2016 оны онцгой цугларалтууд
Сэргээгдсэн үнэн


Сэргээгдсэн үнэн

Ахлагч Ричард Ж.Мэйнстэй хамт нэгэн үдэш

Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт • 2016 оны 5-р сарын 1 • Солт Лэйк дэх табернекл

Ах эгч нар аа, би эхнэр Нэнсигийнхээ хөрвөгдсөн түүх болон Иосеф Смитийн анхны үзэгдэл ба Мормоны Ном хэрхэн түүний анхны гэрчлэл, хөрвөлтөд нь нөлөөлсөн талаар сонсох дуртай. Би бүрэн цагийн номлолоо дуусгаснаас хойш хэдэн жилийн дараа түүнд Есүс Христийн сайн мэдээг танилцуулж, номлогчийн ажлаа хийх боломжтой байсандаа үргэлж талархаж явдаг. Бид хоёрын амьдралд үйл явдал хэрхэн өрнөсөнд хэчнээн их баярлаж явдгийг минь та нар төсөөлж байгаа байх. Гэр бүлийн болон сүмийн амьдрал маань бидний хувьд хамгаас чухал зүйлс юм.

Та нарт хандаж үг хэлэх даалгаврыг Тэргүүн Зөвлөлөөс авсандаа би туйлын талархалтай байна. Энэ захиасыг бэлдэх явцдаа би Ариун Сүнсний нөлөө болон шивнээг мэдэрсэн гэдгийг та бүхэн мэдэх нь чухал гэж бодож байгаа бөгөөд хуваалцах зүйлс маань та бүхэнд сүнслэг ач тусыг өгнө гэж би найдаж байна.

Есүс Христийн сайн мэдээ хожмын өдрүүдэд сэргээгдэхийг түүхэн дэх олон бошиглогч зөгнөн харсан байдаг. Тиймээс Есүс Христийн сайн мэдээний сэргээлт нь судрыг судалдаг хүмүүст гэнэтийн явдал мэт санагдахгүй. Сайн мэдээний сэргээлтийг тодорхой зөгнөж мөн үүн рүү чиглүүлэн бошиглосон мэдэгдлүүд Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ, Мормоны Ном дээр хэдэн арваараа байдаг. Эдгээр жишээг Хуучин Гэрээний Дэд Хууль,1 Исаиа,2 Иеремиа,3 Езекиел,4 Даниел,5 Амос6, болон Малахи,7 Шинэ Гэрээний Матай,8 Марк,9 Үйлс,10 Ром,11 Ефес,12 2 Тесалоник,13 болон Илчлэлт14 номуудаас олж болно. Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн талаар өөр олон бошиглолууд Мормоны Номонд бичигдсэн байдаг. Зарим жишээ нь1 Нифай,15 2 Нифай,16 Иаков,17 болон 3 Нифай18 номуудад бий.

Сэргээлтийн талаарх эдгээр жишээнээс миний дуртай бошиглол Хуучин Гэрээний Даниелын номон дээр байдаг. Ойролцоогоор МЭӨ 586 онд Вавилоны Хаан Небухаднезар Иерусалимыг бүслэн авч эзэлсэн байна. Иудаг эзэлснийхээ дараа Небухаднезар хаан тайгануудынхаа тэргүүн Ашпеназад ордонд нь зөвлөхөөр үйлчлүүлэх Израилийн зарим хөвгүүнийг цуглуулахыг тушаав. Хааны хэлснээр энэ сонгогдсон бүлэг нь “мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялган салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэн зүтгэх чадвартай залуус байх ёстой байлаа.”19

Энэхүү сонгогдсон бүлгийн дунд Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв. Олзонд байхад нь Вавилоны соёлд гүн гүнзгий оруулах гэсэн эрчимжүүлсэн сургалтын үеэр хөвгүүдэд Белтешазар, Шадрах, Мешах, Абед-него хэмээх нэр өгснийг та нар санаж байгаа байх.

Небухаднезар хаанд энэ дөрвөн Иуда залуутай ярилцах боломж гарчээ. Сударт “Хаан тэдэнтэй мэргэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ”20 хэмээн өгүүлсэн байдаг.

Нэгэн шөнө хаан унтаж байхдаа зүүд зүүдэлжээ. Энэхүү зүүдний улмаас түүний сэтгэл хямарч, тайллыг нь олохыг хүссэн байна. Тэрээр зөвлөхүүдээ шалгах зорилгоор тэдэнд ер бусын хүсэлт тавив. Хаан өөрийн илбэчид, зурхайчид, мэргэ төлөгчдийг дуудаад тэдэнд эхлээд түүний зүүд, дараа нь түүний тайллыг хэлэгтүн гэж тушаав. Тэрээр энэхүү хүсэлтдээ чухал ач холбогдол өгч байлаа. Небухаднезар хаан тэдэнд “хэрэв та нар надад тэр зүүд болон түүний тайллыг эс мэдүүлбэл, та нарыг мөч мөчөөр чинь тастчин хаяна”21 хэмээн хэлэв.

