Бүтэлгүйтэх нь төлөвлөгөөний нэг хэсэг
Судруудад өгүүлсэн бидний дуртай “бүтэлгүйтлээс” ойлгож авч болох дөрвөн сургамж.
Интернэтийн нэлээд хэсэг нь Пинтерэстээс дагаж хийгээд бүтээгүй бичлэгээс эхлүүлээд бүр арагшаа бүтэн эргэх гээд чадаагүй видео бичлэг зэрэг “бүтэлгүй зүйлсийг” баярлаж тэмдэглэхэд зориулагдсан мэт санагддаг. Бид чадлаараа хичээж зүтгээд ч хангалттай мэт санагдахгүй байгаа үед ганцаараа биш гэдгээ мэдэхийг хүсдэг байж болох юм. Гэхдээ үүнийг мэдэх өөр арга зам бий.
Хэрвээ таны өнгөрүүлж буй өдрүүд бүтэлгүйтлээр дүүрсэн мэт санагдаж байвал судрууд дахь жишээнээс суралц. Тэдгээр нь гайхамшигтай хүмүүсийн төгс бус хичээл зүтгэлээр дүүрэн байдаг. Бодож байгаагаасаа илүү сайн хийж байгаа гэдгээ ойлгоход тань туслах цөөн хэдэн сургамж болох зүйлийг хуваалцъя.
1. Итгэл нь бүтэлгүйтлээс урьдчилан сэргийлэхгүй; харин үүнийг утга учиртай болгодог.
Нифай ах нарынхаа хамт гуулин ялтаснуудыг олж авахаар буцаж явах үедээ итгэл дүүрэн байсан. Гэхдээ энэ нь түүнийг хоёр удаа бүтэлгүйтэхээс сэргийлээгүй (1 Нифай 3-ыг үзнэ үү). Гэхдээ тэр бүтэлгүйтсэн ч итгэлтэй байснаар бүтэлгүйтлээ амжилттай болгоход бэлтгэсэн юм. Лебентэй уулзаад бүтэлгүйтсэн ч энэ нь Нифайд түүнийг таньж мөн түүнийг дуурайн, гэрийг нь олж, ариун цэдгүүдийг аван тэндээс гарахад бэлтгэсэн болов уу? Бид баттай сайн мэдэхгүй. Гэхдээ бидний амжилт бүтэлгүйтэл дээр маань босгогдсон байдгийг бид мэддэг.
2. Бурхан биднийг бүтэлгүйтэхийг мэдэж байсан ба урьдаас төлөвлөсөн.
Иосеф Смит Мормоны Номын 116 хуудас бичмэл алдагдсаныг олж мэдсэнийхээ дараа “Бүхнээ алдлаа!” 1 гэж дуу алджээ. Тэр буруу зүйл хийснээ мэдэж байв. Тэр зэмлүүлж, магадгүй бүр орхигдоно гэдгээ мэдэж байсан. Гэсэн ч бүх зүйл алдагдаагүй байлаа. Бурхан Иосефын алдаа гаргахыг бараг 2000 жилийн өмнөөс мэдэж байсан бөгөөд үүнд бэлтгэсэн байв.
Үүний адилаар, дэлхий бүтээгдэхээс хавьгүй өмнө Бурхан бидний алдаа гаргахыг мэдэж байсан.2 Тэрээр бидний алдааг адислал болгон өөрчлөх чадвартай (Ром 8:28-ыг үзнэ үү). Мөн Тэрээр Аврагчийг бидэнд өгсөн бөгөөд бидний бүтэлгүйтлийн дотор нүгэл шургалсан байвал бид наманчилж чадах ба “буруушаагдахгүйгээр туршлагаасаа суралцах”3 боломжтой.
3. Битгий бууж өг; бид амжилтаа байнга хараад байна гэж байхгүй.
Абинадай хүмүүст наманчлалыг номлохоор дуудагдсан. Хэрвээ Абинадай өөрийнхөө амжилттай байсан эсэхийг наманчилсан хүмүүсийн тоон дээр тулгуурлан гаргасан байсан бол өөрийгөө бүрмөсөн бүтэлгүйтлээ гэж бодоод, насан өөд болох байсан байж болох юм. Тэрээр Ноа хааны хүмүүст наманчлахыг анх удаа сэрэмжлүүлэхдээ эсэргүүцэгдэж, мөн арай гэж амьд гарч чадсан. (Moзая 11:20–29-ийг үзнэ үү.) Бууж өгөхийн оронд тэр алагдаж магадгүй гэдгээ мэдэж байсан ч дахин оролдсон бөгөөд тэр үнэндээ алагдсан.
Гэхдээ тэр бууж өгөөгүй учраас хүмүүс яваандаа наманчилсан юм (Мозая 21:33-ыг үзнэ үү ). Түүнчлэн Алма хөрвүүлэгдэж, олон хүнд зааж, баптисм хүртээн мөн нифайчуудын дунд Сүмийг зохион байгуулсан. Алмагийн удмынхан Есүс Христийг иртэл Сүмийг, зарим үед улсаа удирдаж, мянга мянган хүнийг мөн леменчүүдийн ихэнхийг нь хөрвүүлсэн билээ (Хиламан 5:50-ийг үзнэ үү). Бүтэлгүйтсэн ч бууж өгдөггүй хүн маш том өөрчлөлт гаргаж чадна.
4. Заримдаа асуудлыг шийдэхээс илүүтэйгээр үүнээс суралцах нь илүү чухал байдаг.
Оливер Гранжер аливаа зүйлийг хийж гүйцэтгэх эрх мэдэлтэй байгаад сурчихсан байв. 1830-аад оны үед Сүмд нэгдэхээсээ өмнө тэр гүнлэгийн цагдаа, армийн хурандаа, сүмдээ эрх мэдэл бүхий номлогч байжээ. Сүмд нэгдсэнийхээ дараа тэр хоёр удаа номлолд явсан бөгөөд Көртландын дээд зөвлөлийн гишүүн байв. Тэгтэл Иосеф Смит Көртландаас хөөгдөн гарсан Сүмийн удирдагчдын бизнесийн үйл ажиллагааг төвхнүүлэх, бараг боломжгүй даалгаврыг Оливерт оноожээ.4
Өөрт нь бүтэлгүйтсэн мэт санагдсан Оливер Иосеф Смит дээр очоод, Их Эзэний “Би өөрийн үйлчлэгч Оливер Гранжерыг дурсан санаж байна; … мөн тэрээр унаад, тэрээр дахин босч ирэх болно, учир нь түүний өсөлтөөс илүүгээр түүний золиослол надад илүү ариун нандин байх болно” хэмээн хэлэхийг сонсжээ (С ба Г 117:12–13). Оливерээс бид, Бурхан биднийг асуудалдаа үргэлж зөв шийдвэр гаргадаг байхыг хүсэн хүлээдэггүй, харин тэдгээрийг туулах явцдаа өсөж хөгжихийг хүсдэг гэдгийг ойлгож авдаг.
Өсөж хөгжихөд хэцүү байж болно
Бид энд суралцаж, өсөж хөгжихөөр ирсэн ч сөрөг зүйлтэй тулгарахгүйгээр өсөж хөгждөггүй. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф, бид бүгдээрээ алдаа гаргадаг ч “бидний хэдэн удаа бүдэрснээс биш, харин бүдэрч унасныхаа дараа хөл дээрээ дахин хэдэн удаа өндийж ирснээр хувь тавилан маань тодорхойлогддог”5 гэж хэлсэн.