2019
Хугацаанаасаа өмнө номлол тань дууссан бол бүү бууж өг
2019 оны 7-р сар


Хугацаанаасаа өмнө номлол тань дууссан бол бүү бууж өг

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Номлолоосоо гэртээ эрт бууж ирсэн гээд таны үнэ цэн буурахгүй.

missionary returning home

Зураг чимэглэлийг Дэвид Грийн

Хэрэв та үүнийг уншиж байгаа бол номлолоосоо гэртээ эрт бууж ирэх нь ямар хэцүү болохыг аль хэдийн мэдэж байгаа байх. Үйлчилж буй залуучууд бие махбодын гэмтэл, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, иргэний онцгой байдал, зохистой байдлын асуудал, бусадтай холбоотой ноцтой зөрчил гаргах эсвэл номлолын дүрмээ дуулгавартай дагахгүй байснаасаа болж товлогдсон хугацаанаасаа өмнө номлолоос буухад хүрч болно.

Ямар ч шалтгаантай байлаа гэсэн Бурхан энэ саад бэрхшээлийн улмаас аль ч хүүхдээ сүнслэг байдлын хувьд зэрэмдэг болгохыг хүсдэггүй. Тиймээс эрт бууж буй номлогчид энэ амаргүй өөрчлөлтийн үр дагавраас хэрхэн гарч чадах вэ? Эцэг эх, Сүмийн удирдагчид мөн хайртай хүмүүс нь тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Мормоны Номын номлогч

Алмагийн номон дахь нэг түүх бидэнд тус болох нэгэн жишээг өгдөг. Нифайчуудын бошиглогч Алма хэдэн итгэлтэй хүнийг удирдан, ёс бус зорамчуудад номлохоор явдаг. Тэдний нэг нь түүний хүү Кориантон байсан ба тэр “тохинууллыг орхиж, мөн леменчүүдийн хилийн ойролцоох Широны нутаг тийш янхан эм Изабелын араас од[жээ]” (Алма 39:3). Үүнээс болж Алма “хэрэв энэ нь чиний тусын тулд байгаагүйсэн бол, би гэмт үйлүүдийг чинь нуршин, сэтгэлийг чинь шаналгахгүй сэн” (Алма 39:7) хэмээн Кориантоныг хатуу зэмлэж, түүнийг наманчлалд дуудав.

Кориантон эцгийнхээ зэмлэсэн үгийг даруухнаар хүлээн авч, нүглүүдээ наманчилж, зорамчуудын дунд номлогчоор үйлчилж, эргээд ”үгийг үнэнээр мөн чандаар тунхагла[сан]” (Алма 42:31). Энэ түүх цааш нь Алмаг хөвгүүддээ хандан ярьсны дараа “Алмагийн хөвгүүд [Шиблон, Кориантон хоёул] хүмүүсийн дунд үгийг тунхаглахаар явцгаав” (Алма 43:1) гэж гардаг.

Үйлчлэх боломжтой буцаж ирэх нь

Энэ түүхээс бид юу ойлгож сурч болох вэ? Юуны түрүүнд эрт буусан номлогчид урьдчилан сэргийлж болох байсан шалтгаанаар буусан байсан ч гэсэн агуу зүйлсийг гүйцэлдүүлэх боломжтой хэвээр байдаг. Кориантон олон ноцтой алдаа гаргасан байж болох ч агуу үйл хэргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр явсан. Үүнтэй адил, өөрийн үйлдлээс болж буусан номлогчид хүртэл сүнслэг хүчин чадлаа үгүй хийчихлээ гэж бодох ёсгүй. Кориантон алдаанаасаа суралцаж, Бурханы хаант улсыг гайхалтай арга замаар барьж байгуулахаар ирсэн бөгөөд хэчнээн бүтэлгүйтсэн гэж бодож байсан ч гэлээ, хүн бүрд ийм чадвар бий.

Хоёрдугаарт, эрт буусан номлогчийн сүнслэг эдгэрэлтэд бусад хүн ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг ойлгож авдаг. Кориантоны аав, санваарын удирдагч Алма Кориантоныг нэг талаар хурцаар зэмлэсэн боловч нөгөө талаар сүнслэг чадавхдаа хүрч чадна гэдэгт итгэлтэй байсан. Кориантонтай адил номлолдоо дуулгаваргүй байсны үр дагавар ирэх ч ямар ч сахилгажуулалтыг хайр, өршөөл, нигүүлсэл дагалдах ёстой (Сургаал ба Гэрээ 121:41–44-ийг үзнэ үү).

