2019
Өөртөө болон Бурханд үнэнч хандах
2019 оны 5-р сар


Өөртөө болон Бурханд үнэнч хандах

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

Бардам зан маань надад бишопын зэмлэлийг хүлээн авахад саад болж байсан бол би Ариун Сүнстэй үнэхээр тэрсэлдэж чадна гэж үү?

sister missionaries meeting with bishop

Номлолын хугацааныхаа талд ороод байтал хамтрагч бид хоёр тойргийн номлолын удирдагчтайгаа сайн ажиллаж чадахгүй зовж байлаа. Олон удаа санал зөрж, маргалдаж байсан учраас бид бишоптой уулзаж, юу хийж болохоо ярилцахаар шийдэв. Би дотроо бишоп түүнтэй ярилцаж, бидний хооронд үүссэн асуудлыг өмнөөс маань шийдэж өгөх байх хэмээн найдаж байлаа.

Гэтэл бишоп намайг бардам бөгөөд бусдад хэт шүүмжлэлтэй хандаж байна гэж хэлэв. Би буруу ойлгогдож, бачимдсандаа гэр рүүгээ ууртайгаар дэвслэн алхлаа. Тэр яаж миний талаар тэгж хэлж чадаж байна вэ? Сайн мэдээг хуваалцах гэж бид ямар их зовдгийг тэр мэдэж байгаа юм уу?

Явах зуураа би өөрт төрсөн мэдрэмжийг хамтрагчдаа хэлэв. Гэтэл гэнэт “Гэмтнүүдэд үнэн нь хатуу санагд[даг]” (1 Нифай 16:2) гэсэн үгс толгойд минь орж ирлээ. Энэ үг намайг тэр бодлоо өөрчлөхөд хүргэсэн юм. Энэ бодол Сүнснээс ирсэн нь илт байв. Бардам зан маань надад бишопын зэмлэлийг хүлээн авахад саад болж байсан бол би Ариун Сүнстэй үнэхээр тэрсэлдэж чадна гэж үү?

Миний буруу байсан бөгөөд Бурхан надад буруу гэдгийг мэдүүлж байлаа.

Өөрийгөө зөвтгөх үзлээс салах

Тэр үед надад буруу хийсэн зүйлээ тэгсгээд өнгөрөөх нь илүү эвтэйхэн байв. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф санал нэгтэйгээр “Бидний хэн нь ч зөв замаасаа хазайж байгаагаа хүлээн зөвшөөрөх дургүй. … Тиймээс бид амьдралаа дүгнэж цэгнэхдээ зохисгүй бодол, үйлдлүүдээ зөвтгөж байдаг өрөөсгөл үзэл, шалтаг, шалтгаануудаар халхлагдсан тийм л цонхоор хардаг билээ”1 хэмээн хэлсэн.

Миний хувьд би бүсийнхээ номлолын ажлыг сайжруулах үүднээс гомдол мэдүүлсэн гэдэгт өөрөө өөрийгөө итгүүлсэн байв. Тойргийн номлолын удирдагчийнхаа итгэлтэй үйлчлэлийг, хэдийгээр төгс бус хэмээн надад бодогдож байсан ч хүлээн зөвшөөрөхийн оронд би өөрөө талархалгүй, тэвчээргүй, эх захгүй, эелдэг бус байснаа гэнэт харав. Сүнсний өдөөлтийн ачаар би өөрийнхөө үйлдлийг үнэндээ яг ямар байсныг олж харж чадсан юм.

Сүнслэг байдлын бодит шалгалт

Сүнснээс ийнхүү шууд зэмлэл хүртэх хэцүү байсан ч энэ нь миний тусын тулд байв. Энэ нь өөрийнхөө алдаа дутагдалд шударга байх хэрэгтэй гэдгийг ухааран ойлгоход надад тусалсан.

Энэ үйл явцад Сүнс бол миний хамгийн агуу холбоотон юм байна гэдгийг би юуны түрүүнд олж мэдсэн юм. Далын ахлагч Ларри Р.Лорэнс Сүмийн гишүүдэд хандан “‘Өсөж хөгжихөд маань надад юу саад болж байна вэ?’… гэсэн асуултыг Их Эзэнд даруухнаар тавь. Хэрэв та чин сэтгэлээсээ асуусан бол хариулт нь удалгүй тодорхой болно. Энэ нь зөвхөн танд зориулагдсан илчлэлт байх юм”2 хэмээн хэлсэн нь яг надад зориулан хэлсэн үг мэт байлаа. Сул талуудаас гадна тэдгээрийг хэрхэн засаж залруулж болох тухай сүнслэг өдөөлтийг хүлээн авах хүч надад байгааг би мэдэж байсан.

Сул дорой байдлаас хүчирхэгжих

Энэ үйл явдал “хэрвээ [би] сул тал, дутагдлуудаа сүүдэрт нуун далдлаад байвал Аврагчийн гэтэлгэх хүч тэдгээрийг эдгээж, хүчирхэг болгож чадахгүй”3 гэдгийг надад заасан.

Гэхдээ би эмзэг байхаас эмээлгүй, сул талаа даруухнаар хүлээн зөвшөөрөх юм бол Бурхан ач ивээлээрээ надад тэдгээрийг маань хүчирхэгжүүлж өгөх болно (Ифер 12:27, 1 Петр 5:5-ыг үзнэ үү).

Эцсийн эцэст өөрсдийн сул талыг хүлээн зөвшөөрөх буюу байгаагаар нь харах нь эерэг өөрчлөлт хийх зам дээр хийдэг анхны алхам юм. Би шударга байж, Сүнсний удирдамжийг эрэлхийлэх юм бол Тэнгэрлэг Эцэг маань амьдралдаа юугаа өөрчлөх хэрэгтэй гэдгийг надад хэлж өгнө. Мөн би Есүс Христ, Түүний Цагаатгал, цэвэршүүлэгч хүчинд нь итгэж найдах юм бол өөрөөсөө өөрчлөлтийг олж харах болно.

Хэдийгээр зэмлэл хүртэх мөчид алдаагаа хүлээн зөвшөөрөх тийм сайхан байгаагүй ч даруухан байж, өөртөө болон Бурханд шударга байснаар би илүү аз жаргалтай болж, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрдөг болсон. Хэдийгээр надад алдаа дутагдал байдаг ч би Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө бурханлаг үнэ цэнтэй гэдгээ мөн Тэрээр намайг сайжраасай хэмээн хүсдэг болохыг мэднэ. Түүний Хүү Есүс Христийн хүчээр мөн чин сэтгэлийн наманчлалаар дамжуулан би өөрийн төсөөлж ч байгаагүй тийм сайн хүн болж чадна.

Эшлэлүүд

  1. Дийтр Ф.Угдорф, “Би биш биз дээ, Эзэн минь?” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67.

  2. Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17.

  3. Дийтр Ф.Угдорф, “Би биш биз дээ, Эзэн минь?” 67.