Хугацаанаасаа өмнө номлолоос буусан номлогчдод: Та ганцаараа биш
Зохиогч нь Франц улсаас ирсэн бөгөөд АНУ-ын Ютад сурдаг.
Залуучууд хугацаанаасаа өмнө номлолоос буусныхаа дараа хэрхэн амьдралын утга учир, амар амгаланг олсноо мөн та ч бас тэдгээрийг хэрхэн олж болох талаар хуваалцав.
“Бусдыг Христэд ирэхэд урих”1 үүргээ биелүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж буй бүрэн цагийн номлогчдын арми олон хүнд “агуу найдлага хийгээд их баясал[ыг]” (Алма 56:17) авчирдаг. Энэ номлогчид яг л Мормоны Номын залуу дайчдын адил өдөр бүр “гайхамшигт хүчээр; мөн ийм агуу хүчтэйгээр” (Алма 56:56) тулалддаг.
Гэвч 2060 залуу дайчны дунд ч гэсэн “цус алдсанаас ухаан алдаж унасан нь хоёр зуу байлаа” (Алма 57:25). Энэ нь тэднийг эр зориггүй, хүчгүй, хулчгар, бусдад үнэ цэнгүй болгосон уу? Огтхон ч үгүй.
Яг л үүнтэй адил сэтгэл санааны эсвэл биеийн эрүүл мэндийн шалтгаанаас болж хугацаанаасаа өмнө гэртээ ирсэн номлогчид та нар эр зориггүй, хүчгүй, хулчгар биш эсвэл үнэ цэнгүй гэсэн үг биш юм. Тэдний сорилт бэрхшээлийг тэсэж гарах гэсэн оролдлогыг авч үзэхэд л гайхалтай. Та тун их шархадсан байсан байж магадгүй ч амьд үлдсэн. Таны шарх бие махбодын болон сэтгэл санааных эсвэл сүнслэг байдлынх уу гэдгээс үл хамааран одоо тэдгээртээ анхаарал тавих хэрэгтэй (Алма 57:28-ыг үзнэ үү). Зохистой байдалтай холбоотой шалтгаанаар гэртээ буцаж ирсэн хүмүүст хандан хэлэхэд, наманчлах нь эдгэрэх үйл явцын тань чухал хэсэг юм.
Та гэртээ дасах зуураа өөртөө эдгэрэх цаг хугацааг өгч, Бурханд үргэлж итгэлтэй байхад анхаар (Алма 57:27-г үзнэ үү). Тэр бидэнд: “Миний нэрэнд ажил хийлгэхээр хүмүүний үрсийн [охид], хөвгүүдийн хэнд нь ч би зарлиг өгөхөд”—жишээ нь, номлолд үйлчлэх “мөн хүмүүний [охид], хөвгүүд өөрсдийн бүхий л хүчин чадалтайгаар мөн тэдэнд байгаа бүхэнтэйгээр одож, мөн хичээл зүтгэлээ үл орхин уг ажлыг гүйцэтгэхэд, мөн дайснууд нь”—бие махбодын, сэтгэцийн өвчин эсвэл бусад гэмтэл бэртлийн хэлбэрээр”—тэдэн дээр ирж мөн уг ажлыг гүйцэтгэхэд нь тэдэнд саад учруулах үед, болгоогтун, тэдний гараас уг ажлыг цаашид үл шаардан, харин өргөлүүдийг нь хүлээн авах нь миний хүсэл зориг болой” хэмээн сануулсан (Сургаал ба Гэрээ 124:49).
Та дайны талбарт байхдаа ямар шарх авсан эсвэл аль шарх тань сэдэрсэн байснаас үл хамааран, хэрэв та зохистойгоор үйлчлэн эсвэл бүрэн наманчилсан л бол таны хувь нэмэр Их Эзэнд хэрэгтэй бөгөөд Тэр хүлээн авах болно.
