2020
Өнгөрсөн үе чинь таныг арагш чангаагаад байна уу?
2020 оны 4-р сар


Өнгөрсөн үе чинь чамайг арагш чангаагаад байна уу?

Аврагч үнийг нь аль хэдийн төлсөн. Түүний гараас барин урагшил.

Саяхан бишоп маань Христээр авахуулахад зориулан ариун ёслолын ширээн дээр орхиж болох өөрсдийн нэг гэм нүгэл эсвэл сул талын талаар бодож үзэхэд тойргийнхноо урьсан. Залуу насны минь амьдралын туршид надад залбираад ч мөн өөрийн хүч чадлаар орхихыг хичээсэн ч дийлж чадаагүй тийм гэм нүглүүд байдаг. Он жилүүдийн туршид өсөж хөгжиж байсан хэдий ч, би цаашид илүү өсөж хөгжихийн тулд эдгээрийг даван гарах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан.

Ням гарагт хэлсэн бишопын энэ уриалгын дараа би энэ гэм нүглүүдээсээ нэгийг нь Аврагчийн болон Түүний цагаатгагч золиосын биет төлөөлөл болсон ариун ёслолын ширээ рүү аваачихаар шийдсэн юм. Ариун ёслолоос хүртэхээр бэлдэж байхдаа би энэ бүтээлэг нь Түүнийг оршуулсан даавуу бөгөөд талх, ус бол Түүний бие болон цусыг төлөөлдгийг саналаа.

Би чин сэтгэлээсээ, зүрх сэтгэлийнхээ бүхий л чадлаар Тэнгэрлэг Эцэгээс туслахыг гуйж, гэм нүглээ орхихыг амлан, дотроо залбирч, ариун ёслолын гэрээгээ шинэчилсэн. Гэтэл миний хэзээ ч бодож байгаагүй зүйл болох гэм нүгэл үйлдэх гэсэн хүсэл минь огт байхгүй болов. Би хэд хэдэн удаа энэ аргыг туршиж үзсэн ба бусад нүглийн хувьд ч яг адил зүйл тохиолдсон. Энэ үнэхээр үнэн байсан уу?

Өөрийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэх

Дараагийн долоо хоногт ариун ёслолын ширээн дээр ямар гэм нүглээ орхихоо би мэдэж байсан ч бэлэн байгаа гэдгээ мэдэрч чадахгүй байв. Эргээд бодоход зүрх сэтгэл маань яг байх ёстой газраа биш байсныг би ухаарсан. Би өөрчлөгдөхийг чин сэтгэлээсээ хүсэхгүй байв. Гэсэн ч гэм нүгэл Тэнгэрлэг Эцэгийг хэр их шаналган зовоодгийг би ойлгосон юм. Эрх чөлөөтэй болохын тулд өөрийн хүслийг Түүнийхтэй нийцүүлэх, амьдралаа Түүн дээр төвлөрүүлэх хэрэгтэй гэдгийг би мэдсэн. Ингээд үүнийг бодит байдал болгохын тулд би бүхий л чадлаараа хичээв.

Гэм нүгэл үйлдэхэд уруу татах гэсэн оролдлого бүрээс би зайлсхийж байлаа. Би өдөр бүрийн судар унших аргаа өөрчилж, үнэнээсээ тунгаан бодож, амьдралдаа хэрэгжүүлдэг болсон. Би өөрчлөгдөх амлалтдаа чин үнэнч байхад төвлөрч байсан ба өдөр бүр Их Эзэний хүслийг өөрийн хүслээс дээгүүр тавихыг хичээж байв. Би Аврагчийн Цагаатгалын хүч байхгүй бол энэ гэм нүглийг орхиж чадахгүй байсан гэдгээ мэдэж байсан учир Түүнийг нэгдүгээрт тавьсан. Түүнийг үргэлжлүүлэн нэгдүгээрт тавьснаар би энэ гэм нүглийг ариун ёслолын ширээн дээр орхиж чадсан юм. Би эцэст нь олон жилийн турш намайг арагш чангааж байсан тэр нэгэн зүйлээс салсан байв.

Энэ үйл явцын туршид би Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт ойртож, өсөж хөгжиж чадсан билээ. Энэ олон жилийн туршид сүнслэг өсөлт дэвшлийг минь хаагаад байсан тэрхүү гэм нүгэлдээ намайг буугаад өгчих вий хэмээн Тэд тэвчээр, хайраар над руу дээрээс минь ширтэн харсаар байсан тухай би төсөөлөн бодсон. Тэгээд намайг бууж өгөхөд бэлэн байх яг тэр үед Есүс Христ гараас минь барьж аван, өршөөл, хүч чадлыг өгч, намайг өргөхөөр тэнд байх болно. Тэр Өөрийн Цагаатгалаар дамжуулан гэм нүглээсээ чөлөөлөгдөх замыг надад аль хэдийн бэлдсэн байсан. Тэрээр миний сул тал, алдаа дутагдал, нүглийн төлөөсийг төлсөн билээ. Би Түүнд зөвхөн итгэж найдах хэрэгтэй байсан.

Та урагшилж чадна

Энэ хугацааны туршид би Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын (1928–2015) зарим үгээс уншсан бөгөөд энэ нь надад хэрэгтэй жижигхэн түлхэгч хүч болж чадсан. “Хэрэв амьдрал чинь эмх замбараагүй, та тав тухгүй, зохистой бус мэдрэмжтэй байгаа бол … бүү санаа зов. Тэр аль хэдийн энэ бүхнийг мэдэж байдаг. Тэрээр таныг даруухнаар өвдөг сөгдөн эхний хэдэн алхмаа хийхийг чинь хүлээж байгаа. Хүч чадлын төлөө залбир. … Зүрх сэтгэл рүү цутган орж ирэх Аврагчийн хайрын төлөө залбир.”1

Дараагийн долоо хоногт нь биднийг (миний дуртай дуулал) “I Stand All Amazed”-ыг дуулж байх үед үг бүр нь үнэн байсан ба арав гаруй жилийн туршид айн түгшиж тэмцэж байсан зүйлс маань алга болсон байсанд би үнэхээр гайхширсан юм. Аврагчийн Цагаатгалын хүчээр урагшилж чадах болсондоо би эмээсэн. Тэрээр бүх нүгэл, шархыг ор мөр үлдээлгүй эдгээж чадна. Тэгэхээр бид өнгөрснөөсөө эргэн зуурах шаардлагагүй.

Надад одоо ч гэсэн сурах, давж гарах олон зүйл бий, харин амьдрал минь дээш чиглэж байгаа. Би одоо илүү их баяр хөөр, амар амгаланг мэдэрч байна. Би илүү их талархаж байна. Би Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрт илүү ойр очиж, Тэдний талаарх гэрчлэл минь хүчирхэгжиж байна. Өдөр бүр дахин хичээхийг сонгосноор Тэдэн рүү нэг алхам ойртож, Тэдний мэдэх нэгэн болж чадна гэдгийг би мэднэ.

Эшлэл

  1. Ричард Г.Скотт, “True Friends That Lift,” Ensign, 1988 оны 11-р сар, 77.