Хааны мэргэд түүний зүүдний тайлал байтугай зүүдийг нь ч түүнд эс хэлж чадсанд хаан хилэгнэж, Вавилоны бүх мэргэдийг, үүний дотор Даниелыг нөхдийнх нь хамт устгахыг тушаав. Даниел хаанд бараалхаж чадсан бөгөөд хэсэг хугацаа өгвөл зүүдийг нь тайлж чадна гэдэгт түүнийг итгүүлжээ.

Даниел гэртээ ирээд уг мэдээг нөхөдтэйгөө хуваалцав. Тэд Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд хааны үзэгдлийн нууцыг тэдэнд мэдүүлэхийг Их Эзэнээс гуйжээ. Сударт энэ гуйлтын хариулт хэрхэн ирснийг: “Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав”22 хэмээн өгүүлсэн байдаг.

Бурханыг магтан, талархсаныхаа дараа Даниел хааны хамгаалагчдын ахлагч Ариох дээр очоод түүнд “Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би зүүднийх нь тайллыг хаанд айлтгая гэв.”23

Ариох Даниелыг хааны өмнө хурдан дагуулж очоод, “Иудагаас ирсэн олзлогдогсдын дотроос хаанд зүүднийх нь тайллыг хэлж чадах хүнийг би оллоо”24 гэж хэлэв.

Даниелыг хааны өмнө авчрахад хаан түүнээс: “Миний зүүдэлсэн зүүд болон түүний тайллыг чи надад мэдүүлж чадах уу? гэжээ.”25

Даниел түүнд:

“Хааны асуусан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлөгч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй.

“Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таны зүүд буюу таныг орондоо байхад оюун санаанд тань үзэгдсэн үзэгдэл ийм болой.”26 хэмээн хариулав.

Тэгээд Даниел Небухаднезар хаанд зүүднийх нь тайллыг хэлж өгөв.

“Хаан минь, таныг харж байтал нэгэн асар том баримал үзэгджээ. Ер бусын сүрлэг, агуу том тэр баримал нь таны өмнө байсан бөгөөд түүний дүрс нь аймшигтай байлаа.

“Энэхүү баримлын толгой нь шижир алтаар, цээж ба хоёр гар нь мөнгөөр, хэвлий ба гуя нь хүрлээр,

“шилбэ нь төмрөөр, тавхай нь төмөр болоод шаврын холимогоор хийгдсэн бөлгөө.

“Таныг харсаар байхад хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр шаврын холимогоос бүтсэн тавхай уруу нь цохиж, хэсэг болгон буталжээ.

“Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутран, зун тээрэмдсэн тарианы хивэг мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.”27

Зүүднийх нь агуулгыг Небухаднезар хаанд хэлж өгснийхөө дараа Даниел тайллыг нь хэлж өгчээ.

“Хаан минь, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.

“Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, хээрийн араатан болон огторгуйн шувуудыг Тэрээр таны гарт өгч, захируулсан бөлгөө. Та бол тэрхүү алтан толгой мөн.”28

Даниел хаанд цээж ба гар нь мөнгө, хэвлий ба гуя нь хүрэл, шилбэ нь төмөр, тавхай нь төмөр болоод шаврын холимогоор хийгдсэн баримлаар дүрслэгдсэн өөрийнх нь хаант улсын дараа гарч ирэх олон хаант улсыг үргэлжлүүлэн тайлбарлан хэлсэн байна.

Үүний дараа Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт болон эцсийн өдрүүдэд зохион байгуулагдах Бурханы хаант улсыг зөгнөсөн бошиглолыг Даниел хэлсэн байдаг:

“Тэдгээр хаадын үед [буюу эцсийн өдрүүдэд] хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.

“Хүний гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан, төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг ирээдүйд юу болох тухай аугаа их Бурхан хаан танд мэдүүлсэн юм. Энэ зүүд үнэн бөгөөд түүний тайлал нь итгэмжтэй юм хэмээн өгүүлэв.”29

Ах эгч нар аа, энэхүү эцсийн өдрүүдэд болж өнгөрсөн Есүс Христийн сайн мэдээ, Сүмийн сэргээлт мөн үүний дараах өсөлт хөгжил нь эртний бошиглогч Даниелын ийнхүү тодорхой айлдсан бошиглолын биелэлийн эхлэл юм.

Одоо бүгдээрээ Небухаднезар хааны засаглалаас хойш 2,400 жилийн дараа Есүс Христийн сайн мэдээ сэргээгдэхийн яг өмнөх үед очицгооё. Иосеф Смитийн анхны үзэгдлийн өмнөх үеийн зарим түүхэн нөхцөл байдлын талаар би та бүхэнтэй хуваалцъя.

