Өгөөмөр нэгэн
Энэ улирал жилийн хамгийн сайхан цаг үе биш гэж үү?
Христийн мэндэлсний баярын үеэр бид бусдыг өөр нүдээр харж, эргэн тойрондоо байгаа сайхан зүйлсийг илүү мэдэрч, илүү найрсаг бөгөөд өрөвч сэтгэлээр бусдад хандаж эхэлдэг ховор тохиох үе билээ.
Насанд хүрсэн бидний хувьд хэрвээ азтай бол хүүхэд байх нь ямар байдгийг мэдрүүлэх агшныг үе үе мэдэрдэг.
Хайртай хүмүүс маань бидэнд зориулан ямар нэгэн онцгой зүйлийг бэлдэж байхад бид ч бас тэдэнд зориулан төлөвлөж байгаа зүйлдээ догдлох нь бидний зүрх сэтгэлийг баярлуулан хайр болон тэсэн ядах хүлээлтээр дүүргэдэг билээ. Үүн дээр анивчих гэрлүүд, гоёмсог чимэглэлүүд мөн гайхамшигтай зассан малын тэвш зэргийг нэмэхэд Христийн мэндэлсний баяр жилийн хамгийн сайхан цаг үе байдагт гайхах зүйл үгүй биз ээ.
Түүнчлэн мэдээж үүн дээр дуу хөгжим нэмэгдэнэ. Зүрх сэтгэлийг зөөллөх, гүн гүнзгий агуулгатай Христийн мэндэлсний баярын дуунуудыг өөр юу ч орлож чадахгүй. Христийн мэндэлсний баяраар аялгуу нь хөгжилтэй, бодолд умбуулдаг эсвэл эрт цагийг дурссан аль нь ч бай гайхамшигтай хөгжим эгшиглэдэг. Христийн мэндэлсний баярын эдгээр хоршоо дуунууд сэтгэл сэргээж, бидний баярлах шалтгааныг сануулж өгдөг.
Өнөөдөр Ариун Сүмийн талбай дахь найрал хөгжим, Мормон Табернеклийн найрал дууны тэнгэрлэг дуу хөгжмийг сонсох туйлын их аз завшаан бидэнд тохиож байна.
Энэ бүлгийн дуулдаг дууллууд үнэхээр яруу сайхан болохоор тэнгэр элчүүд тэднийг үе үе чих тавин сонсож, заримдаа бүр дуу хоолойгоо нэмэн хамтран дуулдаг болов уу гэж би төсөөлөх дуртай.
Хонхны дуу
Найрал дуучид дөнгөж сая Христийн мэндэлсний баярын хамгийн сайхан дуунуудын нэг болох “Хонхны дуу” хэмээх шидэт дууг дууллаа. Үүнийг Америкийн Нэгдсэн Улсад анх 1921 онд дуулж байжээ.
Эхэндээ энэ дуу Христийн мэндэлсний баярын дуу биш байсан. Энэ дуу нь зуун зууны турш уламжлагдан ирсэн Украйн ардын дуу “Щедрик” буюу орчуулбал “Өгөөмөр нэгэн” хэмээх дуунаас гаралтай юм.
Украйн гэр бүлүүд энэ дууг шинэ жилийн эхэнд дуулдаг байсан. Дууны анхны үгэнд нэгэн хараацай нэг айлын гэрт нисэн орж ирээд, уг гэр бүл ирэх ондоо ер бусын аз хийморьтой байхыг зөгнөн хэлж байгаа тухай өгүүлдэг.1
Би энэ түүхээс ирдэг мэдрэмжинд дуртай.
Надад үүний найдвар болон өөдрөг байдлын захиас нь таалагддаг.
Энэ нь Христийн мэндэлсний баярын захиас биш гэж үү? Бүр бидний эргэн тойрон гэрэлгүй харанхуй болох үед—амьдралд хэцүү зүйлс гарч ирж, толгой гудайн зүрхэндээ шаналж, гашуудал зовнилын дунд байхдаа ч—бид Христийн мэндэлсний баярын дуунуудыг “Дэлхий баярлагтун” болон “хүн бүрийн сайн сайхны төлөө”2 хэмээн дуулж болно. Учир нь Христ “харанхуй ба үхлийн сүүдэрт суугсдын дээр гийж”3 болохын тулд ирсэн.
