Судрууд
Абрахам 2


Бүлэг 2

Абрахам Канаан руу явахаар Ур нутгийг орхив—Иехова Харанд түүнд үзэгдэв—Сайн мэдээний бүх адислал түүний үр удамд мөн түүний үр удмаар дамжин бүгдэд амлагдав—Тэрээр Канаан руу мөн дараа нь Египет рүү явав.

1 Эдүгээ Их Эзэн Урын нутагт өлсгөлөнг бүр гааруулсан буюу, үүний хэрээр, миний ах Харан нас барав; харин миний эцэг Тера, Халдеин Урын нутагт өдий хүртэл амьдарсаар байлаа.

2 Мөнхүү улиран тохиох дор, Абрахам би Сарайг эхнэр болгон авав, миний ах Нахор Хараны охин асан Милкаг эхнэр болгон авлаа.

3 Эдүгээ Их Эзэн надад хэлсэн байв: Абрахам, чи улс орноосоо, мөн өөрийн ястнаас, мөн эцгийнхээ гэр орноос, чамд миний үзүүлэх тэрхүү нутаг руу гарч явагтун.

4 Тиймийн тул, би Канааны нутаг руу явахаар Халдеин Урын нутгийг орхин одов; мөн би ахынхаа хүү Лот, мөн түүний эхнэр, бас өөрийн эхнэр Сарайг авч явав; мөн тэрчлэн Харан хэмээн бидний нэрлэсэн нутаг руу миний араас эцэг минь дагасан буюу.

5 Мөн өлсгөлөн дээрдэж; мөн миний эцэг Харанд үлдэж тэнд амьдрав, учир нь Харанд олон мал сүрэг байв, мөн эцэг минь өөрийнхөө хиймэл шүтээнд дахин эргэсэн бөлгөө, тиймийн тул тэрээр Харанд үлдэв.

6 Гэвч, Абрахам би, бас миний ахын хүү Лот Их Эзэнд залбирч, мөн Их Эзэн надад үзэгдэн мөн надад хэлэв: Бос, мөн Лотыг өөртэйгөө авч яв; учир нь чамайг Харанаас гаргаж аван, мөн чамайг харь нутагт миний нэрийг гэрчлэх тохинуулагч болгохоор би зорьж байгаа болой, тэр нутгийг бибээр чиний дараах үр удамд үүрдийн эзэмшлийн тулд өгөх болно, тэд миний дуу хоолойг анхаарах үед буюу.

7 Учир нь бибээр чиний Бурхан Их Эзэн билээ, би тэнгэрт оршин суудаг болой; дэлхий бол миний хөлийн тавиур; би тэнгис дээгүүр мутраа сунгадаг мөн энэ нь миний дуу хоолойг дуулгавартай дагадаг; бибээр салхи болон галыг өөрийн сүйх тэрэг болгодог буюу; би уулст—Эндээс явагтун—хэмээн хэлэхэд мөн болгоогтун, тэдгээр нь хар салхиар, тэр даруй шууд холдуулагддаг.

8 Миний нэр Иехова, мөн бибээр эхлэлээс төгсгөлийг мэднэ; тиймийн тул миний мутар чам дээр байх болно.

9 Мөн би нэгэн агуу үндэстнийг чамаас бий болгох болно, мөн би чамайг хэмжээгүй ихээр адисалж, мөн нэрийг чинь бүх үндэстний дунд агуу болгох болно, чи өөрийнхөө дараах үр удамд адислал байх болно, тиймээс тэд энэ тохинуулал болон Санваарыг бүх үндэстэнд өөрсдийн гараар хүргэж өгөх болно;

10 Мөн чиний нэрээр дамжуулан би тэднийг адислах болно; учир нь энэ Сайн мэдээг хүлээн авах болгон нь чиний нэрээр дуудагддаг байх болно, мөн чиний үр удам хэмээн тооцогддог байх болно, мөн босож зогсоод, өөрсдийн эцэг хэмээн, чамайг магтан дуулах болно;

11 Мөн чамайг магтан дуулах тэднийг би адисалж мөн чамайг зүхэх тэднийг зүхэх болно, мөн чамаар (буюу чиний Санваараар) мөн чиний үр удмаар (буюу чиний Санваараар), учир нь энэхүү эрх чамд, мөн чиний дараах үр удамд (энэ нь шууд үр удам буюу биеийнх нь үр удам гэсэн үг) үргэлжлэх болно хэмээх амлалтыг би чамд өгч байна, дэлхийн бүх гэр бүл адислагдах болно, бүр авралын адислалууд, бүр мөнх амьдралын адислалууд болох Сайн мэдээний адислалуудаар буюу.

