Бүлэг 3
Олон нифайчууд умард нутаг тийш нүүв—Тэд зуурмагаар байшингууд барьж мөн олон цэдэг хөтлөв—Хэдэн арван мянга нь хөрвүүлэгдэж мөн баптисм хүртэв—Бурханы үг хүмүүсийг авралд хүргэдэг—Хиламаны хүү Нифай шүүгчийн суудлыг эзлэв. Ойролцоогоор МЭӨ 49–39 он.
1 Мөнхүү эдүгээ улиран тохиох дор дөчин гуравдугаар оны төгсгөлд хэргүүд нь шийдэгдсэн, зарим жижиг тэрслэлийг хүмүүсийн дунд бий болгосон, бага зэрэг бардамнал сүмийн дотор байснаас бусдаар бол Нифайн хүмүүсийн дунд шүүгчдийн засаглалын дөчин гуравдугаар онд ямар ч зөрчилдөөн байсангүй.
2 Мөн дөчин дөрөвдүгээр онд хүмүүсийн дунд ямар ч зөрчилдөөн байсангүй; бас дөчин тавдугаар онд их зөрчилдөөн байсангүй.
3 Мөнхүү улиран тохиох дор дөчин зургаадугаар онд, тийм ээ, их зөрчилдөөн мөн олон тэрслэл байв; үүний дүнд Зарахемла нутгаас гарч одоод, мөн умард нутаг тийш уг нутгийг өвлөхөөр явсан нь үлэмж олон байв.
4 Мөн тэд үлэмж агуу хол зайг аялан туулж, үүний хэрээр тэд их уснууд мөн олон голд тулж ирэв.
5 Тийм ээ, мөн уг нутгийн бүх хэсэгт, урьд нь уг нутгийг өвлөсөн олон оршин суугчаас болж модгүй мөн эзгүй болоогүй тэрхүү хэсгүүдэд тархан суурьшив.
6 Мөн эдүгээ ургаа модгүй л болохоос биш, уг нутгийн аль ч хэсэг нь хүн амьдарч болмооргүй байсангүй; гэвч урьд нь өвлөж байсан хүмүүсийн устгалын агуу ихийн учир уг нутаг эзгүйрэл хэмээгдэж байв.
7 Мөн уг нутгийн гадаргуу дээр зөвхөн цөөхөн тооны ургаа мод үлдсэн байсан учир, тиймийн тул нүүж ирсэн хүмүүс зуурмагаар ажиллахдаа үлэмж мэргэшив; тиймийн тул тэд дотор нь оршин суух зуурмаган байшингууд барив.
8 Мөнхүү улиран тохиох дор тэд өнөржиж мөн тархаж, мөн өмнөд нутгаас умард нутагт одож, мөн тархсаныхаа хэрээр тэд бүхэл нутгийн гадаргууг, өмнөд тэнгисээс умард тэнгисийг хүртэл, өрнөд тэнгисээс дорнод тэнгисийг хүртэл бүрхэж эхлэв.
9 Мөн умард нутагт байсан хүмүүс майхнуудад, мөн зуурмаган байшингуудад оршин суудаг байв, мөн тэд хойшид байшингуудаа, тийм ээ, хотуудаа, мөн ариун сүмүүдээ, мөн синагог, дуган, мөн төрөл бүрийн барилгуудаа барих ургаа модтой байж болохын тулд тэд уг нутгийн гадаргуу дээр нахиалах мод бүрийг ургуулахаар болов.
10 Мөнхүү улиран тохиох дор умард нутагт ургаа мод үлэмж ховор байсны учир, тэд усан онгоцоор ихийг илгээж байв.
11 Мөн тэд тийн умард нутгийн хүмүүст модоор бас зуурмагаар аль алинаар нь, олон хот барьж болохыг нь боломжтой болгодог байв.
12 Мөнхүү улиран тохиох дор уг гарал нь лемен үндэстэн болох Аммоны хүмүүсээс олон нь түүнчлэн энэ нутаг тийш оджээ.
13 Мөн энэ хүмүүсийн олноор нь, энэ хүмүүсийн хэрэг явдлын тухай, тэдний талаарх тодорхой мөн маш том олон цэдэг хөтлөгдөв.
