Сайнаар, Талархалтайгаар Хүлээн Авагч
Ямар гайхамшигтай сайхан улирал вэ! Би энэхүү гайхалтай сайхан дуу хөгжмийг сонсож, гэрэл чимэглэлийг харан, сэнгэнэсэн жаварлаг агаарыг мэдрэх үедээ, Христийн мэндэлсний баярын сүнс зүрх сэтгэлийг минь дулаацуулж, бодгалийг минь сэргээдэг байсан амьдралынхаа олон мөчүүдийг тод томруунаар дурсан санадаг.
Та нарын олонхийн адил, Христийн мэндэлсний баярын үеийн хамгийн халуун дулаан, тод томруун дурсамжууд хүүхэд насанд маань тохиож байсан. Би энгийн даруухан нөхцөл байдалд өссөн хэдий ч эцэг эх маань Христийн мэндэлсний баяр хүүхдүүдийнх нь хувьд бахдам, баяр хөөрөөр дүүрэн байгаасай гэж хүсдэг байв. Христийн мэндэлсний баярыг онцгой үе байлгахын тулд гэр бүлийнхнийхээ төлөө тэд чадах бүхнээ хийдэг байлаа.
Хүүхдүүд бид бие биендээ зориулан бэлэг хийдэг байсан. Нэг жил нь Христийн мэндэлсний баяраар эгчдээ бэлэглэхээр зураг зурж байснаа би санадаг. Тэгэхэд тийм ч гоё зураг зурж чадаагүй ч эгч маань түүнийг эрдэнэ мэт хадгалж билээ. Тэгж хандсаных нь төлөө би түүнд хэчнээн их хайртай гээч! Өөр нэг жил, надаас 12 насаар ах, нэг ах маань надад маш үнэ цэнэтэй нэгэн бэлгийг өгч билээ. Гэрийнхээ ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс тэр нэг мөчир олж, түүгээрээ тоглоомон сэлэм хийсэн. Энэ нь гоёмсог чамин биш ч ахын минь өгсөн энэ энгийн бэлэг надад хэчнээн их үнэ цэнэтэй, хайрлам зүйл гээч!
Христийн мэндэлсний баярын хамгийн агуу баярт мөчүүдийн нэг нь зөвхөн тэдэнд зориулсан боолттой бэлгийг барьж байгаа бяцхан хүүхдүүдийн баярлаж хөөрсөн царайг харахын тулд байдаггүй гэж үү?
Гэвч нас ахих тусам, бидний бэлэг хүлээн авах тэмүүлэлтэй мөн чин сэтгэлийн талархалтай хүсэл маань буурдаг мэт санагддаг. Заримдаа хүмүүс бэлэг тэр бүү хэл урамшуулж магтсан үгийг ч хүлээн авч чадахгүй болсон байдаг. Тэд бэлэг хүлээж авсныхаа хариуд илүү үнэ цэнэтэй зүйлийг өгч байж л уг бэлгийг хүлээн авч болно гэж буруугаар боддог. Зарим нь уг бэлгийн ач холбогдлыг харахгүй, гаднах үзэмж эсвэл үнэ цэнэд нь л анхаарал тавиад, чин сэтгэлээсээ өгөгчийн гүн гүнзгий утга учрыг үл тоомсорлодог.
Энэ нь надад, Аврагчийн амьдралын сүүлчийн орой болсон явдлыг санагдуулдаг. Тэр Өөрийн хайрт дагалдагч нарыг тойруулан суулгаад, талх хуваан өгч, мөн тэдэнд хамгийн сүүлийн үнэт сургаалуудаа хайрласан билээ. Зоогийн үеэр, Есүс ширээнээс босч, саванд ус хийн, дагалдагчдынхаа хөлийг угааж эхэлснийг та нар санаж байна уу?
Аврагч Симоны Петр дээр ирэхэд, саахь загасчин татгалзан, “Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү” гэж хэлсэн. Тэгэхэд нь Аврагч түүнийг эелдгээр залруулан, “Хэрэв Би чамайг угаахгүй бол чи Надад хамаагүй болно”1 гэж хэлдэг.
Петр, уг бэлгийг хүлээн авахаас татгалзах зөв учир шалтгаантай, мөн зөв зүйл хийж байна гэж бодож байсанд нь би итгэлтэй байна. Гэхдээ тэр мөчид Есүсийн хийх гэж байсан зүйлийн сүнслэг ач холбогдлыг тэр ойлгоогүй байсан юм.
Христийн мэндэлсний баярын үеэр бид бусдад өгөх талаар олонтоо ярьж мөн бид бүгд “авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй”2 гэдгийг дэндүү сайн мэддэг ч бид заримдаа сайн хүлээн авагч байхын чухал ач холбогдлыг үл oйшоон, хайхрахгүй байна уу даа гэж би боддог.