Иосеф Смитийн өвөө Асаэл Смит Хувьсгалын дайны үеэр Америкийн армид элссэн бөгөөд шинэ улс үүсэн байгуулагдахыг өөрийн нүдээр харсан байна.

Иосеф Смитийн эцэг эх болох Ахмад Иосеф болон Люси Мак нар 1788 онд Америкийн Нэгдсэн Улсын үндсэн хууль мөн 1791 онд засгийн газар сүм хийдийг удирдахгүй, харин сүм хийд засгийн газрыг удирдахгүй болохыг баталсан Нэгдүгээр нэмэлт хавсралт батлагдах үед жаахан хүүхдүүд байсан юм.

Иймээс Америкийн Нэгдсэн Улс аль нэг шашныг өргөмжлөхөө больж, төрөөс дэмждэг шашингүй болсноор Америкчууд аль ч сүмийг эсвэл бүр ямар ч сүмгүй байх сонголт хийх эрхтэй болжээ.

Шинэ улсад шашны эрх чөлөөтэй болсон талаар Асаэл Смит хожим нь баярлаж байв. Тэрээр “[Бурхан] биднийг агуу хувьсгалыг хийхэд удирдан залж, амар амгалан, эрх чөлөөний амлагдсан нутагт авчирсан юм”30 хэмээжээ.

Америкийн хувьсгалын дараа ачаа тээвэр, харилцаа холбоо, үйлдвэрлэлд гарсан өөрчлөлт нь шинэ улсад өөрийн гэсэн соёлыг бий болгоход нөлөөлсөн билээ. Чөлөөт, нээлттэй зах зээлд шинэ бизнесийг санхүүжүүлэх банкууд үүсэн байгуулагдав.

Америкийн нийгэм, соёлд гарсан өөрчлөлтийн хамт 1790-ээд оны сүүлээс түүх судлаачдын Хоёр дахь Агуу Сэргэлт хэмээн нэрлэсэн, хэдэн арван жил үргэлжилсэн шашны сэргэн мандалт эхэлжээ. Эдгээр сэргэн мандалтын үеийг задгай талбай дээрх цугларалт, эрч хүчтэй, сэтгэлийг хөдөлгөсөн номлол болон олноороо хөрвөх хүмүүс зэргээр тодорхойлдог. Хоёр дахь Агуу Сэргэлт нь тухайн үед цуглаан маягаар удирдагдан явагддаг байсан сүмүүдэд түлхүү заадаг байсан урьдаас товлогдсон хувь заяа буюу Калвинист сургаалыг эсэргүүцэгч баптист болон методистуудад хамгийн их үр ашигтай үе байсан юм. Калвинистууд Бурханыг учир битүүлэг байдлаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг урьдчилан аварсан, дур зоргоороо авирлагч, эзэн хэмээн үздэг байв. Калвинистуудын хувьд Уналтын үр дүнд хүмүүс хилэнцэт нүгэлтэн болсон ба Христээр дамжуулан авралыг сонгож чадахгүй гэж үздэг байлаа.

Харин баптист болон методистууд Хоёр дахь Агуу Сэргэлтийн үед илүү өгөөмөр сэтгэлтэй Бурхан байдгийг номлож, авралд хүрэх нь хувь хүний сонголт гэдгийг чухалчилж байв. Хувийн авралын талаарх үзэл нь гол төлөв Арминийн шашны онол буюу Голландын шашин судлаач Жакобус Арминиусын сургаал дээр үндэслэгдсэн байв. Арминиус болон Америкийн сүүлийн үеийн шашны удирдагчид Бурханы ач ивээл нь хүмүүст Христийг сонгох чадварыг өгсөн бөгөөд Тэрээр аврагдахыг хүссэн бүх хүнийг аврах хүчтэй гэдэгт итгэдэг байлаа.31

Авралын талаарх эдгээр эсрэг тэсрэг онолын дунд Иосеф Смитийн гэр бүлийг шашны шүтлэг бишрэл нь чиглүүлж байсан юм. Иосеф Смитийн өвөө Асаэл болон эцэг Ахмад Иосеф нь өгөөмөр сэтгэлтэй, хайраар дүүрэн Бурханы талаарх Арминийн онолыг хүлээн зөвшөөрсөн байв. Хожим нь Асаэл Смит “Есүс Христ аль нэгэн хүнийг гэлтгүй, бүгдийг аварч чадна”32 хэмээн бичсэн байдаг. Асаэл, ахмад Иосеф хоёр өөрсдийгөө Универсалист хэмээн тодорхойлдог байсан бөгөөд энэ нь зарим сонгогдсон хүмүүс л аврагдана гэсэн Калвинист үзлийн эсрэг, Бурхан бүх хүнийг ялгаварлахгүйгээр аварна гэдэгт итгэдэг үзэл байсан юм.