14 Гэвч болгоогтун, леменчүүдийн мөн нифайчуудын, мөн тэдний дайнуудын, мөн зөрчилдөөнүүд, тэрслэлүүд, мөн тэдний номлолууд, тэдний бошиглолууд, мөн тэдний усан онгоцоор илгээдэг байсных нь, тэдний усан онгоц барьдаг байсных нь, мөн тэдний ариун сүмүүд, синагогууд, дугануудыг барьдаг байсных нь, мөн тэдний зөв шударга байдал, мөн тэдний ёс бус байдал, тэдний аллага, дээрэм, тонуулууд, мөн бүх төрлийн жигшүүрт хэрэг мөн садар самуун явдлынх нь талаарх шастирын, тийм ээ, энэ хүмүүсийн хэрэг явдлуудын зууны нэг хэсэг нь ч энэ цэдэгт агуулагдаж чадахгүй юм.
15 Гэвч болгоогтун, олон ном мөн төрөл бүрийн олон цэдэг буй, мөн тэдгээр нь ихэвчлэн нифайчуудаар хөтлөгдөж байв.
16 Мөн бүр тэд зөрчилд унаж мөн алагдан, дээрэмдүүлж, мөрдөгдөн, туугдаж, мөн хядагдан, мөн нутгийн гадаргуу дээр тараагдах хүртэл, мөн ёс бус, зэрлэг, хэрцгий болсон учир, тийм ээ, бүр леменчүүд болсон учир, хойшид нифайчууд хэмээн нэрлэгдэхгүй болтлоо леменчүүдтэй хутгалдах хүртэл тэрхүү цэдгүүд нь нэг үеэс нөгөөд нифайчуудаар гардуулагдсаар ирсэн бөлгөө.
17 Мөн эдүгээ би дахин өөрийн шастирт эргэн оръё; тиймийн тул, миний ярьсан нь Нифайн хүмүүсийн дундах агуу зөрчилдөөн, саад бэрхшээл, дайнууд, мөн тэрслэлүүдийн дараа тохиосон байв.
18 Шүүгчдийн засаглалын дөчин зургаадугаар он төгсөв;
19 Мөнхүү улиран тохиох дор уг нутагт, тийм ээ, бүр дөчин долоодугаар онд, мөн түүнчлэн дөчин наймдугаар онд агуу зөрчилдөөн байсаар байв.
20 Гэсэн хэдий ч Хиламан шударга ёс мөн тэгш эрхийг хүндэтгэн үзэж шүүгчийн суудлыг эзлэв; тийм ээ, тэрээр Бурханы тогтоолууд, шүүлтүүд, мөн зарлигуудыг сахихаар мэрийв; мөн тэрбээр Бурханы мэлмийд үргэлж зөвийг үйлдэж байв; мөн тэрбээр эцгийнхээ замуудаар алхсан юм, үүнийхээ хэрээр тэрээр уг нутагт дэгжив.
21 Мөнхүү улиран тохиох дор түүнд хоёр хөвгүүн төрсөн аж. Тэрбээр ахмадад нь Нифай гэдэг нэрийг, мөн багад нь Лихай гэдэг нэрийг өгчээ. Мөн тэд Их Эзэний тулд өсөж эхлэв.
22 Мөнхүү улиран тохиох дор Нифайн ард түмний дээрх шүүгчдийн засаглалын дөчин наймдугаар оны төгсгөлд, нифайчуудын хүмүүсийн дунд, дайнууд мөн зөрчилдөөнүүд бага зэргээр намдаж эхлэв.
23 Мөнхүү улиран тохиох дор уг нутгийн илүү хүн суурьшсан хэсгүүдэд дээрэмчин Гадиантоны байгуулсан нууц хуйвалдаанууд байснаас бусдаар бол шүүгчдийн засаглалын дөчин ес дэх онд уг нутагт үргэлжийн амар амгалан тогтоогдов, тэдгээр хуйвалдаан тэр үедээ засгийн газрын тэргүүнд байсан тэдэнд мэдэгдсэнгүй; тиймийн тул тэд уг нутагт устгагдсангүй.
24 Мөнхүү улиран тохиох дор тэрхүү онд сүмд үлэмж агуу дэгжилт гарав, үүний хэрээр мянга мянган хүн сүмд нэгдэн мөн наманчлалын төлөө баптисм хүртэв.
25 Мөн бүр дээд пристүүд мөн багш нар өөрсдөө хэмжээлшгүй ихээр гайхан бахадсан сүмийн дэгжилт тийм агуу байж, мөн хүмүүсийн дээр юүлэгдсэн адислалууд тийм олон байв.
