Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт
Бид Есүс Христийн Цагаатгалын ачаар зөвхөн гэм нүглээсээ цэвэршээд зогсохгүй бас эдгэрэх боломжтой.
Адамын уналтаас болж өвчин, гэм нүгэл дэлхийд үүссэн юм. Энэ хоёр хоёулаа өөр өөрийн гэсэн аюул заналыг дагуулдаг. Бүх өвчин эмгэгийн дундаас хорт хавдар шиг өргөн тархсан, сүйрүүлэгч үр дагавартай зүйл байхгүй биз ээ. Зарим оронд хүн амын гуравны нэгээс илүү хувь нь ямар нэгэн байдлаар хорт хавдраар өвчилж, энэ нь бүх нас баралтын бараг дөрөвний нэгийг эзэлдэг.1 Хорт хавдар ихэвчлэн нэг эсээс үүсдэг ба маш жижигхэн тул зөвхөн микроскопоор харагддаг. Гэвч маш хурдтай өсөж, тархах чадавхтай.
Хавдартай өвчтөнүүд хорт хавдрын ургалтыг намжаахын тулд эмчилгээ хийлгэдэг. Бүрэн намжина гэдэг нь өвчин илрэх шинж тэмдэг байхгүй болсон гэсэн үг юм. Гэвч өвчин түр намжсан ч эдгэрсэн гэсэн үг биш гэдгийг мэргэжлийн хүмүүс шууд онцлон хэлдэг.2 Ийнхүү намжих нь тайвшруулж, найдвар төрүүлдэг ч хавдартай хүмүүс ихэвчлэн намжихаас илүү зүйл буюу эдгэрэх найдвар тээдэг. Нэгэн эх сурвалжаас авч үзэхэд “Хэн нэгний хорт хавдрыг эдгэрсэн гэж үзэхийн тулд хавдар сэдрэх эсэхийг нь хүлээж, азнах хэрэгтэй байдаг тул цаг хугацаа чухал хүчин зүйл болдог. Хэрэв өвчин хэдэн жилийн турш намжмал байдалд байвал хавдрыг эмчлэх боломжтой. Зарим хавдар олон жил намжмал байснаа дахин сэдэрдэг.”3
Өвчин эмгэг ба гэм нүгэл
Хорт хавдар бие махбодыг сүйрүүлдэг бол гэм нүгэл сүнсийг үүнээс ч илүү сүйрүүлдэг. Нүгэл ихэвчлэн бага багаар, заримдаа бүр үл мэдэгдэм эхэлдэг боловч хурдан өсөж томордог. Энэ нь бодгалийг яр шарханд идүүлж, эрэмдэглэж, эцэст нь амь насанд нь хүрдэг. Энэ нь бүх бүтээлийн сүнсний үхлийн хамгийн том шалтгаан гарцаагүй мөн. Нүглийн эмчилгээ бол наманчлал юм. Жинхэнэ наманчлал нь нүглээ хойш тавьж эсвэл нүглээсээ ангижрахад 100 хувь үр дүн үзүүлдэг. Энэ ангижрал бодгальд тайвшрал, баяр баясгаланг авчирдаг. Гэвч нүглийн ангижралыг хүлээн авч, үүний шинж тэмдэг болон үр дагавраас чөлөөлөгдлөө гээд нүгэлтэн бүрэн эдгэрлээ гэсэн үг биш. Унасан хүний зүрх сэтгэлд нүгэл үйлдэхэд уруу татагдах эсвэл нүгэлд өртөх боломж байсаар байдаг. Иймээс нүглээс ангижирсан ч олон жилийн дараа давтагдах боломжтой. Нүглийн ангижралдаа үлдэх буюу өөрөөр хэлбэл нүглийнхээ ангижралыг хадгалж үлдэх нь бүрэн эдгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Цэвэршиж мөн эдгэрэх
Энэхүү зүйрлэл нь бид сүнслэг байдлын хувьд зөвхөн нүглээс цэвэршээд зогсохгүй гэм нүглээсээ эдгэрэх ёстой гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Мууг үйлддэг эгэл хүнтэйгээ тэмцэлдэж, сайныг үйлдэх хүсэлтэй байх нь хэцүү байх болно. Хэрэв итгэлтэй байх л юм бол бид зөвхөн өөрсдийн хүслийг эгэл чанараасаа дээгүүр тавьж сурсандаа биш, харин өөрийн хүслийг Бурханы хүсэлд нийцүүлснээр Тэрээр бидний эгэл чанарыг өөрчилсөн учраас ялагчид болдог юм.
