2018
Аврагчид өргөх миний бэлэг
2018 оны 12-р сар


Аврагчид өргөх миний бэлэг

Зохиогч нь АНУ-ын Айдаход амьдардаг.

Надад номлогч байхад тохирохгүй юм шиг санагдав. Би зөвхөн өөрийгөө л боддогоо больж, Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхийн тулд юу хийж болох вэ?

gift to the Savior

Зураг чимэглэлийг Динара Мирталипова

Орос орон бол өвөлдөө маш хүйтэн, бүрхэг, жилийн олон хоног бүүдгэр, муухай байдаг орон юм. 11-р сарын сүүлээр нэг муухай цаг агаартай өдөр надад ганцаардсан, хангалттай сайн байж чадахгүй байгаа, сайн номлогч байх чадваргүй мэт санагдав. Би нэгэн шинэ номлогчийг сургах үүрэг даалгавар аваад удаагүй байсан юм. Харт эгч гайхамшигтай номлогч байлаа. Надад шинэ хэлээ илүү сайн сурах, үлгэр жишээ байх, сургаал сонсох хэн нэгнийг олох гэсэн үүрэг өгсөн юм.

Бид шинэ номлолын ерөнхийлөгч маань манай Перм бүсээс таван цагийн зайтай байдаг Екатеринбургт бүсийн чуулган хийх гэж байгааг сонссон байсан. 12-р сарын нэг жихүүн өглөө эрт Харт эгч бид хоёр галт тэрэгний буудал руу явав.

Галт тэрэг хүлээж байхдаа би өөрт төрж байсан мэдрэмжийнхээ тухай эргэцүүлэн бодлоо. Би удахгүй болох баярын тухай, гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг маш их хүсэж байгаагаа бодов. Номлогч байх гэсэн сэтгэлийн их хөөр замхран арилж байсан бөгөөд есөн сар номлогчоор үйлчлэхдээ их зүйл хийж гавиагүй юм шиг санагдсан. Бидний суух галт тэрэг дохиогоо хангинуулсаар ирэхэд бид галт тэргэндээ орж, суудлаа эзлэв. Суугаад л би Аврагчийн тухай бодож байлаа. Би нүдээ аниад, хэрхэн өөрийнхөө тухай бодохоо больж, Аврагч дээр илүү сайн анхаарлаа төвлөрүүлэхээ мэдэх чадвартай байхыг гуйж залбирав.

Маргаашийн бүсийн чуулган дээр ерөнхийлөгч Раст сайхан бөгөөд зүрх сэтгэлд хүрсэн үг хэлсэн юм. Раст эгч үг хэлэх гэж босоод, Аврагч бол төөрсөн нэг хонийг олоод, сүрэгт нь авчрахын тулд явдаг хоньчин байсан тухай жирийн нэг түүх хуваалцав. Тэрээр Аврагчийн бидний төлөө хийсэн золиослолын талаар яриад, эцэст нь номлогч бидэнд Түүний алдагдсан хонийг сүрэгт нь авчрахаар үйлчлэх боломж байгаа тухай хүчтэй гэрчлэл хуваалцсан юм. Раст эгч Христийн мэндэлсний баяраар Аврагчид ямар бэлэг өгч болох тухайгаа бодоорой хэмээн уриалсан.

Түүнийг ингэж уриалахад Аврагчид өгөх ёстой миний бэлэг бол илүү олон хүнтэй ярилцах явдал юм байна гэсэн өмнө мэдэрч байгаагүй хүчтэй мэдрэмж төрсөн юм. Тэр өдрийг хүртэл би огт танихгүй хүнтэй, ялангуяа орос хэл дээр яриа эхлүүлэхээс айдаг байв! Намайг тэднийг ойлгодоггүй тэнэг гэж хүмүүс бүү бодоосой гэсэндээ юу ч хэлэхгүй байх нь илүү амар байсан юм. Гэхдээ тэр үед би яг юу хийх хэрэгтэйгээ мэдсэн. Би өөрийнхөө тухай бодохоо больж; ах, эгч, дүү нарынхаа тухай бодох хэрэгтэй болсон. Би үлдсэн нэг сарын хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэлд суух болгондоо сайн мэдээний тухай хэн нэгэнтэй ярина, үүнийгээ Аврагчид Христийн мэндэлсний баяраар өргөх бэлэг болгон зориулна гэсэн зорилго тавив.

Харт эгч бид хоёр маргааш өглөө нь Перм орох галт тэргэнд суух үед би дэргэд суусан хүмүүстэйгээ ярьж зорилгоо биелүүлж эхэлсэн юм. Тэд миний хуваалцсан зүйлийг нэг их сонирхохгүй байсан ч би юутай ч гэсэн оролдлого хийсэн шүү дээ!

Аврагчид бэлэг өргөх гэхээр өдөр бүр л хэцүү асуудалтай тулгардаг байсан ч би улам аз жаргалтай байж, номлогч байх дуудлагаа илүү сайн биелүүлж байгаа гэсэн итгэл ихээр төрж байв. Христийн мэндэлсний баяр болж өнгөрсөн ч гэлээ, би хүмүүстэй үргэлжлүүлэн ярилцсаар байв. Би зөвхөн нийтийн тээврээр явахдаа төдийгүй гудамж, дэлгүүр, номын сан гээд хаа явсан газраа тэдэнтэй ярилцаж эхэлсэн.

Бид илүү олон хүнтэй ярилцсан ч заах хүн олоогүй. Гэхдээ би сайн мэдээний үрийг суулгасан гэдгийг мэдэрдэг. Бид автобусны жолооч, амьдарч байсан газрынхаа хүнсний дэлгүүрийн хүмүүс, бас бусад хүнтэй найз нөхөд болсон. Хамгийн сайхан зүйл нь гэвэл бид тэдэнтэй дахиад тааралдах үед тэд бидэн рүү инээмсэглээд, түрүүлж мэндэлдэг байв. Тэр хүмүүст сайн мэдээний талаар суралцах шинэ боломжууд гарах үед бидний суулгасан тэр үр нэгэн өдөр цэцэглэнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Тэнгэрлэг Эцэг жижиг бөгөөд энгийн арга замаар ажилладаг. Энэ нь заримдаа жирийн нэг “сайн уу” гэж хэлэхээс эхэлж болдог.

Би Екатеринбург руу явах галт тэргэнд сууж байсан үеэ эргээд санахад Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулсан гэдгийг ухаарсан. Тэрээр номлолын ажил бол өөрийгөө бодохын нэр биш, харин бусдын төлөөх ажил бөгөөд бид бусдыг өөрсдөөсөө болон өөрсдийн шаналал, уй гашуугаас дээгүүрт тавих үед хайж байгаа аз жаргалаа олдог гэдгийг ухаарахад надад тусалсан юм. Миний хувьд Аврагч хэчнээн өгөөмөр гэдэг нь, ялангуяа бид чадах бүхий л зүйлээ Түүнд өгөхөөр хичээх үед Тэрээр биднийг адисалж, бидэнд хэдэн зуу дахин нугалж өгдөг гэдэг нь үнэхээр гайхалтай санагддаг.