Бүлэг 3
Урим ба Туммимыг ашиглан Абрахам нар, сар, оддын талаар сурч авав—Их Эзэн сүнснүүдийн мөнхийн мөн чанарыг түүнд илчлэв—Тэрээр дэлхийн өмнөх амьдрал, урьдчилсан томилолт, Бүтээлт, Гэтэлгэгчийг сонгосон талаар мөн хүмүүний хоёр дахь байдлын талаар сурч авав.
1 Мөн Халдеин Урт, миний Бурхан Их Эзэний надад өгсөн Урим ба Туммим Абрахам надад байв;
2 Мөн би оддыг, тэдгээр нь нэн агууг, түүнчлэн тэдгээрийн нэг нь Бурханы сэнтийд хамгийн ойрхон байсныг харав; мөн агуу олон од үүнд ойрхон байлаа;
3 Мөн Их Эзэн надад хэлэв: Эдгээр нь тэргүүлдэг нь бөлгөө; мөн тэр агуу нэгийнх нь нэр Колоб, учир нь энэ нь надад ойрхон байдаг, учир нь бибээр Их Эзэн чиний Бурхан: дээр нь чиний зогсож байгаа түүний адил бүлэгт харьяалагддаг тэдгээр бүгдийг тэргүүлэхээр үүнийг би байрлуулсан билээ.
4 Мөн Их Эзэн Урим ба Туммимаар дамжуулан надад хэлэв, Колоб нь, үүний эргэлтүүд дэх цагууд болон улирлуудынхаа дагуу, Их Эзэний маягаар байсан хэмээн; мөн нэг эргэлт нь, түүний тооллын маягаар Их Эзэнд нэг өдөр байв, энэ нь дээр нь чиний зогсож буй түүнд оноосон хугацааны дагуу нэг мянган жил хэмээн бөлгөө. Энэ бол Колобын тооллын дагуух Их Эзэний цагийн тоолол ажээ.
5 Мөн Их Эзэн надад хэлэв: Бага гэрэл болох, өдрийг захирдаг гэрлээс бага, шөнийг захирдаг тэр гараг нь, дээр нь чиний зогсож буй түүнээс тооллын хувьд дээгүүр буюу илүү бөлгөө, учир нь энэ нь ангилалт хүрээнд илүү удаан хөдөлдөг; энэ нь дээр нь чиний зогсож буй дэлхийгээс дээгүүр байдаг нь эмх цэгцийн дагуу болой. Тиймийн тул, үүний цагийн тоолол нь үүний өдрүүдийн, мөн саруудын мөн жилүүдийн тооны хувьд тийм олон биш бөлгөө.
6 Мөн Их Эзэн надад хэлэв: Эдүгээ, Абрахам, энэ хоёр бодит байдал оршин буй, болгоогтун чиний нүд үүнийг харж байгаа; тооллын цагуудыг мөн тогтоогдсон цагийг, тийм ээ, дээр нь чиний зогсож буй дэлхийн тогтоогдсон цаг, мөн өдрийг захирахаар байрлуулагдсан илүү агуу гэрлийн тогтоогдсон цаг, мөн шөнийг захирахаар байрлуулагдсан илүү бага гэрлийн тогтоогдсон цагийг мэдэх нь чамд өгөгдсөн бөлгөө.
7 Эдүгээ илүү бага гэрлийн тогтоогдсон цаг нь үүний тооллын дагуу дээр нь чиний зогсож буй дэлхийн цагийн тооллоос илүү урт хугацаа юм.
8 Мөн энэ хоёр бодит байдал оршдог ба тэдгээрийн дээр өөр нэг бодит байдал байх болно, тэр нь гэвэл, цагийн тоолол нь илүү урт байх өөр нэг гараг байх болно;
9 Мөн тийн нэг гарагийн цагийн тоолол нөгөөгийнхөөс дээгүүр байх болно, Их Эзэний тооллын дагуух Колоб болох тэрхүү Колобт чамайг ойрхон ирэх хүртэл бөлгөө; дээр нь чиний зогсож буйтай мөн адил ангилалд харьяалагддаг тэр бүх гарагийг тэргүүлэхээр Бурханы сэнтийд ойрхон байрлуулагдсан тэрхүү Колоб буюу.
