Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Төгс бэлэг


2:3

Төгс бэлэг

Христийн мэндэлсний баярын үеэр бид Тэнгэрлэг Эцэгийнхээ төгс бэлэг болох Түүний Хайрт Хүү, Дэлхийн Аврагч, Есүс Христийн мэндэлснийг тэмдэглэдэг. Ихэнх хүмүүсийн хувьд Христийн мэндэлсний баяр нь бусдад өгснөөр баяр баяслыг олох цаг бөгөөд энэ нь бидэнд тэрхүү бүхнээс агуу бэлгийг сануулдаг. Ийнхүү Христийн адил бусдад үйлчилж тэдэнд ямар нэг зүйлийг бэлэглэх амаргүй байдгийг та бид өөрсдийн туршлагаас олж мэдсэн билээ.

1970 онд манайх гурван хүүтэй байсан бөгөөд бусад шинэ эцэг эхчүүдийн адил гэр бүлээ авч явахын тулд би шаргуу хөдөлмөрлөж байлаа. Христийн мэндэлсний баяр өнгөрөөгөөд 2 хоногийн дараа би эхнэр Катлийн болон баяр тохиолдуулан амарсан хөвгүүдээ орхиод бизнесийн урт аялалд явах хэрэгтэй гэдгээ мэдэж байсан юм. Намайг эзгүйд тэдний баяртай байх эсэх нь баяраар ямар тоглоом бэлгэнд авахаас шалтгаална гэдгийг бид мэдэж байсан учраас тэдний бэлгийг маш сайн бодож сонгож билээ. Тухайн үед 7-н настай байсан хамгийн том хүүдээ бид барометр буюу цаг агаар хэмжигч багаж өгсөн юм.

Бид тэр багажийг угсрах хэрэгтэй гэдгийг олж мэдээд би хүүтэйгээ хамтдаа түүний цоо шинэ гоёмсог барометрийг угсарч эхэллээ. Нарийн төвөгтэй зааврыг нь сайтар уншиж тэр олон хэсгүүдийг нийлүүлэн тавилаа.

Хэдэн цагийн дараа бид бүх хэсгийг зөв угсарсан ч гэсэн барометрийн шингэнийг дээш доош гүйлгэдэг механизмд нь ямар нэг юм болж өгөхгүй байгааг би харлаа. Би эргэлзээтэй байгаагаа хүүгээсээ нуухыг оролдож түүнийг унтахаар явсны дараа барометрийг үйлдвэрлэсэн компанид гомдол гаргахаар захиа бичсэн ч тэр захиагаа явуулаагүйгээдээ одоо би баяртай байдаг бөгөөд тэр захиандаа:

“Манай хүү бэлгэнд авсан барометрдээ их сэтгэл хангалуун байгаа. Тэр 7 настай бөгөөд ийм гоё зүйл заавал ажиллах болно гэж итгэдэг. Таныг энэ захианд хариулахаас өмнө цаг агаар өөрчлөгдөхгүй гэж найдаж байна. Учир нь би багажийг өөрийн гараар өөрчилж хүүгээ хуурмааргүй байна. Мөн хүүгээ ч танай барометрийг ажиллана гэсэн итгэлээ алдахыг нь хүсэхгүй байна. ... Надад үүнийг яаж ажиллуулахыг хэлээд өгөөч. Таныг туслахгүй бол миний найдвар тасрах нь” гэж бичсэн юм.

Тэр Христийн мэндэлсний баярын бэлгийг ажиллуулах тусламжийг бид тэр үед авч чадаагүй юм. Гэвч хүү маань одоо өөрөө эцэг хүн болсон бөгөөд бид нэг нэгэндээ тусалж байхдаа мэдэрсэн хайрын мэдрэмжийг одоо ч дурсан санадаг. Тэр мөн дэлхийг бүтээгч Бурханы дэг журам ба цаг агаарыг урьдчилан хэлэх урлагийг боломжтой болгодог уур амьсгалд итгэдэг хэвээрээ байгаа. Тэрхүү итгэл нь барометрийг засах гэж улайран зүтгэсэн бидний тэр удаагийн үйл явдлаар алга болоогүй билээ.

Христийн мэндэлсний баярын баяр баясгалан ихэвчлэн бусдын тусламжтайгаар бүтдэг гэдгийг бид тэр туршлагаасаа сурсан. Үүнийг ганц удаагийн үйлдлээр хийх боломжгүй юм. Бусадтай хамтран хийх нь баяр баяслыг түгээж мөн энэ нь урт удаан хугацаанд мартагдашгүй дурсамж болон үлддэг. Магадгүй бүр хамгийн чухал нь мөнхийн аз жаргалыг Бүтээгч ба эх сурвалж болох Аврагчдаа итгэх итгэлээ өдөөх нь бүх бэлгээс хамгийн агуу, дуусашгүй аз жаргалын эх сурвалж болох Бурханы цэвэр ариун хайрыг урьдаг.

