Судрууд
Абрахам 1


Абрахамын Ном

Иосеф Смит папирусаас орчуулсан болой

Египетийн газар доорх булшнаас бидний гарт орж ирсэн эртний зарим Цэдгүүдийн орчуулга оршвой. Египетэд байх үед нь Абрахамын өөрийнх нь гараар папирус дээр бичигдсэн, Абрахамын Ном хэмээн нэрлэгддэг Абрахамын бичээсүүд оршвой.

Бүлэг 1

Абрахам патриархын жаягийн адислалуудыг эрэлхийлэв—Халдеи дахь хуурамч пристүүдээр тэр хавчигдав—Иехова түүнийг аврав—Египетийн үүсэл ба засгийн газар тоймлогдов.

1 Халдеичуудын нутагт, өвөг дээдсийнхээ оршдог байсан газарт, Абрахам би оршин суух өөр газар олох нь надад шаардлагатай байсныг олж харав;

2 Мөн илүү агуу аз жаргал, амар амгалан мөн амралтыг өөртөө олсон учир өвөг дээдсийн адислалуудыг мөн үүнийг гүйцэтгэхийн тулд томилогдох өөрийн тэрхүү эрхийг би эрэлхийлсэн бөлгөө; би өөрөө зөв шударга ёсыг дагагч байсан учраас, тэрчлэн илүү агуу мэдлэгийг эзэмшигч нэгэн байхыг мөн зөв шударга ёсыг илүү агуу дагагч байхыг, мөн агуу их мэдлэг эзэмшихийг, мөн олон үндэстний эцэг, амар амгалангийн хунтайж байхыг хүссэн учраас, мөн зааврууд хүлээн авахыг, мөн Бурханы зарлигуудыг сахихыг хүсэж, би өвөг дээдсийн эзэмшдэг эрхийг атган, эрх бүхий хууль ёсны өвлөгч, Дээд прист болсон билээ.

3 Энэ нь өвөг дээдсээс надад олгогдсон бөлгөө; энэ нь өвөг дээдсээс доош, цагийн эхлэлээс, тийм ээ, бүр эхлэлээс буюу дэлхийн үүслээс өмнө, бүр ууган төрөгчийн эсвээс Адам буюу анхны эцэг байсан анхны хүний эрх нь энэ цагийг хүртэл өвөг дээдсээр дамжин надад ирсэн юм.

4 Эцэг өвгөдөд үр удмынх нь талаар өгдөг Бурханы томилолтын дагуу Санваарт томилогдох өөрийн томилолтыг би эрэлхийлж байлаа.

5 Миний өвөг дээдэс өөрсдийн зөв шударга ёсноос, өөрсдийнх нь Их Эзэн Бурханы тэдэнд өгсөн ариун зарлигуудаас, үнэн бурхныг мэддэггүй хүмүүсийн бурхдыг бишрэн шүтэхээр эргэж, миний дуу хоолойг анхаарахаас бүрмөсөн татгалзсан юм;

6 Учир нь тэдний зүрх сэтгэл хилэнцийг үйлдэхийг хүсэж, мөн Елкенагийн бурхан, мөн Либнагийн бурхан, бас Махмакрагийн бурхан, бас Корашийн бурхан, мөн Египетийн хаан Фараогийн бурханд бүхлээрээ эргэсэн байлаа;

7 Тиймийн тул үнэн бурхныг мэддэггүй хүмүүсийн хийдэг тахилд тэд зүрх сэтгэлээ эргүүлж, хүүхдүүдээ эдгээр хэлгүй хиймэл шүтээнүүдэд өргөл болгодог болж, мөн миний дуу хоолойг анхаарсангүй, харин ч Елкенагийн пристийн гараар миний амь насыг бүрэлгүүлэхээр оролдож байв. Елкенагийн прист нь тэрчлэн Фараогийн прист байлаа.

8 Эдүгээ, энэ цагт Халдеин нутагт баригдсан тахилын ширээн дээр эдгээр этгээд бурхдад өргөл болгон, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хүүхдүүдийг өргөх нь Египетийн хаан Фараогийн пристийн заншил байв.

9 Мөнхүү улиран тохиох дор тэрхүү прист Фараогийн бурханд, мөн тэрчлэн Шагреелын бурханд, бүр египетчүүдийн маягаар өргөл өргөдөг байв. Эдүгээ Шагреелын бурхан нь нар байлаа.

