Том шийдвэрүүдийн дундах намуухан зөөлөн дуу хоолой
2017 оны 10-р сарын 17-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн “Heeding the Voice of the Lord” үгээс авав.
Хэрвээ та зохистой байх юм бол Тэнгэрлэг Эцэг том алдаа хийхээс тань өмнө сэрэмжлүүлэх болно.
2011 оны намар номлолын шинэ ерөнхийлөгчийн хувьд номлогчдын дунд байх гэж байгаадаа сэтгэл минь ихэд хөдөлж байлаа. Би эхнэр Эмилитэйгээ хамт байруудыг шалгахын зэрэгцээ номлол дахь номлолын хамтрагч бүр дээр зочлохоор шийдсэн юм.
Гватемала хотоос Золола гэгддэг хамгийн алслагдмал бүсүүдийн нэг рүү явж байхдаа бидний өмнөх замыг жагсаал хааж байгааг олж мэдэв. Гватемалад болдог жагсаалууд хэдэн цагаар үргэлжилдэг учраас дундуур нь өнгөрч гарах бараг боломжгүй байдаг байв. Харин бид тойрч гарах зам байгаа эсэхийг асуухад өөр нэг зам байдгийг олж мэдсэн юм. Гэхдээ тэр замын талаар зарим зүйлийг сэрэмжлүүлэв. Үүнд:
-
Энэ бол сайн зам биш.
-
Харанхуй болсны дараа энэ замаар явж болохгүй.
-
Замаар нь дээрэмчдийн бүлэг тогтмол явдаг.
Номлолын ямар ч шинэ, идэвхтэй ерөнхийлөгч мөн түүний гэргийн адил Эмили бид хоёр явахаар болов. Хэсэг явсны дараа бидний өмнө огцом доош унаж байгаа хавцал адил шороон зам гарч ирэхийг харав. Эмили ирмэгээр нь явангаа зургийн аппаратаа гаргаж ирээд, зураг авах хэрэгтэй юм байна даа хэмээн хошигнож байлаа.
Олон жилийн өмнө, би Гватемалад залуу номлогч байхдаа жижигхэн мөчир зам дээр тавьсан байвал “сэрэмжтэй яваарай,” бүр “зогс” ч гэсэн утгатай байж болно гэдгийг сурсан байсан. Би мөчир байхыг харсан ч утга нь санаанд орж ирсэнгүй.
Хормын дараа бид гүүр нь урсчихсан 6 метрийн өндөр ирмэгээс зүүгдэж байлаа. Би өөрийнхөө талаас гарч чадсан ч Эмили хаалгаа онгойлгож чадахгүй байв. Тэр суудал даваад миний талын хаалгаар гарч ирэх гэж оролдоход машин дайвалзаж эхлэв. Мэдээж, энэ нь биднийг маш их сандаргаж байлаа.
Толгойд олон бодол эргэлдэж байв. Надад бүр “Номлолын шинэ ерөнхийлөгч гүүргүй далан дээгүүр машинаа жолоодож явснаас болж эхнэр нь хүнд гэмтжээ” юм уу “Номлолын шинэ ерөнхийлөгч эхнэртэйгээ явах ёсгүй замаар явж байгаад, дээрэмдүүлсний дараа алга болжээ” гэсэн сонингийн гарчгууд хүртэл харагдав.
Юу хийхээ мэдэхгүй машиныхаа гадна түр зогсож байхдаа би “Болгоомжгүй байдлаасаа болж орсон энэ асуудлаас гарахад минь туслаач” гэж Тэнгэрлэг Эцэгээсээ гуйлаа. Гадил жимс зөөдөг ачааны том машин бидний ард гэнэт гараад ирсэн гэдэгт та итгэх үү? Жолооч болон зорчигчид нь биднийг хараад, бодлогогүй гадаадынхныг дооглож, инээлдэхээр бууж ирэв. Тэд зам дээр байгаа мөчрийг заалаа. Үнэндээ зүгээр л нэг бургасан саваа байв.
Дараа нь тэд биднийг гайхалтайгаар адислан, Гватемалад гурван жил үйлчлэхдээ харсан цорын ганц гинжийг ачааныхаа машинаас гаргаж ирэх нь тэр. Тэд явахаасаа өмнө мод огтлоод зам хөндлөн тавьж билээ. Хойд Америкаас ирсэн дараагийн хүн минийхтэй адил алдаа битгий гаргаасай гэсэндээ тэд ийнхүү хийсэн гэж надад бодогдсон.