Хаан Бенжамин “эгэл хүн бол Бурханы дайсан, мөн Адамын уналтаас тийм байсаар ирсэн, мөн тэрээр Ариун Сүнсний таталтанд автагдан, эгэл хүмүүнээ орхиж мөн Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болох … бус аваас үүрд мөн үргэлж тийм байх болно” (Мозая 3:19) хэмээн заасан. Энэ ба бусад сургаалын дагуу Бенжамины хүмүүс “Ай нигүүлсэж хайрла, мөн бид нүглүүддээ өршөөлийг хүлээж авч болохын тулд мөн зүрх сэтгэл маань ариуссан байж болохын тулд Христийн цагаатгагч цусыг нөлөөлүүлээч” (Мозая 4:2; тодотгол нэмэгдсэн) хэмээн залбирчээ. Тэднийг залбирсны дараа Их Эзэн хоёр хэсэг бүхий хүсэлтэд нь хариулсан юм. Нэгдүгээрт, “Их Эзэний Сүнс тэдний дээр ирж, мөн тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, улмаар тэд ухамсрын амар амгаланг хүлээн авсан учир, мөн тэд баяр хөөрөөр дүүргэгдсэн байв” (Мозая 4:23).
Хаан Бенжамин хүмүүсээ нүглийнхээ “ангижралд” байгааг хараад, тэдэнд нүглийнхээ ангижралыг хэрхэн хадгалахыг зааснаар (Мозая 4:11–30-ийг үзнэ үү) бүрэн эдгэрэхэд уриалсан. “Та нар эдгээр зүйлийг хийснээр үргэлж баясна, мөн Бурханы хайраар дүүргэгдэж, мөн нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах болно” (Мозая 4:12) хэмээн тэр амлажээ.
Хүмүүс хаан Бенжамины үгэнд итгэж, өөрсдийгөө даатгах үед Их Эзэн “[тэдний] зүрх сэтгэл ариусах болно” гэсэн залбирлынх нь хоёр дахь хэсэгт хариулсан юм. Хүмүүс талархал, магтаалаа өргөн, “бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир” (Мозая 5:2) гэцгээж байв. Хаан Бенжамин энэ хүчирхэг өөрчлөлт бол тэдний Бурханаас төрснийг илтгэж байгааг тайлбарласан (Мозая 5:7-г үзнэ үү).
“Энэ нь хэрхэн бүтэв?”
Бошиглогч Алма бидэнд наманчилж мөн Бурханаар дахин төрж, зүрх сэтгэлдээ өөрчлөгдөх ёстой хэмээн заасан (Алма 5:49-ийг үзнэ үү). Бид үргэлжлүүлэн гэм нүглээ наманчлах юм бол Их Эзэн бидний бүх нүглийг мөн цаанаасаа нүгэл үйлдэхэд хүргэдэг эсвэл нөлөөлдөг зүйлсийг биднээс зайлуулах болно. Гэвч Иносын үгээр, “Их Эзэн, энэ хэрхэн бүтэв?” Инос 1:7). Хариулт нь энгийн, гүн гүнзгий бөгөөд мөнхийн юм. Бие махбодын эсвэл сүнсний аливаа нөхцөл байдлаас эдгэрсэн хүмүүст Их Эзэн “итгэл чинь чамайг аврав” (Марк 5:34; Инос 1:8-ыг үзнэ үү) хэмээн тунхагласан.
Алмагийн “итгэлийн дагуу” түүний зүрх сэтгэл хүчтэй өөрчлөгдсөн бөгөөд түүний дагалдагчид “үнэн болоод амьд Бурханд найдлагаа тавьснаар” (Алма 5:12, 13) тэдний зүрх сэтгэл ч хүчтэй өөрчлөгдсөн юм. Хаан Бенжамины хүмүүсийн зүрх сэтгэл ч бас “[Аврагчийн] нэрэнд итгэх итгэлээр өөрчлөгдсөн” (Мозая 5:7).
Хэрэв бид Их Эзэнд бүх сэтгэл зүрхээрээ итгэж, итгэлтэй хэвээр байх юм бол эхлээд итгэл рүү хөтлөх зүйлийг, дараа нь итгэлийн хөтлөх бүхнийг үйлдэх ёстой. Зүрх сэтгэлийн энэхүү өөрчлөлтийн хүрээнд итгэл рүү хөтлөх олон зүйлийн дунд Их Эзэн мацаг, залбирал, Бурханы үг зэргийг онцолсон. Хэдийгээр итгэл нь олон зүйл рүү хөтөлдөг ч наманчлал бол үүний эхний үр жимс юм.
