амар амгаланг тогтоосны дараа, болгоогтун шүүгчийн суудлыг эзлэх хэн ч үгүй байв; тиймийн тул шүүгчийн суудлыг хэн эзэлбэл зохих талаар хүмүүсийн дунд дахин зөрчилдөөн гарч эхлэв.

2 Мөнхүү улиран тохиох дор Хиламаны хүү асан тэр Хиламан, хүмүүсийн саналаар, шүүгчийн суудлыг эзлэхээр тохоогдов.

3 Гэвч болгоогтун, Пахораныг алсан Кишкумен, түүнчлэн Хиламаныг устгахаар отон хүлээсэн ажгуу; мөн тэр өөрийнх нь ёс бусыг хэнд ч мэдүүлэхгүй хэмээх гэрээнд орсон бүлэглэлийнхнээрээ дэмжигдэж байв.

4 Учир нь, олон үг ярихдаа, мөн түүнчлэн аллагын болон дээрмийн нууц ажлыг удирдан явуулах башир аргадаа үлэмж мэргэшсэн Гадиантон гэгч нэгэн байв; тиймийн тул тэрбээр Кишкумений бүлэглэлийн удирдагч болов.

5 Тиймийн тул хэрэв тэд өөрийг нь шүүгчийн суудалд суулгах аваас тэрээр бүлэглэлд нь харьяалагдах тэдэнд, ард олны дунд хүч болон эрх мэдэл бүхий албанд тохоогдохыг нь зөвшөөрнө хэмээн тэрээр тэднийг, мөн түүнчлэн Кишкуменийг зусардав; тиймийн тул Кишкумен Хиламаныг устгахыг эрэлхийлэв.

6 Мөнхүү улиран тохиох дор тэрээр Хиламаныг устгахаар шүүгчийн суудлын зүг урагшлан явах зуур, болгоогтун Хиламаны зарц нарын нэг нь, зүсээ хувирган шөнөөр гадуур байж байгаад, Хиламаныг устгахаар энэ бүлэглэлээр зохиогдсон төлөвлөгөөний тухай мэдэж авчээ—

7 Мөнхүү улиран тохиох дор тэрээр Кишкументэй уулзан, мөн тэрээр түүнд нэгэн нууц дохио өгөв; тиймийн тул Кишкумен түүнд өөрийн хүсэл зорилгоо мэдүүлж, өөрөө Хиламаныг алж болохын тулд шүүгчийн суудлын зүг өөрийг нь дагуулахыг түүнээс хүсэв.

8 Мөн Хиламаны зарц Кишкумений бүх зүрх сэтгэлийг, мөн алах нь түүний зорилго байсныг, мөн түүнчлэн алах, дээрэмдэх, мөн хүчийг олох нь түүний бүлэглэлд харьяалагдсан тэд бүгдийн зорилт байсныг (мөн энэ нь тэдний нууц төлөвлөгөө, мөн тэдний хуйвалдаан байв) олж мэдээд, Хиламаны зарц Кишкуменд хэлэв: Шүүгчийн суудлын зүг явцгаая.

9 Эдүгээ энэ нь Кишкуменийг үлэмж баярлуулав, учир нь тэрээр төлөвлөгөөгөө гүйцээнэ хэмээн бодсон болой; гэвч болгоогтун, тэд шүүгчийн суудлын зүг явж байх үед, Хиламаны зарц Кишкуменийг, бүр зүрхэнд нь хутгалав, иймээс тэрээр дуу гаргалгүйгээр үхэтхийн унав. Мөн тэр гүйж мөн Хиламанд өөрийн бүх харсан, сонссон, мөн хийсэн зүйлсээ хэлэв.

10 Мөнхүү улиран тохиох дор тэд хуулийн дагуу цаазлагдаж болохын тулд, дээрэмчид мөн нууц алуурчдын энэ бүлэглэлийнхнийг баривчлуулахаар Хиламан хүмүүсийг илгээв.

11 Гэвч болгоогтун, Кишкумений эргэж ирээгүйг Гадиантон олж мэдээд тэрээр устгагдах вий хэмээн айв; тиймийн тул тэрээр өөрийн бүлэглэлийнхнийг өөрийгөө дагах болгов. Мөн тэд уг нутгаас нууц замаар гарч, аглаг буйд тийш зугтав; мөн тийн Хиламан тэднийг баривчлуулахаар хүмүүсийг илгээхэд тэд хаанаас ч олдсонгүй.

12 Мөн энэхүү Гадиантоны тухайд хожим илүү ихээр яригдах болно. Мөн Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын дөчин хоёр дахь он ийн төгсөв.

13 Мөн болгоогтун, энэ номын төгсгөлд энэхүү Гадиантон Нифайн хүмүүсийн ялагдлыг, тийм ээ, бараг бүрэн устгалыг нь авчирсныг та нар харах болно.

14 Болгоогтун би Хиламаны номын төгсгөлийг бус, харин өөрийн бичиглэсэн тэр бүх шастираа би тэндээс авсан тэр номын буюу Нифайн номын төгсгөлийг хэлж байна.

Хэвлэх