Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Аврагч Есүс—Бидний Энх амгалангийн Ханхүү


Аврагч Есүс—Бидний Энх амгалангийн Ханхүү

Хүндэт ах, эгч нар аа, юутай сайхан үйл явдал болж байна вэ. Хөгжим биднийг урамшуулж, захиасууд бидний зүрх сэтгэлийг баяр баяслаар дүүргэлээ. Христийн мэндэлсний баярын сүнс бидний зүрх сэтгэлийг сэргээлээ.

Христийн мэндэлсний баяр нь гэр бүл, бэлгүүд болон бусдад үйлчилсэн үйлчлэлийн тухай дурсамжуудыг авчирлаа. Эдгээр дурсамжууд нь Христийн мэндэлсний баярын үнэн учир шалтгаан бөгөөд Тэнгэрлэг Эцэгээс өгсөн үлэмж агуу бэлэг юм. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”1

Их Эзэн болон мөнхийн амьдралд анхаарал хандуулах нь бидэнд зөвхөн Христийн мэндэлсний баярын үед тусалдаггүй, харин зуурдын амьдралын бүхий л бэрхшээлүүдэд маань тусалдаг. Энэ дэлхий дээр төгс бус хүмүүс бид бусад төгс бус хүмүүстэй хамтдаа амьдарч байна. Бидний энэ унасан дэлхий бол хэтэрсэн их өр, дайн, байгалийн гамшиг, өвчин эмгэг, үхлээр өвчилсөн дэлхий юм.

Бид бүгд хувь хувьдаа бэрхшээлүүдтэй тулгардаг. Эцэг хүн ажилгүй болж болно. Залуухан ээж хүнд өвчтэйгөө мэдэж болно. Охин эсвэл хүү нь Бурханы сургаалаас холдон явсан байж болно. Санаа зовоох зүйлийн шалтгаан нь юу байхаас үл хамааран бид бүгд дотоод сэтгэлийн амар амгаланг эрэлхийлдэг.

Энэ үдшийн миний захиас бол цор ганц үнэн хийгээд үүрдийн амар амгалангийн сурвалж болох Аврагч Христ—бидний Энх амгалангийн Ханхүүгийн тухай юм.2 Энэхүү нэрийг Тэрбээр дэлхийд ирэхээс өмнө Түүнд урьдчилан томилсон байсан бусад нэрнүүд дээр нэмж авсан юм.

Тэрбээр Өөрийн Эцэгээр дэлхийн Аврагч болохоор тослогдсон. Мессиа, Христ гэсэн эдгээр хоёр нэр нь тослогдсон нэгэн3 байх Түүний үүрэг хариуцлагыг тодорхойлсон юм.

Эцэгийнхээ удирдлаган дор Есүс энэ болон бусад дэлхийн Бүтээгч юм.4 Есүс бол Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч.5 Есүс бол амлагдсан Иммануел,6 Хуучин Гэрээний Иехова болон агуу их Би Байдаг билээ.7

Тэрбээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал үйлс болох Цагаатгалыг гүйцэтгэхээр Өөрийн Эцэгээр илгээгдсэн юм. Түүний Цагаатгалын ачаар үхэшгүй байдал нь бүх хүмүүст бодитой болж, мөнх амьдрал нь Түүнийг дагахаар сонгосон тэдэнд боломжтой зүйл болсон юм.8 Эдгээр зорилгууд нь Бүхнийг чадагч Бурханы ажил хийгээд алдар суу билээ.9

Бидний агуу үлгэр жишээ үзүүлэгчийн хувьд Есүс хэрхэн амьдрах, хайрлах болон суралцахыг бидэнд заасан. Тэрбээр хэрхэн залбирах, уучлах болон эцсээ хүртэл тэвчихийг бидэнд заасан.10

Тэрбээр өөртөө анхаарал тавихаас илүү бусдад хэрхэн анхаарал халамж үзүүлэхийг бидэнд заасан. Өөрийн хүчээр дамжуулан бидний амьдралд бодит өөрчлөлтийг хийснээр Тэр өршөөл болон сайхан сэтгэлийг бидэнд заасан. Тэрээр бидэнд зүрх сэтгэлийн болон оюун санааны амар амгаланг хэрхэн олохыг заасан. Нэг өдөр бидний шударга Шүүгч, өршөөнгүй Багш болох Түүний өмнө бид зогсоно.11

Их Эзэний эдгээр ариун үүрэг хариуцлагууд нь бид Түүнийг өөрсдийн мөнхийн болон хувийн Энх амгалангийн Ханхүү хэмээн хүндэтгэн бишрэхэд хүргэдэг. Бид эцэг эх, өвөө эмээ, хүүхдүүдийн багш нар байх боломжтойдоо Түүнийг ерөөн магтдаг.

Христийн мэндэлсний баярын үе бол гэр бүлийн эрхэм цаг хугацаа юм. Гэр бүлийн цаг бол ариун юм. Бид хүүхдүүддээ Аврагч руу хандахад нь тусалж чадна. Хөгжим бидэнд тусалж болно. Хүүхдүүд маань “Би Есүс шиг байхыг хичээдэг” (“I’m Trying to Be like Jesus”) дууллыг дуулах дуртай байдаг.12

Есүс хэлэхдээ “Хүүхдүүдийг зөвшөөр, Над уруу ирэхийг бүү болиул. Учир нь тэнгэрийн хаанчлал бол эдний адил хүмүүсийнх юм” гэжээ.13

Тэрээр дайнд нэрвэгдсэн тэдгээр хүмүүсийн амьдралд амар амгаланг авчирч чадна. Цэргийн албаар хагацсан гэр бүлүүдэд Солонгосын дайны үеэр миний оюун бодолд шингэсэн байсан шиг дайны дурсамжууд хадгалагдсан байдаг.

