2018
Сатаны худал хуурмагийг таних нь
2018 оны арван нэгдүгээр сар


Сатаны худал хуурмагийг таних нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Биднийг сүнслэг хуурамч зүйлстэй тулгарахад Мормоны Ном юу үнэн, юу худал болохыг мэдэхэд бидэнд тусалж чадна.

woman with money

Намайг хүнсний дэлгүүрт Нэгдсэн Улсын долларын хоёр дэвсгэртийг түрүүвчиндээ хийж байтал нэг дэвсгэрт миний нүдэнд өртөв. Ногоон өнгө нь бусад дэвсгэртээс арай цайвар байсан тул би ойртуулан ажиглалаа. Тэгээд би ерөнхийлөгч Жорж Вашингтоны дүрс тод харагдахгүй байгааг анзаарав. Бүр цаас нь хүртэл биш санагдав. Энэ нь хуурамч дэвсгэрт байлаа! Худалдагч уг дэвсгэртийг жинхэнэ долларын дэвсгэртээр сольж өгөөд, хуурамч дэвсгэртийг дэлгүүрийн менежертээ өгөв.

Түүнээс хойш би хуурамч долларын дэвсгэртийн талаар ихийг бодсон юм. Уг дэвсгэрт хэр олон удаа эргэлтэд орж, хэчнээн олон хүнийг олон жилийн турш хуурсан бол гэдгийг би мэдэхийг хүсэв. Үнэндээ, хэрэв би анзаарч хараагүй бол бас л хууртан мэхлэгдэх байсан. Гэвч би түүнийг жинхэнэтэй нь харьцуулан, ижил төстэй зүйлүүд дээр нь биш, харин ялгаатай зүйлс дээр нь төвлөрснөөр хуурамч байсныг мэдсэн билээ.

Мормоны Номд Сатаны өөрийн эрх ашгийн төлөө худал хэлдэг, бусдыг хууран мэхэлдэг аргуудыг сурсан сүнслэг худал хуурмагийн жишээ олон бий. Бид тэдний арга, заль мэхийг судалснаараа тэдний алдаа эндэгдлийг жинхэнэ болон хуурамч мөнгөний ялгааг харж чаддаг болсон гярхай нүдээр харах мэт анзаарч эхэлдэг. Бид ялгааг олж харахад нүдээ илүү их дасган сургаснаараа өнөөдрийн хуурамч зүйлсийг ил гаргаж, тэдний худал хуурмагийг сөрөн зогсоход илүү их бэлтгэгдэх болно.

Сатаны худал хуурмагийн талаар мэдээлэл цуглуулах нь

Сатан сүнслэг хуурамч байдлаараа биднийг төөрөлдүүлэхээр эрэлхийлдэг бөгөөд хэрэв бид болгоомжтой байхгүй бол хууран мэхлэгдэнэ. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) анхааруулахдаа: “Сатан бол чадварлаг даган дуурайгч бөгөөд сайн мэдээний жинхэнэ үнэн дэлхий дээр урьд өмнө байгаагүй тийм ихээр өгөгдөхөд тэр худал сургаалын хуурамч зоосыг тараасаар байгаа билээ. Түүний хуурамч мөнгөнөөс болгоомжил, түүгээр та харамсал, зовлон зүдгүүр, сүнслэг үхлээс өөр юу ч авч чадахгүй”1 хэмээн хэлсэн.

Сатаны хуурамч байдалд хууртахгүйн тулд хийх хамгийн сайн хамгаалалт нь сайн мэдээний үнэнүүдэд аль болох сайн суралцах явдал юм. Бид үнэнийг илүү гүн гүнзгий мэдэх тусам Сатан өөрийн хуурамч зүйлсийг үзүүлэх үед ялгааг нь танин мэдэхэд илүү хялбар болно. Түүнийг тийн үзүүлэхэд, би долларын дэвсгэртээ хэрхэн шалгасан шиг бид ижил төстэй биш харин ялгаатай зүйлсийг олж харах хэрэгтэй. Ялгаатай зүйлсээс л худал хуурмагийг олох болно.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) заахдаа: “Мормоны Ном нь Христийн дайснуудыг илчилдэг. … Бид алдааг нь харж, өнөө үеийн боловсрол, улс төр, шашин, гүн ухааны худал ойлголтуудыг хэрхэн үгүйсгэхийг мэдэж болохын тулд Бурхан хэмжээлшгүй зөн билгээрээ Мормоны Номыг бүтээсэн юм”2 гэжээ.

Өнөөдөр бид Сатантай хийж буй дайнд оролцож байна. Бид ямар нэгэн армитай адил дайснуудаа юу хийх гэж байгааг мэдэх хэрэгтэй. Тухайлбал, дайсан хэзээ, хаашаа довтлохыг мэдэх нь үнэлж баршгүй мэдээлэл юм. Тиймээс үүнийг “мэдээлэл цуглуулах” гэж нэрлэдэг. Дайснаа мэдэх нь дайснаасаа илүү ухаантай болно гэсэн үг. Мормоны Ном биднийг Сатаны хуурамч аргуудын талаар “мэдээлэл цуглуулахад” тусалж чадна.

