Залуучуудад зориулав
Ганц бие байхдаа аз жаргалтай байж сурах нь
Би буруу аргаар болзож байснаа ойлгосон.
“Яагаад бусад хүн болзож, хөгжилтэй байдаг юм бол?”
“Би яагаад гэрлээгүй юм бэ?”
“Би яачихсан юм бол оо?”
Ихэнх ганц бие залуу эдгээр асуултыг дор хаяж нэг удаа өөрсдөдөө тавьж байсан байх! Мөнхийн ханиа хайх нь хамгийн үнэнч хожмын үеийн гэгээнтнүүдийн ч итгэл, найдварыг шалгаж болно. Тийм ээ, миний хувьд ч гэсэн болзох хэцүү байсан.
Миний хувьд гэрлэлт ямагт гайхалтай адал явдал мэт санагддаг байсан бөгөөд багаасаа гэрлэхийг тэсэн ядан хүлээдэг байв. Гэвч коллежид сурч байхдаа болзож үзээд, бүтэлгүй юм шиг санагдахаар би сэтгэлээр унадаг байсан. Хэдийгээр би олон удаа болзож, хэд хэдэн ноцтой харилцаа үүсгэж, амжилттай яваа, сонирхол татахуйц эмэгтэйчүүдтэй танилцаж байсан ч гэрлээгүй юм. Би хувьдаа энэ бүх бүтэлгүй харилцааг өөрийнхөө доожоогүй, сэтгэл татам биш байгаагийнх гэж бодох болов.
Мэргэжлээрээ ажиллаж эхлээд, хэд хэдэн удаа болзоод бүтэлгүйтсэний дараа ганц бие байгаадаа улам гутарч байлаа. Миний юу болохгүй, гэрлэж байгаа хүмүүсийн юу нь болоод байгааг асуух л надад амархан санагдаж байв. Миний патриархын болон нэлээн хэдэн санваарын адислал дээр намайг мөнх бус амьдралдаа зөв шударга эмэгтэйтэй лацдан холбогдох болно хэмээн онцгойлон, тодорхой хэлсэн байсан. Тийм байхад яагаад энэ нь тохиолдохгүй байна вэ?
Би “Бурханы надад зориулсан төлөвлөгөөг нураах ямар нэгэн зүйл хийчихсэн юм болов уу?” ч гэж бодож үзэв.
Эцэст нь залбирч, судраас судалж мөн ариун сүмд очих зэргээр олон жил Бурханы өмнө өөртэйгөө “тэмцэлдсэний” эцэст би өөрийн нөхцөл байдлын талаар өөрийн найз, зөвлөх Брэдээр (нэрийг өөрчлөв) дамжуулан илчлэлт хүлээн авсан юм. Биднийг зөвлөлдөж байх үеэр тэр “Чиний аз жаргал өөр хэн нэгнээс биш, зөвхөн чамаас шалтгаална. Чи ганц бие байхдаа аз жаргалтай байвал ямар ч нөхцөл байдалд аз жаргалтай байж чаддаг болно” гэж хэлсэн. Үүний адил, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой” гэж заасан байдаг (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 71).
Сүнс эдгээр үгийг миний зүрх сэтгэлд хүчтэй хүргэж нөлөөлснөөр миний үзэл бодол бүхэлдээ өөрчлөгдөж билээ. Би ганцаараа байхгүйн тулд, гэрлэх хэрэгцээ буюу өөрийн нөхцөл байдал дахь хэрэгцээгээ хангахын тулд болздог байснаа ойлгосон.
Энэ бол мөнхийн хайрт хань руу минь хөтөлнө гэж бодож буй арга зам биш байсан нь мэдээж! Их Эзэн Брэдээр дамжуулан охид, хөвгүүддээ зориулсан төлөвлөгөө нь тэднийг хэрэгцээ шаардлага, соёлын дарамт шахалт эсвэл айдас дээр үндэслэн гэрлэхэд зориулагдаагүй гэдгийг надад эвтэйхэн гэгч заасан. Гэрлэлт Христийнхтэй адил хайр дээр үндэслэдэг. Дараа нь миний гэрлээгүй байдал надад ашиг сонирхол дээр биш, харин цэвэр хайранд суурилан амьдрахыг мөн гэрлэлтийг эрж хайх ёстойг зааж чадна гэдгийг Тэр надад ойлгуулсан. Гэрлэлтийг зөв учир шалтгаанаар эрэлхийл.
Би энэ туршлагаараа дамжуулан болзоондоо гутрах болгондоо санаж байх гурван үнэнийг олж мэдсэн билээ. Үүнд:
-
Таны үнэ цэн гэрлэсэн эсэхээс тань шалтгаалдаггүй. Исаиа “[Бурханы] бодол санаа [бидний] бодол санаа биш” (Исаиа 55:8) хэмээн заасан. Би өөрийнхөө ганц бие байгааг үнэ цэн багатай байгаагийн үр дүн гэж боддог байсан. Гэвч ганц бие байдал маань намайг төлөвлөсөн цаг хугацаандаа гэрлэснээс илүү сайн гэрлэлтэд бэлтгэж байгаа гэдгийг ойлгоход Бурхан надад тусалсан. Гэрлэлт миний үнэ цэнтэй ямар ч хамаагүй байв.
-
Бэлтгэлтэй байдал нь санаа зовнил, айдсыг арилгадаг. Их Эзэн бидэнд “хэрэв [бид] бэлтгэлтэй бол эмээх нь үгүй” (Сургаал ба Гэрээ 38:30) хэмээн хэлсэн. Бурханы хүслийг эрэлхийлж мөн дагах нь гэрлэлттэй холбоотой өмнөх айдас, бухимдлаасаа салахад надад тусалсан. Энэ нь ирээдүйд болох аливаа зүйлд өөрийгөө бэлдэхдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тусалсан.
-
Ганц бие байхад баяр баясгалантай зүйлс байдаг. Ганц бие байх нь сэтгэл хөдлөм аяллаар явах боломжтой байх, ажил дээрээ өсөж хөгжих, Сүмд үйлчлэх арга замуудаар намайг адисалсан. Би гэрлэж, үр хүүхэдтэй болохыг хүссэн хэвээр боловч Бурхан миний хажууд хань байгаа эсэхээс үл хамааран Түүний хаант улсад хэчнээн их хийх зүйл байгааг ойлгоход надад тусалсан юм.
Би одоо хүртэл гэрлээгүй байгаа. Одоо миний болзоо, гэрлэлтийн талаарх бодол өөрчлөгдсөн ч гэсэн миний эхнэр гайхамшигт арга замаар гарч ирээгүй л байгаа бөгөөд би заримдаа болзооноос болж бухимдах зүйл гарна гэдгийг мэддэг болсон. Гэхдээ гэрлэлттэй холбоотой олон айдас, санаа зовнил маань арилсан. Би одоо Их Эзэн бид хоёрыг энэ болон мөнх амьдралын аль алинд нь буюу Түүний надад өгсөн мөнхийн адислалууд хийгээд амлалтуудыг гүйцэлдүүлэхээр хамтдаа ажиллах үед ганц бие байх нь ерөнхийдөө дажгүй зүйл гэдгийг мэддэг болсон.