Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Дараа нь юу болсон бэ?


Дараа нь юу болсон бэ?

Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе!

Энэ бол Христийн мэндэлсний баярын улирал бөгөөд хүүхдүүд бидний зүрх сэтгэлд Христийн мэндэлсний баярын ид шидийг урин авчирдаг. Хүүхдүүд сэтгэл догдлон гэрлэн чимэглэлүүдийг харан, хөгжим сонсож, зул сарын баярын мод болон лаануудын анхилам сайхан үнэрийг мэдэрдэг учраас Христийн мэндэлсний баярыг хүүхдийн нүдээр харж чадвал, бидэнд илүү сайхан сэтгэгдэл төрөх болно. Бид Христийн мэндэлсний баярын өглөө болохыг мөрөөдөн хүлээж, дэлгүүрийн цонх ширтэн зогсож буй ягаан хацартай, жижигхэн хамартай хүүхдүүдийг анзаарч хардаг бөгөөд тэд арванхоёрдугаар сарын 25 хүртэл хэдэн өдөр үлдсэнийг бяцхан хуруугаараа тоолдог билээ. Эцэг эхчүүд ч мөн арванхоёрдугаар сарын 25–н хүртэлх өдрүүдийг тоолон өнгөрөөдөг. Тэд төлөвлөж, хүүхдүүддээ зориулан гэнэтийн бэлэг бэлдэж байхдаа Христийн мэндэлсний баярын өглөө бэлэн байхыг мөрөөдөж байдаг.

Намайг хүүхэд байхад ээж минь Христийн мэндэлсний баярын гэнэтийн бэлэг болгож ихэр бид хоёрт зориулан ямар нэгэн зүйл оёж өгдөг байв. Тэр унтлагын өрөөндөө оёдлын машинаа байрлуулан, сарын өмнөөс л мэдэгдэлгүйгээр ажлаа эхэлдэг байсан юм. Ажиллаж байхдаа тэр унтлагын өрөөний хаалгаа хаадаг байв. Христийн мэндэлсний баяр ойртох үеэр тэр нэлээн орой болтол оёдог байсан. Тэр бидэнд зөвхөн тааруулж үзэн, хэмжээ авахаас бусад бүх ажлыг нь дуусгаад гэнэтийн бэлгээ илчлэхгүйн тулд ямар нэгэн төлөвлөгөө зохиодог байж билээ. Ийм шалтгаанаар тэр бидний нүдийг боодог байв. Нэгэн удаа ээж бидний нүдийг боож, унтлагын өрөөндөө оруулаад бидний боолтыг авалгүйгээр оёсон хувцасаа бидэнд өмсгөв. Өөр өрөөнд утас дуугарах хүртэл … ээж үүнийгээ маш сайн хийсэн юм.

Тэр явахдаа “Би удахгүй эргээд ирнэ, хонгор минь, чи харахгүй биз?” гэж хэлэв. “Дараа нь юу болсон бэ?” гэж та нар асууж болох юм.

Та нарт хэлэхэд энэ нь улаан хамба хилэн даашинз байсан юм.

“Дараа нь юу болсон бэ?” гэсэн энэ асуулт хэрхэн Христийн мэндэлсний баярын үнэн утгыг агуулдгийг та нартай хуваалцья.

Арванхоёрдугаар сарын дунд үеэр Аризонагийн Гилбэртэд Бага бүлгийн скаут хөвгүүдийн удирдагч Эми Жонсонд 8 настай хөвгүүдийн бүлэгт Есүсийн төрөлтийн талаар заах үеэр энэ үйл явдал тохиолдсон байна. Өөрийн төлөвлөсөн скаутын үйл ажиллагаагаа өөрчлөн, бага бүлгийн скаут хөвгүүдэд хамгийн анхны Христийн мэндэлсний баярын талаар ярих сүнслэг мэдрэмж түүнд төржээ. Тэрээр гэр бүлийнхээ өрөөнд хөвгүүдийг тойруулан суулгаад Мари, Иосеф, хоньчид, од болон Бетлехемд малын хашаанд мэндэлсэн Есүсийн төрөлтийн талаарх ариун түүхүүдийг зургууд ашиглан, судраас хэд хэдэн эшлэлүүдийг уншжээ.

