Христийн мэндэлсний баяр бол хайр
Ах, эгч нар аа, та нар хэчнээн сайхан харагдаж байна вэ? Жил бүр Христийн мэндэлсний баярын Тэргүүн Зөвлөлийн энэхүү онцгой цугларалтаар Христийн мэндэлсний баяраа эхлэх онцгой аз завшаан надад тохиодог билээ. Би энэ танхимд цугласан та бүгдэд болон энэхүү онцгой цугларалт дээр хэлсэн үгсийг хаа сайгүй сонсож байгаа бүх хүмүүст хайраа илэрхийлж байна.
Онцгой утга учир бүхий Христийн мэндэлсний баярын улирал нь баярын нулимсыг дуслуулж, Бурханд бүхнээ зориулахад сүнслэгээр нөлөөлөн, “Калвари” хэмээх сэтгэл уярам сайхан дуунд өгүүлдэг шиг “ядарсанд амралтыг, сэтгэл санаанд амар амгаланг” өгдөг билээ.
Гэвч бид энэхүү баярын уур амьсгалтай улирлын дарамт шахалтын нөлөөнд автан амьдралдаа байлгахыг хичээдэг жинхэнэ сүнслэг байдлын учир утгаа амархан алдагдуулж мэдэхээр байна. Жилийн энэ үеийг хэтэрхий нүсэр тэмдэглэх нь бидний олонхийн маань хувьд жирийн зүйл болжээ . Энэ бүгдийн шалтгаан нь оролцож болох хэт олон баярын үйл ажиллагаа, элбэг хангалуун ууж идэх зүйлс, хэтэрхий их мөнгө зарцуулах, дэндүү ихийг бусдаас хүсэн хүлээх зэрэг байж болох юм. Христийн мэндэлсний баярын үеэр зохион байгуулагддаг үйл ажиллагаанууд нь Аврагчийн төрөлтийг дурсан тэмдэглэж үүнээсээ бид эгэл даруухан баяр баясгаланг мэдрэх ёстой байтал харин энэ нь биднийг бухимдах, дарамт шахалттай байх улмаар ядрахад хүргэж байна.
Христийн мэндэлсний баярын жинхэнэ баяр баясал нь олон зүйлийг яаруу тэвдүү хийх эсвэл олон бэлэг худалдаж авснаар ирдэггүй. Харин бид энэ баярын үеэр Аврагчийг өөрсдийн бодол санааныхаа төвд байрлуулснаар жинхэнэ баяр баяслыг олж чаддаг. Энэ дэлхий дээр биднээр хийлгэхийг хүсдэг зүйлүүдийг хийснээрээ бид Түүнийг бодол санаа болон амьдралынхаа төвд байлгаж чадна. Ялангуяа, жилийн энэ үед нөхдөдөө үйлчилж, тэднийг хайрласнаар Түүний үлгэр жишээг дагацгаая.
Манай нийгмийн нэг хэсэг нь настай хүмүүсийг ялангуяа ганцаардлын зовлон амсаж буй өндөр настнуудыг хайрлах хайраа илэрхийлэхийг хүсч байдаг. Өндөр настнууд болон энэ амьдралыг орхин одох нь хаяанд ирээд байгаа хүмүүсийн итгэл найдвар буурч унтрах нь нийтлэг тохиолддог зүйл юм.
Олон жилийн тэртээ Ахлагч Ричард Эвансын ийн бичсэн: “Насны наран хэвийж, ганцаардлын гунигийг зүрх сэтгэлдээ тээж яваа хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ гэвэл, биднийг залуу байхад бидэнд хамт олон, найз нөхөд хэрэгтэй байдаг шиг, бид өөрсдийгөө бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэхийг хүсдэг шиг, хайрлагч зүрх сэтгэл, туслагч гарыг эгээрэн эрэлхийлдэг шиг яг тийм хэрэгцээ өндөр настнуудад бий болдог. Тэд өөрсдөд нь хэн нэг нь албан үүргийнхээ дагуу анхаарал халамж тавин, амьдрах нэг өрөө байр өгөхийг биш, харин хэн нэгний зүрх сэтгэл, амьдралд нь байр суурьтай байхыг хүсдэг. …
Бид тэднийг залуу зандан насанд нь буцаан авчирч чадахгүй ээ. Гэвч бид сайхан сэтгэлээрээ, тусламж дэмжлэгээрээ, чин сэтгэлийн хайраараа өтөл насанд нь тэдний сэтгэлийг бүлээцүүлж, урам дэм хайрлаж чадна.”1
Ах, эгч нар аа, жинхэнэ хайр бол Аврагчийн хайр юм. Бид жил бүрийн арванхоёрдугаар сард энэхүү хайрыг Христийн мэндэлсний баярын сүнс хэмээн нэрлэдэг. Та үүнийг сонсож чадна. Та үүнийг харж чадна. Та үүнийг мэдэрч чадна.