Дараах түүхүүдийг уншсанаар та ганцаараа биш гэдгээ мөн бусадтай түүхээ хуваалцсанаар бусдад тусална гэдгээ мэдэж авах ба энэ нь эдгэрэхэд тань туслах юм.
Аврагч таны зовлон шаналлыг мэдэрсэн гэдгийг ухааран ойлго
Би номлол руугаа нисэж явахдаа, гэртээ ирэхэд ямар байхыг төсөөлж байв. Гэрийнхэн болон найз нөхөд маань хөөр баяр болон намайг тэврэн авч, би нэр хүндтэй буцаж ирсэн номлогчдын хүлээн авдаг адислал бүрээс хүртэн, үлдсэн амьдралаа амар тайван өнгөрүүлэх байв.
11 сарын дараа гэр рүүгээ нисэх үед, юу болох бол гэдэгт сэтгэл зовнин, өнгөрөх хором бүрийг өнгөрүүлж байлаа. Гэрийнхэн маань хүлээж байсан бөгөөд хэдийгээр тэд намайг баяр хөөр болон угтан авсан ч тун удалгүй ирээдүйд намайг юу хүлээж байгаа тухай бодон, ганцаар үлдэв.
Аврагч харанхуй цаг мөчийг маань харсан. Тэр намайг гурван долоо хоногийн турш орондоо уйлж хэвтэхийг мөн бодит байдлаас зугтахын тулд унтаж байгааг мэдэж байсан. Эргэн тойрны маань хэн ч миний мэдэрч буй зовлон, сэтгэл санааг ойлгохгүй тул Түүний хүч надад хэрэгтэй гэдгийг Тэрээр мэдэж байв. Тэр миний зовлонг ойлгож байсан. Би Түүнгүйгээр номлолдоо үлдэж ч, гэртээ хугацаанаасаа өмнө ирж ч чадахгүй байх байсан.
Али Боаза, Австрали, Квинсланд
Их Эзэний тааллыг дагах хүсэлтэй бай
Номлолд бүх юм сайхан өнгөрч байлаа. Сэтгэлд хоногшин үлдсэн олон гайхалтай үйл явдал надад тохиолдсон. Гэвч найман сарын дараа надад эрүүл мэндийн асуудал тулгарч эхлэв. Маш их мацаг барьж, залбирсан ч намайг гэр лүү минь хугацаа дуусаагүй байхад явуулсан юм. Үүнд би ихэд сэтгэлээр унаж, бүх зүйлд өөрийгөө буруутгаж байлаа. Би судраас уншиж, байнга залбирдаг байснаа болив. Би бас номлолдоо үлдэхийн тулд чадах бүхнээ хийсэн эсэхтээ эргэлзэж байлаа.
Гэвч Их Эзэнд үнэнч хэвээр үлдэж чадах эсэхийг маань сорьж байсныг би ухааран ойлгосон. Надад хэцүү байсан ч би Түүнд итгэж, номлолын талбартаа эргэн очиж, гайхалтай туршлагыг дахин олж авсан.
Харин дараа нь эрүүл мэндийн асуудал маань дахин сэдэрч эхлэв. Гэвч энэ удаа би Тэнгэрлэг Эцэгийн тааллыг дагах илүү хүсэлтэй болсон байлаа. Тиймээс би хоёр дахь удаагаа гэртээ эргэж ирсэн юм. Хэцүү байсан ч гэлээ өөрийн туулсан бүхнээс суралцаж чадна гэдгээ би мэднэ.
Хэдийгээр би номлолдоо 24 сар үйлчлээгүй ч нэр төртэй үйлчилсэн гэдгээ мэднэ. Их Эзэнд үйлчилсэн цаг хугацаа минь надад болон миний тусалж байсан хүмүүсийн хувьд үнэ цэнтэй байсныг би мэднэ. Би Аврагчид Түүний хязгааргүй Цагаатгалын төлөө талархдаг. Тэр бидний асуудлуудыг нэг бүрчлэн мэднэ. Хэрэв бид Түүнд бүрэн итгэлээ тавих юм бол хэзээ ч ганцаар үлдэхгүй.