26 Мөнхүү улиран тохиох дор олон бодгаль, тийм ээ, бүр хэдэн арван мянга нь Бурханы сүмд баптисм хүртэж мөн нэгдсэнээр Их Эзэний ажил дэгжив.
27 Их Эзэн зүрх сэтгэлийнхээ гүнээс, түүний ариун нэрийг дуудах бүгдэд нигүүлсэнгүй байдгийг бид ийн үзэж болох ажгуу.
28 Тийм ээ, бүгдэд, бүр Бурханы Хүү болох Есүс Христийн нэрэнд итгэдэг тэдэнд, тэнгэрийн хаалга нээлттэйг бид тийн харлаа.
29 Тийм ээ, Бурханы үгнээс зууран барихыг хүсэх хэн боловч барьж болно гэдгийг бид хардаг; тэрхүү үг нь амьд болоод хүчирхэг, чөтгөрийн бүх башир аргыг мөн урхи мөн арга залийг нь тасчин хуваах тэр үг, мөн бүр ёс бусыг үйлдэгчдийг залгихаар бэлтгэгдсэн зовлонгийн үүрдийн ангал дээгүүр гарах давчуу бөгөөд нарийн замаар Христийн хүмүүнийг удирдаж—
30 Мөн тэнгэрийн хаант улсад, Бурханы баруун мутар талд, Абрахамтай, Исаактай, мөн Иаковтой хамт, мөн бидний бүх ариун эцэг өвгөдийн хамт, цаашид гарахгүйгээр суухад нь тэдний бодгалиудыг, тийм ээ, үхэшгүй бодгалиудыг нь хүргэдэг болой.
31 Мөн тэрхүү онд Зарахемла нутагт, мөн эргэн тойрны бүх бүс нутагт, нифайчуудаар эзэмшигдсэн бүр бүх нутагт үргэлжийн баясал байв.
32 Мөнхүү улиран тохиох дор дөчин есдүгээр оны үлдсэн хугацаанд амар амгалан мөн үлэмж агуу баяр хөөр байв; тийм ээ, мөн шүүгчдийн засаглалын тавьдугаар онд түүнчлэн үргэлжийн амар амгалан мөн агуу баяр хөөр байв.
33 Мөн шүүгчдийн засаглалын тавин нэгдүгээр онд, сүмд нэвтэрч эхэлсэн—Бурханы сүмд бус, харин Бурханы сүмд харьяалагддаг хэмээх хүмүүсийн зүрх сэтгэлд орж эхэлсэн—бардамналаас бусдаар бол түүнчлэн амар амгалан байв.
34 Мөн тэд, бүр ах дүүсийнхээ олныг нь хавчин гадуурхах хүртлээ бардамналдаа хөөрч байв. Эдүгээ энэ нь агуу хилэнц байв, мөн хүмүүсийн илүү даруухан хэсгийг их хавчлагыг тэсвэрлэхэд, мөн их зүдгүүрийг туулахад хүргэсэн буюу.
35 Гэсэн хэдий ч сэтгэл оюун нь баясал болон тайтгарлаар дүүрэх хүртлээ, тийм ээ, зүрх сэтгэлээ Бурханд зориулсны учир ирэх ариуслаар зүрх сэтгэл нь бүр ариусаж мөн цэвэрших хүртлээ, тэд ойр ойрхон мацаг барьж мөн залбирч, мөн даруу байдалдаа улам улам хүчирхэг мөн Христэд итгэх итгэлдээ улам улам гуйвшгүй бат болж байв.
36 Мөнхүү улиран тохиох дор тавин хоёр дахь он, мөн тэдний үлэмж их баялаг мөн уг нутаг дахь хөгжил дэгжлийн улмаас хүмүүсийн зүрх сэтгэлд нэвтэрсэн үлэмж агуу бардамналаас бусдаар бол түүнчлэн амар амгаланд төгсөв; мөн энэхүү бардамнал өдрөөс өдөрт тэдний дээр өсөн нэмэгдэж байв.
37 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын тавин гуравдугаар онд, Хиламан нас нөгчиж, мөн түүний ахмад хүү Нифай түүний оронд засаглаж эхлэв. Мөнхүү улиран тохиох дор тэрээр шударга ёс болон тэгш эрхийг хүндэтгэж үзэн, шүүгчийн суудлыг эзэлжээ; тийм ээ, тэрээр Бурханы зарлигуудыг сахиж, мөн эцгийнхээ замуудаар алхалсан болой.