2020
Мөнхийн ханиа олохдоо өөрийгөө шахахгүй байх нь
2020 оны 6-р сар


Залуучуудад зориулав

Мөнхийн ханиа олохдоо өөрийгөө шахахгүй байх нь

Зураг
women squeezing balloon

Сүм Польшид маш жижигхэн. Үнэндээ Сүм Зүүн Европт хаа сайгүй л жижиг байдаг. Манай тойрог, гадсанд байтугай бүхэл улс даяар бидний насны Сүмийн гишүүд тийм их байдаггүй. Аз болоход, Европын олон оронд жил бүр ганц бие залуучуудад зориулсан чуулганууд зохион байгуулагддаг.

Эдгээр чуулган “төгс тохирох” хүнээ олоход тань туслах зорилгоор бус, харин залуучуудад адил итгэл үнэмшилтэй шинэ найз нөхөдтэй болж, сүнслэг туршлагаа бусдад ярих замаар тэдний итгэлийг хүчирхэгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг.

Үерхэж нөхөрлөхөд төвлөрөх

Би 2010 онд Польшт болсон чуулганы үеэр Радутай танилцаж байсан. Тэр Румын улсын иргэн байв. Бид товч ярилцаад өнгөрсөн ч тэр удалгүй номлолдоо гарсан ба бид гурван жилийн дараа өөр нэг Ганц бие залуучуудын чуулган болтол тааралдаагүй. Тэнд үнэндээ бидэнд бие биетэйгээ танилцах багахан цаг гарсан ч би сарын дараа номлолдоо гарах гэж байв. Раду надад сайн сайхан бүхнийг хүсээд, “холбоотой байцгаая” гэлээ. Би түүнийг холбоо барина гэж бодоогүй байсан ч тэр холбоо барьсан юм. Намайг номлолд байх хугацааны туршид тэр захиа бичсээр байсан. Түүний захидалд романтик зүйл байдаггүй байсан ч тэр миний сайн найзуудын нэг болсон байсан. Түүний надад болон номлогчийн ажилд хүндэтгэлтэй ханддаг байсан нь надад таалагддаг байв.

Би гэртээ харьж, Раду бид хоёр бие биенээ зохих ёсоор таньж мэдэх боломжтой болсондоо хоёулаа баяртай байсан. Бид олон жилийн дараа л энэ бүхнийг боломжтой болгосон юм. Бид хамтдаа цагийг өнгөрөөхөөр аль алиндаа боломжийн уулзах газар (тухайн үед Бельги байсан) сонгов . Бид ярилцсаар, ярилцсаар л, олон зүйл ярилцдаг байв.

Бид харилцаандаа ямар ч дарамт шахалт үүсгээгүй юм. Бид нөхөрлөж, бие биенээ зүгээр л таньж мэдэхэд анхаарлаа хандуулсан. Бид үргэлж хамтдаа маш хөгжилтэй байдаг байсан. Гэхдээ бас хамгийн чухал зүйлсийн талаар маш чухал, гүн гүнзгий яриа өрнүүлдэг байлаа. Хэсэг хугацааны дараа бидний нөхөрлөл улам гүнзгийрсэн. Бид бараг өдөр бүр Skype-аар ярьдаг байсан бөгөөд яваандаа бид орой хамт залбирч эхэлсэн юм. Бид сүүлдээ хэдэн сар болоод л бие биенийхээ улсаар аялж эхлэв.

“Энэ талаар залбирцгаая”

Хэсэг хугацааны дараа бидний үерхэл илүү гүнзгийрч байгаад миний санаа зовж эхэлж билээ. Тэр румын хүн. Харилцаа маань гэрлэлтэд хүргэж, бидний хэн нэгийг өөр улс руу нүүхэд хүргэх байсан тул би холын харилцааг хүсэхгүй байв. Би үүнд бэлэн гэж бодохгүй байсан.

Намайг нэг өдөр үүнд бүр их санаа зовж байх үед Раду надад нэгэн энгийн боловч хүчирхэг зарчмыг сануулсан юм. Тэр “харилцааныхаа талаар залбираад, ямар мэдрэмжтэй байх нь вэ үзье” гэлээ.

Би урьд нь яагаад харилцааныхаа талаар залбирах тухай бодож үзээгүйгээ ойлгоогүй юм. Гэвч энэ нь миний тэр үед хүлээн авсан хамгийн сайн зөвлөгөө байсан. Тиймээс би удирдамж хүсэн залбирсан.

Тэр үед надад тодорхой хариулт ирээгүй боловч Радутай улам сайн танилцъя гэж шийдэв. Хэрэв бид харилцаагаа үргэлжлүүлэх ёсгүй бол Тэнгэрлэг Эцэг надад сэрэмжлүүлэг өгнө гэдэгт би итгэлтэй байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр миний асуултын хариу ирсэн. Би Радугийн талаар гэрийнхэн болон найзуудтайгаа ярилцсан ба ярилцах тоолондоо би зөв зүг рүү явж байгаадаа итгэлтэй болж байв.

Удалгүй нэгэн хөгжилтэй бодол орж ирсэн юм. Нэг орой Радутай Skype дээр гайхалтай яриа өрнүүлсний дараа би “Тэр үнэхээр миний хамгийн сайн найз шүү. Би үүрд түүний найз болмоор байна!” гэж өөртөө хэлэв. Ингэж л надад орж ирсэн юм. Гэнэт доторх дуу хоолой минь миний бодолд хариулав. “Тэгвэл чи түүнтэй гэрлэх хэрэгтэй!” Тэнгэрлэг Эцэг Радутай үүсгэсэн харилцаанд минь тааламжтай байгааг би мэдсэн юм. Тэр миний хамгийн сайн найз бөгөөд бид хамтдаа аз жаргалтай байж чадна гэдгийг би ойлгосон.