Олон жилийн өмнө Христийн мэндэлсний баярын өдөр, нэгэн охин чимэг зүүлт хийх маш гоё цуглуулга бэлгэнд хүлээн авчээ. Охины эцэг гэр бүлийнхээ баярын үдэшлэгт хүрэлцэн ирсэн хамаатнуудынхаа нэгэнд зориулж ямар нэгэн зүйл хийхийг охиндоо санал болгожээ.
Охин хөөрөн баярлаж маш сайхан төгс бэлэг болно гэж бодсон зүйлээ хийж эхэлжээ. Охин бэлгээ өгөхийг хүссэн нэг хүнийг сонгов. Түүний сонгосон хүн ихэвчлэн ууртай царайтай байдаг хахир ааштай настай авга эгч нь байлаа.
“Хэрэв би түүнд бугуйвч хийж өгөх юм бол, тэр баярлах байх” гэж тэр боджээ.
Тийн тэрээр шүр болгоныг болгоомжтойхон сонгож, авга эгчдээ зориулан энэ онцгой бэлгээ чадлынхаа хэрээр хичээн хийжээ.
Бэлгээ хийж дуусгаад, тэр авга эгч дээрээ очин, түүнд бугуйвчийг өгөн, зөвхөн түүнд л зориулж бүтээснээ хэлж гэнэ.
Авга эгч хорхой барьж байгаа мэт бугуйвчийг хоёр хуруугаараа чимхэн авах үед өрөөнд байсан хүн бүр чив чимээгүй болсон байв. Тэр бэлэг рүү нүдээ онийлгон, хамраа үрчийлгэн байж хараад, бэлгийг бяцхан охины гар дээр буцаан тавилаа. Тэгээд тэр охинд ганц ч үг хэлэлгүйгээр холдон яваад, өөр хүнтэй яриа өрнүүлж эхэлжээ.
Бяцхан охин ичсэндээ нүүр нь час улаан болсон байв. Урам нь маш их хугарсан тэр өрөөнөөс чимээгүйхэн гарч одсон ажээ.
Эцэг эх нь түүний сэтгэлийг засах гэж оролдов. Тэд авга эгчийн үл тоомсорлосон үйлдлийг хайхралгүй, бугуйвч үнэхээр гоё болсныг ойлгуулахыг хичээсэн ч бяцхан охин уг явдлын талаар бодох бүрдээ гунихардаг байв.
Хэдэн арван жил өнгөрч бяцхан охин одоо өөрөө авга эгч болсон хэдий ч түүний хүүхэд цагийн бэлгийг нь аваагүй тэр өдрийг гунигтайгаар санасаар байдаг аж.
Бидэнд өгөх бэлэг болгон, ялангуяа чин сэтгэлийн бэлэг нь хайрын хэлхээ холбоог бий болгон, хүчирхэгжүүлэх боломжийг олгодог. Бид сайн мөн талархалтай хүлээн авагч байснаар бэлгийг өгч байгаа хүнтэй гүн дотно харилцааг бий болгох үүдийг нээдэг. Харин бид талархалгүй эсвэл бүр бэлгийг авахаас татгалзах үед зөвхөн бидэнд хандсан тэдний сэтгэлийг гонсойлгон, гомдоогоод зогсохгүй зарим талаар бид өөрсдийгөө ч мөн хохироодог.
Бид “өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, [бид] … тэнгэрийн хаанчлалд орохгүй”3 хэмээн Аврагч заасан.
Жил бүрийн баярын энэ үеэр хүүхдүүдийн баяр хөөр, бахдлыг харах зуур энэ үнэт бөгөөд гайхамшигтай зан чанар буюу талархалтайгаар мөн найрсгаар хүлээн авах чадварыг бид эргүүлэн олж авч, сэргээхийг өөрсдөдөө сануулж болох юм.
Аврагч маань өгөөмөр өглөгч төдийгүй мөн талархалтайгаар хүлээн авагчийн төгс жишээ гэдэгт гайхах зүйлгүй. Мөнх бус тохинуулал дуусах үед Түүнийг Бетанд байхад нь гөлтгөнөн савтай цэвэр нардын их үнэтэй үнэрт тосыг барьсан нэгэн эмэгтэй ирдэг. Түүнийг энэ үнэт бэлгээрээ Өөрийг нь тослохыг Эзэн зөвшөөрдөг.
Үүнийг харсан зарим хүмүүс ихэд уурлаж, “Юунд ийм үрэлгэн байна вэ” гэж хэлдэг. Тос үнэхээр маш их үнэтэй байсан. Үүнийг зараад, мөнгийг нь ядууст өгч болох байв. Тэд бэлэгний зөвхөн түр зуурын үнэ цэнийг харж байсан болохоос хамгийн агуу сүнслэг чухал ач холбогдлынх нь талаар огтхон ч бодсонгүй.
Харин Аврагч уг бэлгийн билэгдэл болоод хайрын илэрхийллийг ойлгосон ба Тэр үүнийг талархалтайгаар хүлээн авсан.