Филип Хоффман, Бразил, Гоиас
Яагаад гэдэгт гайхширан, цагаа дэмий бүү үр
Гэртээ хугацаанаасаа өмнө харина гэхээс айдас төрж байлаа. Зөвлөх надад ийн буухыг санал болгох үед ичгүүр, тайвшрал, гэмшил, амар амгалан, харуусал гээд олон янзын сэтгэл хөдлөлийг бүгдийг нэг дор мэдэрч билээ.
Нэгэнт би гэртээ очсон эхний долоо хоногоо даван гарсан тул Бурхан намайг дэмжиж байсныг мэдэж байсан. Дараа нь дахиад нэг долоо хоног, бас дахиад нэг долоо хоног өнгөрлөө. Эцэст нь би хэвэндээ буцаж орлоо. Аав маань миний хамгийн том дэмжлэг болж, намайг өөрийнхөө нөмөр нөөлөг доор авсан юм. Тэр үргэлж надтай ярьж, цагаа өнгөрүүлэхийг хүсдэг байв. Тэр “юу нь буруу болсныг” сонирхохын оронд надад ямар байгаад илүү санаа тавьдаг байсан.
Аавыг хэдэн сарын дараа хаданд авирч яваад осолдож нас барах үед Бурханд надад зориулсан төлөвлөгөө байгаа гэдгийг би шууд ойлгосон юм. Аавтайгаа амьдралынх нь сүүлийн хэдэн сарыг хамт өнгөрүүлэх боломжтой байсан маань авралын төлөвлөгөөний талаарх гэрчлэлийг минь хүчирхэгжүүлсэн билээ. Би гэртээ буцаж ирэхдээ, ирэх болсон бүх шалтгааныг ойлгоогүй ч яагаад гэдэгт гайхширан хамаг цагаа үрвэл Бурханы өдөр бүр өгдөг гайхалтай гайхамшгуудыг анзааралгүй өнгөрүүлэх болно гэдгийг мэддэг болсон.
Кристэн Ватабэ, АНУ, Огайо
Шаардлагаа өөрчил
Би номлолоо үргэлжлүүлж чадахааргүй болтлоо өвдөхдөө Бурхан намайг гэртээ хариасай хэмээн хүсэж байгааг мэдсэн ч энэ нь миний хүслээс тэс өөр байв. Эрүүл мэнд минь гэнэт муудсанд би сэтгэлээр унаж, хожим нь энэ нь архаг өвчний согогтой болох эхлэл болсон юм.
Өвчинтэйгөө дасан зохицох гэж хичээж байхдаа би зорилгоо алдсанаа мэдэрсэн. Надад тусламж дэмжлэг их хэрэгтэй байсан ба бусдад өгч чадах зүйл байхгүй мэт санагдаж байлаа. Гэвч би итгэлээ цааш хөгжүүлэх хэрэгтэйгээ мэдэж байсан тул судалж, залбирч мөн Сүнсийг дагахыг хичээх болсон юм. Би нэгэн өдөр Шинэ Гэрээнээс судалж байгаад Жэймс Тиссотын Есүс төлөөлөгчдөдөө амрахыг тушаав гэдэг зургийг олж харав. Марк 6:30–31 дээрх түүхийг дүрсэлсэн энэ зураг намайг тэр даруй тайтгаруулсан юм. Христийг амарч байгаа үйлчлэгчдээ хэрхэн харж байгааг харахад Тэр тэднийг мөн намайг хэчнээн их хайрладгийг би мэдэрсэн.
Эцсийн эцэст миний өөртөө тавьдаг шаардлага Бурханы надад тавьдаг шаардлагаас огт өөр байсныг би мэдэж авсан. Заримдаа Түүний шаардлага хувь хүний минь хувьд хүнд санагдах үе байсан ч миний хэрэгцээнд яв цав нийцдэг байв. Өөрийнх нь тусламж болон төгс хайрыг илүү бүрэн дүүрэн хүлээн авахыг надад заадаг Түүний арга замд би талархдаг. Түүний итгэл надад цааш нь амьдрах итгэл найдвар өгдөг.
