2016 оны онцгой цугларалтууд
Хувь заяаныхаа дагуу болох ямар хүн ёстой тийм хүн болох нь


Хувь заяаныхаа дагуу болох ямар хүн ёстой тийм хүн болох нь

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсонтой хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2016 оны 1-р сарын 10 • Хавай дахь Бригам Янгийн их сургууль

Хайрт ах, эгч нар аа, бид энэхүү Хүндэтгэлийн өдөр та бүхэнтэй хамт байгаадаа маш их баяртай байна. Бид та нарт хайртай! Бид та нарт итгэдэг! Намайг та бүхэнтэй хэдэн санаа хуваалцах үед та нар сонгох эрхээ ашиглан, Ариун Сүнсийг өөрсдөдөө заалгахаар уриасай хэмээн би залбирч байна.1

Шинэ жил айлчлан ирлээ. Та нар шинэ ондоо зорилго тавьсан уу? Тэгээд хэдхэн хоногийн дараа л зорилго болгосон зүйлсийнхээ талыг нь хийхээ больчихсон байгаа юу? Та бүхэн өөрсдийнхөө хувьд энэ жилийг амьдралын тань хамгийн сайхан жил байгаасай хэмээн хүсэж байна уу? Та нар энэ жилийг хамгийн чухал зорилгодоо шантралгүйгээр хүрэх, хэзээ хэзээнээс илүү сайхан жил байгаасай гэж хүсэж байна уу? Би та бүхэнд тус болох байх гэж итгэж байгаа хэдэн зүйл хэлэх гэсэн юм. Та нарыг юу хэлэх гэж байгааг минь ойлгох эсэхийг харцгаая:

Арван хоёр жилийн турш эдгэшгүй өвчний улмаас зовж байгаа эмэгтэйн талаар бодоод үз дээ. Тэр Аврагчийн нөмрөгийн хормойд гар хүрсэн. Энэ нь түүний эдгэрч чадах цорын ганц боломж байлаа.2

Гучин найман жилийн турш нэгэн өвчнөөс болж зовж байгаа Бетзада цөөрөм дэх эрэгтэйн талаар бодно уу. Түүнд тэрхүү эдгээгч ус руу орох боломж урьд нь хэзээ ч олдож байгаагүй.3

Загасчны жижиг завийг нь аюулт давалгаа нөмрөх үед “Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү?”4 хэмээн дуу алдсан Аврагчийн шавь нарын талаар бод доо.

Энэ хүмүүст ямар адил төстэй зүйл байна вэ?

Тэд аргаа баран цөхөрсөн байв. Тэд Аврагчаар эдгээгдэж, туслуулж, цэвэршүүлэгдэн удирдагдаж, хамгаалагдаж мөн аврагдахыг хүсэж байлаа. Тэдэнд хэзээ ч хийж чадахгүй зүйлсээ хийхэд Есүс Христийн тусламж хэрэгтэй байсан. Тэдэнд Аврагчийн хүч чадал хэрэгтэй байсан юм. Та бүхэн энэ мэдрэмжийг мэдэх үү? Надад итгээрэй. Би бол мэднэ.

Та нар өгөх хугацаа нь удахгүй болох эсвэл аль хэдийн өнгөрсөн даалгавруудаа дуусгах хэрэгтэй байж магадгүй. Чамайг үнэхээр сайн ойлгох хэн нэгэн өөрт чинь хэрэгтэй байж болох юм. Чамайг чин сэтгэлээсээ хайрладаг, зөвхөн чамд л хамгийн сайн сайхныг хүсдэг хэн нэгэн хэрэгтэй байж магадгүй. Та нарт яг одоо их сургуульд элсэх, ажил олох эсвэл амьдрах газар хэрэгтэй байж болох юм. Шинэ найзуудтай болох эсвэл мөнхийн хамтрагчаа олох хэрэгтэй байж болно.

Тэгвэл, дуулгах сайн мэдээ байна: Цөхрөлтгүй байх нь агуу хөдөлгөгч, түлхэц хүч болдог.

