Зорилгоо олж мэдэх нь
Ахлагч Ричард Ж.Мэйнстэй хамт нэгэн үдэш
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2016 оны 5-р сарын 1, Солт Лэйк дэх табернекл
Би энэ орой нөхөртэйгөө хамт энд байгаадаа мөн та бүхэнд хандах үг хэлэх боломжтой байгаадаа үнэхээр их баяртай байна.
Нөхөр маань надад сайн мэдээний сэргээлт, ялангуяа Иосеф Смитийн анхны үзэгдлийн талаар ярих гэж байгаагаа эхлээд хэлэхэд нь бид энэ сэдэв хэрхэн миний амьдралд нөлөөлсөн болон туршлага маань та бүхний итгэлийг хүчирхэгжүүлэхэд хэрхэн эерэг нөлөө үзүүлж болох талаар ярилцсан юм.
Би Сүмийн хөрвөгч бөгөөд та нартай өөрийн хамгийн нандин туршлага болох хөрвөлтийнхөө түүхийг хуваалцъя.
Би хайр энэрлээр дүүрэн гэр бүлд өссөн, гайхалтай эцэг эхтэй нэгэн билээ. Бид сүмд тогтмол очдоггүй байсан ч, пресбитриен сүмийн гишүүдийн хувьд Христийн мэндэлсний болон амилсны баяраар үргэлж сүмд очдог байсан бөгөөд заримдаа ээж минь намайг ням гаргийн хичээлд авч явдаг байв. Энэ үед л би анх Аврагчийн талаарх гэрчлэлээ олж авсан юм. Би Есүсийн тухай түүхийг сонсох дуртай байсан ба Түүнийг онцгой нэгэн гэдгийг мэддэг байлаа.
Би жаахан охин байхдаа унтахынхаа өмнө залбирах хэрэгтэй гэдгээ мэдэрдэг байв. Мөн Тэнгэрлэг Эцэг намайг сонсдог болохыг би мэддэг байсан юм.
Би хорь гарантай байхдаа болзоонд явж, заримдаа үүнээс үүдэлтэй сэтгэлээр унах, урам хугарах, цөхрөх зэргийг биеэрээ амсаж байлаа. Та нарын зарим нь үүнтэй адил мэдрэмжийг мэдэрч байсан байх л даа. Гэхдээ энд ялгаа бий. Та нарын амьдралд сайн мэдээ байгаа. Энэ нь ямар агуу адислал гээч. Сайн мэдээ нь танд зорилго, хүч чадал, найдварыг өгдөг. Тухайн үед надад нэг зүйл дутагдаж байгааг би мэдэрсэн билээ. Би амьдралдаа бодит зорилго, чиглэлгүй байгаагаа мэдэрсэн юм. Би ямар нэгэн хариулт олж авна гэж найдан өөр өөр сүмээр явдаг болов. Амьдралыг маань утга учиртай болгох ямар нэг зүйлийг би эрэлхийлж байсан ч, хаанаас олохоо сайн мэдэхгүй байлаа.
Нэгэн маш хэцүү өдөр би залбирахаар шийдэв. Би ер нь залбирдаггүй байсан ч тэр өдөр орныхоо дэргэд өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгт зүрх сэтгэлээ уудлан, Түүнээс тусламж хүсэж, амьдралд минь удирдамж өгөхийг гуйлаа. Сэтгэл ч онгойж, тэгээд би өдөр тутам хийдэг зүйлээ үргэлжлүүлэн хийв.
Хэдэн өдрийн дараа залбирлын хариу ирж, нэгэн буцаж ирсэн номлогч амьдралд маань орж ирсэн юм. Түүний нэрийг Ричард Ж.Мэйнс гэдэг байв. Тэр намайг болзоонд урьж, буцаж ирсэн сайн номлогчийн хийдэг зүйлийг хийв. Тэр надаас Сүмийн талаар мэддэг мөн Мормоны номыг уншиж байсан эсэхийг асуусан билээ.
Тун удалгүй тэр надад Мормоны номын нэг хувийг өгөв. Би уг номыг уншиж эхэлсэн ба миний анхаарлыг ихэд татсан зүйлсийн нэг нь “Мормоны ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” гэсэн нүүр хуудас байлаа. Мормоны ном Есүс Христийн тухай өгүүлдэг болохыг би мэдээгүй байсан юм.
Түүнчлэн би номлогчдоос хичээл авч эхэлсэн бөгөөд амьдрал маань гэрэл гэгээтэй болж ирсэн. Номлогчид тусдаа хүмүүс болох Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр Иосеф Смит хүү дээр айлчилсан тухай заахад манай сүмд ийнхүү заадаггүй байсан ч энэ нь надад үргэлж мэдэрч, итгэдэг байсан үнэн зүйл мэт санагдаж билээ. Анхны үзэгдэл хөрвөгдөхөд минь маш чухал нөлөө үзүүлсэн. Иосеф Смитэд “Би үнэнийг хаанаас олох вэ?” гэсэн надад байсантай адил асуулт байсан учраас би түүнтэй холбоотой гэдгээ мэдэрч байлаа. Тэнгэрлэг Эцэг түүний болон миний чин сэтгэлийн залбиралд хариулсан юм. Би бүх хичээлийг үргэлжлүүлэн авч, заасан зүйлс нь үнэн гэдгийг зүрх сэтгэлийнхээ угт мэдэж байв.