Өгөөмөр байх цаг
Тиймээс бидний хайртай Христийн мэндэлсний баярын дууны анхны нэр нь “Өгөөмөр нэгэн” гэсэн нэртэй байсан нь үнэхээр зохисон аж. Христийн мэндэлсний баяр бол үнэндээ өгөөмөр байх цаг юм.
Бид ийм хүсэлтэйгээр заримдаа гэр бүл, найз нөхдөдөө өгөх төгс бэлгийг хайн, олон цагийг зарцуулдаг. Бид илүү тусч, хөгжилтэй байх арга замуудыг эрэлхийлдэг. Хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх мэдрэмж төрдөг. Туслалцаа хэрэгтэй хүмүүсийг илүү анзаарч, тусламжийн гараа өгөөмрөөр сунгах нь олонтоо тохиодог. Энэ бүгд бол бидний төрснийг нь тэмдэглэдэг Аврагчийнхаа өгөөмөр занг төгс биш ч гэлээ сэтгэлээсээ дуурайх оролдлого юм.
Гэхдээ Христийн мэндэлсний баярын сайхан уур амьсгал нь бэлэг цуглуулан, дэлгүүр хэсэх, төлбөр төлөх, үйл ажиллагаа дүүрэн төлөвлөх зэрэгт дарагдах нь олонтоо тохиолддог болохыг бид мэднэ.
Би Гринчтэй адил бай гэж хэлж байгаа юм биш, гэхдээ Христийн мэндэлсний баярын хамгийн сайхан дурсамж бол бэлэг солилцож, олны хөлд дарагдсан газраар явж, хүмүүсийг цуглуулсан том, жижиг арга хэмжээнүүдэд оролцох зэрэг байдаг гэдгийг би хэлмээр байна.
Би эдгээр зүйлийг хийхээ болих хэрэгтэй гэж хэлэхгүй. Харин энгийн зөвлөгөө өгөхийг минь зөвшөөрнө үү.
Энэхүү Христийн мэндэлсний баярын улирлаар бид зүрх сэтгэлдээ намуухан чимээгүй мөчийг олж, “Өгөөмөр нэгэнд” чин сэтгэлээсээ талархахад урьж байна.
Биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэгийн буянт, өгөөмөр, хязгааргүй их нигүүлслийн тухай бодож үзэхийг хүсье.
Бид бэлэг цуглуулан явахдаа—хүлээн авч мөн өгөхдөө— Өөрийн хүүхдүүдэд харамгүйгээр цутган өгсөн Бурханы бэлгүүдийг чимээгүйхэн бодох цагийг гаргаасай.
Талархалтай байдлын бэлэг
Хүмүүс өөрт нь байгаа зүйлсийг, бүр хэмжээлшгүй үнэ цэнэтэй байсан ч гэсэн, байдаг л зүйл гэж талархалгүйгээр бодох нь хүний төрөлхийн араншин байх. Энэ бол Есүсийн үед болсон арван уяман өвчтөний түүхээс бидний мэдэж авдаг нэг зүйл юм. Аймшигт өвчинд нэрвэгдэн, гэр бүл, найз нөхөд, бүр амьдралаас хүртэл тусгаарлагдсан эдгээр уяман өвчтөн Бурханы Хүүгээс эдгэрлийг гуйснаар эдгээгджээ.
Та бүхний мэддэгээр энэхүү гайхамшгийн дараа есөн уяман өвчтөн өөрсдөд нь тохиосон аз завшаанд баярласаар өөр өөрсдийн замаар оддог.
Нэг нь л эргэж ирсэн.
