Бүлэг 9
Ерөнхий шүүгч шүүгчийн суудалдаа үхсэнийг элч нар олов—Тэд шоронд хоригдож мөн хожим нь суллагдав—Нифай сүнсний өдөөлтөөр Сиантумыг алуурчнаар илрүүлэв—Зарим нь Нифайг бошиглогч хэмээн хүлээн зөвшөөрөв. Ойролцоогоор МЭӨ 23–21 он.
1 Болгоогтун, эдүгээ улиран тохиох дор Нифай эдгээр үгийг ярьсны дараа, тэдний дунд байсан хэдэн хүн шүүгчийн суудлын зүг гүйж одов; тийм ээ, бүр таван хүн явсан байв, мөн тэд явах зуураа өөр хоорондоо хэлэлцэв:
2 Болгоогтун, эдүгээ бид энэ хүн бошиглогч мөн эсэхийг, мөн Бурхан ийм гайхам зүйлсийг бидэнд бошиглохыг түүнд зарлигласан эсэхийг гарцаагүй мэдэх болно. Болгоогтун, тэр зарлигласан гэдэгт бид итгэхгүй байна; тийм ээ, бид түүнийг бошиглогч гэдэгт итгэхгүй байна; гэсэн хэдий ч, хэрэв ерөнхий шүүгчийн талаар түүний хэлсэн энэ зүйл үнэн байж, тэрээр үхсэн байвал, тэгвэл бид түүний ярьсан бусад үг нь ч үнэн гэдэгт итгэнэ.
3 Мөнхүү улиран тохиох дор тэд чадлаараа гүйж мөн шүүгчийн суудал руу хүрч ирэв; мөн болгоогтун, ерөнхий шүүгч газарт уначихсан, мөн цусандаа хутгалдан хэвтэж байв.
4 Мөн эдүгээ болгоогтун, тэд үүнийг хараад тэд үлэмж гайхан цочирдож, иймээс тэд газар унав; учир нь тэд ерөнхий шүүгчийн талаар Нифайн ярьсан үгсэд итгээгүй байжээ.
5 Гэвч эдүгээ, тэд хараад итгэж, мөн Нифайн ярьсан тэр бүх шүүлт уг хүмүүсийн дээр ирэх болуузай хэмээх айдас тэдний дээр ирэв; тиймийн тул тэд салгалан, мөн газарт унасан ажээ.
6 Эдүгээ, шүүгч алагдсан тэр даруй—тэрээр дүрээ хувиргасан дүүдээ хутгалуулсан байж, мөн тэр нь зугтав, мөн зарц нар нь гүйлдэж бас хүмүүст хэлж, тэдний дунд аллагын зар түгээсэн байв;
7 Мөн болгоогтун хүмүүс шүүгчийн суудал буй тэр газарт нэгдэн цугларч—мөн болгоогтун, гайхлыг нь төрүүлэн тэд нөгөө таван эрийг газарт унасан байхыг харцгаав.
8 Мөн эдүгээ болгоогтун, уг хүмүүс Нифайн цэцэрлэгт цугларсан тэрхүү хүмүүсийн талаар юу ч мэдээгүй байв; тиймийн тул тэд өөр хоорондоо хэлэлцэж: Шүүгчийг алсан тэд бол энэ эрчүүд болой, мөн тэд биднээс зугтаж чадахгүйн тул Бурхан тэднийг цохижээ хэмээцгээв.
9 Мөнхүү улиран тохиох дор тэд тэднийг баривчилж, хүлээд мөн тэднийг шоронд хаялаа. Мөн шүүгч алагдсан бөгөөд алуурчид нь баривчлагдаж, шоронд хаягдсан хэмээх тунхаг бичиг тараагдан илгээгдэв.
10 Мөнхүү улиран тохиох дор маргааш нь хүмүүс алагдсан агуу ерөнхий шүүгчийнхээ оршуулган дээр гашуудан мөн мацаг барихаар цуглацгаав.
11 Мөн түүнчлэн Нифайн цэцэрлэгт байж, мөн түүний үгсийг сонссон шүүгчид ч тийн, оршуулган дээр нэгдэн цугларсан байв.
12 Мөнхүү улиран тохиох дор тэд хүмүүсийн дунд сураглаж: Ерөнхий шүүгч үхсэн эсэхийг сураглуулахаар илгээсэн таван хүн хаана байна вэ? хэмээв. Мөн тэд хариулж мөн хэлэв: Та нарын илгээсэн гэх тэр тавын талаар бид мэдэхгүй; харин бидний шоронд хаясан, алуурчид болох тэр тав бий.