Люси Мак 1802 онд хүндээр өвдөн, амийг нь хэлтрүүлбэл бүх хүч чадлаараа Түүнд үйлчилнэ гэж Бурханд амлах хүртлээ ямар итгэл үнэмшилтэй байсан талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Хожим өвчин нь эдгэрсний дараа Люси Мак, “Би шашны талаар бараг ярьдаггүй ч, бодол санаа минь үүн дээр төвлөрсөн байв”33 гэж бичжээ. Ахмад Иосеф, Люси Мак нар нэг хотоос нөгөө хот руу дамжин материаллаг болон сүнслэг авралыг эрэлхийлэн явж байсан юм.

1805 оны 12-р сарын 23-нд, энэхүү нэг хотоос нөгөө хот руу дамжих нүүдэл суудлын үеэр Бага Иосеф Смит Вермонтын Шаронд төржээ. Эцэст нь Смитийн гэр бүл тухайн үеийн Нью-Йоркийн Палмира буюу одоогийн Манчестерийн ойролцоо суурьшжээ. Смитийн гэр бүлийн шинэ орон гэрийнх нь ойролцоо шашин шүтлэгтэй холбоотой үйл явдал бүрэн утгаараа өрнөж байв. 1816–1821 оны хооронд энэ бүс нутагт баптист, пресбитриен, методистууд бүгд мэдэгдэхуйц өсөж хөгжсөн бөгөөд үүний үр дүнд шинэ пресбитриен чуулган байгуулагдан, методистын шинэ цуглааны байр баригдаж, олон зуун хүн хөрвөгдсөн байна.

Люси Мак пресбитриен шашнаар явах гэж үзсэн боловч түүний хэлснээр энэ нь “бүгд дэмий хоосон зүйл” байв. Дараа нь тэр методист шашнаар явах гэж үзэхэд Ахмад Иосеф, аав Асаэлтайгаа зааж байгаа номлолд нь итгэхгүй байсан учраас үргэлжлүүлэн явахыг нь дэмжээгүй байна. Хэдийгээр Смитийнхэн сүмд харьяалагддаггүй байсан ч гэр орондоо үр хүүхдүүддээ Библиэс унших, хувийн залбирал хийх зэрэг Христийн шашинтны зарчмыг заахыг хичээдэг байжээ.34

Бага Иосеф Смит балчир хүүхэд байхдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт шашны хэд хэдэн дахин сэргэлтийн цуглаанд оролцсон байна. Тэр Есүс Христ болон Түүний төлөөлөгч нарын эртний зохион байгуулалттай адил сүмийг эрж хайж байсан боловч уг сүмийг сэргэн мандалтын аль ч бүлгээс олж чадаагүй бөгөөд үүнд аавынх нь зааж, ярьж байсан зүйл маш их нөлөөлсөн юм. Тэрээр 12 нас хүрээд өөрийн нүгэл болон мөнхийн бодгалийн талаар санаа зовниж эхэлсэн ба энэ нь түүнийг судраас суралцахад хүргэжээ.

Бага Иосеф 14 настай байхдаа ингэж бичсэн аж:

“Би нэг өдөр Иаковын захидлын нэгдүгээр бүлэг, тавдугаар шүлэг дэх: Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруутгалгүйгээр өгөгч Бурханаас гуйг, энэ нь түүнд өгөгдөх болно гэснийг уншив.

“Судрын ямар ч хэсэг энэ удаад надад тохиолдсоноос илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан нь хэзээ ч үгүй бөлгөө. Энэ нь миний зүрх сэтгэлийн бодол болгонд агуу хүчтэйгээр нэвтрэн орох мэт санагдаж билээ. Хэрэв хэн нэгэн хүнд Бурханаас мэргэн ухаан хэрэгтэй байгаа бол тэр нь би мөн гэдгийг мэдсэнээр би энэ талаар дахин дахин тунгаан бодсон.”35

Эцэст нь Иосеф Бурханаас асуухаар шийдэв.

Иосеф Анхны Үзэгдлийнхээ талаар олны мэдэх дөрвөн тэмдэглэлийг өөрийн биеэр мөн бусдад хэлж бичүүлсэн байдаг. Түүнээс гадна уг үзэгдлийн талаар Иосеф юу гэж ярихыг сонссон тухайн үеийн хүмүүсийн бичиж үлдээсэн таван дурсамж байдаг. Бидэнд эдгээр баримт байгаа нь адислал юм. Тэд Иосефын анхны үзэгдлийг түүхэн дэх хамгийн сайн тэмдэглэгдсэн үзэгдэл болгодог. Би та бүхнийг history.lds.org хаягаар ороод, эдгээр тэмдэглэлийн талаар илүү ихийг сурч, тэд хамтдаа уг үйл явдлын бүрэн гүйцэд дүр зургийг хэрхэн бий болгож буйг олж харахыг уриалж байна.