Арван хүний нэг нь талархлаа илэрхийлэхээр цаг гаргасан. Арван хүнээс зөвхөн “нэг нь өөрийн эдгэрснийг хараад, буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан, Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв.”4
Энэ түүхэнд гарсан шиг зүрх сэтгэлийн талархлаа даруухнаар илэрхийлэх нь өнөөдөр ховордсон мэт санагдавч эдгээр нь одоо ч байсаар байна. Ийм зүйлс тохиоход, тэдгээр нь бидний зүрх сэтгэлийг хөндөж, биднийг адислал бүрээ тоолоход хөтөлдөг.
Саяхан би Африкт амьдардаг нэг хүний талаар олж мэдсэн. Хөгжлийн бэрхшээлтэйн улмаас энэ хүн амьдралдаа хэзээ ч алхаж байгаагүй байв. Тэрээр амьдралынхаа ихэнх хэсгийг эцэг эхтэйгээ өнгөрүүлэхээс өөр аргагүй байсан. Тэрээр ажиллаж чадахгүй, найзуудтайгаа гарч чадахгүй, бидний хийдэг хамгийн энгийн зүйлсийг ч хийж чаддаггүй байв.
Тэгтэл тэр нэгэн гайхалтай мэдээ сонсжээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм түүний гэрээс холгүйхэн газар болсон арга хэмжээнд тэргэнцрүүд авчирч байжээ.
Тэрээр найзаасаа тэр арга хэмжээнд хүргэж өгөхийг хүссэн бөгөөд тэнд хөгжлийн бэрхшээлтэй олон арван эрэгтэй эмэгтэй хүн, хүүхдүүдийг гялалзсан шинэ тэргэнцэр дээр өргөн тавьж байв.
Тэр суудлуудын нэгэн дээр суухыг ямар их хүссэн гээч! Тэрээр өөрийн хүчээр өөрийгөө хөдөлгөж чадсанаар амьдрал нь ямар их өөрчлөгдөх байсан гээч!
Тэрээр дараалалд жагсан хүлээсээр ээлж нь ирэв.
Хоёр эрэгтэй түүнийг өргөн, суудалд суулгахад амьдралдаа анх удаа тэрээр өөрөө хөдлөв.
Эхэндээ тэр маш болгоомжтой хөдөлж байв. Тэргэнцэр дээрээ дасаж ирээд, илүү хурдан явж эхэлжээ.
Тэрээр эргэж, шарваж, хурдалж, бүр хойд дугуйн дээрээ босов. Тэрээр найзыгаа гүйцэн, хажуугаар нь өнгөрөхдөө баярлан, гараа даллаж байлаа.
Тэр нисэж байв!
Түүний царайд хөөр баясал тодорч байсан.
Хэсэг хугацааны дараа тэрээр аажуухан буцаж ирээд гунигтай царайлан, босоход бэлэн гэдгээ илэрхийлэв.
Найз нь түүнээс “Чи юу хийж байна вэ?” гэж асуув.
Залуу инээмсэглээд мөрөө хавчив. “Одоо өөр хэн нэгний ээлж” гэж тэр хэлэв.
Сүмийн хүмүүнлэгийн номлогч түүний дэргэд өвдөглөн суугаад “Энэ тэргэнцэр одоо чинийх болсон” гэж түүнд хэлсэн.
Залуу итгэж чадахгүй байлаа. Тэрээр энэ үйл ажиллагаа нь хүмүүст тэргэнцэр унах нь ямар байдгийг үзүүлэх гэсэн юм байх гэж бодсон байв.
“Энэ үнэхээр минийх гэж үү” хэмээн тэр асуув.
“Тийм ээ.”
“Гэхдээ надад мөнгө байхгүй.”
“Энэ бол чинийх. Энэ бол чамайг хайрладаг хүмүүсээс ирсэн бэлэг.”
Болж байгаа үйл явдлыг ухаарсан тэрээр найз руугаа харлаа.
Тэр номлогч руу харав.
Тэрээр нулимс унагахгүй байхыг хичээсэн боловч чадсангүй. Тэрээр баярын нулимс унагахдаа инээмсэглэж байлаа.
Түүний найз болон номлогч түүнтэй хамт уйлж байв.
“Баярлалаа” хэмээн тэр шивнэв.