10 Мөн чамайг Бурханы сэнтийд ойрхон ирэх хүртэл, гэрэл өгөхөөр байрлуулагдсан бүх одны тогтоогдсон цагийг мэдэх нь чамд өгөгдсөн бөлгөө.
11 Тийн, Абрахам би, Их Эзэнтэй, нүүр тулан, нэг хүн нөгөөтэйгөө ярьж байгаа мэт ярив; мөн тэрбээр өөрийнх нь мутраар хийгдсэн ажлуудын тухай надад ярив;
12 Мөн тэрбээр надад хэлэв: Хүү минь, хүү минь (мөн түүний мутар сунгаастай байв), болгоогтун би энэ бүгдийг чамд үзүүлэх болно. Мөн тэрбээр мутраа миний нүдэн дээр тавьж, мөн би түүний мутраар хийгдсэн тэдгээр зүйлийг харав, тэдгээр нь олон байлаа; мөн тэдгээр нь миний нүдний өмнө өсөн үржиж, мөн би тэдгээрийн төгсгөлийг харж чадахгүй байв.
13 Мөн тэрээр надад хэлэв: Энэ бол Шинеха буюу нар. Мөн тэрбээр надад хэлэв: Кокоб буюу од. Мөн тэрбээр надад хэлэв: Олеа буюу сар. Мөн тэрбээр надад хэлэв: Кокаубеам буюу одод эсвээс тэнгэрийн мандалд байгаа бүх агуу гэрэл гэсэн утгатай.
14 Мөн Их Эзэн эдгээр үгийг надад ярьсан тэр үе нь шөнийн цаг байв: Би чамайг, мөн чиний дараах үр удмыг чинь эдгээрийн адил өсгөн үржүүлэх болно; мөн хэрэв чи элсний тоог тоолж чадах аваас, чиний үр удмын тоо ийм байх болно.
15 Мөн Их Эзэн надад хэлэв: Абрахам, чи эдгээр бүх үгийг тунхаглаж болохын тулд, Египет рүү явахаас чинь өмнө эдгээр зүйлийг би чамд үзүүлье.
16 Хэрэв хоёр зүйл оршдог, мөн нэг нь нөгөөгөөсөө дээгүүр байх аваас, тэдгээрийн дээгүүр илүү агуу зүйлс байх болно; тиймийн тул Колоб нь чиний үзсэн бүх Кокаубеамаас хамгийн агуу нь болой, учир нь энэ нь надад хамгийн ойрхон байдаг бөлгөө.
17 Эдүгээ, хэрэв хоёр зүйл, нэг нь нөгөөгөөсөө дээгүүр байх аваас, мөн сар нь дэлхийн дээгүүр байх аваас, тэгвэл нэг гараг юм уу од үүний дээгүүр оршиж байж болох буюу; мөн Их Эзэн, чиний Бурхан хийхээр зүрх сэтгэлдээ шийдсэнээ тэрээр гүйцэлдүүлэхгүй байх нь үгүй билээ.
18 Харин тэрбээр мөнөөх илүү агуу одыг бий болгосон буюу; үүн лугаа, тэрчлэн, хэрэв хоёр сүнс байх аваас, мөн нэг нь нөгөөгөөсөө илүү ухаалаг байх аваас, гэсэн хэдий ч эдгээр сүнс, нэг нь нөгөөгөөсөө илүү ухаалаг байхаас үл хамааран эхлэлгүй буюу; тэд өмнө нь оршин байсан болой, тэд төгсгөлгүй байх болно, тэд дараа нь оршин байх болно, учир нь тэд гнолаум буюу мөнх бөлгөө.