Бошиглогч Иосеф Смит Либерти шоронд байхдаа цөхөрч байсан. Түүний: “АЙ Бурхан минь, та хаана байна вэ?”5 гэсэн үгсийг санацгаая. Бошиглогч энэхүү агуу сүнслэг цөхрөлийнхөө ачаар энэ эрин үеийн хамгийн эрхэм чухал илчлэлтүүдийг хүлээн авсан билээ.

Бид тэнгэрээр удирдагдахыг мөрөөдөх үедээ тэнгэртэй нэгдмэл болохын тулд илүү шаргуу хөдөлмөрлөдөг. Бид бие махбодын хувьд эрүүл байх шаардлагатай үедээ хүмүүсийн санал болгосон ямар ч хоолноос илүү ухаалаг хооллох арга замыг эрэлхийлдэг. Мөн бид дасгал хөдөлгөөн хийх арга замыг олдог. Ямар ч шалтаг байхгүй. Бидэнд илүү их мөнгө хэрэгтэй болох үед Их Эзэний санхүүгийн хуулийн дагуу амьдрахыг үнэхээр их хүсдэг. Энэ бол мэдээж аравны нэг юм!

Ерөнхийлөгч Жорж К.Каннон ядуу мөн та нар шиг залуу байхдаа аравны нэгийн талаар хэрэгжүүлсэн арга замынх нь талаар бодож үзээрэй. Бишоп нь ядуу залуу Жоржийг аравны нэгээ ихээр төлдгийг магтахад тэрээр: “Бишоп оо, би хэдийг олж байгаагаараа төлөөгүй ээ. Харин хэдийг олохыг хүсэж байгаагаараа төлж байна” гэж хариулжээ. Жорж өмнөх жилдээ төлсөн аравны нэгийнхээ мөнгийг дараа жил нь олж чадсан юм.6

Бид хувь заяаныхаа дагуу болох ёстой хүн болох хэрэгцээ шаардлага гарч ирэх үед алсын хараагаа өөрчилдөг. Бид дайсны маш ухаалаг байдлаар хэрэгжүүлсэн сүнслэг мартах өвчнөөс ангижирдаг ба гэнэт өөрсдийнхөө мөн бусдын талаар, амьдралынхаа талаар хэзээ ч урьд нь харж байгаагүй зүйлсийг хардаг. Дэлхийн “зугаа цэнгэл”, “үзвэр үйлчилгээ” нь утга учиргүй, бүр сүнслэг байдлын хувьд аюул болон харагдаж эхэлдэг. Бид жинхэнэ мөн чанар, хувь заяаг маань мартуулахад хүргэдэг уруу таталтуудыг бодитоор нь харж, хуурамч бас хавх байсныг нь ухаардаг.

Бид цагаа өөр зүйлд зарцуулж эхэлдэг. Facebook-т зарцуулах цаг нь ариун сүмд өнгөрөөх цаг мөчтэй адил сонирхолтой санагддаггүй. Нэгэн ариун сүмийн ерөнхийлөгчийн “Бид ариун сүмд орохдоо худал хуурмаг дэлхийг ардаа орхидог”7 хэмээн заасан гүн гүнзгий үнэнийг өөрсдөө мэдэрдэг. Бид хөнгөн хийсвэр, оюун санааг доройтуулах олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх дуулиант тайлбараас илүүтэй Их Эзэний ариун өргөөндөө бидэнд заах мөнхийн үнэнийг сонирхож эхэлдэг.

БЯИС-ийн нэгэн эмэгтэй оюутан өөртөө итгэлтэй байдал, аз жаргалыг мэдэрсэн үе болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд зарцуулсан цаг хугацаа хоёрынхоо хооронд эрс тэрс ялгаа байгааг олж харснаа хэлсэн юм. Тэрээр Facebook, Twitter –т зарцуулдаг цагаа багасгасан байна. Тэрээр “Би илүү сайн төсөөлөлтэй болж, аливаа сэдвийг тунгаан бодохдоо илүү саруул ухаантай байн, бусадтай илүү гүнзгий яриа өрнүүлж чадаж байгаа юм шиг санагдаж байна. Би одоо амьдралдаа Сүнсний нөлөөг илүү хүчтэй мэдэрч байна. Энэ бол миний хүссэн хамгийн сайн зүйл” гэж хэлжээ.

