2018
Төлөвлөснөөсөө эрт гэртээ ирсэн нь
2018 оны арван нэгдүгээр сар


Төлөвлөснөөсөө эрт гэртээ ирсэн нь

Зохиогч нь АНУ-ын Аризонад амьдардаг.

Гэртээ номлолоосоо эрт буцаж ирсний дараа Их Эзэнд үргэлжлүүлэн үйлчилж, утга учир, зорилго чиглэлтэй байх олон арга байдаг.

house with missionary outfit hanging outside

Аав, ээж хоёр маань хоёулаа номлолд үйлчилсэн. Би хүүхэд байхдаа тэдний номлолын түүхүүдийг сонсож, бүрэн цагийн номлогчоор Их Эзэнд үйлчлэх өдрийг мөрөөддөг байлаа.

Номлолдоо бэлтгэж байсан цаг амьдралын минь хамгийн сайхан үе байсан. Би Их Эзэнд урьд урьдынхаас илүү ойртсон. Би Унгарын Будапешт номлолд номлолын дуудлагаа хүлээн авсан бөгөөд өөрийгөө бүхэлд нь Тэнгэрлэг Эцэгт зориулах шийдвэр төгс Провогийн Номлогчийг Бэлтгэх Төвд (НБТ) орсон юм.

НБТ-д байсан хугацаа маань үнэхээр сүнслэг туршлага болсон. Би Их Эзэнд ойртох тусмаа Түүний хүссэн бүх зүйлийг хийхэд бэлэн байгаагаа мөн унгар хүмүүсийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлах болно гэдгээ амласан юм.

НБТ-д байх хугацаа дуусахаас өмнө бие маань өвдөв. Биеийн байдлаа дээрдүүлэх гэж хэсэг хугацаанд гэртээ байсны дараа би Унгар дахь номлолоо үргэлжлүүлэх боломжтой болсон. Их Эзэний өдөр тутам үзүүлдэг нигүүлсэл, гайхамшгуудыг хэрхэн таньж мэдэхийг заасан Саншайн Нэстор хэмээх гайхалтай сургагч надтай таарсан юм.

Хэдэн сарын дараа би дахиад л өвдөв. Нэстор эгч бид хоёр чадах чинээгээрээ ажиллаж байсан ч дахиад л гэртээ харих шаардлагатай болсон.

Би номлолдоо “бүрэн” үйлчлээгүй учраас Их Эзэнийг сэтгэлээр унагасан байх гэж бодож байлаа. Өвдөөгүй байсан бол зааж “болох байсан” унгарчууд байсаар байгаа гэдэгт би итгэлтэй байв. Их Эзэн номлогчдоо хамгаалдаг учраас би эдгэрэх хангалттай итгэлтэй байж чадаагүй юм болов уу ч гэж гайхаж байлаа. Их Эзэнд өгөх золиослол маань жил хагас ч болж чадахгүй мөн хүсэн хүлээсэн номлолоо орхих хэрэгтэй болно гэж би хэзээ ч бодож байгаагүй.

Гэртээ утга учир, зорилго чиглэлтэй байхыг эрэлхийлсэн нь

Би онгоцноос буугаад гэртээ харихдаа амьдралынхаа хамгийн чухал ажлыг номлолын талбарт үлдээгээд явлаа гэж бодож байлаа. Хэдийгээр хугацаа орсон ч би амьдралыг маань утга учиртай болгох ажил гэрт маань ч бас байгаа юм байна гэдгийг ойлгосон юм.

Номлолоосоо эрт ирсэн шалтгаан чинь ямар байх нь хамаагүй, энэ туршлагаа өсөлт хөгжлийг чинь хойш ухраах бус урагш ахиулах алхам болгох шийдвэрийг өнөөдөр гарга. Би эрүүл мэндийн шалтгаанаар гэртээ ирсэн ч зарим хүн зөрчил гаргасан зэрэг олон янзын шалтгаанаар гэртээ ирсэн байдаг. Иймээс, зарим нэг санаа нь та нарын нөхцөл байдалд тохирохгүй байж болно. Гэрээсээ Их Эзэнд үйлчлэх арга замуудыг олохын төлөө Түүнд хандан залбир. Жишээлбэл, хэрэв та зөрчил гаргасан мөн ариун сүмд орох зохистой болоогүй байгаа бол ариун сүмийн эргэн тойрноор алхаж, нэгэн өдөр Түүний ариун өргөөнд орох амлалт өгснөөр утга учир, зорилго чиглэлтэй болж болно.

Судар унших, залбирах, сүмд явах зэргээс гадна аяллын маань дараах алхам бүр эдгэрэхэд чухал байсан.

post-mission journey

1. Холбоотой байх

Амьдралаа утга учиртай болгосон эхний алхам маань Унгар дахь гэгээнтнүүд, номлогчидтой холбоотой байх явдал байсан. Би удаан хугацааны турш бэлтгэлийн өдрүүдээрээ Нэстор эгч болон НБТ-ийн хамтрагчдаасаа э-мэйл хүлээн авахыг тэсэн ядан хүлээсэн. Зарим үед хамтрагчдынхаа номлолын талаар уншихад эсвэл санан бэтгэрч байгаа унгарчуудтайгаа ярихад амар хялбар байгаагүй гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ эргээд харахад, тэнд болж байгаа гайхамшгуудын талаар сонсох нь эдгэрэхэд маань нэн чухал байсныг би ухаарсан юм.

