Түүнийг мөн авралын төлөвлөгөөг хамтдаа магтъя!
Та нарын олонтой адил миний сайхан хань Крэг бид хоёр Христийн мэндэлсний баярын ариун хөгжимд дуртай. Бид дуртай дуунуудынхаа жагсаалтыг гаргавал “Өө, Итгэлтэй хүмүүс бүгд ир” хэмээх дуулал дээгүүрт орох нь гарцаагүй. Энэ дууллын “хөгжил хөөртэй” үгс нь биднийг ирж, Аврагч Есүс Христ буюу “тэнгэр элчүүдийн Хааныг” болгоож, дээдлэн хүндлэхийг урьдаг.1 Бид мөнх бус байдлын өмнөх сүнснүүд байхдаа авралын төлөвлөгөөнөөс суралцаж, Түүнийг дэлхийн Аврагч болохоор Өөрийгөө сайн дураараа, даруухнаар өргөх үед зөвхөн харж, хайрлан хүндлээд зогсоогүй, түүнчлэн баярлалдан уухайлсан гэдэгт би итгэлтэй байна.2 Хамгийн утга учир бүхий “Би энд байна, намайг илгээгтүн” хэмээх үгсийг Тэр даруухнаар хэлсэн.3
Төлөөлөгч Петрийн хамт ерөнхийлөгч Монсон “[бидний] доторх найдварын талаар … хариу өгөхөд ямагт бэлэн бай”4 хэмээн бидэнд сануулсан. Намайг Христийн мэндэлсний баярын талаарх өөрийн хэдэн дурсамжийг хуваалцах үед яагаадАврагчид болон ертөнцийг үнэхээр хайрлаж, цорын ганц Хүүгээ өгсөн Бурхан [бидний Мөнхийн Эцэгт]5 болон Эцэгийн төгс, алдар суут аз жаргалын төлөвлөгөөнд найддаг шалтгааныг минь та бүхэн олж харна гэдэгт би найдаж байна.
Христийн мэндэлсний баярын дурсамж 1
Намайг 14 настай байхад манай гэр бүл Шинэ Зеланд улсад амьдарч байсан юм. Аав минь тэндэхийн номлолын ерөнхийлөгчөөр дуудагдах үедээ 30 гаруйхан настай залуу байсан юм.
Христийн мэндэлсний баяр ойртож, би эгч дүүсийн хамт төрсөн гэрээсээ хол шинэ гэртээ дасахыг хичээж байлаа. Томоогүй өсвөр насны охин миний хувьд гэр орон, найз нөхөд, гэр бүлээсээ хол байх нь үнэхээр хэцүү байсан юм. Би дассан орчин, дуу чимээ, Христийн мэндэлсний баярын ёслол, хөгжим, гэрэл, гацуур мод, цас, ялангуяа гэр бүлээ санан гуниглаж байсан. Би хайртай үеэл, нагац болон авга ах эгч нараа санаж байлаа. Тэднийг Солт Лэйк хот дахь Кэйр өвөөгийн гэрт жил бүр тэмдэглэдэг гэр бүлийн үдэшлэгт удахгүй цугларахыг мэдэж байв.
Энэ нь 1966 оны Христийн мэндэлсний баярын өмнөх орой байсан юм. Би номлолын гэрт болсон гэр бүлийн үдэшт оролцохоор ирсэн номлогчидтой болон гэр бүлтэйгээ хамт дурамжхан суулаа. Энэ гэр бүлийн үдэш хамгийн сайн даа л гэхэд миний маш их санаж байсан Кэйрийн гэр бүлийн үдэшлэгийн хаана нь ч хүрэхгүй гэдэгт итгэж байв. Утас хэзээ дуугарсныг би сайн санахгүй байна, гэхдээ тэрхүү дуудлага нь миний гэнэн томоогүй зүрх сэтгэлийг өөрчилсөн. Мөн хайртай аавыгаа маш их өрөвдөж, өмнөхөн нь хувиа хичээсэн зан гаргасандаа харамсах сэтгэл надад төрж билээ.