Зусар бялдууч яриа хуурамч байдаг

Мормоны Номд буй хуурамч хүмүүсийн тэн хагасаас илүү нь зорилгодоо хүрэхийн тулд зусар бялдууч яриа, сэтгэл татам зан чанарыг ашигладаг. Тухайлбал, Шерим “эрдэмт нэгэн учир хүмүүний хэл ярианы төгс мэдлэгийг эзэмшсэн байв; иймийн тул, чөтгөрийн хүчний дагуу тэр ихээхэн зусардалтыг, мөн ярих ихээхэн хүчийг хэрэглэж чадсан ажгуу” (Иаков 7:4). Ноа хааны ёс бус санваартнууд “хоосон мөн зусар үгсээр” (Мозая 11:7) ярьцгаасан тул хүмүүс хиймлийг шүтэгчид болж, бусад ёс бусыг хийх болжээ. Корихор “олны зүрх сэтгэлийг дагуулан удирдаж” (Алма 30:18), өөрийн өдрүүдэд ийм амжилтад хүрсэн. Амаликая, Гадиантон хоёр ёс бус дагагчдын армийr бий болгохдоо өөрсдийн зусар үг, башир аргуудыг ашигласан (Алма 46:10; Хиламан 2:4-ийг үзнэ үү).

Энэ бол тохиолдлын зүйл биш юм. Зусар бялдууч зан бол өнгөц, хуурмаг, хоосон хөндий, хэтрүүлэгтэй байдаг. Нифай тэдгээр нь “ийм маягаар, хуурамч мөн хоосон мөн мунхаг сургаалуудыг заах бөлгөө, мөн зүрх сэтгэлдээ ихэмсэглэдэг, мөн бодол санаагаа Их Эзэнээс нуухаар гүнзгийг эрэлхийлэх тэд олон байх болно; мөн тэдний ажлууд харанхуйд байх болно” (2 Нифай 28:9) хэмээн анхааруулсан.

Зусар бялдууч зан нь хуурахад байнга хэрэглэгддэг бөгөөд үүний цаана далд зорилго юм уу нууц хөтөлбөр агуулагдаж байдаг. Зусар бялдууч зан нь мөн чанараас илүү хэв маяг хөөдөг ба эгэл хүний биеэ тоосон, бардам занд нийцсэн байдаг. Харин Их Эзэний бошиглогчид бидний сонсох ёстой энгийн хэрнээ чухал үнэнүүдийг бидэнд хэлдэг.

Зусар бялдууч зан бол Сатаны ярьдаг хэл мөн. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007): “[Сатаны] дуу хоолой ихэнхдээ тун ухаалаг сонсогддог бөгөөд түүний захиасыг зөвтгөхөд амархан байдаг. Энэ нь сэтгэл татам, сонирхол төрүүлэхүйц, энхрий зөөлөн дуу авиа байдаг. Хатуу ширүүн эсвэл зөрчилдсөн байдаггүй юм. Хэрэв Сатаны дуу хоолой хатуу чанга юм уу хахир байсан бол хэн ч түүнийг сонсохгүй байх байсан”3 гэж тайлбарласан байдаг.

whispering

Дэлхий бидний биеэ тоосон байдалд юм уу бардамналд тохирсон эсвэл зүгээр л үнэн гэхэд итгэхийн аргагүй сайхан сонсогдох тийм нэгэн санаа, гүн ухаан, үзэл бодлыг танилцуулбал нэн даруй анхааруулга болгон авах хэрэгтэй. Тэдгээр санааг худал хуурмаг гэж үз. Тэдгээрийг Их Эзэний бошиглогчдын заадаг үнэнүүдтэй харьцуул. Адил төстэй биш, ялгаатай өөр зүйлсийг хайвал худал хуурмаг санаа нь илэрхий болно.

Нихор бол алдарт хууран мэхлэгч

Нихор Сатаны зусар бялдууч аргыг чөлөөтэй хэрэглэсэн. Түүнийг сүнслэг хууран мэхлэгчийн судалгааны нөхцөл болгон авч үзэцгээе. Нихор гэтэлгэгчийн санаанд үндэслэсэн сургаалыг зааж байгаа мэт заадаг байсан ба нифайчуудын дунд алдартай, хүмүүсийг бишрүүлсэн санваартан байв. Нихор “эцсийн өдөр бүх хүн төрөлхтөн аврагдах болно” мөн “мөнх амьдралтай байна” (Алма 1:4) хэмээн зааж, олон дагалдагчтай болсон.

