Бүлэг 5
Бурхад бүх зүйлийн бүтээлтийг төлөвлөснөө дуусгав—Тэд төлөвлөгөөнүүдийхөө дагуу Бүтээлтийг тохиолгон авчрав—Адам амьд бүтээл бүрийг нэрлэв.
1 Мөн ийн бид тэнгэр мөн дэлхий, тэдгээр олныг дуусгах болно.
2 Мөн Бурхад өөр хоорондоо хэлэлцэв: Долоо дахь удаад нь бид зөвлөлдсөн ажлаа дуусгах болно; мөн долоо дахь удаад нь бид зөвлөлдсөн бүх ажлаасаа амрах болно.
3 Мөн тэрхүү долоо дахь удаад нь тэд (Бурхад) бий болгохоор өөр хоорондоо зөвлөлдсөн бүх ажлаасаа тэд амарч байхаар Бурхад шийдэв; мөн үүнийг ариусгасан бөлгөө. Мөн тэнгэр мөн дэлхийг бий болгохоор тэд өөр хоорондоо зөвлөлдсөн тэр үед тэдний шийдвэрүүд ийм байлаа.
4 Мөн Бурхад доош ирж мөн тэнгэр болон дэлхийн эдгээр үеийг бий болгов, тэдгээр нь бий болгогдсон тэр өдөр Бурхад дэлхий болон тэнгэрийг бий болгосон бөлгөө,
5 Мөн дэлхийд байхаас нь өмнө талбайн ургамал бүрийн талаар, мөн ургахаас нь өмнө талбайн шимт ургамал бүрийн талаар тэдний айлдсан бүхний дагуу буюу; учир нь Бурхад тэдгээрийг хийхээр зөвлөлдөж байх үедээ дэлхий дээр бороо орохоор болгоогүй байв, мөн газар боловсруулах хүнийг бий болгоогүй байжээ.
6 Харин дэлхийгээс манан дээш хөөрч, тэгээд газрын бүх гадаргыг усалжээ.
7 Мөн Бурхад газрын тоосноос хүнийг бий болгож, мөн түүний сүнсийг (хүмүүний сүнсийг хэлж байна) авч, мөн үүнийг түүнд хийсэн бөлгөө; мөн амьдралын амьсгалыг түүний хамрын нүхээр амьсгалуулав, тэгээд хүн амьд бодгаль болсон болой.
8 Мөн Бурхад Едений зүүн талд цэцэрлэг тарьж, мөн тэнд мөнөөх хүнийг тавив, тэд өөрсдийнхөө бий болгосон биед сүнсийг нь оруулсан түүнийг бөлгөө.
9 Мөн харахад таатай мөн хоол хүнсний тул сайн мод болгоныг Бурхад газраас ургах болгов; тэрчлэн цэцэрлэгийн гол дунд амьдралын модыг, мөн сайн ба муугийн мэдлэгийн модыг буюу.
10 Цэцэрлэгийг услах нэгэн гол Еденээс урсдаг байв, мөн тэндээс энэ нь салаалж, мөн дөрвөн голын эх болдог байлаа.
11 Мөн Бурхад хүнийг авч, мөн үүнийг арчлан тордож, мөн харж хандуулж байхын тулд Едений Цэцэрлэгт түүнийг тавив.
12 Мөн Бурхад хүнд зарлиглаж, хэлсэн нь: Цэцэрлэгийн мод болгоноос чи чөлөөтэйгээр идэж болно,
13 Харин сайн ба муугийн мэдлэгийн модноос, чи үүнээс идэх ёсгүй; учир нь үүнээс идвэл чи гарцаагүй үхэх болно. Эдүгээ, Абрахам би, энэ нь Колобын цагийн дагуух Их Эзэний цагийн дагуу байсныг харав; учир нь Бурхад Адамд түүний тооллыг хараахан өгөөгүй байжээ.
14 Мөн Бурхад хэлэв: Хүнд зориулж туслагчийг хийцгээе, учир нь хүн ганцаар байх нь сайн биш, тиймийн тул бид түүнд зориулж туслагчийг бий болгох болно.
15 Мөн Бурхад Адамыг гүн нойронд автсан байхаар болгов; мөн тэр унтав, мөн тэд түүний хавиргануудаас нэгийг авч, мөн үүний оронд махаар таглав;
16 Мөн Бурхад уг хүнээс авсан мөнөөх хавирганаас тэд эмэгтэй хүнийг бий болгож, мөн түүнийг уг эрэгтэйд авчрав.
17 Мөн Адам хэлэв: Энэ бол миний яснаас авсан яс, мөн махнаас тасарсан мах бөлгөө; эдүгээ тэрээр Эмэгтэй Хүн хэмээн нэрлэгдэх болно, учир нь тэрээр эрэгтэй хүнээс гарган авагдсан бөлгөө;
18 Тиймийн тул, эр хүн өөрийн эцэг мөн эхээ орхин, мөн эхнэртээ өөрийгөө зориулах болно, мөн тэд нэг маханбод байх болно.
19 Мөн эр хүн болон түүний эхнэр хоёул нүцгэн байв, мөн тэд ичдэггүй байлаа.
20 Мөн Бурхад газраас хээрийн амьтан болгоныг, мөн агаарын жигүүртэн бүрийг бий болгож, мөн тэдгээрийг Адам юу гэж нэрлэхийг харахаар авчрав; мөн амьд бүтээл бүрийг Адам юу гэж нэрлэнэ, тэр нь тэдгээрийн нэр байх ёстой.
21 Мөн Адам бүх мал адгууст, агаарын жигүүртнүүдэд мөн хээрийн амьтан болгонд нэр өгөв; мөн Адамын хувьд, түүнд тохирсон туслагч бий болсон байлаа.