Өвчнөө эдгээхээр буух нь

Эрт буусан номлогчдод найдвар өгөх үүнтэй адил захиас өнөөдөр ч давтагдаж байна. Бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж номлолоосоо эрт буусан Маршаллд заримдаа номлолдоо бүхий л чадлаараа үйлчлээгүйдээ мөн заримдаа эрүүл мэндийн асуудал, хувийн хангалтгүй байдлынхаа аль алиныг буруутгадаг байв. Гэвч үйлчлэл нь үнэхээр үр дүнтэй байсан гэж тэр боддог.

“Бид номлогчийн хувьд төгс биш шүү дээ. Бид уруу таталтад ордог бөгөөд нүгэл ч үйлдэж магадгүй. Гэвч Сатан таныг хамгийн сайн номлогч байгаагүй үед Их Эзэн хичээл зүтгэлийг тань хүлээн аваагүй гэж бодогдуулан, таныг төгс бус байдал дээрээ анхаарлаа илүү хандуулаасай гэж хүсдэг байж болох юм” гэж Маршал хэлсэн.

Их Эзэн номлогчдыг сонголтоосоо юм уу нөхцөл байдлаасаа болж үйлчлэлээ төгс хийгээгүй ч тэдний хийсэн үйлчлэлд сэтгэл хангалуун байгаагаа мэдээсэй гэж хүсдэг гэдэгт Маршалл итгэдэг.

Маршалл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойр байхын тулд чадах бүхнээ хийснээр аливаа зүйлийг давж гаран, эдгэрч чадна гэдгээ мэдсэн.

Наманчлахаар буух нь

АНУ-ын Колорадод үйлчилсэн өөр нэгэн номлогчийг сахилгын шалтгаанаар номлолоос нь буулгаж, Сүмийн гишүүнчлэлээс нь хассан ч тэр хожим нь дахин баптисм хүртсэн юм. “Гэртээ эргэж ирэх хэцүү байв. Надад төөрөлдсөн, хоосорсон мэт мэдрэмж төрж байсан. Заримдаа гэртээ ирсний хамгийн хэцүү хэсэг бол сүмдээ үргэлжлүүлэн явж, судраас уншиж мөн залбирах сэдлийг олох явдал байв. Энэ энгийн зүйлс хамгийн хэцүү байсан” гэж тэр хэлсэн.

Гэвч тэр гэр бүл, найз нөхдийнхээ дэмжлэгээр мөн наманчлахаар хичээж байх явцдаа хүч чадалтай болжээ.

“Зорилго тавьж, бишоптойгоо уулзаж, зохистой болсон үедээ ариун сүмд орох зэрэг нь Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойртоход гол үүрэг гүйцэтгэсэн. Би бишоптойгоо уулзаж чадахгүй, тавьсан зарим зорилгодоо хүрч чадахгүй байснаа санадаг. Дайсан үргэлж хажууд минь байж, уруу татдаг байсан” хэмээн тэр нэмж хэлэв.

“Надад хайртай, намайг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг Тэнгэрлэг Эцэг байгаа гэдгийг үргэлж санаснаар мөн Аврагчийн Цагаатгал, наманчлалын талаар гэрчлэлтэй болсноор хэчнээн хол мэт санагдаж болох ч бид Бурханд илүү ойртож чадна” гэдгийг мэдэх нь түүнийг эдгэрэх боломжтой болгосон юм.

Тэр цааш нь гэрт нь буцаах болсон үйл явдал болохоос өмнө үйлчилсэн хэдэн сарынхаа талаар дурдахдаа, “Номлолоо эргэн санахад, энэ нь хамгийн сайхан туршлага байсан гэж би одоо хүртэл бодож явдаг. Би их зүйл сурсан. Миний төлөвлөснөөр болоогүй ч би сайн мэдээний ачаар хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байгааг харах боломжтой байсан. Би хэдэн алдаа гаргасан ч, наманчилж, урагшлахаар хичээхийн хэрээр миний гэрчлэл төдий чинээ өссөн” хэмээн тэр нэмж хэлсэн юм.