Бид өөрсдийнхөө жинхэнэ мөн чанарыг олохыг хүсэхдээ техник технологийг ухаалаг ашиглаж эхэлдэг. Хэрэв та үүнийг хэрхэн хийхийг мэдэхгүй бол LDS.org руу орж судална уу.

Бид өөрсдийнхөө ямар хүн болох ёстой тэр хүн буюу Есүс Христийн жинхэнэ шавь байх агуу хэрэгцээг мэдрэх үедээ амьдралаасаа цэвэр бус бүх зүйлийг арчин хаях зориг, шийдэмгий байдлыг олдог. Бид удирдагчдын зөвлөгөөг дагахдаа бэлэн байснаараа өөрчлөгддөг. Бид зөвлөгөөг эрэлхийлж, үүнийг дагахыг хүсэж эрмэлздэг. Бардамнал, сагсуу зан нь даруу байдлаар солигддог. Судрууд нь хариулт, тайтгарлыг хүлээн авах “гол эх сурвалж” болдог ба бид эдгээрийг интернэтээс олонтоо хайж байснаа ухаардаг.

Та бүхэн нэгэн туршилтыг 30 өдрийн турш хийхэд бэлэн үү?

Өдөр бүр өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгт судруудын төлөө талархал илэрхийл. Тухайн өдрөө хамгийн их хариулт хэрэгтэй байгаа нэг асуултыг Түүнээс асуу. Унших үедээ Ариун Сүнсийг хамт байлгахыг гуй. Тэгээд судраа хаанаас ч хамаагүй нээгээд, хариултаа олтлоо унш.8 Үүнийг 30 өдөр туршиж үзээд, юу болохыг хараарай.

Бид Бурханы болгохыг хүсэж байгаа шиг хүн болох агуу хэрэгцээг мэдрэх үедээ шаардлагагүй ачаа дарамтууд нь биднийг хойш татаж буйг ухаардаг. Энэ ачаа нь ихэвчлэн буруу сонголт, наманчлаагүй нүгэлтэй холбоотой сүнслэг шаналал байж болно. Наманчлаагүй нүгэл нь илүү их нүгэл үйлдэхэд хүргэх соронзтой адил гэдэг нь үнэн юм. Бид Хаан Лемонайн эцэгтэй адил наманчлахыг хүсэх үедээ бүх нүглээ9 (дуртай нэгнээ хүртэл) орхихыг хүсдэг. Ингэснээр бид хойшлуулахгүй бас ичихгүйгээр жинхэнэ наманчлалыг хийхэд бэлэн болж, шаардлагатай тусламжийг эрэлхийлэн, бишоп дээрээ гүйх шахам очдог.

Энэ амьдралд цөөн хэдэн зүйл л тодорхой баталгаатай байдгаас нэгийг нь дурдъя: Хэрэв бид чин сэтгэлээсээ наманчилбал Аврагч биднийг цэвэршүүлж, эдгээх болно гэдэг нь 100 хувийн баталгаатай. Тэр гарцаагүй эдгээх болно.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “[Аврагчийн] Цагаатгалын хүч бидний нүглийн үр дагаврыг арилгаж чадна. Түүний цагаатгагч ач ивээл биднийг наманчлах үед зөвтгөж, цэвэршүүлдэг (3 Нифай 27:16–20-ийг үзнэ үү). Энэ нь бид уруу таталтад бууж өгч, найр тавиагүйтэй адил байх болно” гэж заажээ.10

Хайрт ах, эгч нар аа, энэ бол үнэн гэдгийг би амлаж байна! Энэ нь ноцтой наманчлаагүй нүгэл эсвэл биднийг бүдрээж байгаа ярвигтай дутагдал байна уу хамаагүй, бидэнд төрсөн хувь заяаныхаа дагуу тэр хүн болоход Аврагчийн тусламж хэрэгтэй. Үүнийг Түүний хүч чадалгүйгээр хийх нь боломжгүй юм.