Тэрээр ийн уншжээ:

“Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот руу…

хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав …

Мариагийн нярайлах өдөр нь болж, тэр ууган хүүгээ төрүүлж, даавуунд ороож, тэжээлийн тэвшинд тавив. Учир нь дэн буудалд тэднийг хонуулах өрөө байсангүй.

Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ.

Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.

Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.

Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”1

Түүнийг Есүсийн төрөлтийн талаар ярьж өгч байх үед хөвгүүд зарим үед л сонсож байхад Жонн хэмээх нэгэн хүү түүний үг бүрийг маш их сонирхон сонсож байгааг тэр анзаарчээ. Жонн бол нэг газраа хэзээ ч удаан тогтож суудаггүй, сэргэлэн цовоо хүүхэд байсан юм. Гэвч түүнийг түүх уншиж байхад тэр анхааралтай сонсож байсан бөгөөд “дараа нь юу болсон бэ?” гэж асуув.

Тиймээс багш нь хөвгүүдэд Есүсийн хүүхэд насны талаар үргэлжлүүлэн ярьсан юм. Тэр хэлэхдээ “Есүс яг чам шиг хүү байсан. Тэр гүйж, тоглох дуртай байсан. Гэвч тэр түүнчлэн өсөж, хүчирхэг болон ‘мэргэн ухаанд боловсорсоор байв.’”2 Есүс ердөө 12 настай байхдаа гэр бүлийнхэнтэйгээ Иерусалим руу аялсныг багш нь тэдэнд хэлжээ. Мари, Иосеф хоёр хүү нь тэдэнтэй хамт байхгүйг мэдэх үедээ гэр рүүгээ буцжээ. Тэд Иерусалимд даруй эргэн ирж, Өөрөөс нь асуултууд асууж байсан багш нартай ярилцан, ариун сүмд сууж байсан Есүсийг олсон бөгөөд “Түүний ухаан болон хариултууд нь" сонссон бүхний гайхлыг төрүүлж байв”3 хэмээн судрууд дээр өгүүлсэн байдаг.

“За, дараа нь юу болсон бэ?” гэж Жонн асуув. Есүс Христийн тохинуулалын талаар болон Тэрээр хэрхэн Их Эзэний Сүнсээр дүүрэн байсныг Эми хөвгүүдэд хэлэв. Тэрээр ядууст сайн мэдээг зааж, гайхамшгуудыг үйлдэн, сохор болон өвчтэй хүмүүсийг эдгээж, түүгээр ч барахгүй үхсэн хүмүүсийг амилуулж байсныг бид судруудаас уншдаг. Тэрээр “Дайснаа хайрла, та нарыг үзэн яддаг хүмүүст сайныг үйлд”4 хэмээн заадаг байв.

Ярьсан зүйлд Жонны сэтгэл хөдөлж, илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа нь илт байлаа. “За, дараа нь юу болсон бэ?” гэж тэр дахиад л асуулаа. Эми хөвгүүдэд зарим хүмүүс Есүсийг эсэргүүцэж, Түүнд дургүй байсныг хэлэв. Тэд үнэндээ Түүний амийг хөнөөхөөр төлөвлөж байлаа. Багш бяцхан скаут хөвгүүдэд Сүүлчийн зоог, Гетсемани цэцэрлэгийн талаар болон Есүсийн цовдлуулалт, амилалтын талаар ярьж өгөв. Илүү ихийг мэдэхийг хүсэж байсан Жонны хувьд эдгээр бүх түүхүүд нь шинэ байсныг багш нь мэдэрсэн юм.

Зогсох хэрэгтэй гэсэн хүчтэй мэдрэмж багшид төрж, тэр хөвгүүдийг нэг бүрчлэн нэрээр нь дуудан, “Есүс Христ чиний төлөө нас барсан” гэж хэлэв. Түүнийг хөвгүүн бүрд нэг бүрчлэн хэлж байхад Жонн анхааралтай сонсож байлаа. Тэгээд багш нь Жонн руу хараад “Жонн, Есүс Христ чиний төлөө нас барсан” гэж хэлэв. Тэр багш руугаа хараад гайхан, “Тэр үүнийг миний төлөө хийсэн гэж үү?” гэж асуув.