Уг дуудлага нь бидний хайртай, аминч бус, ажилсаг, гэрээндээ үнэнч Кэйр өвөө цус харван, эмнэлэгт ухаангүй хэвтэж байгааг мэдэгдэхээр залгасан авга ах Жөүгээс ирсэн байлаа. Бидний эрхэмлэн хайрладаг, зургийн аппарат барьсан, хөгжимд дуртай, хөгжилтэй, гэр бүлдээ анхаардаг өрхийн тэргүүний талаарх дурсамж миний санаанд тодхон оров. Аав минь утсаар яриад ирэхдээ сэтгэл түгшсэн байгаа нь илт мэдэгдэж байсан ч сэтгэлээ барьж, мөрөө тэгшлээд, Эцэгийн төлөвлөгөөнд болон уг төлөвлөгөөн дэх Аврагчийн гол үүрэгт итгэх итгэлийнхээ талаар чин сэтгэлийн гэрчлэлээ хуваалцсан юм. Түүний гэрчлэл миний шаналсан зүрх сэтгэлд гүн нөлөөлсөн.
Харамсалтай нь өвөө маань эргэж сэхээгүй. Маргааш нь өөд болсон юм. Тэр өдөр Шинэ Зеландад Христийн мэндэлсний баярын өдөр, харин Солт Лэйк хотод өвөөгийн маань хамгийн дуртай өдөр болох Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр байсан. Түүний өөд болсон нь ойр дотны хайртай хүнээ алдсан миний анхны тохиолдол байв. Хэдийгээр түүнийг алдсандаа гашуудаж байсан ч алдар суут аз жаргалын төлөвлөгөөний талаарх мэдлэгийнхээ ачаар адислагдаж, тайтгаруулагдаж байлаа. Би өвөөгийнхөө амьдарч байсан арга замаар амьдарвал түүнийг дахин харна гэдгээ баттай мэдэрсэн. Би тэр үед хайртай хүмүүстэйгээ хэзээ нэгэн өдөр дахин уулзах боломжийг надад олгодог Аврагч, Түүний цагаатгах золиослолын чухал хэсгийг бүрэн ойлгоогүй байсан гэж боддог. Гэвч төлөвлөгөөнд баясахыг хангалттай сайн мэдэж байсан. Төрөлтийг нь тэмдэглэдэг Түүнийг дээдлэн хүндлэхээ ч би сайн мэдэж байсан.
Би олон жилийн өмнөх тэрхүү Христийн мэндэлсний баяраас хойш бидний Аврагч, Есүс Христийн талаар илүү ихийг сурч мэдсээр байна. Ерөнхийлөгч Харолд Б.Лий заахдаа: “Бурханы Хүү … Төрсөн Ганц Хүүгийн хувьд үүргээ биелүүлэхээр, ертөнцийн сууринаас өмнө алагдсан Хурга байхаар, бүх хүн төрөлхтөнд авралыг авчрахаар энд ирсэн. Тэрээр амиа өгснөөр … хаалгыг нээж, бид мөнх амьдралд хүрч болох арга замыг заасан. … Тэр бол бүхий л сүр жавхландаа байгаа Есүс билээ”6 хэмээн хэлсэн.
Христийн мэндэлсний баярын дурсамж 2
1984 оны Христийн мэндэлсний баяр Аврагч болон алдар суут авралын төлөвлөгөөнд талархах талархлыг маань ихээр нэмэгдүүлсэн өөр нэгэн дурсамжийг агуулдаг. Тэгэхэд би 32 настай байсан бөгөөд хайртай итгэлтэй ханьтайгаа гэрлээд, гурваас арван насны дөрвөн бяцхан энхрий үрсийн ээж болсон байлаа. Христийн мэндэлсний баяраас зургаан долоо хоногийн өмнө бидний амьдралыг цочроосон хорт хавдрын тухай мэдээг бид эмчээс хүлээж авсан. Крэг бид хоёр бие бие рүүгээ итгэж ядсан байдалтай харан, нулимсаа тэвчин ядан, ирээдүй минь яах билээ хэмээн бодоцгоож билээ. Гэсэн ч үүний дараа Есүс Христэд болон Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэлийнхээ ачаар “бүх оюун ухаанаас дээгүүрх амар амгаланг”7 мэдэрсэн.