Тэр зун буцаж ирсэн номлогч Ричард Жон Мэйнс надад баптисм хүртээж билээ. Бид үргэлжлүүлэн болзож, жилийн дараа Мантай Юта ариун сүмд гэрлэсэн юм.
Үнэндээ энэ нь хөрвөлтийн маань дөнгөж эхлэл байв. Бидний олонхийн хувьд хөрвөлт нь тасралтгүй үргэлжлэх үйл явц юм. Бид гэрчлэлээ өдөр бүр судраас уншин, залбирч, сүмд очин, ариун сүмд орж, бошиглогчийг дагах замаар тордож, хүчирхэгжүүлж байх хэрэгтэй.
Судрууд бидний амьдралын нэн чухал хэсэг байх ёстой. Сүмийн гишүүн бус охин байхад надаас нэг судар сонгож цээжлэхийг хүссэн бөгөөд би Сургаалт үгс 3:5–6-г сонгосон юм.
“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ.
Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэрээр чиний замыг шулуун болгоно” хэмээн уншдаг билээ.
Дээрээс тусламж хэрэгтэй үед энэ судар бодол санаанд маань хэдэн удаа орж ирснийг би хэлж чадахгүй. Хэрэв бид Их Эзэнд найдан, амьдралд тохиолдох бүх зүйлийг ойлгохгүй гэдгээ ухааран, хүлээн авсан олон адислалынхаа төлөө Түүнд талархах юм бол Тэр бидэнд замыг зааж өгөх болно. Энэ нь бидний хүссэн хугацаанд болохгүй байж болох ч, Тэнгэрлэг Эцэгт бидний хүн нэг бүрд зориулсан төлөвлөгөө байгаа гэдгийг би мэднэ.
Миний дуртай судруудын нэг бол Сургаал ба Гэрээ 123:12 юм. “Учир нь дэлхий даяар бүх бүлэглэлүүд, намууд хийгээд сүсэг бишрэлүүдийн дунд хүмүүний овжин заль мэхээр харалган болж, үүгээр тэд мэхлэхийг хүлээн худал хэлдэг, мөн тэд үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг нь олон буй.”
Сүмийн гишүүдийн хувьд бид бусдад хүрч, сайн мэдээг хуваалцаж байх нь маш чухал. Надтай адил үнэнийг эрж хайж байгаа ч, хаанаас олохоо мэдэхгүй байгаа олон хүн бий.
Баптисм хүртэх, нөхөртэйгөө ариун сүмд гэрлэх нь амьдралдаа гаргасан хамгийн чухал хоёр шийдвэр байсан юм. Сайн мэдээ амьдралд минь байгаад би маш их талархдаг. Амьдрал заримдаа хэцүү гэдгийг бид мэднэ. Харин бид ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгийг санах хэрэгтэй. Тэрээр:
“Тэнгэр газрын Эзэн та бүхнийг адислахын тулд байдаг. …
“Түүнд найд. Түүнд маш ихээр найд. Түүнд үүрд найд”1 гэж хэлсэн байна.
Тэнгэрлэг Эцэг бодит гэдгийг би мэднэ. Тэр бидэнд хайртай бас биднийг сонсдог. Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг би мэднэ. Тэр хүн нэг бүрийн төлөө амиа өгч, өдөр бүр амьдралаа өөрчлөн сайжруулах боломжийг бидэнд олгодог наманчлалын агуу бэлгийг өгсөн. Бидэнд амьд бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсон байгаа гэдгийг мөн бошиглогч Иосеф Смит Эцэг болон Хүүг харж, Мормоны ном: Есүс Христийн бас нэгэн гэрээг бидэнд өгсөн гэдгийг би мэднэ.
Та бүхэн Аврагчийнхаа болон бошиглогчдынхоо заасан зүйлийг хийснээр өдөр бүр гэрчлэлээ тордож, хүчирхэгжүүлээсэй хэмээн би залбирч байна. Та нар Их Эзэнд үргэлжлүүлэн найдаж, Тэр та нарын хэн гэдгийг мэддэг мөн замыг тань удирдан зална гэдгийг мэдээсэй хэмээн би залбирч байна.
Энэ бүгдийг би Есүс Христийн нэрээр хэллээ, амен.
© 2016 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 3/16. Орчуулгын зөвшөөрөл: 3/16. “Finding My Purpose” -ын орчуулга. Mongolian. PD60001510 363