2019
Гэрлэлт, мөнгө, итгэл
2019 оны 5-р сар


Гэрлэлт, мөнгө, итгэл

Зохиогч нь Ганагийн Ашанти мужид амьдардаг.

Сүйт бүсгүйтэйгээ гэрлэхээс минь өмнө тийм ч их цаг хугацаа байгаагүй ба мөнгө төгрөг бага байсан хэдий ч бидэнд илүү чухал нэгэн зүйл байсан бөгөөд тэр нь итгэл байлаа.

Sunday and Priscilla on their wedding day

Би аль хэдийн сүй тавьсан байсан тул Ганагийн Кумасид болсон ганц бие залуучуудын уулзалтад найз бүсгүйтэй болох гэж оролцоогүй ба харин надад илүү их урам зориг хэрэгтэй санагдаж байсан болохоор үүнийг олж авах зөв газар нь тэрхүү уулзалт байсан юм. Үнэндээ ганц бие залуучуудтай ажиллахаар томилогдсон ахмад номлогч Кол эгч ариун сүмийн гэрлэлтийн ач холбогдлын тухай ярьсны дараа миний залбирлын хариулт ирсэн билээ.

Ярилцлагын төгсгөл хавьд түүний царай гэнэт өөрчлөгдөн, “Гэрлэхийн тулд та нарт мөнгө хэрэггүй. Ганцхан итгэл л хэрэгтэй” гэж хэлсэн. Тэр яг надад хандан ярьж буй мэт санагдсан ч бид хуримд бэлдэхийн тулд хэд хэдэн зүйл худалдан авах хэрэгтэй байсан учраас надад хамаагүй гэж би бодсон юм. Би өөрөө өөртөө “Яагаад надад мөнгө биш, зөвхөн итгэл хэрэгтэй вэ?” гэж хэлж билээ.

Тухайн долоо хоногийн турш би энэ тухай дахин дахин бодсон. Тэгэх явцдаа би өөрөөсөө “Бурханы хийж чадах зүйлд хязгаар байдаг болов уу?” гэж асууж билээ. Эхэндээ би байхгүй гэж бодсон ч дараа нь байдаг гэж бодсон. Харин дараа нь “Тэр бүхнээс хүчтэй юм бол яагаад хязгаарлагдмал байдаг билээ?” гэсэн асуулт надад орж ирэв. Сүнс надад “Бурханы адислалууд бидний дуулгавартай байдлаас хамаардаг” хэмээн хариулж, зааж өгсөн юм. Түүний биднийг адислах чадвар хязгааргүй боловч бид Түүний биднээс хийхийг хүссэн зүйлийг хийж, итгэлээ хэрэгжүүлснээр ирдэг адислалуудыг урин авчрах ёстой.

Дараа нь би хуримынхаа төлөвлөгөөний талаар ярилцахаар сүйт бүсгүй Присцилла руугаа утасдав. Бидэнд мөнгө хангалттай байгаагүй бөгөөд хурим хийх өдрөө сонгохоор шийдсэн хэдий ч өдрөө тодорхой сонгож чадахгүй байлаа. Бид бишопоосоо тойрог, гадасны хуанлид сул өдөр байгаа эсэхийг асуух нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Бишопынхоо санал болгосон хоёр өдрөөс бид 2014 оны 9-р сарын 27-ыг сонгосон ба бидэнд хуримын өдөр хүртэл ойролцоогоор долоон долоо хоног үлдсэн байлаа!

Присциллаг “Обим [игбо хэлээр “миний зүрх” гэсэн утгатай үг], чамд мөнгө байгаа юу? Бидэнд хуримдаа бэлтгэх цаг бага байна” гэж асуухад нь

би “Байхгүй ээ, гэхдээ надад итгэл бий” гэж хариулав.

Тэр инээгээд, “За, за. Хоёулаа тэгвэл мацаг барьж, залбиръя даа” гэж билээ. Тэр 1 Нифай 3:7-г өөрийнхөө үгээр “Их Эзэн бидэнд замыг бэлтгэх болно, учир нь Тэр биднийг гэрлэхийг зарлигласан” гэж хэллээ.

Би тэр долоо хоногт хэдэн сарын өмнө хийж дуусгасан ажлынхаа хөлсийг авсан юм. Дараа нь Присцилла илүү их мөнгө олохоор бизнес эхлүүлэхийг хүсэж байгаагаа надад хэлэв. Тэр олсон мөнгөөр маань эмэгтэй хүний хуучин цүнхнүүд худалдан аваад, буцаан зарлаа. Хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтад орсон зарим зүйлийг худалдан авсны дараа түүнд миний өгсөн мөнгөнөөс лав хоёр дахин илүү мөнгө үлдсэн байв.

Тухайн хугацаанд надад ямар ч ажил орж ирээгүй бөгөөд хийхээр тохирсон бүх ажил нурсан юм. Бидэнд хоёр долоо хоног үлдсэн байсан ба авах хэрэгтэй зүйл олон байлаа. Сүйт бүсгүй минь хугацаагаа хойшлуулахыг хүсэхэд би “Гайхамшиг болно” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.

Бидний хуримын өдрөөс хоёрхон хоногийн өмнө гайхамшиг тохиолдож, би хоёр долоо хоногийн өмнө хийсэн ажлынхаа хөлсийг авав. Түүнээс гадна, Их Эзэн биднийг итгэлтэй байж, шаргуу хөдөлмөрлөх юм бол зөв шударга зорилгоо биелүүлэхэд маань адисална гэдгийг би ойлгож мэдсэн билээ.

Бид итгэлийнхээ үйлдлийг Бурхан зөвшөөрсний бэлгэдэл гэж үзсэн аадар бороон дундуур чекээ бэлэн мөнгө болгохоор банк руу явж, тэндээсээ шаардлагатай зүйлсээ авахаар шууд зах руу явсан юм.

24 цаг ч хүрэхгүй хугацааны дараа бид хоёр гэрлэв. Биднийг хуримын тангаргаа солилцохыг хүсэх тэр мөчид би амьдралдаа урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй нэгэн мэдрэмжийг мэдэрсэн. Надад их зүйл хийсэн гэсэн мэдрэмж төрсөн ба би тэр үеэс эхлэн итгэлээр бүх зүйлийг хийж чадна гэдэгт итгэх болсон. Дараа нь бид Ганагийн Аккра ариун сүмд лацдан холбуулж билээ.

Хэдийгээр танд гэрлэлтэд бэлтгэхэд ямар нэгэн мөнгө хэрэгтэй ч хамгийн хэрэгтэй чухал зүйл бол итгэл юм.