10 Бүр Олишемийн талын эхэн дэх Потифарын гүвээ хэмээн нэрлэгддэг асан гүвээний дэргэд байдаг тахилын ширээн дээр Фараогийн прист хүүхдээр талархлын өргөл өргөдөг байв.

11 Эдүгээ, энэ прист Хамын хэвлийгээс гарсан хааны шууд угсааны нэг нь асан Онитагийн гурван онгон охиныг энэ тахилын ширээн дээр өргөлд өргөсөн ажээ. Эдгээр онгон охид өөрсдийнхөө ариун журмын учир өргөл болгон өргөгдсөн байлаа; тэд модон эсвэл чулуун бурхдыг шүтэн бишрэхээр бөхийгөөгүй ажгуу, тиймийн тул тэд энэ тахилын ширээн дээр алагджээ, мөн энэ нь египетчүүдийн маягаар хийгдсэн аж.

12 Мөнхүү улиран тохиох дор мөнөөх пристүүд уг онгон охидыг энэ тахилын ширээн дээр өргөсөнчлөн, тэрчлэн тэд намайг алж болохын тулд намайг харгис хэрцгийгээр барив; мөн та нар энэ тахилын ширээний талаар мэдлэгтэй байж болохын тулд энэ цэдгийн эхэн дэх зургийг үзэхийг би та нарт урьж байна.

13 Энэ нь халдеичуудын дунд байсны адил, орны хэлбэрээр хийгддэг байв, мөн энэ нь Елкена, Либна, Махмакра, Кораш, мөн тэрчлэн Египетийн хаан Фараогийн бурхантай адил бурхны өмнө тавигддаг байв.

14 Эдгээр бурхдын талаар та нар ойлголттой байж болохын тулд, Рахлеенос хэмээн халдеичуудаар нэрлэгддэг зурган бичгийн утгыг илэрхийлсэн зургуудыг тэдгээрийн ерөнхий дүрслэлээр би та нарт эхэнд өгсөн билээ.

15 Мөн тэд намайг өргөл болгон өргөж мөн амь насыг минь бүрэлгэж болохын тулд тэд над руу гараа далайхад нь, болгоогтун, би өөрийн Бурхан Их Эзэнд дуу хоолойгоо өргөсөн буюу, мөн Их Эзэн анхаарч мөн сонсов, мөн тэрбээр Бүхнийг Чадагчийн үзэгдлээр намайг дүүргэв, мөн түүний дэргэдэх тэнгэр элч миний хажууд зогсож байв, мөн хүлээсийг минь тэр даруй суллав;

16 Мөн түүний дуу хоолой надад ирж, хэлэв: Абрахам, Абрахам, болгоогтун, миний нэр Иехова билээ, мөн бибээр чамайг сонслоо, мөн чамайг чөлөөлж, мөн чамайг эцгийн чинь гэрээс, мөн өөрийн чинь бүх төрөл төрөгсдөөс холдуулан, чиний үл мэдэх харь нутагт авчрахаар доош бууж ирлээ;

17 Мөн энэ нь тэд Елкенагийн бурхан, Либнагийн бурхан, Махмакрагийн бурхан, мөн Корашийн бурхан мөн Египетийн хаан Фараогийн бурхныг шүтэхээр зүрх сэтгэлээ надаас буруулсны учир бөлгөө; тиймийн тул, тэдэнд айлчлахаар, мөн Абрахам хүү минь, амь насыг чинь бүрэлгэхээр чиний эсрэг гараа далайсан түүнийг устгахаар би доош бууж ирлээ.

18 Болгоогтун, би чамайг өөрийн мутраар удирдах болно, мөн би чамайг авах болно, би өөрийн нэрийг, бүр чиний эцгийн санваарыг чам дээр тавихын тулд буюу, мөн миний хүч чамд байх болно.

19 Ноад байсны нэгэн адил ийн чамд байх болно; харин чиний тохинууллаар дамжин миний нэр дэлхийд үүрд мэдэгдэх болно, учир нь бибээр чиний Бурхан билээ.

20 Болгоогтун, Потифарын гүвээ нь Халдеин Урын нутагт байсан болой. Мөн Их Эзэн Елкенагийн тахилын ширээг, мөн уг нутгийн бурхдыг нурааж, мөн тэдгээрийг бүрмөсөн устган, бас мөнөөх пристийг цохисноос тэр үхэв; мөн Халдеид, мөн Фараогийн ордонд агуу гашуудал болов; Фарао гэдэг нь хааны удмын цустай хаан гэсэн утгатай болой.