Сайн мэдээний сэдвүүд дээрх “Анхны үзэгдлийн тэмдэглэлүүд” дээр, “Хэдийгээр Анхны үзэгдлийн талаарх өөр өөр тэмдэглэл нь онцлон өгүүлж, нарийвчлан харуулж буй зүйлээрээ ялгаатай боловч нэг ижил үйл явдлын талаар өгүүлдэг. Хувь хүн өөрт тохиолдсон үйл явдлаа өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр бүлэг хүмүүст олон жилийн туршид хуваалцахдаа уг үйл явдлынхаа өөр өөр хэсгийг онцлон цохож, өвөрмөц мэдээллийг өгсөн байдаг хэмээн түүхчид үздэг. Анхны Үзэгдлийн тэмдэглэл өөр хоорондоо ялгаатай байдгийн адил зүйлийг Паулын Дамаск руу орох замдаа харсан үзэгдэл болон Хувиралтын Уулан дээр Төлөөлөгчдөд тохиолдсон явдлын талаарх судрын тэмдэглэлээс олж харж болно. Хоорондоо ялгаатай ч гэлээ Анхны Үзэгдлийн бүх тэмдэглэлийн үндсэн агуулга өөр хоорондоо нийцдэг. Зарим хүн Анхны Үзэгдлийн түүхийг өөр өөр маягаар өгүүлсэн нь зохиомол гэдгийг баталж байна гэж эндүүрэн мэтгэлцдэг. Харин ч үүний эсрэгээр, түүхэн олон баримт байгаа нь энэ гайхамшигт үйл явдлын талаар илүү ихийг сурах боломжийг бидэнд олгодог бөгөөд цөөхөн байсан бол бид ингэж чадахгүй байхсан билээ.”36

Би та бүхэнтэй Иосеф Смитийн өөрийн бичсэн мөн өөр хүнд хэлж бичүүлсэн дөрвөн тэмдэглэлийн талаар товчхон хуваалцъя.

Нэгдүгээрт, 1832 оны тэмдэглэл нь Анхны Үзэгдлийн талаар бичигдсэн хамгийн анхны тэмдэглэл юм. Энэ нь 6 хуудас хувийн намтрын хэсэг байсан бөгөөд ихэнх хэсгийг нь Иосеф өөрийн гараар бичсэн юм. Энэ баримт нь бичигдсэн үеэсээ эхлэн Сүмийн өмчид хадгалагдсаар иржээ. Уг тэмдэглэл Баруун зүгт хийсэн аяллын дараа олон жилийн туршид хайрцагт хадгалагдаж байгаад 1965 онд магистрын дипломын ажилд хэвлэгдэх хүртлээ олны сонорт сайн хүрээгүй байв. Үүнээс хойш LDS.org дээр болон Иосеф Смитийн тэмдэглэлүүд зэргийг оролцуулаад хэд хэдэн удаа хэвлэгдэн гарчээ. Энэ баримт дээр Иосеф Аврагчийн өршөөлийг хаанаас олж авахаа мэдэхгүй байсанд сэтгэл нь хэрхэн зовж байснаа өгүүлсэн байдаг. Тэрээр “Их Эзэн миний дээр тэнгэрийг нээж би Их Эзэнийг харсан”37 хэмээн гэрчилснийг нь зарим хүн зөвхөн нэг л тэнгэрлэг хүн ирсэн гэж ойлгодог боловч бусад бичиг баримттай хамтад нь авч үзвэл энэ өгүүлбэрийг Бурхан Эцэг тэнгэрийг нээж, Өөрийн Хүү Есүс Христийг Иосефт илчилсэн хэмээн ойлгож болдог.

Энэ тэмдэглэл нь Аврагчийн Цагаатгал болон Иосефт олгосон хувийн гэтэлгэлийг уран сайхнаар онцлон өгүүлсэн байдаг. Үүнийг хэсэгчлэн уншвал “Их Эзэн миний дээр тэнгэрийг нээж, би Их Эзэнийг харсан бөгөөд тэрээр надад хандан ‘Иосеф, хүү минь нүглүүд чинь өршөөгдсөн. … Би дэлхийн төлөө цовдлогдсон бөгөөд миний нэрэнд итгэгч бүгд мөнх амьдралыг хүртэж болно’” хэмээн хэлсэн байдаг. Иосеф аз жаргал, хайрыг мэдэрсэн боловч түүнд итгэх нэг ч хүн байгаагүй хэмээн гэрчилсэн байдаг. “Бодгаль минь олон өдөр хайраар дүүрч байсан бөгөөд Их Эзэн надтай хамт байж, агуу баяслыг мэдэрч байсан ч, тэнгэрлэг үзэгдлийг үзсэн гэдэгт итгэх ганц ч хүнийг би олсонгүй. Гэвч би эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ тунгаан одсон”38 гэжээ.