13 Мөнхүү улиран тохиох дор шүүгчид тэднийг авчрахыг хүсэв; мөн тэд авчрагдаж, мөн болгоогтун тэд нь илгээгдсэн тэр тав байв; мөн болгоогтун шүүгчид тэднээс уг хэргийн талаар мэдэхээр асууж, мөн тэд өөрсдийн үйлдсэн бүгдийг тэдэнд өгүүлж, хэлсэн нь:
14 Бид гүйлдэж мөн шүүгчийн суудал буй тэр газар ирсэн, мөн бүх зүйл бүр Нифайн гэрчилсний дагуу байхыг бид үзэж, гайхшираад, үүний хэрээр бид газарт унасан; мөн биднийг ухаан ороход, болгоогтун тэд биднийг шоронд хаясан бөлгөө.
15 Эдүгээ, энэ хүн алагдсан талаар, хэн үүнийг үйлдсэнийг бид мэдэхгүй; мөн зөвхөн энэ зэргийг л бид мэднэ, бид та нарын хүссэний дагуу гүйж мөн ирсэн, мөн болгоогтун Нифайн үгсийн дагуу тэр үхчихсэн байсан.
16 Мөн эдүгээ улиран тохиох дор шүүгчид уг хэргийг хүмүүст тайлбарлаж, мөн Нифайн эсрэг хашхиралдан, өгүүлсэн нь: Болгоогтун, энэ Нифай шүүгчийг алахаар хэн нэгэнтэй тохиролцсон нь лавтайг бид мэднэ, мөн дараа нь тэрээр үүнийг бидэнд тунхаглаж болохын тулд, тэрээр биднийг өөрийн сүсэг бишрэлд хөрвүүлж болохын тулд, тэрээр өөрийгөө Бурханаар сонгогдсон агуу хүн, мөн бошиглогч хэмээн өргөмжилж болохын тулд буюу.
17 Мөн эдүгээ болгоогтун, бид энэ хүнийг илчлэх болно, мөн тэрээр буруугаа хүлээж мөн энэ шүүгчийн алуурчин чухам хэн болохыг бидэнд мэдүүлэх болно.
18 Мөнхүү улиран тохиох дор сайхь тав оршуулгын өдөр суллагдав. Гэсэн хэдий ч, Нифайн эсрэг ярьсан тэдний үгсийн талаар тэд шүүгчдийг зэмлэж, мөн тэдэнтэй нэг нэгчлэн зөрөлдөв, үүний хэрээр тэд тэднийг хэлэх үггүй болгов.
19 Гэсэн хэдий ч, тэд Нифайг баривчлагдаж мөн хүлэгдэж мөн цугласан олны өмнө авчрагдахаар болгож, мөн тэд түүнийг үхэлд хүргэхээр буруутгаж болохын тулд, үгсийг нь авцалдахгүй болгохоор янз янзын аргаар түүнийг шалгааж эхлэв—
20 Түүнд хэлэв: Чи бол хуйвалдагч нь; энэ аллагыг үйлдсэн хүн хэн бэ? Эдүгээ бидэнд хэлэгтүн, мөн буруугаа хүлээн зөвшөөр; Болгоогтун мөнгө энэ байна; мөн хэрэв чи бидэнд хэлэх юм бол, мөн түүнтэй хийсэн гэрээ байгаагаа хүлээвэл бид амийг чинь түүнчлэн хэлтрүүлэх болно.
21 Гэвч Нифай тэдэнд хэлэв: Ай мунхаг та нар, зүрх сэтгэл нь хатуу та нар, сохор та нар, мөн гөжүүд хүмүүс та нар, энэхүү нүглийн замаараа явсаар байхыг чинь Их Эзэн Бурхан тань хэр удаан та нарт зөвшөөрөхийг та нар мэдэх үү?
22 Ай та нар наманчлахгүй аваас, энэ үед та нарыг хүлээх агуу устгалын учир гаслан мөн гашуудаж эхэлбэл зохино, та нар.
23 Болгоогтун манай ерөнхий шүүгч Сийзромыг алуулахаар хэн нэгэн хүнтэй намайг хуйвалдсан хэмээн та нар хэлж байна. Гэвч болгоогтун, би та нарт хэлнэ, энэ зүйлийн талаар та нар мэдэж болохын тулд би та нарт гэрчилсний улмаас ийн хэлэх болой, тийм ээ, бүр би та нарын дундах ёс бус үйлүүд болон жигшүүрт хэргүүдийг мэдэж байснаа та нарт батлан харуулахын тулд билээ.
