Өөрийнхөө хэн болохыг мөн хэн байсныг мэдэх нь
Саяхан миний 16 настай үеэл дүү Мэган хоёр найзынхаа хамт манайд хонохоор ирсэн юм. Тэр орой биднийг ярилцаж байтал тэдний нэг нь дээр үед эдлэн газар дээр өсөх нь ямар байсныг асуув. … Би Мэганд болон түүний найзуудад “дээр үед” маш ичимхий бас өөртөө итгэх ямар ч итгэлгүй байдаг байснаа хэлсэн.
Тэгэхэд Мэган “Та энэ байдлаасаа яаж салсан бэ?” гэж асуув. Бэлэн хариулт яг аман дээр гарч ирэхэд, би энэ сайхан залуу эмэгтэйчүүдийн илүү ихийг сонсоход бэлэн байгааг мэдрээд, хэлээ хазаж билээ. Тиймээс би тэдэнд гол шалтгаан нь сүнслэг шалтгаан байсныг хэлсэн. Их Эзэн миний талаар ямар бодолтой байдгийг ойлгож эхэлмэгц миний өөрийнхөө талаарх болон өөрийн амьдралын талаарх үзэл бодол өөрчлөгдөж эхэлсэн хэмээн би хэлсэн юм. Тэгэхэд тэд тэр даруй: Та Их Эзэн ямар бодолтой байсныг яаж мэдсэн юм бэ? Бас Түүнийг бидний талаар ямар бодолтой байдгийг бид өөрсдөө хэрхэн олж мэдэж болох вэ? гэж асуув.
Бид судар барин, хэдэн цагийн туршид Сүнсний дуу хоолойг хэрхэн сонсох тухай болон бидний хэн болох, бидний зорилго юу болох талаарх бодгальдаа далд хадгалагдсан мэдлэгээ ил гаргаасай гэж Их Эзэн үнэхээр хүсдэг тухай мөн бид үүнийг олж мэдэх үед энэ нь амьдралыг хэрхэн өөрчилдөг тухай ярилцсан.
… Бидний амжилт, аз жаргалд Сүнсний дуу хоолойг сонсож сурахаас илүү чухал зүйл байдаггүй. Бидний хувь хүн бүрийн өвөрмөц чанар буюу бидний хэн гэдгийг төдийгүй бас хэн байсныг өөрсдөд маань илчилдэг нь Сүнс юм. Ийнхүү үүнийг олж мэдэх үед бидний амьдрал гэнэт шинэ зорилготой болж, тэгснээр бид эргэлт буцалтгүй өөрчлөгддөг.
… Бидний сүнс биднийг өөрсдийнхөө хэн болох талаарх үнэнийг санаасай гэж хүсэж байдаг. Яагаад гэвэл бид өөрсдийгөө ямар байдлаар харж байгаа болон өөрсдийгөө хэрхэн таньж мэдэж байгаа маань бидний бүх зүйлд нөлөөлдөг. … Энэ нь амьдралаа хэрхэн авч явж байгаа арга замд нөлөөлдөг. Тиймээс, өнөөдөр би та нарыг өөрсдийнхөө хэн гэдэг талаар төдийгүй мөн урьд өмнө хэн байсан талаараа тунгаан бодоход урьж байна.
… Биднийг төгс төгөлдөр мэддэг Бурхан биднийг өнөөдөр, урьд урьдынхаас илүү эсэргүүцэл, эрсдэл ихтэй энэ цаг үед ирүүлэхээр хадгалж байсан гээд та нар төсөөлөөд үз дээ? Сүнслэг байдлын хувьд хамгийн аюултай орчин нөхцөлд сонгомол үеийнхнийг өсгөж, удирдах эмэгтэйчүүд хэрэгтэй байгаа энэ цаг үед гээд бодоод үз дээ? Тэр биднийг Сионыг өсгөн бэхжүүлэхдээ няцашгүй зоригтой байх болно гэдгийг мэдэж байсан учраас биднийг сонгосон гэдгийг та нар төсөөлж чадах уу?
… Үнэнч бөгөөд агуу. Зоригтой бөгөөд шийдмэг. Итгэлтэй бөгөөд эрэлхэг. Та нар ийм л хүмүүс мөн ийм ч байсаар ирсэн. Энэхүү үнэнийг ойлгох нь та нарын амьдралыг өөрчилж чадна. Учир нь энэ мэдлэг өөр ямар ч байдлаар иршгүйгээр өөртөө итгэх итгэлийг авчирдаг.
… Та сонгогдсон мөн энэ үеийн төлөө хадгалагдсан гэдгийг ойлгох үедээ, бас энэхүү зорилготой нийцэн амьдрах үед урьд өмнө байснаасаа илүү баяр хөөртэй байх болно.
… Бурхан бол бидний Эцэг бөгөөд Түүний Төрсөн Ганц Хүү нь Христ юм. Бид Аврагчийн төлөө цэх зогсон, Түүний жимсний талбайд хичээнгүй, цуцашгүй дахин үйлчлэхдээ баяр хөөртэй байгаасай. Бид өөрсдийгөө хэн болохыг мөн хэн байсныг мэддэг учраас Бурханыхаа Сионыг байгуулахдаа эрэлхэг зоригтой байх болтугай.