Сабрина Максвэлл, АНУ, Юта
Сайн мэдээний зам дээр үлд
Би Филиппин Себу Зүүн номлолоос гэртээ хугацаанаасаа өмнө ирсэн юм. “Тэгсэн бол яах байсан бол” гэсэн бодол мөн “буцаж ирсэн номлогчдын хэв маягт” таарахгүй байсан маань номлолын дараах амьдралд дасахад улам бүр хэцүү болгож байв. Би эх орондоо үйлчилсэн тул салбарынхныхаа урмыг хугалж, итгэл найдварт нь хүрч чадаагүй гэсэн бодол зовоож байлаа. Өөрийгөө “хугацаандаа” буусан номлогчидтой харьцуулж, тэдний дунд байх зохисгүй, таарахгүй нэгэн хэмээн бодоход хүргэж байв.
Яваандаа, номлол бол Их Эзэнд үйлчлэх олон арга замын ердөө нэг нь л юм байна гэдгийг Тэрээр надад ойлгуулсан. Хаана, хэр удаан үйлчилсэн гэдгээс илүү хэрхэн үйлчилсэн нь чухал. Асуудал хүндэрч, аливаа зүйлс миний хүссэнээр болохгүй байсан ч надад даруу байж, сайн мэдээний зам дээрээ үлд гэж заасан.
Жаспэр Гапуз, Филиппин
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу харагтун
Би Шинэ Зеланд Вэллингтон Номлолд үйлчлэхээр дуудагдсан юм. Гэртээ хугацаанаасаа өмнө харих хэрэгтэй гэдгээ мэдэхэд надад Тэнгэрлэг Эцэг болон эцэг эхийнхээ урмыг гонсойлгож байгаа мэт мэдрэмж надад төрсөн.
Би номлолоосоо мөн энэ нөхцөл байдлаас олон зүйл сурсан. Хугацаанаасаа өмнө гэртээ ирэхээс өмнө би хэзээ ч Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчийн Цагаатгалд тийм их найдаж байсангүй. Би Бурханд итгэж, Түүний намайг даван туулж, суралцаасай гэж хүссэн бүхнийг хүлээн авах хэрэгтэй болсон. Би Цагаатгалын хүчийг мөн Есүс Христ миний Аврагч гэдгийг хэрхэн мэддэг болсноо үгүйсгэж чадахгүй. Бурхан сул тал болон хүнд хэцүү цаг үеэр маань дамжуулан намайг даруусгаж, надад заадгийг би мэдэж авсан.
Миний хаана байхаас эсвэл энгэрийн тэмдэг зүүсэн эсэхээс үл хамааран би Есүс Христийн шавь хэвээр үлдсэн. Их Эзэн намайг хайрладаг, надтай хамт байсаар байгаа бөгөөд намайг бусдад үргэлжлүүлэн үйлчилсээр байхыг хүсэж байгааг би мэднэ. Би гэртээ байгаа ч Тэр надад энэ туршлагаар дамжуулан илүү сайн хүн болоход тусалсан учраас бүх зүйл талаар өнгөрөөгүй гэдгийг мэднэ.
Наташа Крисаналомэ, Тайланд
Аврагчтай харилцах харилцаагаа хүчирхэгжүүл
Надад АНУ-ын Аляск Анкориж номлолд үйлчлэх боломж тохиосон юм. Хоёр шагайгаа болон хөлөө булгалснаас үүдэлтэй хүндрэлээс болж би хугацаанаасаа өмнө гэртээ ирэх болсондоо эмзэглэж байв. Амархан байгаагүй ч надад амьдралын үнэ цэнтэй сургамж өгсөн олон үйл явдал тохиолдсон юм. Бидний амьдралд тохиолдож буй бүх зүйлд Тэнгэрлэг Эцэгт зорилго байдгийг би мэдэж авсан. Би мөн сорилт бэрхшээлийг хэрхэн илүү алсыг харж даван гарах ёстойг ойлгож авсан. Аврагчийн Цагаатгалын эдгээгч хүч хэрхэн бодит болохыг би ойлгосон учраас Аврагчтай харилцах харилцаа маань хэзээ хэзээнээс илүү хүчтэй болсон.
