Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Дэлхийн гэрэл ба амь


Дэлхийн гэрэл ба амь

(3 Нифай 11:11)

Аврагчийн төрөлтийн тухай хамгийн түгээмэл бөгөөд сайхан түүх Шинэ Гэрээний Лукийн номын хоёрдугаар бүлэгт бичигдсэн байдаг. Би Иосеф Мариа хоёрын Бетлехем рүү явж байгааг, энгийн нэгэн малын тэвш, Их Эзэн Есүс Христийн даруухан төрөлт, хоньчид мөн “бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг” (Лук 2:10) тунхаглах тэнгэр элч нарын талаар унших бүрдээ зүрх сэтгэл минь талархлаар дүүрдэг билээ.

Хожмын өдрүүд дэх сайн мэдээний сэргээлтийн ачаар Мормоны Номд Аврагчийн төрөлтийн талаар бас нэгэн чухал гэрчлэл гарч ирсэн. Миний та бүхэнтэй хуваалцах захиас анхны Христийн мэндэлсний баярын энэхүү гэрчлэлийг тодотгох болно. Бид ах, эгч, дүүсийн хувьд эдгээр үгийг зөвхөн сонсоод зогсохгүй үйл явдлуудыг нь дотроо дүрслэн бодоход урьж байна.

Эдгээр шүлгийг өөрсөдтэйгөө болон гэр бүлтэйгээ адилтган үзэхэд (1 Нифай 19:23-г үз) Ариун Сүнс та нарт тусалж, Христийн мэндэлсний баярын жинхэнэ уур амьсгалыг зүрх сэтгэлд тань төрүүлэх болтугай хэмээн би залбирч байна.

Самуел хэмээх лемен хүн

Бидний түүх Аврагчийг төрөхөөс хэдхэн жилийн өмнө Зарахемла хэмээх нутагт эхэлнэ. Самуел хэмээх лемен хүн ард түмний дунд ирж, нүглээ наманчлахыг номлож, Христийн талаар бошиглож эхлэв. Та нар өөрсдийгөө энэ үед 10 настай байсан ба Бурханы бошиглогч ирээдүйд болох зүйлсийг бошиглохыг цугласан олонтой хамт сонсож байсан гэж төсөөл дөө.

Самуел: “Болгоогтун, би та нарт тэмдэг өгье; учир нь дахин таван жил өнгөрөхөд, мөн болгоогтун, тэгэхэд Бурханы Хүү өөрийнх нь нэрэнд итгэх тэд бүгдийг гэтэлгэхээр ирэх болно.

“Мөн болгоогтун, түүний ирэлтийн үеийн тэмдэг болгон би үүнийг та нарт өгөх болно; учир нь болгоогтун, тэнгэрт агуу гэрлүүд байх болно, үүний хэрээр түүнийг ирэхийн өмнөх шөнө харанхуй болохгүй, үүний хэрээр энэ нь хүмүүнд өдөр мэт үзэгдэх болно.

“Тиймийн тул, нэг өдөр мөн шөнө мөн өдөр, шөнөгүй нэгэн өдөр лугаа адил байх болно; мөн энэ нь та нарт тэмдэг байх болно. …

“Мөн болгоогтун, … нэгэн шинэ од гарах болно; мөн энэ нь түүнчлэн та нарт тэмдэг байх болно” хэмээн тунхагласан (Хиламан 14:2–5).

Аврагчийн төрөлт

Цаг хугацаа өнгөрөхөд “бошиглогчдын бошиглолууд илүү ихээр гүйцэлдэж эхлэв; учир нь илүү агуу дохионууд мөн илүү агуу гайхамшигт зүйлүүд уг хүмүүсийн дунд хийгдэж эхлэв” (3 Нифай 1:4).

Таван жил өнгөрөхөд та одоо ойролцоогоор 15 настай болсон. Одоогийн амьдарч байгаа нөхцөл байдлыг тунгаахдаа та Самуелын бошиглолуудыг тод санаж байгаа.