Өдөөлт, сэрэмжлүүлгүүдийг анхааралтай сонс
Их Эзэний дуу хоолой хэр хүчтэй эсвэл сул байгаа гэдгээс үл хамааран Түүний өгсөн сэрэмжлүүлэг, өдөөлт, зааварчилгааг анхааралтай сонсох хэрэгтэй гэдгийг ойлгуулах нэгэн түүхийг би та нарт ярьж өгье. Тэр дуу хоолой судар, зарлиг, амьд бошиглогчдын үгс мөн эцэг эх, Сүмийн удирдагчид болон найз нөхдөөс ирэх зөвлөгөө гэх мэт олон хэлбэрээр ирдэг. Бид эдгээр өдөөлт, сэрэмжлүүлгийг сонсож, анхаарлаа хандуулдаг уу? Ингэх нь яагаад чухал вэ?
Бид Сургаалт үгс номноос:
“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.
Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно.
Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ” (Сургаалт үгс 3:5–7) гэж уншдаг.
Бид Их Эзэнд бүхий л зүрх сэтгэлээрээ найдах ёстой. Бусдад юу хамгийн сайн болох тухай бидний мэдлэг хангалтгүй гэдгийг бид ойлгох ёстой. Хэрэв бид Түүнд найдвал “Тэр чиний замыг шулуун болгоно” гэсэн нь ямар гайхамшигтай амлалт байна гээч.
Манай гэр бүлийнхний хэрэглэдэг нэг үг номлолын маань чухал хэсэг болсон юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ ойлголтыг заагаад, хэсэг хугацаа өнгөрч байгаа. Тэр үүнийг дараах байдлаар хэлсэн. “Дуулгавартай байдал амжилтыг авчирдаг; яг таг дуулгавартай байдал гайхамшгийг авчирдаг.”1
Манай гэр бүлийн болон номлолын маань хувилбар бол “Дуулгавартай байдал адислалуудыг авчирдаг; харин яг таг дуулгавартай байх нь гайхамшгийг авчирдаг.”
Яг таг дуулгавартай байна гэдэг нь юу гэсэн үг болохыг би бүрэн ойлгодоггүй ч ингэж ойлгодог. Энэ нь яг одоо бид бүх зүйлд төгс дуулгавартай байна гэсэн үг биш ч Их Эзэний олон зарлигийг дуулгавартай дагаснаар төгс байж чадна. Тиймээс наманчлал нь яг таг дуулгавартай байхын гол хэсэг юм. Яг таг дуулгавартай байдал нь Тэнгэрлэг Эцэгээс бидэнд өгдөг бүх сэрэмжлүүлэг, өдөөлт хийгээд зарлигийг дагах амлалтыг шаарддаг.
Заримдаа Тэнгэрлэг Эцэг маань биднээс яагаад зарим зүйлийг хийхийг хүсдэгийг бид ойлгодоггүй. Энэ нь яг таг дуулгавартай байхад хамгийн хэцүү үеүдийн нэг юм. Бүхнээс агуу нэгэн болох Адамаас яагаад өргөл өгч байгааг асуудаг. “Мөн олон өдрийн дараа Их Эзэний тэнгэр элч Адам дээр хүрч ирэн хэлэв: Чи яагаад Их Эзэнд тахил өргөх болов? Мөн Адам түүнд хэлэв: Их Эзэн зарлигласнаас өөрийг би мэдэх нь үгүй” (Мосе 5:6) хэмээн хэлснийг сана.
Бошиглогчдыг дага
Эмили хэдийгээр ойлгодоггүй байсан ч яг таг дуулгавартай байхын гайхамшигт жишээ болсоор ирсэн. 2000 оны 10-р сарын Ерөнхий чуулганы үеэр тэр ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) “Бид шивээс хийлгэх болон ‘эрүүл мэндийн зорилгоос өөрөөр биеийн эрхтнээ цоолохыг’ дэмжихгүй. Гэхдээ бид ‘эмэгтэйчүүдийг зөвхөн нэг хос ээмэг зүүхийн тулд чихээ хамгийн цөөн цоолох’ талаар ямар нэгэн байр суурийг илэрхийлдэггүй”2 гэсэн зөвлөгөөг сонсжээ.