Энэ бодит байдал нь барометрийн үйл явдлаас хэдэн жилийн дараа Христийн мэндэлсний баяраар бидний зүрх сэтгэлд илүү гүнзгий суусан юм.

Би эхнэртээ модон эрдэнэсийн авдар хийж өгөхөөр шийдсэн билээ. Надад тэр авдрыг хийхэд ур чадвартай мөн багаж хэрэгсэлтэй хүмүүсийн өгөөмөр тусламж хэрэгтэй байлаа. Би тэдэнтэй хэдэн долоо хоногийн турш хамтдаа ажилласан. Мөн надад тэр бэлгээр дамжуулан сайн мэдээнд итгэх итгэл, хайрыг бусдад дамжуулах арга замыг олж мэдэхэд Ариун Сүнсний тусламж хэрэгтэй байлаа.

Авдарныхаа таган дээр би гэр бүлийнхээ нэрсийн товчлолыг сийлсэн юм. Авдарны урд талд нь 2 хавтан байрлуулж нэгэн дээр нь өөрийнхөө, нөгөө дээр нь эхнэрийнхээ нэрний товчлолыг сийлсэн. Авдрыг зөвхөн 2 түлхүүрээр л онгойлгох боломжтой байхаар хийсэн ба нэг түлхүүр нь миний, нөгөө түлхүүр нь эхнэрийн маань нэрний товчлолоор онгойно.

Одоо бид тэр авдрыг гэр бүлийн эрдэнэсийн хайрцаг болгон ашигладаг. Бид Христийн мэндэлсний баяраар уг хайрцгийг гацуур модныхоо доор тавих бүр бидний оюун, зүрх сэтгэл мөнхийн гэрлэлт болон гэр бүлийг бидэнд боломжтой болгож өгсөн Аврагчийн золиослол болон нэг нэгнээ гэсэн хайраар дүүргэгддэг. Тэр хайрцаг одоо манай том өрөөнд хуучин төгөлдөр хуурын ойролцоо байдаг. Бид гэр бүлийн зургууд, болон Христийн мэндэлсний баярын дуунуудаар хайрцгаа дүүргэсэн. Тэр авдрыг хийсэн нь манай гэр бүлд Аврагчийг болон бие биенээ гэсэн хайрын мэдрэмжийг авчирсан юм.

Би тэр авдрыг хийхэд тусалсан хүмүүстэй хааяа уулзаж тэдэнд талархаж явдаг. Тэднийг харах бүрд би Аврагчаа гэсэн хайрын бэлгэдэл мөн гэр бүлдээ хайраа харуулан бэлэг бэлдэж байхдаа мэдэрсэн баяр баясгаланг дахин мэдэрдэг. Би найзуудынхаа инээмсэглэлээс тэдэнтэй хамт авдар хийлцэж байсан үеийнхээ баяр баясгаланг олж хардаг.

Христийн мэндэлсний баярын үеэр хайраа илэрхийлэх энгийн бэлэг бэлдэж, өгснөөр тийм баяр баяслыг мэдэрч болохыг та бүхэн өөрийн туршлагаасаа мэдэх билээ. Жишээ нь: Та нарын ихэнх нь хүүхэд байхдаа Христийн мэндэлсний баяраар ганцаардсан хүмүүс рүү жигнэмэг авч очиж байсан байх. Ийм энгийн даруухан бэлгийг хүүхдээс авч байгаа хүнд энэ нь маш нандин санагдаж, Мэги Аврагчид дорно зүгээс бэлэг авчирдгийг санагдуулдаг байж болох юм. Ийм үед бэлэг өгч байгаа болон авч байгаа хоёулаа Христийг санаж хайр, талархлыг мэдэрч чадна.

Сүмийн залуу эрэгтэй, эмэгтэйчүүд удирдагчидтайгаа хамт ариун сүмийн баптисмын усан санд гэрчлэл болон хайрын илэрхийлэл болсон бэлгийг бэлдэж болно. Залуучуудад ариун сүмүүдийг ойртуулж өгснөөр тэд тэр бэлгийг илүү олон хүнд бүр ойр ойрхон өгөх боломжтой. Ухаалаг бишопууд болон өсвөр үеийнхний удирдагчид тэднийг урамшуулан дэмжиж зарим нь бүр тэдэнтэй ариун сүм явдаг. Тэд энэ үйлчлэлээрээ дамжуулан Аврагчийн бидэнд өгсөн ариусч, гэм нүглүүдээсээ цэвэр болгогдох адислалыг дэлхий дээр амьдарч байхдаа авч чадаагүй тэдгээр хүмүүстэй хуваалцдаг.