24 Мөн би үүнийг үйлдсэн учир, энэ зүйлийг үйлдүүлэхээр хэн нэгэнтэй намайг хуйвалдсан хэмээн та нар хэлж байна; тийм ээ, би та нарт энэ тэмдгийг үзүүлсэн учир та нар надад уурлаж, амийг минь устгахыг эрэлхийлж байна.
25 Мөн эдүгээ болгоогтун, би та нарт өөр нэгэн тэмдэг үзүүлэх болно, мөн та нар энэ зүйлийн учир намайг устгахыг эрэлхийлэх эсэхийг үзье.
26 Болгоогтун би та нарт хэлнэ: Сийзромын дүү нь болох Сиантумын гэрт очиж, мөн түүнд хэл—
27 Бошиглогчийн дүр үзүүлэгч, энэ хүмүүсийн талаар их хилэнцтийг бошиглодог тэр Нифай, ах чинь болох Сийзромыг алахад чинь чамтай хуйвалдсан уу?
28 Мөн болгоогтун, тэрээр та нарт, Үгүй гэж хэлэх болно.
29 Мөн та нар түүнд хэлэх болно: Та ахыгаа алсан уу?
30 Мөн тэрээр айн зогсож, мөн юу хэлэхээ мэдэхгүй байх болно. Мөн болгоогтун, тэрээр та нарт үгүйсгэх болно; мөн тэрээр гайхсан дүр үзүүлэх болно; гэсэн хэдий ч, тэр өөрийгөө гэмгүй хэмээн та нарт тунхаглах болно.
31 Гэвч болгоогтун, та нар түүнийг шалгах болно, мөн та нар түүний нөмрөгийн хормой дээрх цусыг олох болно.
32 Мөн та нар үүнийг хараад, та нар хэлнэ: Хаанаас энэ цус болов? Энэ бол танай ахын цус гэдгийг бид мэдэхгүй гэж үү?
33 Мөн тэгэхэд тэрээр салгалж, мөн бүр түүний дээр үхэл ирсэн мэтээр цонхийх болно.
34 Мөн тэгэхэд та нар хэлнэ: Энэ айдсын мөн царайд чинь тодрох тэр цонхигор байдлын учир, болгоогтун, гэмтэйг тань бид мэдэв.
35 Мөн тэгэхэд илүү их айдас түүний дээр ирэх болно; мөн тэгээд тэрээр буруугаа хүлээж, мөн энэхүү аллагыг хийснээ цаашид үгүйсгэхгүй болой.
36 Мөн тэгээд тэрээр та нарт, Бурханы хүчээр надад мэдэгдсэн байхаас бусдаар бол уг хэргийн талаар Нифай намайг юу ч мэдэхгүй хэмээн хэлэх болно. Мөн тэгэхэд та нар намайг шударга хүн, мөн би бол Бурханаас та нарт илгээгдсэнийг мэдэх болно.
37 Мөнхүү улиран тохиох дор тэд одож, мөн, бүр Нифайн тэдэнд хэлсний дагуу үйлдэв. Мөн болгоогтун, түүний хэлсэн үгс үнэн байв; учир нь тэрхүү үгсийн дагуу тэрээр үгүйсгэж; мөн түүнчлэн тэрхүү үгсийн дагуу тэрээр буруугаа хүлээв.
38 Мөн тэрээр өөрөө тэрхүү алуурчин гэдгээ нотлоход хүрсэн байв, үүний хэрээр мөнөөх тав мөн түүнчлэн Нифай чөлөөлөгдөв.
39 Мөн нифайчуудаас Нифайн үгсэд итгэсэн зарим нь байв; мөн тэрхүү тавын гэрчлэлийн улмаас түүнчлэн итгэсэн зарим нь байв, учир нь тэд шоронд байхдаа хөрвүүлэгдсэн байв.
40 Мөн эдүгээ хүмүүсийн дунд Нифай бол бошиглогч хэмээн хэлсэн зарим нь байв.
41 Мөн ийн хэлэх бусад зарим нь байв: Болгоогтун, тэр бол нэгэн бурхан, учир нь тэр бурхан бус аваас бүх зүйлийг мэдэж чадахгүй байсан билээ. Учир нь болгоогтун, тэрээр зүрх сэтгэлийн маань бодлуудыг бидэнд хэлсэн, мөн түүнчлэн юмсыг бидэнд хэлсэн билээ; мөн тэрээр бүр ерөнхий шүүгчийг маань алсан жинхэнэ алуурчныг бидний мэдлэгт авчирсан бөлгөө.