Би саяхан хүүхэд ахуй үеийнхээ нэгэн туршлагыг эргэн саналаа. Би дөнгөж 11 хүрээд байх үед манай Хүүхдийн Хэсгийн ерөнхийлөгч нь Мелисса гэдэг хижээлдүү насны, буурал үстэй, ялдамхан эмэгтэй байлаа. Мелисса нэг өдөр Хүүхдийн Хэсэгт намайг үлдэж өөртэй нь уулзана уу гэж хүссэн юм. Тэгээд бид хоёр хүнгүй танхимд хоёулхнаа сууж байлаа. Тэр миний мөрөн дээр гараа тавиад уйлж эхлэв. Би гайхаж, яагаад уйлж байгааг нь түүнээс асуув.
“Би Трейл Буйлдерийн хөвгүүдийг Хүүхдийн Хэсгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр хүндэтгэлтэй байлгаж чадахгүй нь ээ. Чи надад туслах уу, Томми?” гэж тэр хариуллаа.
Би Мелиссад туслах болно гэж амласан юм. Хүүхдийн Хэсэгт хүндэтгэлгүй байна гэдэг асуудал нь цаашид байхгүй болсон бөгөөд энэ нь Мелиссад бус харин надад хачирхалтай санагдаж билээ. Тэр гол асуудлын эх үүсвэр болсон надад хандсан. Уг асуудлын шийдэл нь хайр байсан юм.
Он жилүүд улиран өнгөрсөөр эдүгээ Гайхамшигт Мелисса нас сүүдэр 90 гарч Солт Лейк хотоос баруун хойш орших өндөр настны асрамжийн газарт амьдарч байна. Христийн мэндэлсний баярын өмнөхөн би Хүүхдийн Хэсгийн хайртай ерөнхийлөгчөө эргэж очихоор шийдэв. Би машины радиогоор “Сонсоцгоо! Тэнгэр элчүүд саяхан мэндэлсэн Хааныг магтан дуулж байна!”2 хэмээх дууллыг сонсоод олон жилийн тэртээ мэргэдүүдийн айлчлан очсон үйл явдлыг тунгаан бодов. Тэд алт, гүгэл, мирийг Түүнд бэлэг болгон авч очиж байсан билээ. Харин би зөвхөн хайрыг хийгээд баярласан шүү танд хэмээн хэлэх хүслийг Мелиса руу бэлэг болгон авч явж байлаа.
Би Мелиссаг зоогийн өрөөнд байхад нь очиж уулзав. Тэр тавагтай хоол руугаа ширтэн харж, үрчлээтсэн гарандаа барьсан сэрээгээрээ тавгаа тогшиж суулаа. Тэр хоолноосоо огт амсаагүй байлаа. Намайг түүнд хандан ярьж эхлэхэд миний үгс уян зөөлөн боловч хөндий, гайхсан харцтай тулж байв. Би гараас нь сэрээг нь авч, хоолноос нь сэрээдэн Мелиссагийн аманд хийнгээ, Хүүхдийн Хэсэгт дуудлагатай байх үедээ түүний хөвгүүд, охидод хэрхэн үйлчилдэг байсан тухай зогсолтгүй ярьсаар байв. Тэр ганц ч үг хэлсэнгүй намайг танихгүй байгаа бололтой, гайхан ширтсээр байлаа. Асрах байрны өөр хоёр оршин суугч намайг гайхан харж байснаа, тэдний нэг нь, “Түүнтэй яриад хэрэггүй ээ. Мелисса хэнийг ч, тэр ч байтугай өөрийн гэрийнхнээ ч таньдаггүй юм. Энд байх хугацаандаа тэр ганц ч үг хэлж байгаагүй ” гэж хэлсэн юм.
Хоолны цаг дуусав. Өөрөө өөртэйгөө ярьсан яриагаа өндөрлөөд, би явахаар босч, түүний бяцхан гарыг гартаа атгаад, үрчлээтсэн боловч толиотой хэвээрээ байгаа нүүр рүү нь ширтэн харж, “Бурхан таныг ивээх болтугай, Мелисса. Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе” гэлээ. Гэтэл тэр гэнэт ам нээж, “Би чамайг таньж байна. Чи бол Миний Хүүхдийн Хэсгийн хөвгүүн Томми Монсон байна. Би чамд хэчнээн хайртай гээч” гэж хэллээ. Тэр гарыг минь уруулдаа хүргэж хайраар дүүрсэн үнсэлтийг өгсөн юм. Хацрыг нь даган нулимс урсаж, бид хоёрын атгасан гарыг норгов. Тэдгээр гар бас тэр өдрийг тэнгэр ариусгаж, Бурхан ивээсэн юм. Тэнгэр элчүүд ч дуулав. “Эмэгтэй, энэ бол таны Хүү!” гээд, мөн нэг шавьдаа, “Энэ бол таны ЭХ!”3 гэж хэлсэн Их Эзэний үгс тэр өдөр бидний хувьд жинхэнэ утга учраа олсон юм.
