Хиламаны Хүү Нифайн бошиглол оршвой—Тэд ёс бус үйлүүдээ наманчлахгүй бол тэднийг бүрмөсөн устгалд хүргэн, уур хилэндээ тэдэнд зочлох болно хэмээн Бурхан Нифайн хүмүүст заналхийлэв. Бурхан Нифайн хүмүүсийг тахлаар цохив; тэд наманчилж мөн түүнд хандав. Лемен үндэстэн Самуел нифайчуудад бошиглов.
7–16-р бүлэгт агуулагдав.
Бүлэг 7
Нифай умардад эсэргүүцэгдэж мөн Зарахемлад эргэж ирэв—Тэрээр цэцэрлэгийнхээ цамхаг дээр залбирч мөн хүмүүсээс наманчлахыг гуйн эс бөгөөс мөхөхийг хэлэв. Ойролцоогоор МЭӨ 23–21 он.
1 Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор нифайчуудын ард түмний дээрх шүүгчдийн засаглалын жаран есдүгээр онд Хиламаны хүү Нифай умард нутгаас Зарахемла нутагт эргэж ирэв.
2 Учир нь тэрээр умард нутагт байсан хүмүүсийн дунд явж, мөн Бурханы үгийг тэдэнд номлож, мөн тэдэнд олон зүйлийг бошиглосон бөлгөө;
3 Мөн тэд түүний бүх үгийг эсэргүүцэж, үүний хэрээр тэрээр тэдний дунд үлдэж чадсангүй, харин төрөлх нутагтаа дахин эргэж иржээ.
4 Мөн хүмүүс тийм аймшигт ёс бусын байдалд буйг, мөн Гадиантоны дээрэмчид шүүгчийн суудлуудыг—уг нутгийн хүч чадал мөн эрх мэдлийг хууль бусаар булаан эзэлснээр дүүргээд байгааг; Бурханы зарлигуудыг хойш тавьж, түүний өмнө өчүүхэн ч зөв шударга биш байгааг; хүмүүсийн үрсэд зөв шударгыг үйлдэхгүй байгааг тэр хараад;
5 Зөв шударгынх нь учир зөв шударгыг үйлдэгчдийг яллахыг; гэмтнүүдийг мөн ёс бусыг үйлдэгчдийг мөнгөнийх нь учир үл шийтгэн явуулахыг; мөн үүнээс гадна тэд дэлхийгээс нэр алдар болон эд хөрөнгө олж болохын тулд, мөн үүнээс гадна, тэд илүү амархнаар садар самууныг үйлдэж, хулгайлж, алж, мөн өөрсдийнхөө тааллын дагуу үйлдэж болохын тулд тааллуудынхаа дагуу удирдаж мөн үйлдэхээр засгийн газрын тэргүүн албанд байхыг харсан буюу—
6 Эдүгээ нифайчуудын дээр цөөн жилийн дотор энэ агуу алдас ирсэн байв; мөн Нифай үүнийг хараад, цээжин дотроо зүрх нь гуниглалаар дүүрэв; мөн тэрээр бодгалийн шаналалдаа ийн дуу алдав:
7 Ай, би түүнтэй хамт амлагдсан нутагт баясаж чадахын тулд өөрийн өвөг Нифай анх Иерусалим нутгаас гарах үед өөрийн өдрүүдийг өнгөрөөсөн болоосой би; тэр үед түүний хүмүүс сонсохдоо амархан, Бурханы зарлигуудыг сахихдаа чанд, мөн алдсыг үйлдэхэд удирдагдахдаа удаан байжээ; мөн тэд Их Эзэний үгсийг анхаарахдаа хурдан байжээ—
8 Тийм ээ, хэрэв миний өдрүүд тэр өдрүүдэд байсан аваас, ах дүүсийнхээ зөв шударгын учир бодгаль минь баясах байсан билээ.
9 Гэвч болгоогтун, эдгээр нь миний өдрүүд байх нь, мөн ах дүүсийнхээ энэ ёс бусын учир бодгаль минь гуниглалаар дүүргэгдэх нь надад заяагдсан ажээ.
10 Мөн болгоогтун, эдүгээ улиран тохиох дор энэ нь Зарахемла хотод байсан, төв зах тийш хүрэх тэр дардан замын дэргэдэх, Нифайн цэцэрлэгт байсан нэгэн цамхаг дээр хэлэгдсэн байв; тиймийн тул, түүнчлэн дардан зам дэргэдүүр нь өнгөрөх цэцэрлэгийн хаалганы ойролцоо байсан цамхаг болох, өөрийн цэцэрлэг доторх тэрхүү цамхаг дээр Нифай өвдөглөн суусан байв.
11 Мөнхүү улиран тохиох дор цамхаг дээр Нифайг Бурханд сэтгэлээ юүлж байхад хажуугаар нь өнгөрч мөн харсан хэдэн эрчүүд байв; мөн тэд гүйж мөн үзсэнээ хүмүүст хэлэв, мөн хүмүүсийн ёс бусын төлөөх тийм агуу гашуудлын шалтгааныг мэдэж болохын тулд хүмүүс бөөн бөөнөөрөө цуглан ирэв.
12 Мөн эдүгээ, Нифай босохдоо бөөн олон хүн нэгдэн цугларсныг болгоов.
13 Мөнхүү улиран тохиох дор тэрээр амаа нээж мөн тэдэнд хэлэв: Болгоогтун, та нар яагаад өөрсдөө нэгдэн цугларцгаасан билээ? Би алдсуудын чинь талаар та нарт хэлж болохын тулд ингэв үү?