Аврагч бидэнд хэрэгцээтэй бүхий л Сүнсний бэлгийн үнийг төлсөнд би баяртай байна.11 Эдгээр нь ямар бэлэг болохыг залбирч олж мэдэх нь бидний үүрэг юм. Бидэнд хувийн сахилга бат эсвэл өөдрөг байх бэлэг хэрэгтэй байж магадгүй. Бидэнд тэвчээрийн эсвэл бэлгийн харьцааны талаарх мэдрэмжээ мөнхийн хуулиудтай нийцэхээр байлгах эсвэл хэн нэгний нүглээс болсон шархнаас эдгээгдэх мөн тэр хүнийг уучлах бэлэг хэрэгтэй байж болно. Бид Их Эзэн Есүс Христэд итгэх гуйвшгүй итгэлийн бэлэггүйгээр нэг минут ч амьдарч чадахгүйгээ ухаарах болно. Бид Сүнсний аль нэг бэлгийн агуу хэрэгцээг мэдрэх үедээ зүрх сэтгэлийнхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан уг бэлгийн төлөө залбирах болно.12 Сүнслэг бэлэг бүр биднийг жинхэнэ мөн чанар руу маань нэг алхам ойртуулдаг нь сайхан мэдээ юм.

Хайрт ах, эгч нар аа, миний хайрладаг хүмүүс минь. Хэзээ нэгэн өдөр та болон би, бид бүгд Аврагчтай нүүр тулан асуултад хариулах болно. Бид энэ нь үнэхээр тохиолдох болно гэдгийг ухаарсан үедээ бэлтгэлтэй байхад шаардагдах бүх зүйлийг хийхэд бэлэн байх болно.

Би төгсгөлд нь та бүхнээс “Та хэвлэл мэдээллийнхэн, блогчид, бүр дэлхий даяараа мэдээгүй байхад Аврагч аль хэдийн дэлхий дээр ирж, цөөн хэдэн агуу цугларалтаар 13 жинхэнэ дагалдагчидтайгаа уулзсан гэж мэдсэн бол яах вэ?” гэж асууя. Хэрэв Аврагч аль хэдийн дэлхий дээр ирснийг та мэдсэн бол өнөөдөр юу хийхийг хүсэж мөн маргааш юу хийхэд бэлэн байх байсан бэ?

Энэ жил та нар хувь заяаныхаа дагуу ямар хүн болох ёстой тийм хүн болох замд тань түлхэх хүч байх арвин их хүслийг мэдрэх болтугай хэмээн би залбирч байна. Та нарын үнэн мөн чанар үнэхээр гайхалтай юм. Үүнийг бүү бууруул. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Notes

  1. Ахлагч Ричард Г.Скотт: “Их Эзэн та нарыг сурч мэдэхэд хүчилдэггүй. Сүнсэнд өөртөө заах боломжийг олгох эсэх нь таны сонголт” (21 Principles: Divine Truths to Help You Live by the Spirit [2013], 95–96).

  2. Матай 9:20–22-ыг үзнэ үү.

  3. Иохан 5:2–9-ыг үзнэ үү.

  4. Марк 4:38.

  5. Сургаал ба Гэрээ 121:1.

  6. Жорж К.Каннон, “The Doctrine of Tithing,” Deseret Evening News, Aug. 19, 1899, 11.

  7. Douglas L. Callister, quoted in Sheri Dew and Virginia H. Pearce, The Beginning of Better Days: Divine Instruction to Women from the Prophet Joseph Smith (2012), 65.

  8. Вэнди Ватсон Нэлсон, Change Your Questions, Change Your Life (2010), 139.

  9. Алма 22:18-ыг үзнэ үү.

  10. Д. Тодд Кристоффэрсон, “That They May Be One in Us,” Ensign эсвэл Лиахона, 2002 оны 11-р сар, 71.

  11. 1 Коринт 12–14; Моронай 10; Сургаал ба Гэрээ 46.-г үзнэ үү. Ахлагч Брүс Р.Макконки дээр дурдсан судрууд дээр жагсаасан эдгээр бэлэг нь зөвхөн санал болгосон зөвлөмжүүд юм; эдгээр нь зөвхөн хүлээн авах боломжтой сүнслэг бэлгүүдийн эхлэл төдий юм хэмээн заасан (see Mormon Doctrine, 2nd ed. [1966], 314–15).

  12. Алма 22:15–18-ыг үзнэ үү.

  13. Брүс Р.Макконки, The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man (1982), 575.

Хэвлэх