Бүү айгтун
Хайрт ах, эгч нар аа, бид Христийн мэндэлсний баярын мөн энэхүү баярын улирлын хайраас хуваалцахаар өнөө орой энд цуглараад байна. Христийн мэндэлсний баярын уянгалаг дуу хөгжим, гэр бүл, найз нөхдийн цугларалт, тэдний минь инээмсэглэх царай, хүүхдүүдийн баяр хөөрөөс илүү сайхан зүйл байдаг гэж үү? Энэ улирал биднийг гэр бүл, найз нөхөд, хөршүүдийн хувьд нэгтгэн цуглуулах тэнгэрлэг хүчтэй юм. Бид бэлэг солилцож мөн баярын элбэг дэлбэг хоол зооглохыг хүсэн хүлээж байдаг. Бидний олонх нь Христийн мэндэлсний баярыг төгс болгохсон гэж боддог бол дараах зүйлийг санаж болох юм.
Английн зохиолч Чарльз Диккэнсийн бичсэн A Christmas Carol (Христийн мэндэлсний баярын дуу) зохиолд Скрүжийн зээ энэхүү нандин цаг үеийн талаар “Христийн мэндэлсний баярын сайхан уур амьсгал надад байнга бодогдсоор байдаг, удалгүй өгөөмөр сэтгэл, хайр, өршөөл энэрлээр дүүрэн энэ цаг ирдэг. Христийн мэндэлсэн энэ цаг үе бол жилийн бүх урт хугацааны туршид хамгийн сайхан улирал, эрэгтэй эмэгтэй бүх хүн өөрсдийн зүрх сэтгэлийг чөлөөтэй нээж, хайрын үгс хэлэлцдэг, амьдралын адил болоод өөр зам дээр яваа хүмүүсийг ялгахгүй харьцаж, бусдын талаар боддог ... зөвхөн ганц үе байдаг нь энэ үе юм. Тийм болохоор … энэ улиралд халаас минь алт, мөнгөн зоосоор дүүрээгүй ч надад сайнаар нөлөөлсөөр ирсэн бөгөөд хойшид ч ийм байх болно гэдэгт би итгэдэг; тиймээс би ‘Бурхан энэ баярыг адислаг’ гэж хэлнэ” хэмээн жилийн энэхүү ариун үеийг гайхалтай дүрслэн дурссан байдаг.
Би эцэг бас өвөө хүний хувьд хүүхдүүдээ, тэдний хүүхдүүдийг хамтад нь цуглаад Аврагчийн төрөлтийг тэмдэглэж, гэр бүлдээ баяр хөөртэй байхыг харахдаа Христийн мэндэлсний баярын ид шидийг биширдэг. Энэ онцгой баярыг тэсч ядан хүлээж, сэтгэл нь догдолж буй хүүхдүүдийн баяр хөөр болон хүүхэд насны гэнэн цайлган занг та нар ч мөн харж байсан. Тэдний баяр хөөрийг харах мөчид бидэнд өнгөрсөн Христийн мэндэлсний баярууд санагддаг. Диккэнс цааш нь, “Хүүхэд байх нь зарим үед сайхан. Ялангуяа Христийн мэндэлсний баярын үед хүүхэд байх хамгийн сайхан. Тэгээд ч энэ баярыг Үүсгэгч нь тухайн үедээ хүүхэд байсан шүү дээ” (A Christmas Carol, 67) хэмээн өгүүлсэн байдаг.
Би Лос Анжелесийн ойролцоо өссөн. Манай гэр жүржийн моддын төглөөр хүрээлэгддэг байсан бөгөөд жил бүрийн Христийн мэндэлсний баярын үдэш аав ээж минь гэр бүлийнхэн, найз нөхөд болон хөршүүдээ урьж, Христийн мэндэлсний баярын дуунуудыг дуулж, зууш иддэг байлаа. Энэ нь бидний хувьд үнэхээр сайхан уламжлал байсан бөгөөд дуу дуулах нь дэндүү олон цаг үргэлжилж байх шиг санагддаг сан. Хүүхдүүд дуугаа дуулчихаад л, жүржийн моддын төгөл рүү тоглохоор сэмхэн явдаг байж билээ.
Миний эхнэр Кати бид хоёр Өмнөд Калирфорнийн далайн эргийн ойролцоо гэр бүлээ төвхнүүлсэн юм. Дал модод сэвэлзүүр салхинд найгасан тийм үед Христийн мэндэлсний баяр тохиодог сон. Жил бүрийн Христийн мэндэлсний баяраар хүүхдүүд минь завины жагсаал үзэхээр далайн боомт руу явахыг тэсч ядан хүлээдэг байлаа. Бид өнгө өнгийн гялалзах гэрэлтэй, олон зуун гоё завь далайн боомтыг хүрээлэхийг гайхширан хардаг байв.
Одоо Кати бид хоёр Солт Лэйк хотод амьдарч байгаа болохоор орон нутгийн A Christmas Carol (Христийн мэндэлсний баярын дуулал)жүжгийг хүүхдүүд, ач зээ нартаа үзүүлэхээр дагуулан явдаг заншилтай болсон. Бид жил бүр Эбэнэзэр Скрүж хүйтэн сэтгэлтэй, зожиг нэгэн байснаа Христийн мэндэлсний баяраар баяр хөөрөөр дүүрсэн, аз жаргалтай хөрш болж, хувиран өөрчлөгдөхийг үздэг. Ингэх бүрдээ бид ч дотроо өөрчлөгдөхийг хүсэж байгаагаа мэдэрдэг. Бид Аврагчийн бүх хүнд энэрэнгүй ханддаг байсан жишээг амьдралдаа илүү сайн дагахаар өдөөгддөг.