1835 оны дараагийн тэмдэглэл нь 1835 онд Көртландад ирсэн зочин Робэрт Маттюсд үзэгдлийнхээ талаар өгүүлсэн дурсамж юм. Үүнийг Иосефын бичээч тэмдэглэл дээр нь бичжээ. Энэ нь Иосефын түүхийн эхэн үеийн хэвлэл дээр ороогүй бөгөөд 1960-аад оны үед BYU Studies дээр анх хэвлэгдэн гарсан байна. Уг тэмдэглэл дээр Иосеф Бурхан анх түүн дээр ирж, дараа нь Аврагчийг мөн адил харсан талаар гэрчилдэг: “Би Их Эзэнд хандан хүчтэй залбирсан бөлгөө. Толгой дээр минь галан багана гарч ирээд миний дээр тогтоход би үгээр хэлшгүй аз жаргалыг мэдэрсэн билээ. Эргэн тойронд тархаж байсан хэдий ч юуг ч шатаахгүй байх энэхүү галан багана дунд нэгэн хүн гарч ирэв. Эхний хүнтэй адил өөр нэгэн хүн гарч ирээд, ‘Нүглүүд чинь өршөөгдсөн’ хэмээн надад хэлэв.’” Энэ тэмдэглэлдээ Иосеф, “Би энэ үзэгдэлд олон тэнгэр элчийг харсан” хэмээн цохон тэмдэглэжээ.39

1838 онд бичигдсэн дараачийн тэмдэглэл нь олны хамгийн сайн мэдэх тэмдэглэл бөгөөд Иосефын гар бичмэл түүх дээр байдаг. Эхний нооргийг 1838 оны эхэнд Иосеф Көртландаас зугтан гарсныхаа дараа бичсэн бол хоёр дахь нооргийг 1839 онд Миссуригээс зугтан гарсныхаа дараахан бичсэн байна. Тиймээс энэ тэмдэглэлийг хүнд хэцүү хавчлагын үед бичсэн юм. Үүнийг анх 1842 онд Times and Seasons дээр хэвлэсэн байна. Түүнчлэн үүнийг 1851 онд эхлээд Британийн гэгээнтнүүдэд зориулсан гарын авлага байж байгаад дараа нь 1880 онд бүх гэгээнтэнд зориулагдсан судар болсон Агуу Үнэт Сувдад оруулсан байна.

Иосеф Смитийн тэмдэглэлүүд дээр энэ тэмдэглэлийн олон ноорог хэвлэгдэн гарсан байдаг. Энэ тэмдэглэлийн гол асуулт бол аль сүм үнэн зөв бэ гэсэн 1835 оны тэмдэглэлтэй адил асуулт байдаг юм. Зөвхөн Иосефын биш харин Сүмийн түүхийн хувьд энэ тэмдэглэл “Сүмийн өсөлт хөгжлийн”40 эхлэл дээр төвлөрсөн байдаг. Тиймээс өмнөх хоёр тэмдэглэлд орсон хувь хүний өршөөлийн талаарх мэдээлэл энд байдаггүй.

Хамгийн сүүлд, 1842 оны тэмдэглэл нь Chicago Democrat сонины эрхлэгч Жон Вэнтвөртийн хүсэлтийн хариу юм. Иосеф түүнд бичсэн захидалдаа Итгэлийн тунхагаас гадна Анхны Үзэгдлийн талаарх дурсамжаа бас оруулсан юм. Энэ захиаг 1842 онд Times and Seasons дээр хэвлэн гаргасан байна. 1843 онд үүнийг Иосефын зөвшөөрлөөр түүхч Израил Даниел Рапп Америкийн Нэгдсэн Улсын Христийн шашнуудын талаар бичсэн номдоо оруулан дахин хэвлэсэн байна. Энэ тэмдэглэлийг Мормон итгэл үнэмшлийн талаар мэдлэггүй хүмүүст зориулан бичсэн юм. Энэ нь Бошиглогчид тулгарч байсан хавчлагын дундуур зурвасхан тохиосон амар тайван цагт бичигджээ.