12 Эдүгээ, Их Эзэн надтай ярихаа больсны дараа, мөн түүний нүүр надаас холдсоны дараа, би зүрх сэтгэл дотроо ийн хэлэв: Үйлчлэгч чинь таныг чин сэтгэлээсээ эрэлхийлсэн бөлгөө; эдүгээ би таныг оллоо;

13 Намайг Елкенагийн бурхдаас чөлөөлөхөөр та тэнгэр элчээ илгээсэн билээ, би таны дуу хоолойг анхаарах нь миний хувьд хамгийн сайн билээ, тиймийн тул, үйлчлэгч тань босож мөн амар амгаланд явахыг зөвшөөрөөч.

14 Иймээс, Абрахам, би Их Эзэн надад хэлсний дагуу гараад, мөн Лоттой хамт явав, мөн Абрахам би Харанаас явах үедээ жаран хоёр настай байв.

15 Мөн би Халдеид, Ур нутагт байх үедээ эхнэрээ болгон авсан Сарайг, мөн өөрийн ахын хүү Лотыг, мөн өөрсдийн цуглуулсан бүх эд юмсаа, мөн Харанд өөрсдийн хөрвүүлсэн бодгалиудыг авч явав, мөн Канааны нутаг руу зорьсон зам дээр гарч ирэв, мөн аян замд гарсан үедээ бид майханд амьдарч байлаа;

16 Тиймийн тул, Канааны нутагт очихын тулд бид Харанаас Жершоны замаар аялж явах үед үүрд мөнх нь бидний хамгаалалт, бидний хад мөн бидний аврал байв.

17 Эдүгээ, Абрахам би Жершоны нутагт тахилын ширээ барьж, мөн Их Эзэнд өргөл өргөв, мөн миний эцгийн гэр бүл үхэхгүй байж болохын тулд, өлсгөлөн тэднээс холдохын төлөө залбирав.

18 Мөн тэгээд бид Жершоны нутгаар дамжин өнгөрөөд, Шехемийн газар руу одсон; энэ нь Морегийн талд байдаг байв, мөн бид канаанчуудын нутгийн хязгаарт аль хэдийн орж ирсэн байлаа, мөн Морегийн талд, тэнд би тахил өргөв, мөн Их Эзэнийг чин сэтгэлээсээ дуудав, учир нь бид хиймэл шүтээн шүтэгч энэ үндэстний нутагт аль хэдийн ороод ирчихсэн байлаа.

19 Мөн миний залбирлуудын хариуд Их Эзэн надад үзэгдэн, мөн надад хэлэв: Чиний үр удамд би энэ нутгийг өгөх болно.

20 Мөн Абрахам, бибээр Их Эзэнд барьсан тахилын ширээний газраас босож, мөн тэндээс Бетелийн зүүн талд байх уул руу явав, мөн майхнаа тэнд босголоо, Бетел баруунтаа, мөн Хай зүүнтээ байв; мөн би тэнд Их Эзэнд өөр нэг тахилын ширээ барьж, мөн Их Эзэний нэрийг дахин дуудав.

21 Мөн Абрахам би өмнөдийг чиглэн цааш аялсаар байв; мөн уг нутагт өлсгөлөн үргэлжилсээр байв; мөн Абрахам, би Египет рүү доош явж, тэнд түр амьдрахаар шийдэв, учир нь өлсгөлөн нэн бэрх болов.

22 Мөнхүү улиран тохиох дор намайг Египет рүү орохоор ойртон явж байх үед Их Эзэн надад хэлэв: Болгоогтун, чиний эхнэр Сарай харахад нэн гоо үзэсгэлэнтэй юм;

23 Тиймийн тул улиран тохиох дор египетчүүд түүнийг хараад—Тэр бол түүний эхнэр хэмээн тэд хэлэх болно; мөн тэд чамайг алах болно, харин тэд түүнийг амьд үлдээх болно; тиймийн тул, чи ийм янзаар үйлдэхэд анхаарагтун:

24 Египетчүүдэд тэрээр өөрийгөө чиний дүү хэмээн хэлэг, мөн бодгаль чинь амьдрах болно.

25 Мөнхүү улиран тохиох дор Абрахам би, Их Эзэний надад хэлсэн бүгдийг эхнэр Сарайдаа ярив—Тиймийн тул чи өөрийгөө миний дүү гэж тэдэнд хэлнэ үү, тэгснээр чамаас болж надад аюулгүй байж, мөн миний бодгаль чиний улмаас амьдрах болно.

Хэвлэх