Өнөө үеийн дайн илүү төвөг багатай мэт боловч гэр бүлүүдэд хүндээр туссан хэвээр байна. Ийнхүү зовлон амссан тэдгээр хүмүүс Их Эзэнд хандаж болно. Түүний захиас бол дэлхийд амар амгалан, хүмүүст сайн сайхныг авчирдаг захиас юм.14

Сэтгэл нь тайван бус тэдэнд амар амгалан ирэх боломжтой. Зарим хүмүүс шархдаж, зарим нь хайртай хүнээ алдаж эсвэл сэтгэл хөдлөлийн өвчнөөс болж сүнслэгээр өвдөж байна. Ах эгч нар аа, та бүхэн Энх амгалангийн Ханхүүд итгэх итгэлээ хөгжүүлэх аваас амар амгалан та нарын бодгальд ирэх болно.

“Та нарын дунд өвчтөнүүд байна уу? Тэднийг нааш авчрагтун. Доголон, эсвээс хараагүй, эсвээс хазгар, эсвээс тахир дутуу, … эсвээс ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн нэгэн байна уу? Тэднийг нааш авчрагтун мөн би тэднийг эдгээх болно.”15

“Та нарыг эдгээхэд итгэл тань хангалттайг би харж байна.”16

Зовлон шаналалд автагдсан тэдэнд амар амгалан ирэх боломжтой. Зовлон шаналал нь алдаа эсвэл гэм нүглээс улбаатай эсэхээс үл хамааран Их Эзэний биднээс шаардах ганц зүйл нь үнэн сэтгэлийн наманчлал юм. Сударт биднийг “Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дууд”17 хэмээн урамшуулдаг. Тэгснээр Түүний “Гилеадын гавар” нүглээр өвчилсөн зүрх сэтгэлийг ч эдгээх болно.18

1725 онд Лондонд төрсөн Жон Ньютоны өөрчлөлтийг бод доо. Тэрээр боолын худалдаачны нүгэлт амьдралаа наманчлан, Английн сүмийн санваартан болсон юм. Зүрх сэтгэлийн энэхүү агуу өөрчлөлтөөр Жон “Amazing Grace (Гайхалтай ач ивээл)” дууллын үгийг бичсэн юм.

Гайхалтай ач ивээл! Юутай сайхан сонсогдоно вэ

Ичгүүргүй намайг ч аварсан.

Нэгэн цагт би төөрөлдсөн байсан ч одоо замаа олсон.

Харалган байсан ч одоо би харж байна.19

“Гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.”20

Хөдөлмөр нь хүнд тэдэнд амар амгалан ирэх болно.

“Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.

Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно.

Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн.”21

Гашуудсан тэдэнд амар амгалан ирэх болно. Их Эзэн “Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно”22 хэмээн хэлжээ. Хайртай нэгнийгээ алдсан үед Сүнсний шивнээгээр бид Их Эзэний амар амгалангаар дүүргэгдэх боломжтой.

“Надад нас нөгчсөн тэд үхлийг үл амсана, учир нь энэ нь тэдэнд тааламжтой байх болно.”23

“Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай.”24

“Би бол амилалт ба амь мөн. Надад итгэдэг хүн үхэвч амьдарна.

“Амьд бөгөөд Надад итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй.”25

Энх амгалангийн Ханхүүг уйгагүй хайдаг хүн бүхэнд амар амгалан ирэх болно. Түүний захиас бол манай номлогчдын дэлхий дахинд хүргэдэг гайхалтай авралын захиас юм. Тэд Иосеф Смитээр дамжуулан Есүс Христийн сэргээсэн сайн мэдээг тунхагладаг.26 Номлогчид “Хэрэв та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”27 хэмээх амьдралыг өөрчлөх Их Эзэний үгийг заадаг.

Багшийн замаар алхахыг сонгодог хүн бүгдэд амар амгалан ирэх болно. Түүний урилга нь “Ирээд Намайг дага”28 гэсэн элэгсэг гурван үгээр илэрхийлэгдсэн байдаг.

Энх амгалангийн Ханхүүг бид бүгд магтан дуулцгаана,29 учир нь Тэр дахин ирнэ. Дараа нь Эзэний алдар илэрхийлэгдэж, бүх махан бие хамтдаа үзнэ.”30 Мянган жилийн Мессиа Тэрбээр хаадын Хаан, эздийн Эзэний хувьд хаанчлах болно.31

Есүс Христийг дагахад Тэрээр биднийг гэр бүлүүдийн маань хамт Түүнтэй болон бидний Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдруулахаар хөтлөх болно. Зуурдын байдлын бэрхшээлүүд дунд бид хийсэн гэрээндээ итгэлтэй байж, эцсээ хүртэл тэвчиж чадвал Бурханы бэлгүүдийн хамгийн агуу нь болох мөнх амьдралд хүрэх боломжтой болно.32 Түүний ариун оршихуйд бидний гэр бүл хамтдаа үүрд мөнх байх болно.

Хайрт ах, эгч нар аа, Бурхан та бүхнийг адислаг. Та нарын хүн нэг бүр чинь Христийн мэндэлсний баярыг сайхан өнгөрүүлэх болтугай! Бидний Их Эзэн—бидний Энх амгалангийн Ханхүүгийн бүх адислалуудад та бүхэн болон таны хайртай хүмүүс үүрд мөнхөд баясах болтугай. Есүс Христийн нэрээр би залбирч байна, амен.