Бусад дүрслэлүүдтэй адил Иосеф өөрт тулгарсан ойлгомжгүй байдал болон түүний залбирлын хариуд хоёр биес ирсэн талаар энд дурддаг: “Би тэнгэрлэг үзэгдэлд хүрээлэгдсэн бөгөөд үд дундын нарнаас хурц тод гэрлээр хүрээлэгдсэн, бие биетэйгээ шинж чанар харагдах байдлаараа адил хоёр алдар суут биесийг харсан. Тэд надад бүх шашны бүлгүүд буруу сургаалд итгэдэг ба аль нь ч Бурханаар Түүний сүм эсвэл хаант улс хэмээн зөвшөөрөгдөөгүй байсныг хэлсэн. Намайг ‘тэдгээрийн араас явах хэрэггүйг’ хатуу тушаасан ба сайн мэдээний бүрэн байдлыг ирээдүйн нэгэн цагт надад мэдэгдэхийг амласан.”41

Иосефын Анхны Үзэгдлийн талаарх эдгээр тэмдэглэл бидэнд байгаа нь том адислал билээ. Яг л Шинэ Гэрээний сайн мэдээнүүд хамтдаа Христийн амьдрал болон үйлчлэлийг цогцоор нь дүрслэн гаргадаг шиг Иосефын Анхны Үзэгдлийг дүрсэлсэн тэмдэглэл бүр өөрийн гэсэн өвөрмөц мэдээлэл, өөр өнцгийг өгдөг. Тэд хамтдаа Иосефын хоорондоо нийцсэн, уялдаа холбоотой түүхийг өгүүлдэг. Тэд бүгдээрээ Христийн шашны сүмүүдийн дунд үйл ойлголцол, зөрчилдөөн байсныг, Иосеф аль нь (хэрвээ байгаа бол) үнэн болохыг мэдэхийг хүссэн, судраас суралцаж, залбирсан, тэнгэрээс гэрэл бууж, тэнгэрлэг хүмүүс ирж, залбиралд нь хариулсан гэдгийг онцолдог.

Одоо бүгдээрээ 1838 онд сударт орсон Иосеф Смитийн Анхны Үзэгдлийн талаарх тэмдэглэлийг эргэн харцгаая. Энэ бол энэ дэлхий дээрх ямар ч хүний хувьд байж болох хамгийн хүчтэй суралцах туршлага юм. Энэ туршлага Иосефын болон миний амьдралыг өөрчилсөн бөгөөд үүний үнэний талаар баталгаа олж авахаар Их Эзэнд хандвал та нарын амьдралыг ч мөн адил өөрчилсөн буюу өөрчилнө гэдгийг би мэднэ.

“Нэг бол би харанхуй хийгээд төөрөгдөлд үлдэх эсвэл би, Иаковын чиглүүлснээр, Бурханаас асуух ёстой гэдэг дүгнэлтэд урт удаан хугацааны дараа хүрэв. Хэрэв мэргэн ухаан дутсан тэдэнд тэрбээр мэргэн ухааныг, мөн чөлөөтэйгөөр өгдөг, бас буруутгадаггүйг мэдсэнээр би ч гэсэн зориглоод, ‘Бурханаас асуухаар’ урт удаан хугацааны дараа шийдэв.

“Ийнхүү, үүнийг Бурханаас асуухаар би нэгэнтээ шийдсэний дагуу би оролдоод үзэхээр ой уруу очив. Энэ бол нэг мянга найман зуун хорин оны хаврын нэгэн сайхан, цэлмэг өдрийн өглөө байлаа. Энэ бол би амьдралдаа ийм оролдлого хийсэн нь анхных байв, учир нь өөрийн бүхий л зовнилуудын дунд бибээр хэзээ ч чангаар залбирч үзээгүй байлаа.

“Очихоор өмнө нь товлосон газартаа очсоны дараа би эргэн тойрноо хараад, ганцаараа байгаагаа мэдэж, өвдөг сөгдөн суугаад зүрх сэтгэлийнхээ хүслүүдийг Бурханд өргөж эхлэв. Тэр даруй намайг бүхэлд нь эзэмдсэн ямар нэг хүчээр би баригдан, мөн би ярьж чадахгүй болтлоо хэл минь гацаж, ийм нэгэн гайхалтай нөлөөлөлд автав. Миний эргэн тойронд түнэр харанхуй болж, гэнэтийн устгалын хувь тавилан надад ирсэн мэтээр надад түр зуур санагдаж билээ.

“Гэвч, намайг барьж авсан энэхүү дайсны хүчнээс өөрийгөө чөлөөлүүлэхийн тулд Бурханыг дуудахад бүх хүчээ шавхан дайчилж мөн цөхрөлд живж, бас устгалыг урьд өмнө нь би хүмүүн биед хэзээ ч мэдэрч байгаагүй гайхмаар хүч бүхий үл үзэгдэх ертөнцийн нэгэн бодит хүчинд өөрийгөө тавьж өгөхөд бэлэн болоод байсан яг тэр мөчид—энэхүү агуу түгшүүрийн яг тэр мөчид, өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа.

“Намайг хүлсэн тэрхүү дайснаас миний бие чөлөөлөгдсөн нь удалгүй мэдэгдэв. Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—Энэ бол миний Хайртай Хүү. Түүнийг сонс!