21 Эдүгээ Египетийн энэ хаан бол Хамын хэвлийн удам байлаа, мөн төрөлтөөр канаанчуудын цусны хольцтой байлаа.

22 Энэ удмаас бүх египетчүүд салбарлан гарсан ажээ, мөн ийн канаанчуудын цус уг нутагт хадгалагдан үлджээ.

23 Египетийн нутгийг анх нэгэн эмэгтэй олж нээсэн бөлгөө, тэр нь Хамын охин асан, мөн халдеи хэлээр Египет гэсэн утгатай, энэ нь хориглогдсон гэсэн утга бүхий Египтусын охин байв;

24 Энэ эмэгтэй уг нутгийг нээхэд энэ нь усан дор байжээ, тэрээр хожим нь хөвгүүдээ үүн дээр суурьшуулжээ; мөн ийнхүү уг нутагт зүхлийг хадгалж үлдсэн тэрхүү үндэстэн Хамаас салбарлан үлдсэн ажгуу.

25 Эдүгээ Египетийн анхны засгийн газар Хамын охин Египтусын ууган хүү, Фараогоор үндэслэн байгуулагдсан байв, мөн энэ нь Хамын засгийн газрын арга маягаар, эцгийн эрхт патриархын ёсны дагуу байв.

26 Фарао зөв шударга хүн байсан учир өөрийн хаант улсыг үндэслэн байгуулж мөн өөрийн бүх өдрүүдэд өөрийн хүмүүсийг ухаалгаар бас шударгаар шүүж, анхны үеийн өвөг дээдсээр үндэслэгдсэн тэрхүү ариун жаягийг дуурайхыг эрхэмлэн эрэлхийлж байв, анхны эцгийн эрхт патриарх ёсны хаанчлалын өдрүүдэд, бүр Адамын, мөн өөрийнх нь өвөг дээдэс Ноагийн хаанчлалд үндэслэгдсэн түүнийг буюу, уг Ноа түүнийг дэлхийн адислалуудаар, мөн мэргэн ухааны адислалуудаар адисалсан боловч Санваарын хувьд түүнийг зүхсэн бөлгөө.

27 Эдүгээ, Фарао, тэрээр санваарын эрхтэй байж үл чадах удам угсааных байсан учир, хэдий тийм ч Фараонууд Хамаар дамжуулан үүнийг Ноагаас нэхэх хүсэлтэй байв, тиймийн тул миний эцэг тэдний хиймэл шүтээн шүтэх явдлаар төөрүүлэгдсэн байв;

28 Гэвч, хожим нь би өөрөөсөө арагш бүтээлтийн эхлэл рүү хөтлөх он дарааллыг бичиглэхийг хичээх болно, учир нь цэдгүүд миний гарт ирсэн билээ, энэ цаг мөчид миний мэдэлд буй тэдгээр нь бөлгөө.

29 Эдүгээ, Елкенагийн прист цохигдсоноос болж үхсэний дараа, Халдеин нутгийн талаар надад хэлэгдсэн тэдгээр зүйл нь, уг нутагт өлсгөлөн байх болно хэмээсний биелэлт тохиосон ажгуу.

30 Үүний дагуу өлсгөлөн Халдеин бүх нутгийг хамрав, мөн уг өлсгөлөнгийн улмаас миний эцэг зовлонт тарчлалыг амссан бөлгөө, мөн тэрээр, амь насыг минь бүрэлгэх миний эсрэг төлөвлөсөн тэрхүү хилэнцээ наманчилжээ.

31 Гэвч өвөг дээдсийн тухай, бүр патриархуудын, Санваарын эрхийн талаарх цэдгүүдийг миний Бурхан Их Эзэн миний гарт хадгалан үлдээсэн буюу; тиймийн тул, бүтээлтийн эхлэлийн тухай мэдлэг мөн тэрчлэн гарагуудын тухай, бас оддын тухай мэдлэгийг, тэдгээр нь өвөг дээдэст мэдүүлэгдсэний дагуу, би энэ өдрийг хүртэл хадгалж ирсэн билээ, мөн миний дараа ирэх өөрийн үр удмын ашиг тусын тулд, эдгээр зүйлээс заримыг нь энэ цэдэг дээр бичихийг би хичээх болно.

Хэвлэх