Тэнгэрлэг Эцэг үнэхээр энэ хүнд хэцүү үед надад тусалсан. Хэдийгээр заримдаа асуудлуудтай тулгардаг ч Тэнгэрлэг Эцэг бүхнийг хяналтан доороо байлгадаг бөгөөд Тэр миний амьдралд юу хэрэгтэй байгааг надаас илүү мэддэгийг би мэддэг.
Амбэр Бангэртэр, Юта, АНУ
Та хаана ч байсан номлолын ажил үргэлжилнэ гэдгийг ойлго
Би Унгарын Будапешт номлолд үйлчилсэн. Намайг хугацаанаасаа өмнө гэртээ ирэхэд бүх хамтрагч маань номлолдоо үлдсэн мөн би номлогч байсан үеэ санаж байсан тул хүнд байлаа. Би бас Сүмийн бусад гишүүн намайг шүүх вий гэхээс айж байсан ч аз болоход хүн бүр надад хайраар хандаж, миний нөхцөл байдлыг ойлгож байв.
Цаг хугацаа өнгөрөхөд сэтгэл санаа минь ч дээрдсэн. Би Лиахона сэтгүүлээс хугацаанаасаа өмнө гэртээ ирсэн номлогчдын тухай нийтлэлийг олж уншсанаар ийм байдалд орсон цорын ганц хүн биш юм байна гэдгээ мэдсэн тул сэтгэлээр унахаа больсон юм (Дэстини Яарбро, “Төлөвлөснөөсөө эрт гэртээ ирсэн нь,” Лиахона, 2018 оны 1-р сар, 44–47-г үзнэ үү). Мөн би нагац эгчийн маань “Бидний хаана байгаагаас үл хамааран номлолын ажил үргэлжилдэг” гэж хэлсэн үг сэтгэлд хоногшсон юм.
Лукас Людвиг Сайто, Бразил, Сан Пауло
Өөрийгөө сайн сайхнаар хүрээлүүл
Би хугацаанаасаа өмнө номлолоос бууна гэж хэзээ ч бодож байгаагүй бөгөөд хүмүүстэй тааралдахаасаа ичиж, санаа зовж байлаа. Энэ нь миний амьдралд тохиолдсон хамгийн хэцүү үеүдийн нэг байсан ч би энэ туршлагынхаа үр дүнд өсөж хөгжсөн юм. Энэ намайг илүү сайн хүн болгосон.
Би гэртээ ирснээр наманчлах үйл явцаа үргэлжлүүлсэн. Номлолын өмнө хийсэн зарим сонголт маань сайн мэдээний сургаал, зарлигтай нийцэхгүй байв. Би ичсэндээ болж мөн Сүмийн гишүүнчлэлээ хадгалж үлдэх хүсэлтэй байсан тул номлолынхоо өмнө бишоптойгоо наманчлалын үйл явцыг эхлүүлээгүй юм. Гэвч эхний хэдэн сарын дотор би үнэнч, шударгаар үйлчлэхийг хүсэж байвал гэртээ харьж, наманчлах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн.
Гэртээ ирэхэд намайг хамгийн ихээр урамшуулсан зүйлсийн тоонд сүнслэг байдлын хувьд сэтгэл сэргээм үйл ажиллагаанууд, үүнд Сүмийн цуглаан, үйлчлэлийн төслүүд мөн зохистой болсныхоо дараа ариун сүмд орох зэрэг нь орж байв. Гэвч надад хамгийн их тусалсан зүйл бол гэр бүл, найз нөхөд, тэр байтугай өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй гээд эргэн тойрон дахь хүмүүсийн маань надад үзүүлсэн хайр, сайхан сэтгэл байсан юм.