“Нэгэн бяцхан хүү магадгүй анх удаа Ариун Сүнсний өдөөлтийг мэдэрсэн учраас манай гэр бүлийн өрөөнд Сүнс маш хүчтэй байсан”гэж Эми хэлжээ. Жонны гэр бүл түүний дараахан нүүсэн учраас түүний ирээдүйн талаар би мэдэхгүй байна гэж багш хэлсэн юм. Гэхдээ бага бүлгийн скаутын хөвгүүдийн цуглаан дээр Христийн мэндэлсний баяраас хоёр долоо хоногийн өмнө суулгагдсан тэрхүү үрнүүд өсөж, хэзээ нэгэн өдөр түүнийг сайн мэдээний бүрэн дүүрэн гэрэлд авчраасай хэмээн би залбирч байна” гэж Эми хэлжээ.

Христийн мэндэлсний баярын дараа зул сарын гэрлүүдийг хурааж, нарсны анхилуун үнэр агаарт замхран арилж, Христийн мэндэлсний баярын хөгжим радиогоор эгшиглэхээ болих үед Жонны нэгэн адил бид “Тэгээд юу болох вэ?” гэж асууж болох юм.

Христийн мэндэлсний баярын гайхалтай зүйлүүд зөвхөн эхлэл юм. Христийн мэндэлсний баяр нь Бетлехемд төрсөн хүүхэд нь бидэнд амьдралын зорилгуудыг өгсөн гэдгийг мөн дараа нь бидэнд юу тохиолдох нь бид Аврагч, Есүс Христийг хэрхэн хүлээн авч, дагаж байгаагаас шалтгаалдаг гэдгийг бидэнд сануулдаг. Өдөр бүр бид Түүний Сүнсийг өөрсдийн амьдралд урьдаг. Бид бусдаас гэрэл олж хардаг; ирээдүйд итгэх итгэлийг авчирдаг хүүхдүүдийнхээ дуу хоолойноос бид баяр баясгаланг сонсдог. Бидний Аврагч, Есүс Христийг мэдэх нь ямар утга учиртайг мэдэх үеэрээ бид цуглах, оролцох, үйлчлэх, урамшуулах шалтгаануудыг хайдаг. Бид Түүний нөлөөг илүү анхааралтай мэдрэх үедээ бидний амьдралд тохиолддог үйл явдлуудыг хоног тоолон хүлээдэг. Жишээ нь: Нялх хүүхдийн төрсөн өдөр, хүүхдийн баптисм, номлогчийг үдэж өгөх, ариун сүмд батлагдсан гэрлэлт болон долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх гэх мэт. Христийнхтэй болон Хүүхдийнхтэй адил итгэлээр бид Түүнийг эрэлхийлдэг, бид Түүний нөлөөг мэдэрдэг.

“Та нар өөрчлөгдөж хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.”5

Эцэгийн Хүү, бидний Аврагч Есүс Христээр дамжуулан бид Түүнд эргэн ирж, Түүнтэй хамт амьдарч мөн Түүнд байгаа бүхнийг хүртэх нь бидний Эцэгийн бүтээсэн тэрхүү гайхамшигтай төлөвлөгөө юм. Учир нь энэ нь “Дараа нь юу болох вэ?” гэсэн асуултад хариулах цор ганц хариулт юм. Аврагч “Намайг хүлээн авдаг тэрээр Эцгийг минь хүлээн авдаг болой; Мөн Эцэгийг минь хүлээн авдаг тэрээр Эцгийн минь хаант улсыг хүлээн авдаг. Тиймийн тул Эцэгт минь байгаа бүхэн түүнд өгөгдөх болно”6 хэмээн хэлсэн юм.

Түүнийг хүлээн авахад бэлэн байх нь 12-р сарын 25-нд зориулан бэлтгэх шинэ утга учрыг бидэнд өгдөг.

Жонн, чи хаана ч байлаа гэсэн амьд бошиглогчид: “Бетлехемд эхэлж, Калварт дууссан биш харин бүх хүн төрөлхтний түүхэнд чухал болох [Аврагчийн] амьдралыг бид батлан гэрчилж байна. Тэр бол Эцгийн ууган Хүү байсан бөгөөд дэлхийн Гэтэлгэгч, махбодод орших цорын ганц Хүү юм”7 хэмээн хэлсэн.

Жонн, бидэнд зориулсан Түүний бэлэг бол дараа нь болох тэрхүү зүйл юм.

Энэ үнэн бөгөөд Тэрээр үүнийг чиний төлөө хийсэн. Би энэхүү гайхамшигт үнэнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.