Тоо нь улам өссөөр байгаа номлогч нар ч мөн адил Аврагчийн хамт мөнхийн амьдралын бэлгийг түгээхэд оролцож байна. Номлолд үйлчлэх насыг өөрчилснөөр илүү олон хүн үнэлж баршгүй бэлгийг бусдад түгээснээр ирэх агуу баяр баяслыг мэдрэх болно. Түүнчлэн номлогч нар уулзсан хүн бүртээ Мормоны ном уншихыг санал болгодог. Энэ нь Бурханы итгэлт бошиглогчиддоо олон зууны турш өгсөн илэрхийлэлтээр нь дамжуулан бүтээгдсэн гэрчлэл ба хайрын бэлэг юм. Аврагчид Мормоны Номыг уншаад гэрчлэлийн бэлэгтэй болоход тэдгээр бошиглогчдын тусламж хэрэгтэй байсан бол одоо үүнийг хуваалцахад нь Түүнд номлогч нарын тусламж хэрэгтэй байна.

Гэр бүлүүд Христийн мэндэлсний баяраар гэрчлэл болоод хайрын үнэлж баршгүй бэлгүүдийг хөгжим болон үгсээр дамжуулан өгдөг. Хөвгүүн байхдаа би гэр бүлийнхээ хамтаар хуучин Винклер төгөлдөр хуураа тойрон зогсдог байсан. Тэр төгөлдөр хуур одоо манай зочны өрөөнд нөгөө эрдэнэсийн хайрцагны хажууд байдаг бөгөөд одоо ч үнэ цэнэтэй нандин зүйл хэвээрээ. Эцэг эх маань ядуу байсан хэдий ч аав тэр төгөлдөр хуурыг ээжид маань бэлэг болгон өгч байсан учраас энэ нь ээжийн хувьд маш эрхэм байсан юм. Эцэг эх маань тарчиг байдлыг туулсан ба тэд арвич хямгач хүмүүс байсан. Христийн мэндэлсний баярын бэлгүүд ч тун даруухан байдаг байлаа. Гэхдээ ээж минь сайхан сопрано хоолойтой байсан. Тэрээр Христийн мэндэлсний баяраар төгөлдөр хуураа тоглонгоо биднийг баярын дуунууд дуулахад удирддаг байж билээ.

Ээж маань бидэнтэй маш урт удаан хугацаанд дурсагдах бэлэг хуваалцаж байснаа тэр үед мэдэж байсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Хэдийгээр би жаал хүү байсан ч илэрхийлэхийн аргагүй баяр баяслыг тэдгээр дуунуудаас мэдэрдэг байлаа. Хөгжим нь манай бяцхан гэрийг амар амгалангийн сүнсээр дүүргэдэг байсан юм. Би аав ээж, хоёр ахынхаа хайрыг мэдрээд зогсохгүй бас Тэнгэрлэг Эцэг болон Аврагч Есүс Христийн хайрыг мөн мэдэрдэг байсан юм.

Тэр үед, миний мэдэрсэн тэр хайрыг энэ дэлхийн амьдралаас өмнө сүнсний дэлхийд байхдаа мэдэрч байсан юм шиг мэдрэмж надад төрж билээ. Тэр хайрыг би ирээдүйд өөрийнхөө гэрт мэдрэхийг юу юунаас илүүтэйгээр хүсч байсан юм. Тэгээд би Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийн хүлээж байгаа тэр газар буюу тэнгэрлиг гэртээ өөрийн гэр бүлтэйгээ хамт эргэн очихын тулд зохистой амьдрахыг хүссэн. Одоо намайг тэр эрдэнэсийн хайрцаг, болон төгөлдөр хуурыг харах үед гэр бүлээ хайрлах хайрын дурсамжууд болон Аврагчийн хайр миний зүрх сэтгэлийг дүүргэдэг билээ.

Биднийг найрал дуунд, гэр бүлдээ болон ангидаа дуулахад мөн өнөө орой бидний сонссон шиг Христийн мэндэлсний баярын дууллууд нь бид энэ дэлхийд ирж, биднийг цагаатгах Аврагчтай болно гэдгээ мэдээд баярлан уухайлсныг маань бидэнд сануулдаг. Бидэнд тэдгээр дуунуудыг тэнгэрийн эзэдтэй хамт дуулах цаг ирнэ.

Энэ Христийн мэндэлсний баяраар мөн цаашид ирэх он жилүүдэд бид Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаарх гэрчлэл, хайрын бусад бэлгийг бусдад өгөх хүчээр дүүрэн байхад Сүнс биднийг адислах болтугай хэмээн би залбирч байна. Баяр баяслаар дүүрэн энэ үед хүмүүст хайр, итгэл, баяр баяслыг өгөх энгийн бөгөөд олон арга замыг Сүнс бидэнд өгнө гэдгийг би мэднэ.

Есүс Христ бол Бурханы хүү мөн дэлхийн Аврагч гэдгийг би гэрчилж байна. Тэр бол Тэнгэрлэг Эцгийн маань төгс бэлэг байсан. Аврагч маань биднийг баяр баяслын үнэлж баршгүй бэлгийг өргөхийг мөн Түүнтэй нэгдэхийг энэ цаг үед ч, мөн үргэлжид урьдаг. Бид тийн үйлдэх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.