19 Мөн Их Эзэн надад хэлэв: Энэ хоёр бодит байдал оршдог бөлгөө, нэг нь нөгөөгөөсөө илүү ухаалаг хоёр сүнс байдаг; тэдгээрээс илүү ухаалаг өөр нэг нь байх болно; бибээр Их Эзэн, чиний Бурхан билээ, бибээр тэд бүгдээс илүү ухаалаг болой.
20 Их Эзэн, чиний Бурхан чамайг Елкенагийн пристийн гараас чөлөөлөхөөр тэнгэр элчээ илгээсэн бөлгөө.
21 Би тэд бүгдийн дунд оршин суудаг; би эдүгээ, тиймийн тул, өөрийн мутрын хийсэн ажлуудыг чамд үзүүлэхээр чам руу доош бууж ирлээ, үүгээр миний мэргэн байдал тэд бүгдээс онцгойрон ялгардаг, учир нь би дээр тэнгэрт, мөн доор дэлхийд, бүх мэргэн ухаан болон ухаалаг байдалд, эхлэлээс чиний мэлмийн харсан бүх оюун билгийн дээр захирдаг буюу; чиний харсан бүх оюун билгийн дунд би эхлэлд доош бууж ирсэн бөлгөө.
22 Эдүгээ Их Эзэн дэлхий байхаас өмнө зохион байгуулагдсан оюун билгүүдийг Абрахам надад үзүүлэв; мөн эд бүгдийн дунд ариун журамт мөн агуу тэд нь олон байв;
23 Мөн Бурхан энэ сүнснүүдийг сайн болохыг харав, мөн тэрбээр тэдний дунд зогсож, мөн хэлэв: Эднийг би захирагчдаа болгох болно; учир нь тэрбээр сүнс асан тэдний дунд зогсож байв, мөн тэрбээр тэд сайн байсныг харав; мөн тэрбээр надад хэлэв: Абрахам аа, чи тэдний нэг болой; чи төрөхөөсөө өмнө сонгогдсон байсан билээ.
24 Мөн тэдний дунд Бурхантай адилхан нэгэн зогсож байв, мөн тэрээр өөртэйгөө хамт байсан тэдэнд хэлэв: Бид доошоо явцгаах болно, учир нь тэнд орон зай буй, мөн бид энэ бодисуудаас авч, мөн дээр нь тэдний оршин сууж болох дэлхийг бид бүтээх болно;
25 Мөн Их Эзэн, тэдний Бурханы тэдэнд зарлиглах юуг боловч, бүх зүйлийг тэд хийх нь үү гэдгийг харахын тулд үүгээр бид тэднийг шалгах болно;
26 Мөн өөрсдийн анхны оршихуйд үнэнчээр үлдэх тэдэн дээр нэмэгдэх болно; мөн өөрсдийн анхны оршихуйд үнэнч байгаагүй тэд, өөрсдийн анхны оршихуйд үнэнч байсан тэдэнтэй хамт нэг хаант улсад сүр жавхланг олох нь үгүй бөлгөө; мөн өөрсдийн хоёр дахь оршихуйд үнэнчээр үлддэг тэдний тэргүүн дээр сүр жавхлан үүрд мөн мөнхөд нэмэгдэх болно.
27 Мөн Их Эзэн хэлэв: Би хэнийг илгээх вэ? Мөн Хүний Хүүтэй адил нэгэн хариулав: Би энд байна, намайг илгээгээч. Мөн өөр нэг нь хариулж мөн хэлэв: Би энд байна, намайг илгээгээч. Мөн Их Эзэн хэлэв: Эхнийхийг би илгээх болно.
28 Мөн хоёр дахь нь ууртай байв, мөн өөрийн анхны оршихуйд үнэнчээр үлдсэн нь үгүй; мөн тэр өдөр олон нь түүний араас дагав.