“Гэвч лемен үндэстэн Самуелаар яригдсан үгс гүйцэлдэх цаг нь өнгөрсөн хэмээн хэлж эхэлсэн зарим хүмүүс байв.

“Мөн тэд ах дүүсээ хараад бах нь ханаж эхлэн, хэлсэн нь: Болгоогтун тэр цаг өнгөрсөн, мөн Самуелын үгс гүйцэлдсэнгүй; тиймийн тул, энэ зүйлийн талаарх та нарын баясал болоод та нарын итгэл хоосон байжээ.

“Мөнхүү улиран тохиох дор тэд уг нутаг даяар агуу самуун дэгдээв; мөн итгэсэн хүмүүс ихэд уйтгарлан гуньж эхлэв, яригдсан тэдгээр зүйлүүд ямар нэгэн байдлаар улиран тохиохгүй байхвий хэмээснээс бөлгөө.

“Гэвч болгоогтун, тэдний итгэл хоосон бишийг тэд мэдэж болохын тулд шөнө үгүй байсан мэт нэг өдөр лугаа адил байх тэрхүү өдөр мөн тэрхүү шөнө мөн тэрхүү өдрийг тэд тууштайгаар ажиглан хүлээж байлаа.

“Эдүгээ улиран тохиох дор, бошиглогч Самуелаар өгөгдсөн тэмдэг улиран тохиохгүй бол тэдгээр уламжлалуудад итгэсэн тэд бүгд үхэлд хүргэгдэх өдөр үл итгэгчдээр товлогдов.” (3 Нифай 1:5–9).

Түүний ирэх тэмдгийг хүлээх бас үхэх өдрөө тоолох нь ямархуу байсныг бид бага ч атугай төсөөлж чадах уу? Бид итгэлдээ үнэнч байн, гуйвахгүй зогсох байсан уу эсвэл эргэлзэж, хулчийн буцах байсан уу?

Эцэст нь Христийн төрөлтийн талаарх Самуелын бошиглолын тэмдэг өгөгдсөн юм. Шашин шүтлэгээр хавчин гадуурхсан энэ үед дөнгөж арван тавхан насандаа та нэгэн орой нар жаргасан ч харанхуй болохгүйг хараад гайхширсан.

“Мөн шөнө болоход харанхуй болсонгүйн учир хүмүүс гайхаш тасарч эхлэв. …

“Мөн Бурханы Хүү удахгүй үзэгдэх ёстойг тэд мэдэж эхлэв; тийм ээ, … бүх хүмүүс үлэмж их цочирдон гайхсанаас тэд газарт унав. …

“Мөнхүү улиран тохиох дор тэр шөнийн турш харанхуй байсангүй, харин энэ нь үд дунд лугаа адил гэрэлтэй байв. Мөнхүү улиран тохиох дор өглөө нь нар зохих ёсныхоо дагуу, дахин мандсан болой; мөн энэ нь Их Эзэний төрөх өдөр байсныг өгөгдсөн тэмдгийн учир тэд мэдсэн ажгуу.

“Мөнхүү энэ нь, тийм ээ, бүх зүйлүүд, бошиглогчдын үгсийн дагуу, нэг бүрчлэн улиран тохиожээ.

“Мөнхүү улиран тохиох дор түүнчлэн нэгэн шинэ од үгийн дагуу үзэгдэв” (3 Нифай 1:15, 17, 19–21).

Есүсийн мэндэлсэн өдөр нь Шинэ дэлхий буюу Америк тив дэх итгэгчдэд эрх чөлөө авчирсан юм. Аврагчийн төрөлтийн тэмдэг болсон гэрэл нь тэдний амийг шууд утгаараа аварсан.

Аврагчийн үхэл ба амилалт

Одоо 30 гаран жил өнгөрсөн бөгөөд та 50 дөхөж яваа. Самуелын заасан зүйлс болон өсвөр насандаа харсан Их Эзэний төрөлтийн тэмдгийг та тод санасан хэвээр байгаа.