14 Тийм ээ, та нарын алдсуудын учир зүрх сэтгэлийнхээ үлэмжийн их гуниглалын улмаас би Бурхандаа сэтгэлээ юүлж болохын тулд цамхаг дээр гарсны учир гэж үү?
15 Мөн гашуудал мөн гаслангийн минь учир та нар нэгдэн цуглараад, мөн гайхаж байна; тийм ээ, мөн гайхах их хэрэгцээ та нарт буй; тийм ээ, та нар бууж өгснөөр чөтгөр зүрх сэтгэлд чинь агуу байрыг эзэлсэн учир та нар гайхвал зохино.
16 Тийм ээ, та нарын бодгалийг үүрдийн зовлон мөн төгсгөлгүй халаглалд доош чулуудахаар эрэлхийлж буй түүний уруу таталтад та нар яахан бууж өгөв?
17 Ай наманчлагтун та нар, наманчлагтун та нар! Та нар яагаад үхэхийг хүсэх билээ? Та нар эргэ, та нар Их Эзэн Бурхан руугаа эргэн хандагтун. Тэрбээр яагаад та нарыг орхисон билээ?
18 Та нар зүрх сэтгэлээ хатууруулсны улмаас тэгсэн бөлгөө; тийм ээ, та нар сайн хоньчны дуу хоолойг анхааран сонсохыг хүсэхгүй; тийм ээ, та нар өөрсдийнхөө эсрэг уурлуулахаар түүнийг өдөөн хатгасан билээ.
19 Мөн болгоогтун, та нарыг цуглуулахын оронд, та нар наманчлахгүй аваас, болгоогтун, тэрээр та нарыг тарааснаар та нар нохдын болон зэрлэг араатнуудын идэш болох болно.
20 Ай, тэрбээр та нарыг чөлөөлсөн чухам тэрхүү өдөр та нар Бурханаа хэрхэн мартаж чадсан бэ?
21 Гэвч болгоогтун, ингэсэн нь та нар эд хөрөнгө олохын тулд, хүмүүсээр магтуулахын тулд, тийм ээ, алт болон мөнгө авч болохын тулд болой. Мөн та нар зүрх сэтгэлээ энэ дэлхийн баялгууд болон хоосон зүйлс дээр байрлуулсан, үүнийхээ төлөө та нар алж, тонож, хулгай хийн, мөн хөршийнхөө эсрэг хуурамчаар гэрчилдэг, мөн бүхий л төрлийн алдсуудыг үйлддэг.
22 Мөн энэ шалтгааны учир, та нар наманчлахгүй аваас та нарын дээр халаг ирэх болно. Учир нь хэрэв та нар наманчлахгүй аваас, болгоогтун, энэ их хот, мөн түүнчлэн эргэн тойрон дахь бидний эзэмшлийн нутагт буй тэдгээр бүх агуу хот булаан эзлэгдэх болно, тэгснээр та нарт тэдний дотор байр үгүй байх болно; учир нь болгоогтун, Их Эзэн эдүгээ хүртэл хийснийхээ адилаар, дайснуудаа сөрөн зогсох хүчийг та нарт өгөхгүй.
23 Учир нь болгоогтун, Их Эзэн: Нүглүүдээ наманчилж, мөн үгсийг минь анхааран сонссон тэднээс бусдад бол, би өөрийн хүчнээсээ ёс бусыг үйлдэгчдэд, нэгээс нь нөгөөд илүүг үзүүлэхгүй хэмээн хэлсэн болой. Эдүгээ тиймийн тул, ах дүүс минь, та нар наманчлахгүй аваас, та нарыг бодвол леменчүүдэд илүү дээр байх болно гэдгийг та нар болгоогоосой хэмээнэ би.
24 Учир нь болгоогтун, тэд та нараас илүү зөв шударга, учир нь тэд та нарын хүлээн авсан тэр агуу мэдлэгийн эсрэг нүгэл үйлдээгүй; тиймийн тул Их Эзэн тэдэнд нигүүлсэнгүй байх болно; тийм ээ, бүр та нар наманчлахгүй аваас бүрмөсөн устгагдах үед ч тэрээр тэдний өдрүүдийг уртасгаж мөн үр удмыг нь өсгөх болно.
25 Тийм ээ, та нарын дунд ирсэн агуу жигшүүрт байдлын учир та нарт халаг болог; мөн та нар өөрсдийгөө Гадиантоны байгуулсан тэрхүү нууц бүлэглэлд, тийм ээ, үүнд нэгтгэсэн!
26 Тийм ээ, та нарын зүрх сэтгэлдээ орохыг зөвшөөрсөн бардамналын учир та нарт халаг ирэх болно, энэ нь өөрсдийн чинь үлэмж агуу баялгуудын учир та нарыг сайнаас хэтрүүлэн бардам болгосон!
27 Тийм ээ, та нарын ёс бус үйлүүд мөн жигшүүрт хэргүүдийн чинь учир та нарт халаг ирэг!
28 Мөн та нар наманчлахгүй аваас мөхөх болно; тийм ээ, бүр газар нутгууд чинь та нараас булаан эзлэгдэж, мөн та нар дэлхийн гадаргуу дээрээс устгагдах болно.
29 Болгоогтун эдүгээ, эдгээр зүйл тохиох болно хэмээн би өөрөө мэдээд хэлээгүй, учир нь би эдгээр зүйлийг өөрөө мэдэж аваагүй юм; гэвч болгоогтун, Их Эзэн Бурхан тэдгээрийг надад мэдүүлсэн учир би эдгээр зүйл үнэнийг мэднэ, тиймийн тул би тэдгээр нь тохиох болно хэмээн гэрчилж байна.