Хэдийгээр тэр үед Крэг тойргийнхоо бишопоор үйлчилж байсан ч бид бяцхан хүүхдүүддээ бүх зүйлийг аль болох энгийн хэвээр нь байлгахын тулд уг мэдээгээ зөвхөн гэр бүлийнхэндээ хэлэхээр шийдсэн юм. Христийн мэндэлсний баярын өмнөх зургаан долоо хоногийн турш би бараг өдөр бүр цас мөсөн дундуур эмнэлэг рүү явж, эмчилгээ хийлгэж байсан бөгөөд энэ хугацаанд энэрэнгүй сэтгэлт ээжүүд болон эгч нар маань ээлжлэн гэр орны ажилд тусалж байлаа. Тэр цаг мөч хэцүү байсан ч тэрхүү Христийн мэндэлсний баярын талаар бодохдоо би “Агуу Бүтээгчийн нигүүлсэнгүй төлөвлөгөө”8 болон бидний Аврагч, Есүс Христийн цагаатгах золиослолд талархах талархлаа үгээр илэрхийлж чадахгүй нь.
Би амьдрал хэчнээн хэврэг болохыг өмнөхөөсөө илүү сайн ухаарахдаа Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө урьдаас илүү хувийн шинжтэй болсныг мэдэрсэн. Тэр жилийн Христийн мэндэлсний баяр их өөр байж билээ. Би Христийн мэндэлсний баярын бүх зүйлд дуртай байхын хэрээр миний хувьд мөнхийн гэрлэлт, гэр бүл, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон авралын төлөвлөгөөнд итгэх итгэл, тэдний талаарх гэрчлэл минь чухал санагдаж байсан юм.
Нэг өдөр би гэртээ амарч байхдаа дөрвөн бяцхан хүүхдийнхээ ирээдүйн талаар бодлогошрон суулаа. Тэгээд Friend сэтгүүлийг эргүүлэн харж байтал нэгэн дуу миний анхаарлыг татав. Би төгөлдөр хуурынхаа ард суугаад, нотных нь дагуу тоглож эхэлсэн. Би дууг дуулаад, захиас нь миний зүрхний гүнд орохыг мэдрээд уйлж билээ. Тэр үед би тойргийнхоо Хүүхдийн хэсгийн дууны удирдаачаар үйлчилж байсан бөгөөд уг дууг зөвхөн тойргийнхоо Хүүхдийн хэсгийн зуун хүүхдэд заагаад зогсохгүй хамгийн чухал нь гэрт минь байгаа дөрвөн нандин үрдээ заах хэрэгтэйгээ мэдэрсэн юм.
Тэнгэрлэг Эцэг хэрхэн хайр болон сайхан сэтгэлийн тухай дэлхийн хүмүүст хэлж чадах вэ?
Тэр амар амгалан, ариун бүхнийг эзэмшдэг нялх Хүүгээ илгээсэн.
Тэнгэрлэг Эцэг яаж бидний явах замыг дэлхий дээр зааж чадах вэ?
Бид үүнийг мэдэж болохын тулд Тэр дэлхий дээр хүмүүстэй хамт алхуулахаар Өөрийн Хүүг илгээсэн.
Тэнгэрлэг Эцэг хэрхэн золиослол болон үхлийн тухай дэлхийн хүмүүст хэлж болох вэ?
Тэрээр Хүүгээ бидний төлөө үхээд, амилж болохын тулд илгээсэн.
Тэнгэрлэг Эцэг биднээс юу хүсдэг вэ? Судрууд юу хэлдэг вэ?
Итгэлтэй бай, найд, Түүний Хүүгийн адил амьдар, бусдад тусал.