“Түүнийг орхи. Та нар энэ эмэгтэйд юунд төвөг удна вэ? … Тэр хийж чадахаа л хийсэн.Оршуулахад бэлтгэж тэр Миний биеийг урьдаас тосоллоо”4 хэмээн өөр хоорондоо дургүйцэн хэлэлцэх тэдэнд хэлдэг.
Ах эгч нар аа, хүндэт найз нар минь бид ямар маягийн хүлээн авагчид вэ? Бид бэлгийг Аврагчийн адил хайрын илэрхийлэл гэж үздэг үү?
Хожмын өдрүүдэд, Аврагч “бүх зүйлийг талархалтайгаар хүлээн авдаг тэрээр алдар суут болгогдох болно”5 мөн “дэлхийн бүрэн байдал [тэднийх] бөлгөө”6 хэмээн хэлсэн.
Христийн мэндэлсний энэхүү баяраар, мөн өдөр бүр, хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ бидэнд өгсөн олон бэлгүүдийн талаар бодож эдгээр бэлгүүдийг, бяцхан хүүхдийн адил бахархал, талархалтайгаар мөн баяр хөөртэйгээр хүлээн авна гэж найдаж байна.
Бидний хайрт, нигүүлсэнгүй мөн өгөөмөр Тэнгэр дэх Эцэгийн бидэнд өгсөн бэлгүүд болох Ариун Сүнсний өгүүлшгүй бэлэг, уучлалын гайхамшиг, хувийн илчлэлт ба удирдамж, Аврагчийн амар амгалан, үхэл ялагдсан хэмээх баттай мэдлэг болоод тайтгарал мөн бусад асар олон бэлгүүдийн талаар бодох бүр өр маань нимгэрч, зүрх сэтгэл маань уяран хайлдаг билээ.
Хамгийн чухал нь, Бурхан бидэнд “Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай. ”7 болохын тулд золиосолсон Өөрийн Цорын Ганц Хайрт Хүүгээ бэлэглэсэн юм.
Бид эдгээр бэлгүүдийг даруухнаар талархалтайгаар, баяр хөөртэйгөөр хүлээн авдаг уу? Эсвэл бид бардамнал хийгээд хэнээс ч хамааралгүй биеэ даасан хэмээх буруу ойлголтоосоо болж тэднийг хэрэгсэлгүй орхидог уу? Эдгээр бэлгүүдэд илрэх Эцэгийнхээ хайрыг бид мэдэрдэг үү? Бид тэдгээрийг энэ гайхамшигт тэнгэрлиг Өгөгчтэй харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх арга замаар хүлээн авч байна уу? Эсвэл бид Бурханы хүн бүрт өдөр бүр өгдөг зүйлсийг анхаарах ч завгүй дэндүү сатаарсан байна уу?
Бид “Бурхан урамтайгаар өгөгчийг хайрладаг”8 гэдгийг мэддэг ч Тэр бас сайн, талархалтай, баяр хөөртэйгөөр хүлээн авагчийг мөн хайрладаггүй гэж үү?
“Учир нь хэрэв түүнд бэлэг хүртээгдсэн байхад мөн тэрээр уг бэлгийг хүлээн аваагүй бол энэ нь хүмүүнд ямар ашиг тус авчрах билээ; Болгоогтун, тэрээр өөрт нь өгөгдсөн тэр зүйлд баясах нь үгүй, мөн уг бэлгийг өгөгч болох түүнд ч баясах нь үгүй болой.”9
Бид Христийн мэндэлсний баярыг 9 эсвэл 90 удаа тэмдэглэсэн байна уу хамаагүй, бид бүгдээрээ хүүхдүүд, тийм ээ, бид бүгд Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд билээ.
Тийм болохоор бид Христийн мэндэлсний баярын энэ улирлыг хүүхдийн баяр бахдал, сэтгэл догдлолтой өнгөрөөж чадна. Бидний дотор “зүрх сэтгэл минь баяслаар халгинам, мөн би Бурхандаа [тийм ээ, бүхий л сайн сайхан бэлгийг Өгөгчдөө] баярлах болно”10 хэмээн хэлж чадна.
Та нарын хамт, сайхан сэтгэлт Христийг дагахыг хүсч байгаа тэдгээрийн хамт, би өөрийн дуу хоолойг хамгийн үнэ цэнэтэй бэлэг болох Өөрийн Хүүг бэлэглэснийх нь төлөө аугаа Бурханаа магтан дуулахаар өргөж байна.
Энэ Христийн мэндэлсний баяраар болоод үргэлжид, бид Бурханы Хүү төрсөн энэ гайхамшигт бэлгийг хүүхдийн адил цэвэр ариун, өөдрөг нүдээр харах болтугай хэмээн би залбирч байна. Сайн сайхан бэлэг өгөхөөс гадна сайн бөгөөд талархалтай хүлээн авагчид байг хэмээн би залбирч байна. Бид ийм байснаар энэ баярын улирлын мэдрэмж бидний зүрх сэтгэлийг тэлж, баяр хөөрийг маань хязгааргүйгээр нэмэх болно. Есүс Христийн ариун нэр дээр, амен.