Ханиа олохдоо өөрийгөө шахахгүй байх нь

Тиймээс би Румын руу нүүж, Радутай гэрлэсэн. Би Румынд амьдарна гэж хэзээ ч бодож байгаагүй. Бид одоо гэрлээд, дөрвөн жил болж байгаа бөгөөд Амилиа гэдэг хөөрхөн охинтой болсон.

Би таны юу гэж бодож байгааг гадарлаж байна. Би бол Ганц бие залуучуудын чуулган дээр “заяаны хань”-тайгаа учирсан ганц бие залуучуудын нэг бөгөөд бүх зүйл сайхан болж өнгөрсөн. Гэхдээ тийм биш ээ. Миний энэ түүхийг танд хэлэх шалтгаан бол мөнхийн ханиа олох гэж өөрийгөө шахахаа больж, оронд нь Бурханд таныг удирдан чиглүүлэх боломжийг олгох явдал юм.

Би нөхөртэй болох гэж эдгээр ганц бие залуучуудын чуулганд явсан гэж үү? Үгүй.

Би тэнд танилцах залуучуудын нэгийг нөхрөө болно гэж бодсон уу? Чухамдаа бол тийм биш.

Харин би гэрлэхийг хүсэж байгаа хүнээ олохын тулд өөртөө дарамт шахалт үзүүлэлгүйгээр, бусадтай холбоо тогтоож, нөхөрлөхийн тулд эдгээр чуулганд явсан. Эхэндээ Раду бид хоёрын харилцаа тийм л байсан.

Мөнхийн ханиа болж өгвөл аль болох хурдан ол гэсэн дарамт шахалт нь заримдаа үнэхээр бодит дарамт болдог. Гэвч мөнхийн харилцаанд цаг хугацааны хязгаар үгүй бөгөөд үүнд стрессдэх шаардлагагүй. Амьдрал нь гэрлэх гэхээсээ илүү бид өөрийнхөө хамгийн сайн хувилбар болж, Бурханд төлөвлөгөөнийхөө дагуу бидний амьдралд ажиллах боломжийг олгох явдал юм. Тийм ээ, бид бүгдээрээ гарч, үйл ажиллагаанд оролцон, хүмүүстэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болж, тав тухтай бүсээсээ гарах ёстой. Гэвч бид “хэн нэгнийг хайж олохын тулд байнга сэргэг байхгүй бол амьдралын бүх төлөвлөгөөгөө бүтэлгүйтүүлнэ” гэхийн оронд “Би цагийг хөгжилтэй өнгөрөөж, гайхалтай найз нөхөдтэй болно” гэсэн бодолтойгоор хийх хэрэгтэй.

Раду сүй тавьсныхаа дараа, таалагддаг охид нь түүнийг бага зэрэг стрессдүүлдэг байсан ч намайг тэгж байгаагүй гэж надад хэлсэн юм. Тэр бидний нөхөрлөлийн ачаар үргэлж тайван байж, өөрөөрөө байж чаддаг байсан гэсэн юм.

Тиймээс өөрийгөө хүрээлэх сайн хүмүүсийг олж, одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун бай. Үнэнийг хэлэхэд, стрессдэхээ больж, зүгээр найзалж, нөхөрлөн, өөрийн хэн гэдэгт мөн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж сурвал амьдрал илүү их таатай болно.

Бидний ирээдүйд зориулсан Бурханы төлөвлөгөөнд итгэх

Раду бид хоёр төгс биш. Бид үнэхээр “төгс” хүн хайлгүй, өөрсдийнхөөрөө байсан. Миний анзаарснаар та өөрийн хэн болох мөн өөрийн амьдарч буй байдлаар бусдын анхаарлыг ихээр татаж байдаг. Та Есүс Христийг дагахыг хичээснээр Түүнийг дагахын төлөө чадах бүхнээ хийж буй хүмүүсийн анхаарлыг ч бас татах болно.

Бид өөрсдийгөө сайжруулж, Бурханы харж хандаж байгаад бүрэн итгэж найдах үедээ Түүний мутрыг амьдралдаа урьж, мөн Түүний мутрыг таньдаг болсноор ирээдүйд айх шаардлагагүй юм гэдгийг би ойлгосон. Их Эзэний Нифайд юу гэж заасныг санагтун. “Мөн түүнчлэн аглаг буйдад би та нарын гэрэл байх болно; мөн би та нарын өмнө замыг бэлтгэнэ, хэрэв та нар миний зарлигуудыг дагавал; иймийн тул, та нар миний зарлигийг дагахын хэрээр, та нар амлагдсан нутгийн зүг удирдагдах болно; мөн та нар надаар удирдагдаж байгаагаа мэдэх болно” (1 Нифай 17:13).

Бид өөрсдийн цаг хугацаанд тодорхой хүлээлт, үе шатыг биелүүлээгүйн төлөө өөрийгөө байнга дарамтлан шахах ёсгүй. Үнэндээ Тэнгэрлэг Эцэгийн цаг хугацаа биднийхээс өөр бөгөөд мөнхийнх юм. Бидний эрж хайж буй адислал бүрийг гүйцэлдүүлэх төлөвлөгөө Түүнд бий. Бид Түүний төлөвлөгөөнд итгэж, мөн ямар ч нөхцөл байдалд байсан сэтгэл хангалуун байвал бид жинхэнэ аз жаргалыг олох болно. Түүний төлөвлөгөө үргэлж бидний өөрсдөдөө зориулсан төлөвлөгөөнөөс илүү дээр байдаг.

Хэвлэх