Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Христийн мэндэлсний баярын жинхэнэ баяр баясгалан


Христийн мэндэлсний баярын жинхэнэ баяр баясгалан

Хайрт ах, эгч нар аа, бидний Аврагч, Гэтэлгэгч—Их Эзэн Есүс Христийн төрөлтийг үгээр болон ая дуугаар тэмдэглэж буй энэ үдэш та бүхэнтэй хамт байгаа нь миний хувьд тун баяртай үйл явдал юм.

Христийн мэндэлсний баяр бол жилийн хамгийн сайхан цаг үе билээ. Энэ баяраар бидний ихэнх нь завгүй байдаг. Энэ баярын нөлөөнд хэт их автагдсанаар буруу зүйлсэд илүү ач холбогдол өгч, Бетлехемийн Ариун Нэгний төрөлтийг дурсан санах энгийн баяр баясгаланг мэдэлгүйгээр бүү өнгөрөөсэй хэмээн би итгэн залбирч байна.

Христийн мэндэлсний баярын жинхэнэ баяр баясгалан нь бид илүү ихийг хийж, амжуулах гэж яаран сандарснаар ирдэггүй. Христийн мэндэлсний баярыг Аврагч дээр төвлөрүүлснээр л бид энэхүү баярын жинхэнэ баяр баясгаланг олох болно.

Малын хашаан дахь тэжээлийн тэвшинд даавуунд ороолгон төрсөн Тэрээр мөнх бус амьдралаар амьдарч, Бурханы Хаант улсыг байгуулахын тулд тэнгэрээс буун, газар дэлхий дээр ирсэн юм. Түүний гайхамшигт сайн мэдээ дэлхийн бодлыг өөрчилсөн. Тэр бидний төлөө амьдарч, бидний төлөө нас барсан юм. Хариуд нь бид Түүнд юу өгч чадах вэ?

Би Английн яруу найрагч Кристина Россэттигийн бичсэн шүлэгт дуртай:

Би үнэхээр ядуу болохоор

Түүнд юу өгч чадах билээ?

Хэрэв би хоньчин байсан бол

Хургаа өгөхсөн

Хэрэв би ухаант хүн байсан бол

Өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийхсэн

Гэвч би Түүнд юу өгч чадах билээ?

Зүрх сэтгэлээ өгье.1

Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхдээ бид Аврагчийн заасан хайрыг мөн аминч бус занг харуулах хэрэгтэй. Авахаасаа илүү өгөх нь Христийн мэндэлсний баярын сүнсийг илүү бүрэн дүүрнээр авчирдаг. Бид нэг нэгэндээ илүү сайхан сэтгэлээр ханддаг. Мөн бид аз жаргалгүй байгаа тэдгээр хүмүүст хайраар хүрч, тусалдаг. Бидний зүрх сэтгэл зөөлөрч, дайснуудаа уучлан, найз нөхдөө дурсан санаж, Бурханд дуулгавартай байдаг. Христийн мэндэлсний баярын сүнс нь дэлхийг өөр нүдээр харах боломжийг олгодог бөгөөд бид дэлхийн завгүй амьдралаа анзаарч, эд зүйлээс илүүгээр хүмүүст илүү анхаарал тавьдаг. Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг ойлгохын тулд энэ үгсийн голын хоёр үгийг хасахад л хангалттай бөгөөд ингэснээр Христийн Сүнс гэсэн үгс болно.

Ерөнхийлөгч Дэвид О. Маккэй: “Зөвхөн бусдыг аз жаргалтай болгосноор л жинхэнэ аз жаргал ирдэг бөгөөд энэ нь амиа алдсанаар амьдралаа олж авдаг гэсэн Аврагчийн сургаалыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж буй явдал юм. Товчоор хэлбэл, Христийн мэндэлсний баярын Сүнс нь бусад хүмүүст ах дүүгийн хайраар болон нөхөрлөлөөр хандах боломжийг бидэнд олгож, сайхан сэтгэлээр тэдэнд үйлчлэхийг сануулдаг тэрхүү Христийн Сүнс юм.

“Энэ бол Есүс Христийн сайн мэдээний сүнс бөгөөд үүнд дуулгавартай байснаар ‘доод газарт амар тайвныг’ авчрах болно, учир нь энэ нь Бурханы тааллыг олсон хүмүүст байх болно гэсэн утгатай”2 гэжээ.

Аврагчийн өгсний адилаар бид ч бас өгөх болтугай. Өөрийгөө зориулах нь ариун нандин бэлэг юм. Аврагчийн өгсөн бүхнийг дурсан санаснаар бид ч мөн өгдөг. Бид хожим нь эвдэрдэг эсвэл мартагддаг бэлгүүдийг хүмүүст өгөхийн сацуу мөнхийн үнэ цэнэтэй бэлгүүдийг ч мөн өгөх болтугай. Хэрэв бид бүгдээрээ ойлголцлын болон энэрлийн, үйлчлэлийн болон нөхөрлөлийн мөн сайхан сэтгэлийн болон эелдэг байдлын бэлгүүдийг бэлэглэдэг байсансан бол энэ дэлхий хэчнээн илүү сайн байх байсан бол.

Христийн мэндэлсний баяр нь бүхий л сүр жавхлан, алдар суугаараа биднийг хүрээлж буй энэ цаг үед Аврагчийн төрөлтийг мэргэн хүний адил тэмдэглэхэд биднийг удирдах гэрэлтсэн, тэрхүү онцгой одыг бид эрэлхийлэх болтугай. Бид энэрэл хайраар дүүрэн байж, зүрх сэтгэлээ Аврагчид бэлэг болгон өгснөөр сүнсээрээ Бетлехемийг зорин аялах болтугай.

Ах, эгч нар минь ээ, Христийн мэндэлсний баяраар хүн бүр баяр баясгалангаар дүүрэн байх болтугай. Энэ нь миний итгэл мөн залбирал юм. Бидний Аврагч, Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Жак М. Лаион ба бусад хүмүүс, eds., Best-Loved Poems of the LDS People (ХҮГ хүмүүсийн хамгийн дуртай шүлгүүд) (1996), 166–67.

  2. Дэвид О. Маккэй, Gospel Ideals (Сайн мэдээний туйлын зорилгууд) (1953), 551.