Нихорын захиас яагаад тийм сайхан санагдаж байгааг бид олж харж чадаж байна уу? Тэр нийцтэй, амар тайван Бурханы талаар зааж байсан ба Бурхан хүн бүрд хайртай учраас юу хийснээс нь үл хамааран хүн бүрийг аварна хэмээн зааж байсан. Тиймээс хийх дуртай зүйлсээ хий, яагаад гэвэл бүх зүйл сайн байна. Энэ бол Нихорын үед төдийгүй өнөө үеийн хүмүүсийн дагадаг, сэтгэл татам гүн ухаан юм (Aлма 1:5-ыг үзнэ үү). Тэнгэрт хүргэх үнэгүй тасалбар бол хүмүүсийн авахыг хүссэн зүйл билээ.

Нихорын захиасын гол асуудал нь юу байсан бэ? Түүний үзэл санааны гол асуудлыг авч үзэцгээе:

  • Бурхан бүх хүнийг бүтээсэн—үнэн.

  • Бурхан бүх хүнд хайртай—үнэн.

  • Бид Бурханаас айх хэрэггүй—үнэн.

  • Бид авралын үзэл санаанд баярлах ёстой—үнэн.

Одоогоор Нихорын заасан зүйл болон сайн мэдээний үнэнүүдийн хооронд ижил төстэй олон зүйл байна. Гэвч хуурамч мөнгөтэй адил, бид адилхан зүйлсийг биш, харин ялгаатай зүйлсийг нь хайж олох хэрэгтэй. Тиймээс Нихорын сүүлийн хэлсэн зүйлийг дахин харцгаая:

  • Бурхан хүн бүрд мөнх амьдрал өгнө—худал!

Энэ нь Нихор бол сүнслэг хууран мэхлэгч болохыг бидэнд хэлэх чухал ялгаа юм. Бие махбодын үхлийн аврал нь хүн бүрд өгөгдөнө, харин сүнслэг үхлийн аврал нь бидний чин сэтгэлийн наманчлалаас шалтгаалдаг. Хэрэв бид наманчилбал мөнх амьдралыг хүлээн авах болно (Иаков 6:11-ийг үзнэ үү). Гэхдээ үнэ төлбөргүй зүйл гэж үгүй.

Гидеон, Алма хоёр хууран мэхлэгчийг таньсан нь

Нихорын хилэнц түүнийг нэгэн өдөр Бурханы Сүмийн зөв шударга багш болох Гидеонтой учруулснаар олонд ил болсон юм. Гидеон олон жилийн өмнө Ноа хааны эсрэг боссон тул сүнслэг худал хуурмагийг мэддэг байв (Мозая 19:4–8-ыг үзнэ үү). Нихор “сүмийн хүмүүсийг тэрбээр зайцуулан удирдаж болохын тулд [Гидеонтой] хурцаар маргалдаж эхлэв; гэвч тэр [Гидеон] Бурханы үгсээр түүнийг зэмлэн түүнийг эсэргүүцэв” (Алма 1:7). Гидеон Нихорыг хууран мэхлэгч болохыг таньсан. Нэгэнт ил болсон тул Нихор Сатаны аргуудын нэг болох аллагыг сонгожээ. Гэвч Гидеоны үхэл талаар өнгөрөөгүй юм. Хүмүүс хууран мэхлэгч Нихорыг шүүлгэхээр Алмагийн өмнө авчирчээ.

Алма Нихорыг санваараар мэргэшиж, аллагад буруутай гэдгийг төдийгүй мөн санваараар мэргэших явдал энэ хүмүүсийн дунд үлдэх аваас “энэ нь тэдний бүрэн устгалын шалтгаан болохсон” (Aлма 1:12) гэдгийг мэдэж байжээ. Тиймээс Нихор үхэх ял авсан бөгөөд тэрээр “ичгүүрт үхлийг үзэв” (Алма 1:15).

Гидеон, Алма хоёр бидэнд үлгэр жишээ үзүүлсэн юм. Бид Сүнстэй хамт байхдаа “үнэхээр тэдгээр зүйлүүдийг байгаагаар нь” харж, сонсох болно (Иаков 4:13). Бид Сатаны худал хуурмаг санаа, төлөвлөгөөг “өдрийн гэрэл, шөнийн харанхуйн ялгаа нь илэрхий байдаг лугаа адил тодорхой” (Моронай 7:15) таньж мэдэх болно.

“Хуурамч” дайсан маань ухаантай, гэхдээ бид Гидеон, Алма нар шиг илүү ухаантай байж чадна. Би долларын дэвсгэртүүдийн ялгааг аажим анзаарч мэдсэн шиг бид үнэн, худал хоёрын хоорондын ялгааг олж харахад нүдээ төдийгүй оюун ухаанаа аажмаар бэлтгэж болно. Ингэснээрээ бид хуурамч зүйлсийг танин мэдэж, тэдний худал хуурмагийг сөрөн зогсоно.

Эшлэлүүд

  1. Жозеф Ф.Смит, Gospel Doctrine, 5 дахь хэвлэл. (1939), 376.

  2. Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 132).

  3. Жэймс Э.Фауст, “Биднийг аврах хүчнүүд,” Лиахона, 2007 оны нэгдүгээр сар, 3.