Христийн мэндэлсний баярын хувирган өөрчлөгч хүч нь амьдралыг илүү сайн болгох Есүс Христийн гэтэлгэгч хүчнээс үндэстэй. Хоёр мянга гаруй жилийн өмнө Бурханы Хүү төрсөн тухай сайхан түүх Лукийн номонд цэдэглэгдсэн байдаг:
“Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ. …
“Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот руу явцгаав.
“Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу,
хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав.
“Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж,
“Тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож, тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.
“Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ.
“Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.
“Тэнгэр элч тэдэнд –Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.
“Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.
“Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ.
“Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,
“Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доод газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв” (Лук 2:1, 3–14).
Уг тэнгэр элч анх тэдгээр хоньчинд үзэгдэхдээ тэдний айдсыг мэдэрсэн байж таарна. Тиймээс тэр тэдэнд “Бүү айгтун” гэж хэлжээ. Гэнэт үзэгдсэн тэнгэрлэг элчээс гэрэлтэх Бурханы гайхширам алдар суу үнэхээр тэдний зүрх сэтгэлд айдсыг төрүүлсэн. Гэхдээ тэнгэр элчийн хуваалцахаар ирсэн мэдээнд огтхон ч айх зүйл байсангүй. Харин ч эсрэгээрээ, тэр гайхамшгийг зарлахаар, хамгийн сайн мэдээг авчрахаар, хүн төрөлхтний гэтэлгэл бодитоор эхэлсэн болохыг хэлэхээр ирсэн байв. Тэр үеэс өмнө бас хойно ямар ч тэнгэрлэг элч үүн шиг баярт мэдээг хуваалцаж байсангүй. Бурханы Төрсөн Ганц Өөрийн зуурдын амьдралын аяныг эхэлсэн: “Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” Энэ нь үнэхээр агуу баяр хөөрийн сайн мэдээ байсан юм.
Хүн бүр амьдралдаа уг тэнгэр элчийн амлалтууд хол хөндий, бүдэг бадаг мэт санагдах мөчүүдтэй тулгардаг. Бид бүгдээрээ өвчин зовлон, алдаа эндэгдэл, сэтгэл дундуур байдал, эцэст нь үхэл зэрэг амьдралын бэрхшээл, сул талуудын харьяат байдаг. Өнөөдөр олон хүн бие махбодийн хувьд аюулгүй байдалд амьдрахаар адислагдсан байдаг бол зарим хүн тийм байдаггүй. Олон хүн амьдралын шаардлагын улмаас ирдэг бие махбодын болон сэтгэл санааны хүнд ачааг туулдаг.
Гэсэн ч, амьдралын бэрхшээл дунд, Их Эзэний өнөөдөр хүн бүрд өгч буй захиас нь хоёр мянган жилийн тэртээ сүргээ манаж байсан хоньчдод өгсөнтэй яг адил “Бүү айгтун” хэмээх үгс юм. Христийн мэндэлсний баярын анхны орой уг тэнгэр элчийн “Бүү айгтун” хэмээн хэлсэн нь хоньчдын айдсыг арилгахаас ч илүү өнөөгийн бидний амьдралтай гүн гүнзгий холбоотой байж болох юм. Тэрээр Аврагч байгаа учир айдас хэзээ ч ялж чадахгүй гэдгийг бидэнд ойлгуулахыг хүссэн болов уу? Туйлын айдас нь хэзээ ч зөв байдаггүй гэдгийг батлах гэсэн юм болов уу? Дэлхийн ямар ч бэрхшээлд төгсгөл бий, хэн ч гэтэлгэгдэх боломжтой гэдгийг бидэнд сануулахыг хүссэн юм болов уу?
Христийн мэндэлсний баярын хамгийн сайхан бэлэг бол үргэлж Аврагчийн Өөрийнх нь бидэнд өгсөн бэлэг болох Түүний төгс төгөлдөр амар амгалан байх болно. “Амар амгаланг би та нарт үлдээнэ. Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” (Иохан 14:27). Амар амгалан алс хол мэт санагдах энэ дэлхийд ч Аврагчийн амар амгалангийн бэлэг бидний нөхцөл байдлаас үл хамааран зүрх сэтгэлд оршиж чадна. Хэрвээ бид Өөрийг нь дагах Аврагчийн урилгыг хүлээн авбал дуусашгүй айдас ч мөнхөд арилдаг. Бидний ирээдүй баттай болсон. Эдгээр нь “бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээ” юм. Бошиглогч Исаиа бидэнд “Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална” (Исаиа 41:10) хэмээн сануулсан билээ.
Хоёр мянган жилийн өмнө Аврагч Бетлехемд төрсөн нь бидэнд найдварыг бас үүнээс ч олон зүйлийг авчирсан. Гэтэлгэл, чөлөөлөлт, эдгэрэл мөн ялалтыг авчирсан билээ. “Буруу зүйлс ялагдаж, зөв зүйлс ялах болно” (“I Heard the Bells on Christmas Day,” Hymns, no. 214). Аврагчийн мэндэлснийг зарласан тэнгэр элчийн баталгаа мөн тэнгэр элчүүд “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доод газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай” хэмээн дуулан, гэнэт үзэгдсэнд гайхах зүйл үгүй. Өөр ямар ч захиас үүнээс илүү баттай байж чадахгүй. Үүнээс илүү сайн сайхныг хүссэн ямар ч захиас хүмүүнд өгөгдөж байгаагүй.
Та нарт болон та нарын хайртай хүмүүст энэ улирал амар амгалан, баяр хөөрийг авчрах улирал байх болтугай. “Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ [бидний] төлөө мэндэллээ” Есүс Христийн нэрээр, амен