Судрууд
Хиламан 4


Бүлэг 4

Нифай үндэстний тэрслэгчид болон леменчүүд хүчээ нэгтгэж мөн Зарахемла нутгийг эзлэв—Нифайчуудын ялагдлууд тэдний ёс бусынх нь улмаас ирэв—Сүм доройтож, мөн хүмүүс леменчүүд шиг сул дорой болов. Ойролцоогоор МЭӨ 38–30 он.

1 Мөнхүү улиран тохиох дор тавин дөрөвдүгээр онд сүмд олон тэрслэл байж, мөн түүнчлэн хүмүүсийн дунд зөрчилдөөн гарч, үүний хэрээр ихээхэн цус урсав.

2 Мөн эсэргүүцсэн хэсэг нь алагдаж мөн уг нутгаас туугдаж, мөн тэд леменчүүдийн хаан дээр очив.

3 Мөнхүү улиран тохиох дор тэд нифайчуудын эсрэг дайнд леменчүүдийг өдөөн хатгахаар чармайн оролдсон аж; гэвч болгоогтун, леменчүүд үлэмж айж, үүний хэрээр тэд тэрслэгчдийн үгсийг анхааран сонсохгүй байв.

4 Гэвч улиран тохиох дор шүүгчдийн засаглалын тавин зургаадугаар онд, зарим нифайчууд тэрслэн леменчүүд дээр очив; мөн тэд бусадтайгаа тэднийг нифайчуудын эсрэг уур хилэнд өдөөн хатгахад амжилт олов; мөн тэд тэрхүү оны турш дайнд бэлтгэжээ.

5 Мөн тавин долоодугаар онд тэд нифайчуудын эсрэг тулалдахаар ирж, мөн тэд үхлийн ажлыг эхэлсэн болой; тийм ээ, үүний хэрээр шүүгчдийн засаглалын тавин наймдугаар онд тэд Зарахемла нутгийг; тийм ээ, мөн түүнчлэн, бүр Өгөөмөр нутгийн дэргэд байсан нутгийг хүртэлх бүх нутгийг эзэмшилдээ авахад амжилт олов.

6 Мөн нифайчууд мөн Моронайхагийн их цэрэг бүр Өгөөмөр нутаг хүртэл туугдав;

7 Мөн тэд тэнд, өрнөд тэнгисээс, бүр дорнодыг хүртэл леменчүүдийн эсрэг бэхлэв; тэдний бэхэлсэн мөн умард нутгаа батлан хамгаалуулахаар их цэргээ байрлуулсан тэр хилийг дагах нь нифай үндэстэн хүний хувьд нэг өдрийн аян байв.

8 Мөн тийн нифайчуудын тэдгээр тэрслэгчид леменчүүдийн олон тоотой их цэргийн тусламжтайгаар өмнөд нутагт байсан нифайчуудын бүх эзэмшлийг олж авсан байв. Мөн энэ бүгд нь шүүгчдийн засаглалын тавин найм мөн тавин есдүгээр онд хийгдэв.

9 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын жардугаар онд, Моронайха их цэргийнхээ хамт уг нутгийн олон хэсгийг авахад амжилт олов; тийм ээ, тэд леменчүүдийн гарт орсон олон хотыг буцаан авсан ажгуу.

10 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын жаран нэгдүгээр онд тэд бүх эзэмшлийнхээ бүр хагасыг нь буцаан авахад амжилт олов.

11 Эдүгээ тэдний дунд байсан, өөрсдийнх нь ёс бус, мөн жигшүүрт хэргүүд байгаагүй бол нифайчуудын энэ агуу хохирол, мөн тэдний дунд агуу аллага тохиохгүй байх байсан; тийм ээ, мөн уг ёс бус нь Бурханы сүмд харьяалагддаг хэмээх тэдний дунд түүнчлэн байсан болой.

12 Мөн тэдний зүрх сэтгэлийн бардамналын учир, тэдний үлэмж баялгийнх нь учир, тийм ээ, тэд ядууг дарамталж, өлссөнөөс хоолоо харамласан учир, нүцгэнээс хувцсаа харамласан учир, даруухан ах дүүсээ хацар дээр нь алгадсан учир, ариун нандиныг элэг доог болгосон учир, бошиглолын болон илчлэлийн суу билгийг үгүйсгэсэн учир, тэд аллага дээрэм, худал хуурмаг, хулгай, садар самууныг үйлдсэн учир, тэд агуу их зөрчилдөөнийг үүсгэсэн учир, мөн тэд зайлан одож, леменчүүдийн дунд Нифайн нутагт орсон учир—

13 Мөн тэдний энэ агуу ёс бусын учир, мөн тэд өөрсдийн хүчиндээ бардсаны учир, тэд өөрсдийнхөө хүчинд орхигдов; тиймийн тул тэд дэгжсэнгүй, харин тэд нутгийнхаа бараг бүх эзэмшлийг алдах хүртлээ зовоогдож мөн цохигдож мөн леменчүүдийн өмнө туугдав.