Самуелын бошиглосны дагуу Христийн үхлийн нэг тэмдэг нь гурван өдрийн түнэр харанхуй байсан (Хиламан 14:27; 3 Нифай 8:3-ыг үзнэ үү).

“Мөнхүү улиран тохиох дор өтгөн харанхуй нь уг нутгийн бүх гадаргуу дээр байв, үүний хэрээр үүний үхээгүй байсан оршин суугчид харанхуйн мананг мэдрэхүйц байв;

“Мөн уг харанхуйн учир ямар ч гэрэл, лаа ч, бас бамбар ч байх аргагүй байлаа; бас … гал асаагдах аргагүй байв, иймээс ямар ч гэрэл огт байх аргагүй байлаа;

“Мөн ямар ч гэрэл, бас түүдэг, бас сүүмэлзэх төдий гэрэл ч, бас нар, бас сар, бас одод ч харагдахгүй байв, учир нь уг нутгийн гадаргуу дээрх харанхуйн манан тийм агуу байв.

“Мөнхүү улиран тохиох дор энэ нь гурав хоног үргэлжилснээс тэнд ямар ч гэрэл харагдахгүй байв” (3 Нифай 8:20–23).

Тэр үед тэрхүү гурав хоногийн дүрслэхийн аргагүй харанхуйг туулаад, удалгүй Өгөөмөр хэмээх нутагт байдаг ариун сүмд 2,500 хүний хамт цуглах нь ямаршуу байсан бол? Аврагч тэнгэрээс бууж ирэн, “Болгоогтун, би бол …Есүс Христ. … Би бол дэлхийн гэрэл ба амь” хэмээн сүрлэгээр тунхаглахад ямар байсныг та төсөөлж байна уу? (3 Нифай 11:10–11; тодотгол нэмсэн).

Ариун сүм дэх энэхүү онцгой цугларалтад ирээд Өөрийгөө тодорхойлсон Аврагчийн эхний үг нь “гэрэл” байсан юм. Самуел гэрлийн тэмдгийн талаар бошиглосон. Аврагч мэндлэхэд гэрлийн тэмдэг өгөгдсөн. Цугласан олны айдас болон аймшигт харанхуйг үнэн гэрэл болох Есүс Христ үлдэн хөөсөн билээ.

Мормоны Номд гардаг Христийн мэндэлсний түүх нь Есүс Христ бол “харанхуйд гялалзагч гэрэл” (С ба Г 10:57–61-ийг үзнэ үү) гэдгийг бүрэн дүүрэн ойлгоход бидэнд тусалдаг. Бидний амьдралын турш ямар ч нөхцөл байдалд, ямар ч сорилт тулгарсан Есүс Христ бол айдсыг дарж, удирдамж, найдварыг болон урт удаан үргэлжлэх амар тайван, аз жаргалыг өгөгч гэрэл билээ.

Христийн мэндэлсний баярын дурсамж дүүрэн, удаан хугацааны уламжлал маань гацуур модон дээрх, гэр дотроо болон гаднаа өлгөдөг гэрэл, ширээн дээрээ асаадаг лаа зэрэг олон янзын гэрлийг агуулсан байдаг. Баярын энэхүү улиралд асаадаг үзэсгэлэнт гэрлүүд нь бүх гэрлийн эх болсон Түүнийг бидэнд сануулах болтугай.

Гэвч харанхуй гудмуудад

Мөнх гэрэл цацарлаа.

Он жилийн айдас найдвар хоёр

Мөн энд тулж учирлаа.

(“O Little Town of Bethlehem,” Hymns, no. 208).

Есүс Бетлехемд мэндэлж, мөнх бус амьдралын номлол, тохинууллаа амжилттай гүйцэлдүүлсэн бөгөөд бидний амилсан Их Эзэн тэрээр одоо амьд гэдгийг би гэрчилж байна. Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.