Тэр юу хүсдэг вэ? Хүүгийнх нь адил амьдар. 9
Энэ сүнслэг нөлөөтэй дуу Түүний Хүүд болон төлөвлөгөөнд талархах талархлаа Тэнгэрлэг Эцэгтээ хэрхэн харуулах тухай бага зэрэг ойлголтыг надад өгсөн. Хүүхдүүдээ том болохыг харах завшаан надад олдохгүй байсан ч хэрэв тэд энэхүү ариун дуунд агуулагдсан энгийн боловч гүн гүнзгий сургаалыг ойлгож, мэдэн, үүний дагуу амьдарвал тэд Есүс Христийн үнэнч шавь нар болсон гэсэн үг болно гэдгийг мэдэрч билээ.
Тэр жил манай гэрт тийм нэгэн онцгой, миний хэзээ ч мартахааргүй уур амьсгал байж, биднийг амар амгалан, бие биеэ хайрлах хайраар адисалж байсан. Тэр жилийн Христийн мэндэлсний баяраар манай хүүхдүүдэд ариун нандин зүйлсийг ойлгох онцгой ойлголт өгөгдсөн байсан мэт надад мэдрэгдсэн юм. Тэд түүнээс өмнө бас дараа нь хэзээ ч Христийн төрөлтийг харуулсан зургийг өөрсдийн наснаас хэтэрсэн хүндэтгэл, сүсэг бишрэл, хайраар дүрсэлж байгаагүй. Бид тэрхүү хүнд нөхцөл байдалдаа соригдож, өсөж хөгжиж байх үедээ тунгаан бодож, Аврагч Есүс Христийн бэлэг, Тэнгэрлэг Эцэгийн алдар суут авралын төлөвлөгөөнд талархаж байхдаа сүнслэг мэдрэмжүүдийг илүү тодорхой мэдэрч байх шиг санагдсан.
Би авралын төлөвлөгөөний болон энэхүү төлөвлөгөөн дэх Аврагчийн Цагаатгалын гол үүргийн талаарх ойлголтоос ирдэг найдваргүйгээр хүмүүс яаж амьдардаг юм бол гэж үе үе боддог. Бидний хайртай бошиглогч Томас С.Монсоны “Бидний хүн бүрийг төгсгөлгүй үхлээс гэтэлгэсэн Есүс Христийг би гэрчилж байна. Тэр үнэний багш боловч багшаас ч илүү гэдгийг би гэрчилж байна. Тэрээр төгс амьдралын Жишээ үзүүлэгч боловч жишээ үзүүлэгчээс ч илүү. Тэр Агуу эмч боловч эмчээс ч илүү. Төөрөлдсөн хүн төрөлхтнийг аварсан Тэр бол дэлхийн жинхэнэ Аврагч, Бурханы Хүү, Энх Амгалангийн Ханхүү, Израилын Ариун Нэгэн, ‘Бибээр эхнийх мөн эцсийнх болой; Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө; бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ’ хэмээн тунхагласан амилсан Их Эзэн юм” [С ба Г 110:4]”10 гэсэн хүчирхэг гэрчлэл дээр өөрийн гэрчлэлийг талархан нэмье.
Бидний төлөө хийсэн Түүний хязгааргүй золиослолыг бодох үед Аврагчийн хэлсэн хамгийн гунигтай таван үг бол “Та нар бас явахыг хүсэж байна уу?”11 хэмээх үгс билээ. Хэцүү үе тохиолдоход бид Түүнээс холдож, зовлон бэрхшээлдээ ганцаараа зовж шаналахыг сонгож болно эсвэл “Христийн баясалд автагдаж байснаас бусдаар, өөр зовлонгуудыг”12 үзэхгүй гэдгээ мэдэн, Түүнд болон Эцэгийн төлөвлөгөөнд хандах сонголтыг хийж болно. Бид бүхний төлөөх миний залбирал бол Алдар суут, төгс төлөвлөгөөнийх нь төлөө Тэнгэрлэг Эцэг болон “Түүнийг хамтдаа магтъя” хэмээх ариун Христийн мэндэлсний баярын дууллын урилгыг хүлээн авах юм. Есүс Христийн нэрээр, амен.