Эхнэр маань гэртээ ирээд, манай хоёр дахь охинд юу ч болж байсан бошиглогчийн үгсийг дагахын ач холбогдлыг тайлбарлав. Ярихынхаа хажуугаар эхнэр маань бас дуулгавартай дагасан юм. Тэр хоёр дахь хос ээмгээ сүүлийнх болгон, тайлж билээ. Одоо ч гэсэн яагаад гэдгийг нь ойлгоогүй гэдэгт би итгэлтэй байгаа ч түүний хувьд яагаад гэдэг нь хамаагүй.
Бидний заримын хувьд энэ нь өчүүхэн зүйл тул чухал биш гэж боддог байж болох юм. Энэ бол үнэн. Хэдий тийм ч би Аврагч “Хэрэв та нар намайг хайрладаг бол, чухал гэж санагдаж байгаа тушаалуудаа сахь” (Иохан 14:15-ыг үзнэ үү) гэж хэлснийг санахгүй байна.
Хүндэт ах, эгч нар аа, бидний ямар ч үед чих тавин сонсож байх ёстой тод томруун сэрэмжлүүлгийн дуу хоолой Их Эзэний сонгосон төлөөлөгчид болон бошиглогчдоос ирдэг. Энэ нь ерөнхийлөгч Хинклигийн хүссэн жижигхэн зүйлтэй адил дэлхийн жишгийн хувьд түгээмэл зүйл биш байж болно. Гэхдээ та нар үүнийг Тэнгэрлэг Эцэгээс ирсэн гэдэгт найдаж чадна, найдах ч ёстой. Энэ нь зөвхөн нэг жижиг бургасны мөчир, эсвэл зам хөндлөн тагласан бүхэл бүтэн мод ч байж болно. Би та нарыг дараах бодлыг оюун санаандаа тээн, Ерөнхий чуулганы үгсийг уншиж, сонсохыг уриалж байна. Их Эзэн миний зам дээр ямар бургасны мөчир эсвэл мод тавьсан байна вэ?
Их Эзэнд итгэх итгэл
Та нарын зарим нь “За, тийм байж. Гэхдээ та нарт Их Эзэнээс сүнслэг өдөөлт, зөвлөгөө, сэрэмжлүүлэг, удирдамж эрэлхийлсээр байхад хариулт авахгүй байх тохиолдолд яах вэ?” гэсэн бодол төрж байж болох юм.
Магадгүй амьдралын чухал шийдвэрүүдийг гаргахад тань ийм асуудал тулгарсан байж болно. Бүх зүрхээрээ Эзэнд итгэ, Тэр чиний замыг шулуун болгоно гэсэн амлалтыг санаарай.
Бид амьдралынхаа чухал үйл явдлуудын талаар тодорхой удирдамж авахыг хүсэж байгаа ч үүнийг олж авахад хэцүү байж болно. Гэхдээ би наманчилж, яг таг дуулгавартай байж, удирдагчдаа даган, өөр сайн сонголтуудыг хийдэг бол; өөрөөр хэлбэл, хэрэв би зохистой байх юм бол Тэнгэрлэг Эцэг том алдаа хийхээс минь өмнө сэрэмжлүүлэг өгнө гэдгийг ухаарсан. Тэр танд алдаа хийх боломж ч олгохгүй.
Залуу найзууд минь ээ, хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн сэрэмжлүүлэг, сүнслэг өдөөлт, илчлэлтүүдийг бүхий л боломжит эх сурвалжаас эрэлхийлж мөн сонсож, тэдгээрийн дагуу үйлдэх юм бол Тэр энд биднийг асар том алдаа гаргахаас хамгаална. Бид Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж, ялангуяа амьдралынхаа чухал цаг мөчүүдэд хамт байлгах эрхтэй.
Тэгснээр та Тэнгэрлэг Эцэгийн зам дээр тань сэрэмжлүүлэн байрлуулсан бургасны мөчир болон модыг амжилттай тодорхойлж чадна гэдэгт би итгэж байна.
Их Эзэний дуу хоолойг анхааралтай сонсож, үүнийг аль болох олон эх сурвалжаас хүлээн авч, яг таг дуулгавартай байхыг хичээх юм бол бид эцэст нь “амар сайхандаа жаргажээ” гэж хэлэхүйц амьдарна гэдгийг би гэрчилж байна. Зөвхөн Христийн сургаалын дагуу амьдарч, ариун нандин гэрээнүүдийг байгуулж, сахиж байж л ийм амьдралтай байх боломжтой.