Тэрээр өөрсдийн хийсэн сонголтын улмаас номлолоосоо эрт буусан хүмүүс “бүх зүйл дуусаагүй” гэдгийг мэдээсэй гэж хүсдэг. Эрт ирэх нь наманчлалын эхний алхам юм. Та наманчлалын энэхүү үйл явцыг дуусгасныхаа дараа олон зүйлийг сурч мэдсэн байх болно. Үүрч байсан хүнд ачаа тань авагдах болно. Бурханы мэлмийд зөвт байгаагаа мэдэхээс илүү сайхан мэдрэмж гэж үгүй.

Эрт буусан номлогчдыг хайрлах нь

Гэртээ эрт ирсэн энэ хоёр номлогч хоёулаа эрт буусан номлогчдын найз нөхөд, гэр бүлийнхэн тэднийг хайрлаж, дэмжлэг үзүүлэх нь хэчнээн чухал болохыг онцолсон.

“Тэдэнд орон зай гаргаж өг. Гэвч тэд сэтгэлээр унаж магадгүй тул тэдэнтэй ойр байж, найз нь бай.” Бид Сүнсийг сонссоноор тэдний хэрэгцээг олж мэдэн, хэзээ тэдэнд тусламжийн гараа өгч үйлчлэх, хэзээ хувийн орон зайг нь үлдээж хүндэтгэхээ мэдэх боломжтой.

“Зүгээр л тэднийг хайрла. Есүс Христийн цагаатгагч золиосыг үргэлж санахад тэднийг урамшуулан дэмж” гэж Колорадод үйлчилсэн номлогч нэмж хэлсэн юм.

Хүмүүс эрт буусан номлогчдод хэрхэн хандсанаар тэднийг ичгүүртэйгээр унагахаар түлхэж эсвэл итгэлтэйгээр урагшлахад нь тусалж болно. Тэднийг шүүлгүй, тэврэн авах нь чухал.

Кориантоны нэгэн адил эрт буусан номлогчид одоогийн хүнд байдлаасаа Их Эзэний хүчирхэг зэмсэг болж өндийн босох чадавхтай.

Бурханы төлөвлөгөөнөөс итгэл найдварыг олох нь

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд эрт буусан номлогчдод хандан тайтгаруулах үг хэлсэн. “Хэн нэгэн чамаас номлолд үйлчилсэн эсэхийг тань асуух юм бол тийм гэж хариул. … Хийсэн үйлчлэлээ нандигнан хайрла. Гэрчлэх, Их Эзэний нэрээр үйлчлэх, номлогчийн нэрийн тэмдгийг зүүх боломжтой байсандаа таларх. Дахин үүнд бүү санаа зов, дахин энэ талаар бүү ярь. Өөрийгөө хангалтгүй эсвэл бүтэлгүй гэж бүү бод хэмээн ахин дахин гуйя”1 гэж тэр хэлсэн юм.

Нүглээс болж эрт буусан хүмүүст хандан хэлэхэд, Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Жой Д.Жонсын: “Хэрэв бид гэм нүгэл үйлдсэн бол зохисгүй болж болох ч үнэ цэнээ хэзээ ч алдахгүй!”2 хэмээн хэлснийг санаарай. Хэрэв бид Бурханд хандах юм бол Тэрээр бидний хамгийн харанхуй цаг мөчид өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэхэд тусална гэдгийг тэр батлан хэлсэн.

Мормоны Номон дахь болон орчин үеийн эрт буусан номлогчдын мөн Сүмийн удирдагчдын захиас бүгд адил. Найдвараа бүү алд. Учир нь Бурханд танд зориулсан, таны төсөөлж чадахаас ч илүү агуу төлөвлөгөө бий. Эдгээр номлогчийн хайртай хүмүүст хандан хэлэхэд, тэднийг гэртээ эргэж ирэхэд үзүүлэх таны хандлага тэдэнд эдгэрч мөн өөрсдийн чадавхад хүрэхэд асар ихээр туслах болно. Есүс Христийн Цагаатгал бүх шархыг, тэр дундаа номлолоосоо эрт бууж байгаа хүмүүсийн шархыг хүртэл эдгээнэ гэдгийг санаарай.

Эшлэлүүд

  1. Jeffrey R. Holland, “Elder Holland’s Counsel for Early Returned Missionaries” (video), lds.org/media-library.

  2. Жой Д.Жонс, “Хэмжээлшгүй үнэ цэн,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141.