Тэр агшинд Бетлехемээс дараах үгс цуурайтах шиг санагдаж билээ:
Огт аниргүйгээр, огт аниргүйгээр
Энэ бэлгийг өгсөн юм!
Ийн Бурхан хүмүүний зүрхэнд
Тэнгэрийн бэлгээ өгсөн юм.
Түүний ирснийг үл мэдэн,
Энэ гэмт хорвоо нойрсоно.
Түүнийг даруу төлөв сэтгэлтнүүд угтан авахад,
Tэр амьдралд нь орно.4
Ерөнхийлөгч Давид О.МэкКей: “Жинхэнэ аз жаргал нь бусдыг аз жаргалтай болгосноор ирдэг. … Христийн мэндэлсний баярын [сүнс] … бидний зүрх сэтгэлийг ах дүүгийн хайр, жинхэнэ нөхөрлөлийн мэдрэмжээр дүүргэж, үйлчлэлд өдөөн дууддаг билээ. Энэ бол Есүс Христийн сайн мэдээний сүнс юм.”5 хэмээн хэлсэн байдаг.
Христийн мэндэлсний баярын энэ үеэс илүү сайхан цаг бидэнд үгүй билээ. Учир нь бид бүгд Есүс Христийн заасан зарчмуудад бие сэтгэлээ бүрэн зориулдаг. Энэ бол бид Их Эзэн Бурханаа бүх зүрх сэтгэлээрээ, мөн хөршүүдээ өөрсөд шигээ хайрладаг цаг үе мөн. Мөнгө өгдөг хүн ихийг өгдөг, цаг заваа зориулдаг хүн бүр ихийг өгдөг, харин өөрийгөө өгдөг хүн бүх зүйлээ өгдөг гэдгийг санахад бахархмаар байна.
Христийн мэндэлсний баярыг жинхэнэ утга учрыг нь харуулан тэмдэглэцгээе. Бид өөрсдөө л утга учрыг нь баллахаар зүйл хийхгүй бол энэ баяр нь гялгар саа, тууз төдийхнөөр тэмдэглэгдэх баяр биш билээ. Христийн мэндэлсний баяр нь авах бодолгүйгээр харин өгөхийн сүнсээр дүүрэн байх ёстой юм. Хэрэв бид хүмүүс баяр баясгалантай байгааг харвал энэ нь аз жаргал мөн. Христийн мэндэлсний баяр бол өөрийгөө мартаж, бусдын төлөө цаг заваа зориулах үе мөн. Энэ бол утга учиргүй зүйлсээс зайлсхийж, жинхэнэ үнэ цэнэтэй зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэх цаг мөч мөн. Бид Аврагчийн сургаалуудад амар амгаланг олдог учраас энэ баяр жинхэнэ амар амгаланг бидэнд өгдөг. Энэ үе бол бидний зүрх сэтгэл аль ч үеэс илүү дүүрэн энэрлээр, бусдыг хайрлах хайраар бялхтал цалгих цаг хугацаа юм.
Христийн мэндэлсний баяр гэр оронд, мөн сүмд болдог,
Христийн мэндэлсний баяр дэлгүүр, худалдааны захад болдог;
Харин энэ нь таны зүрх сэтгэлд болдоггүй бол
Та Христийн мэндэлсний баярыг мэдрэхгүй.
Цасыг нэвтлэн хонх дуугарч болно,
Баярын дуу агаарыг дүүргэж болно,
Гэвч зүрх сэтгэлд чинь баяр байхгүй бол
Танд Христийн мэндэлсний баяр мэдрэгдэхгүй.6
Бид Мэргэдүүдийн адил өөрсдийг маань удирдах хурц гэрэлтэй Алтан гадас одыг эрэлхийлэн, Христийн мэндэлсний баярыг хөршүүддээ үйлчлэх боломж болгон ашиглавал энэ баярын улирал бидний сүнслэг байдлыг өргөж, гэрлээрээ биднийг гийгүүлдэг билээ. Бид өрөвч зөөлөн, халамж хайраар дүүрэн зүрх сэтгэлээ Аврагчид бэлэг болгон өргөж мөн сүнсээрээ Бетлехем рүү аялах болтугай. Есүс Христийн адислагдсан, ариун нэрээр, амен.