Тэрээр тэднийг тэврээд, тэргэнцэртээ суугаад, ахин инээмсэглэсээр, гялсхийн ухасхийлээ.
“Би нисэж чадна” гэж тэрээр хашгиран ийш тийш давхиж байлаа.
Энэ хүн талархалтай байхыг ойлгосон хүн байсан.
Бурханы ач ивээл
Бид ийм ариун, хязгааргүй талархлыг мэдэрч байсан уу? Христийн мэндэлсний баярын энэхүү улиралд болон жилийн туршид бид Өгөөмөр нэгэн болох Бурхан, Эцэг, Хоньчин бөгөөд Зөвлөхийг санах болтугай хэмээн би залбирч байна.
Учир нь Тэр бол Бэлэг өгөгч билээ!
Өгөөмөр нэгэн!
Түүний хүүхдүүд талх гуйхад Тэрээр чулуу өгөхгүй.5 Харин Тэрээр биднийг ойлгож мөн төсөөлж чадахаас ч илүү эрхэм дээд, үнэ цэнэтэй бэлгээр адисалдаг. Тэрээр бидэнд:
-
Амар амгалан.
-
Баяр баясал.
-
Элбэг дэлбэг байдал.
-
Хамгаалалт.
-
Хэрэгцээт зүйлс.
-
Дэмжлэг.
-
Найдвар.
-
Өөртөө итгэх итгэл.
-
Хайр.
-
Аврал.
-
Мөнх амьдралыг өгдөг.
Өнөөдөр бид бусад бүх бэлгийг бидэнд хүртэх боломжийг өгсөн бүхнээс агуу бэлэг болох Бетлехемийн хүүгийн төрөлтийг тэмдэглэж байна. Түүний ачаар “булшинд ялалт гэж үгүй, мөн үхлийн гашууныг Христ залгисан юм. Тэр бол дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал болой; тийм ээ, хэзээ ч харанхуйлагдахгүй төгсгөлгүй тэрхүү гэрэл; тийм ээ, мөн түүнчлэн үхэл гэж цаашид байж үл бол[но].”6
Би дуугаа өргөн Бурханыг Өгөөмөр сэтгэлийнх нь төлөө магтан дуулъя.
Тэр биднийг ганцаардал болон гансрал, зохисгүй байдлаас авардаг.
Тэр бидний нүдийг нээж, чихийг онгойлгодог. Тэр харанхуйг гэрлээр, уйтгарыг баяр хөөрөөр, ганцаардлыг хайраар дүүргэн өөрчилдөг.
Тэрээр биднийг боолчлол, хувиа хичээсэн байдлаас чөлөөлж мөн зорилготой, ирээдүйд адислагдах замыг нээж өгдөг.
Бидний шүтдэг нь Тэр билээ.
Энэ бол бидний Бурхан
Өгөөмөр нэгэн.
Энэ бол Өөрийн хүүхдүүддээ хязгааргүй хайртай учраас Түүнд итгэсэн хүмүүс устаж үгүй болохгүй харин мөнх амийг хүртэхийн тулд Өөрийн төрсөн Ганц Хүүг өгсөн Тэр юм.7
Есүс Христийн ачаар бид хэзээ ч гадны хүн шиг байх хэрэггүй. Түүнийг буцаж ирэх үед бид зөв шударга хүмүүстэй хамт амилуулагдах болно! Түүний төгс амьдралын болон мөнхийн золиослолын ачаар нэгэн өдөр бид тэнгэр элч нартай хамт зогсон, мөнхийн титмийг аван өргөмжлөгдөх болно.8
Энэ Христийн мэндэлсний баяраар бид Өгөөмөр Нэгэнийг санаж, Өөрийн хүүхдүүдэд нисэх далавч өгдөг Бүхнийг чадагч Бурханд зүрх сэтгэлээсээ талархах болтугай. Энэ бол Христийн мэндэлсний баярын туршид болон үргэлжид миний даруухан, чин сэтгэлийн залбирал бөгөөд зүрх сэтгэлийн адислал юм. Бидний хайрт Аврагч Есүс Христийн нэрээр, амен.