Эдгээр зарчмыг онцолсон Хиламаны номоос дараах хоёр шүлгийг авч үзнэ үү. Эхлээд бид “зүрх сэтгэлээ Бурханд зориулсны учир ирэх ариуслаар зүрх сэтгэл нь бүр ариусаж мөн цэвэрших хүртлээ ойр ойрхон мацаг барьж мөн залбирч, мөн … Христийн бишрэлд улам улам гуйвшгүй бат болж байсан” (Хиламан 3:35) хүмүүсийн тухай олж уншдаг. Дараа нь бид лемен үндэстэн Самуелээс “Мөн тэдэнд зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчрах тэрхүү итгэл хийгээд наманчлал болох Их Эзэнд итгэх итгэлд мөн наманчлал тийш удирдах ариун судруудад, тийм ээ, ариун бошиглогчдын … бошиглолууд[ын]” (Хиламан 15:7) тухай мэдэж авдаг.
Бурханд итгэж найд
Бидний ярьж буй энэ хүчит өөрчлөлтийг бид хийсэн бус, харин энэ нь бидэн дотор хийгдсэнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Бид биеэ авч яваа байдал, хандлага, тэр байтугай хүсэл, итгэл үнэмшлээ наманчилж, өөрчлөх боломжтой боловч эгэл зан чанараа өөрчлөх хүч, чадавх бидэнд байхгүй. Энэ хүчирхэг өөрчлөлтийг хийхийн тулд бид Хүчит Бурхандаа бүрэн дүүрэн найдах ёстой. “Бидний хийж чадах бүхний дараа” (2 Нифай 25:23) Тэрээр бидний зүрх сэтгэлийг ач ивээлээр ариусгаж, эгэл байдлыг өөрчилдөг. Түүний урилга өөрчлөгдөхгүй бөгөөд “Наманчилж, мөн зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирж мөн би [та нарыг] эдгээх” нь баттай юм (3 Нифай 18:32; тодотгол нэмэгдсэн).
“Эгэл хийгээд унасан байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн … түүний хөвгүүд мөн охид болох нь нүглээсээ эдгэрч буйн шинж тэмдэг юм. Мөн тийн тэд шинэ бүтээлүүд болдог” (Мозая 27:25, 26). Бидний дүр төрх Христийн Гэрлийг цацруулдаг. Мөн цаашлаад, судрууд бидэнд “Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үйлддэггүй” (1 Иохан 5:18) хэмээн хэлдэг. Энэ нь бид нүгэл үйлдэж чадахгүй болсон биш, харин одоо бидний мөн чанар нүгэл үйлдэхгүй болж өөрчлөгдсөнийх юм. Энэ бол үнэхээр хүчирхэг өөрчлөлт.
Зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт нь тэр даруй болоод өнгөрдөггүй, харин урт хугацааны туршид явагддаг үйл явц гэдгийг санах хэрэгтэй. Энэ өөрчлөлт ихэнхдээ алгуур, заримдаа үл мэдэгдэм аажмаар явагддаг ч бодит, хүчирхэг бөгөөд шаардлагатай зүйл юм.
Хэрэв та энэ хүчирхэг өөрчлөлтийг мэдрээгүй бол би та нараас ийн асууя. Та наманчилж мөн нүглийнхээ ангижралыг хүлээн авсан уу? Та ариун судруудаас суралцдаг уу? Та Христэд итгэх гуйвшгүй итгэлтэй болохын тулд мацаг барьж, залбирдаг уу? Танд бүхий л зүрх сэтгэлээрээ Их Эзэнд найдах хангалттай итгэл бий юү? Та энэ итгэлдээ гуйвшгүй зогсож байна уу? Та бодол санаа, үг, үйлдлээ хянаж, Бурханы зарлигуудыг сахидаг уу? Та эдгээр зүйлийг хийснээр үргэлж баясаж, Бурханы хайраар дүүргэгдэж, мөн нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах болно. Хэрэв та нүглийнхээ ангижралд үлдвэл илааршиж, эдгэрэн, өөрчлөгдөх болно!
Есүс Христ биднийг нүглээс цэвэршүүлж, нүгэлт байдлаас эдгээх хүчтэй. Тэр аврах хүчтэй тул Тэрээр өөрчлөх хүчтэй. Хэрэв бид чадах бүх өөрчлөлтөө хийж, итгэлээ хөгжүүлж, Түүнд зүрх сэтгэлээ өгөх юм бол Тэрбээр зүрх сэтгэлийн энэхүү хүчит өөрчлөлтийг хийх бидний дотор байх Өөрийн хүчийг ашиглах болно (Алма 5:14-ийг үзнэ үү).