2. Онлайнаар индексжүүлэх

Миний дүү ухаалаг ээжийн маань найрсаг уриалгыг хүлээн аваад, намайг индексжүүлж эхлэхэд ятгасан. Эхэндээ би түүнийг баярлуулахын тулд л олон нэр индексжүүлж байсан ч нэгэн өдөр унгар нэрсийн бүртгэл дэлгэцэн дээр маань гарч ирэх тэр үед Сүнс намайг бүрхэн авч, хөшигний нөгөө талд байгаа унгар сүнснүүдэд туслах боломжтой хэвээр байгааг надад заасан.

3. Зорилго тавих

Номлолын дараа миний номлолын өмнө тавьсан бүх зорилго эрүүл мэндийн байдлаас болж биелэхгүй юм шиг санагдаж байв. Би хэвтэрт байх үедээ ч гүйцэлдүүлэх боломжтой зорилгууд байгаа гэдгийг ухаарсан. Би Есүс Христийн тухай унших зэрэг “хэвтэрт байхдаа ч хийх” зорилгууд тавьсан бөгөөд өдөр бүр зорилгынхоо төлөө ажиллаж байв.

4. Сургуульдаа явж эхлэх

Номлолын өмнөх миний нэг зорилго бол коллеж төгсөх байлаа. Өвчтэй мөн эмчид байнга үзүүлэх шаардлагатай байдаг учраас хичээлдээ очиж суух боломжгүй байсан бөгөөд аав намайг Бригам Янгийн Их Сургуулийн бие дааж судлах онлайн хичээлүүдийг авахад урамшуулан дэмжсэн. Үүнээс гадна хэвтэрт байхдаа биелүүлэх боломжтой олон зорилго надад байсан бөгөөд би урьд нь боломжтой гэж бодож байснаасаа илүү олон номлолын өмнөх зорилгоо биелүүлэх чадвартай гэдгээ ухаарсан.

5. Онлайн номлолд үйлчлэх

Нэгэн өдөр сүм дээр нэг эгч ээж дээр маань ирээд, “Дэстини индексжүүлэх онлайн номлолд үйлчлэх боломжтой гэдгийг та мэдсэн үү?” гэж асуув. Энэ гэнэтийн асуулт залбирлын минь хариулт байлаа. Би индексжүүлэхэд туслах Сүмийн үйлчлэлийн номлогчоор есөн сарын хугацаанд Их Эзэнд үйлчлэх боломжтой байсан. Миний хийж чадах номлол энэ байсан юм!*

6. Номлолд бэлтгэх ангид заах

Би эрүүл мэндийн байдлаа илүү сайн зохицуулж сурснаар онлайн номлолоо хийх явцад техникийн коллежид суралцаж эхэлсэн. Мөн надаас ойролцоох институтэд номлогчийг бэлтгэх ангид заахыг хүссэн юм. Ингэж заах нь надад номлогчийн ажлыг хийх урам зориг минь дундраагүй бөгөөд хэдийгээр богинохон ч гэсэн номлол минь суралцагчдад үнэ цэнтэй байх олон туршлагыг надад өгснийг ухаарсан.

7. НБТ-д сайн дурын ажил хийх

Би гэрийнхээ ойролцоох коллежид нэг улирал амжилттай суралцсаны дараа БЯИС-д суралцахаар АНУ-ын Юта руу нүүсэн юм. Анх би Провогийн Номлогчийг Бэлтгэх Төвийн хажуугаар явахдаа гэнэтийн сэтгэл хөдлөлөө мэдрэхгүйгээр явж чадахгүй байв. Гэвч би НБТ-д долоо хоног бүр сайн дураараа ажиллаж эхэлсэн бөгөөд хайрт Унгар улс руу маань томилогдсон гайхалтай номлогчидтой уулзах нь намайг анагааж байлаа.

8. Ариун сүмийн ажлыг хий

Бараг 150000 нэрийг ариун сүмд зориулан бэлтгэсэн Унгарын эгч Эдит надаас ариун сүм рүү зарим нэрээ авч явахыг хүссэн юм. Эдгээр унгар хүнд авралын ёслолыг хийлгэнэ гэдэг үнэхээр баяр баясалтай хэрэг байсан!

Түүний ажлаар дамжуулан аажим аажмаар эдгэрсэн нь

Номлолд үйлчилнэ гэдэг нь амьдралын минь хамгийн чухал мөрөөдөл байсан бөгөөд зорьсноосоо эрт гэртээ ирээд сэтгэлээр унах нь мэдээж юм. Хэсэг хугацаанд надад номлолын талаар ярихад хүнд байсан. Би бүтэлгүйтсэн гэсэн мэдрэмжийг даван туулахын тулд хичээх хэрэгтэй байлаа. Би хугацаанаас илүүтэй, үйлчлэх хүслээрээ номлолын үнэ цэнээ үнэлж цэгнэхийг сурах ёстой байсан. Би тухайн үед үүнийг ойлгоогүй ч амьдралаа утга учиртай болгох эдгээр алхам намайг эдгээсэн юм.

Хэдэн жилийн турш би Унгар руу буцаж явахад сэтгэл санааны хувьд хэцүүхэн байх болно гэж санаа зовниж байлаа. Эцэст нь тийшээ очсоныхоо дараа хоёр дахь өдөр нь би эмзэглэхгүй байгаагаа мөн буцаж ирсэндээ баяртай байгаагаа ухаарсан юм. Тэнгэрлэг Эцэг надад Аврагчийн Цагаатгалын эдгээх хүчийг мэдрэх боломжийг олгосон гэдгийг би мэдсэн. Би Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бүх зүйл эцэст нь сайнаар төгсөх болно гэдгийг мэднэ.