14 Гэвч болгоогтун, тэдний алдсуудын учир Моронайха олон зүйлийг хүмүүст номлов, мөн түүнчлэн Хиламаны хөвгүүд болох Нифай, Лихай хоёр хүмүүст олон зүйлийг номлож, тийм ээ, тэдний алдсуудын талаар мөн хэрэв тэд нүглүүдээ наманчлахгүй аваас тэдний дээр юу ирэх ёстой талаар олон зүйлийг бошиглосон болой.

15 Мөнхүү улиран тохиох дор тэд наманчилж, мөн наманчилсныхаа хэрээр тэд дэгжиж эхлэв.

16 Өөрөөр хэлбэл Моронайха тэдний наманчилсныг хараад, тэрээр тэднийг нэг газраас нөгөө газарт, мөн хотоос хотод, бүр тэд хөрөнгийнхөө хагасыг мөн бүх нутгийнхаа хагасыг буцаан авах хүртэл удирдахаар зориглосон ажээ.

17 Мөн шүүгчдийн засаглалын жаран нэгдүгээр он тийн төгсөв.

18 Мөнхүү улиран тохиох дор шүүгчдийн засаглалын жаран хоёрдугаар онд, Моронайха леменчүүдийн эзэмшлээс өөрийг олж авч чадсангүй.

19 Тиймийн тул тэд нутгийнхаа үлдсэнийг нь олж авах гэсэн төлөвлөгөөгөө орхив, учир нь леменчүүд тийм олон тоотой байснаас, тэднийг давамгайлах илүү хүчийг олох нь нифайчуудын хувьд боломжгүй болов; тиймийн тул Моронайха өөрийн авсан хэсгүүдээ хадгалан хамгаалахад бүх их цэргээ дайчлав.

20 Мөнхүү улиран тохиох дор леменчүүдийн тооных нь агуу ихийн учир дийлэгдэж, дэвслэгдэн, алагдан, мөн устгагдах болуузай хэмээн ихэд айсан байдалд нифайчууд байв.

21 Тийм ээ, тэд Алмагийн бошиглолууд, мөн түүнчлэн Мозаягийн үгсийг санаж эхлэв; мөн тэд гөжүүд хүмүүс байснаа, мөн тэд Бурханы зарлигуудыг үл ойшоосноо ухаарав;

22 Мөн тэд Мозаягийн хуулиудыг, өөрөөр хэлбэл хүмүүст өгөхийг Их Эзэн түүнд зарлигласан тэдгээрийг хөл доороо гишгэлснээ мөн өөрчилснөө; мөн хуулиуд нь завхруулагдаж, мөн тэд ёс бус хүмүүс болж, үүний хэрээр тэд бүр леменчүүдийн адил ёс бус болсноо ухаарав.

23 Мөн тэдний алдсын учир сүм доройтож эхэлсэн байв; мөн тэд бошиглолын суу билиг, илчлэлийн суу билигт итгэхгүй болж эхэлсэн байв; мөн Бурханы шүүлтүүд нүүрэн дээр нь тулж иржээ.

24 Мөн тэд ах дүүс леменчүүдийн адил сул дорой болсноо, мөн Их Эзэний Сүнс тэднийг цаашид хамгаалахаа больсныг ухаарав; тийм ээ, энэ нь тэднийг орхисон байв, учир нь Их Эзэний Сүнс ариун бус дугануудад оршдоггүй болой—

25 Тэд итгэлгүй мөн аймшигт ёс бусын байдалд унасан учир, тиймийн тул Их Эзэн тэднийг өөрийн гайхамшигт мөн зүйрлэшгүй хүчээр хамгаалахаа больсон байв; мөн леменчүүд тэднээс үлэмж илүү олон тоотойг, мөн тэд Их Эзэн Бурхандаа үнэнч байхгүй аваас гарцаагүй мөхөх ёстойгоо ойлгов.

26 Учир нь болгоогтун, леменчүүдийн хүч чадал тэдний хүч чадлын адил агуу, бүр нэг хүн нэгтэйгээ тэнцэхүйц байсныг тэд ойлгов. Мөн тэд энэ агуу зөрчилд тийн унасан байв; тийм ээ, тэд тийн зөрчлийнхөө учир цөөн жилийн хугацаанд сул дорой болсон байв.

Хэвлэх