Моронайн Ном
Бүлэг 1
Леменчүүдийн ашиг тусын тулд Моронай бичив—Христийг үгүйсгэхгүй нифайчууд үхэлд хүргэгдэв. Ойролцоогоор МЭ 401–421 он.
1 Эдүгээ Моронай би, Жаредын хүмүүсийн шастирыг хураангуйлахаа төгсгөл болгосныхоо дараа, илүүг бичнэ хэмээн бодсонгүй, гэвч би хараахан мөхөөгүй байна; мөн леменчүүд намайг устгах вий хэмээн би өөрийгөө тэдэнд мэдүүлдэггүй.
2 Учир нь болгоогтун, тэдний өөрсдийнх нь дундах дайнууд үлэмж хэрцгий; мөн өөрсдийн үзэн ядалтын учир тэд Христийг үгүйсгэхгүй нифай үндэстэн болгоныг үхэлд хүргэдэг.
3 Мөн Моронай би, Христийг үгүйсгэх нь үгүй; иймийн тул, амь насныхаа аюулгүй байдлын төлөө боломжтой хаана ч болов би бэдрэн явдаг.
4 Иймийн тул, бодож байсныхаа эсрэгээр, өөр цөөн хэдэн зүйлийг би бичье; учир нь би илүүг бичихгүй хэмээн бодож байв; гэвч Их Эзэний тааллын дагуу, ирээдүйн нэг өдөр, леменчүүд ах дүүст минь тэдгээр нь хэрэгтэй байж магад хэмээх тул би өөр цөөн хэдэн зүйлийг бичье.