Эцэст нь би Их Эзэний тусламж болон эргэн тойрныхныхоо Христийнхтэй адил үлгэр жишээгээр дамжуулан Флорида руу эргэн очиж, номлолоо дуусгаж чадсан. Хугацаанаасаа өмнө буусан байна уу, зүгээр л тусламж туслалцаа хэрэгтэй байна уу гэдгээс үл хамааран бид бүгдээрээ бусдад Христтэй адил хандахыг хичээх болтугай.
Кайгэн Стюарт, АНУ, Юта
Аврагчид найд
Би Замби Лусака номлолд үйлчлэх номлолын дуудлага авсан. Гишүүд хугацаанаасаа өмнө бууж ирсэн номлогчдыг ойлгохгүй байсан явдал гэртээ эрт ирэхийн хамгийн хэцүү хэсэг байв.
Би буцаж ирээд, гурван долоо хоног эмнэлэгт хэвтсэн бөгөөд сүмээс ганц ч хүн надтай утсаар ярьж, эргэж ирээгүй. Зөвхөн ням гараг бүр надад ариун ёслол түгээхээр бүлгийн удирдагч, номлогчид намайг ирэхийг хүссэн учраас л ирдэг байв. Гэртээ эргэж ирсэн эхний хэдэн долоо хоногт надад хүчээ сэлбэн, Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд гишүүдийн туслалцаа хэрэгтэй байсан ч үүнийг би ганцаараа хийх шаардлагатай болсон юм.
Хэдийгээр заримдаа ойлгоход хэцүү байдаг ч яагаад хугацаанаасаа өмнө буух болсныг Их Эзэн одоо ч надад өдөр бүр заасаар байдаг. Одоо бол хугацаанаасаа өмнө буусан маань надад аавыгаа мөн түүний гэр бүлийнхнийг олж, тэдэнтэй харилцаа холбоо тогтоох боломж олгосныг би ухааран ойлгосон. Энэ нь надад эдгэрэхгүй өвчтэй гэдгээ олж мэдэх боломжийг олгосон. Би мөн өөрийн хүчтэй болон сул талаа олж мэдсэн. Жишээлбэл, хэрхэн “үгүй” гэж хэлж сурах гэх мэт. Өмнө нь надад ямар нэг зүйлд эсвэл хэн нэгэнд үгүй гэж хэлэх үнэхээр хэцүү байсан. Би хэчнээн ядарсан эсвэл завгүй байсан ч хэнд ч болов туслахад бэлэн, бусдыг нэгдүгээрт тавьдаг байсан юм. Энэ нь муу зүйл биш ч энэхүү сорилт бэрхшээлийн ачаар би заримдаа өөрийгөө нэгдүгээрт тавих хэрэгтэй гэдгээ мэдэж авсан юм.
Би Их Эзэний талаар мөн яагаад хугацаанаасаа өмнө буух болсон талаараа шинэ зүйлсийг мэдэж авсаар байгаа. Гэвч надад олон адислал ирсэн бөгөөд би өдөр бүр Их Эзэнд найддаг. Заримдаа хэцүү мөн хүмүүс үргэлж ойлгоод байдаггүй ч Аврагч намайг ойлгодгийг би мэднэ. Би Түүнд болон Түүний хязгааргүй Цагаатгалд найдсаар байна.
Линди Чайбэйс, Өмнөд Африк, Гаутенг
“Их Эзэн амьдралдаа үйлдсэн сайн сайхны тань төлөө таныг шагнах болно” хэмээх номлолын дуудлагын захидал дээрх амлалт энэ ажлыг хийхээр шийдэж урагш гарч ирэх үед биеллээ олох болно. Анхаарал, халамж тавьснаар таны шарх эдгэж, бусдыг Христэд ирэхэд туслах зэмсэг болох болно. Эцсийн эцэст энэ л номлогчдын жинхэнэ үүрэг юм.