“Их Эзэнээс асуухаар ирсэн миний зорилго бол бүх урсгалуудаас аль нь зөвийг, мөн алинд нь би нэгдэж болохыг мэдэх явдал байв. Тиймийн тул, удалгүй, би биеэ эзэмдэж, тийнхүү ярих чадалтай болоод, бүх урсгалуудаас аль нь зөв болохыг, (учир нь бүгдээрээ буруу гэдэг нь тэр үед миний зүрх сэтгэлд хэзээ ч бодогдоогүй байв) мөн алинд нь би нэгдэх ёстойг миний дээр гэрэл дотор зогсож байсан Хүмүүсээс асуув.

“Тэдгээрийн алинд нь ч чи нэгдэх ёсгүй хэмээн надад хариулав, учир юун гэвэл тэдгээр нь бүгдээрээ буруу ажээ”42

LDS.org дээрээс олж болох “Анхны үзэгдлийг тэмдэглэлүүд” хэмээх бичиг дээр “Иосеф Смит Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг гайхамшигт үзэгдлээр харсан гэдгээ дахин дахин гэрчилсэн байдаг. Анхны Үзэгдлийн талаарх үнэн болон үүний эсрэг мэтгэлцээнийг дан ганц түүхийн судалгаагаар баталж чадахгүй. Иосеф Смитийн гэрчлэлийн талаарх үнэнийг мэдэхийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгч хүн бүр эхлээд баримтыг судлан, дараа нь уг баримт үнэн эсэхийг Бурханаас чин сэтгэлээсээ, даруухнаар асуух Христэд итгэх хангалттай итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв эрэлхийлэгч нь Ариун Сүнсээр илчилсэн үнэний дагуу үйлдэх чин хүсэлтэй байвал Иосеф Смитийн үзэгдэл үнэн болохыг түүнд илэрхийлэх болно. Энэ арга замаар хүн бүр Иосеф Смит ‘Учир нь би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй’ [Иосеф Смит—Түүх 1:25] хэмээн тунхаглахдаа чин сэтгэлээсээ хэлж байсан гэдгийг олж мэднэ.”43

Иосеф Ф.Смитийн хэлснээр “Бурханы Хүү булшнаас амилан босч, дээш өргөгдсөнөөс хойш дэлхий дээр болж өнгөрсөн хамгийн агуу үйл явдал бол Эцэг, Хүү хоёр Иосеф Смит хүү дээр ирсэн явдал юм.”44

Ах эгч нар аа, Иосеф Смитийн энэхүү ариун, сэтгэлийг догдлуулсан туршлагаас сурсан зүйл дээрээ дүн шинжилгээ хийх нь үнэхээр гайхалтай бөгөөд гэгээрлийг авчрах туршлага билээ. Би та бүхэнтэй Иосеф Смитийн Анхны Үзэгдлээс Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн мөнхийн шинж чанар, Сатаны бодит байдал, сайн муу хоёрын хоорондын зөрчилдөөн болон авралын агуу төлөвлөгөөний бусад чухал хэсгийн талаар сурч болох зарим үнэнийг жишээ болгон хуваалцъя.

Бид судрууд үнэн бөгөөд шууд утгаар нь ойлгон, амьдралдаа хэрэгжүүлж болно гэдгийг мэдэж авдаг.

Судрын талаар тунгаан бодох нь хүчийг болон гүн ойлголтыг авчирдаг гэдгийг мэдэж авдаг.

Мэдлэгтэй байх нь дангаараа хангалттай биш бөгөөд сурсан мэдсэн дээрээ тулгуурлан үйлдэх нь Бурханы адислалыг авчирдаг болохыг мэдэж авдаг.

Бид Бурханд найдан, амьдралын хамгийн чухал асуултыг Түүнд тавьж, хүмүүнд итгэж найдахгүй байхыг мэдэж авдаг.

Залбирал нь бидний гуйвшгүй итгэлийн болон Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу хариулагддаг болохыг мэдэж авдаг.

Бид Сатан байдаг мөн түүнд бодит ертөнц болон бидэнд нөлөөлөх хүч байгаа гэдгийг мэдэж авдаг.

Сатаны хүч нь хязгаарлагдмал бөгөөд Бурхан түүнээс хүчтэй болохыг мэдэж авдаг.

Сатан Бурханы ажлыг устгахын тулд юуг ч хийхэд бэлэн, мөн тэр Иосеф Смитийн сэргээлтийн бошиглогчийн үүрэг чухал болохыг мэдэж байсан гэдгийг мэдэж авдаг.

Бид Бурханыг дуудаж, Их Эзэнд итгэл найдвараа бүрэн тавьснаар Сатаныг ялан дийлж чадна гэдгийг мэдэж авдаг.

Гэрэл байгаа газраас харанхуй арилан оддог гэдгийг бид мэдэж авдаг.

Бид Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христ нь хоёр тусдаа хүн бөгөөд зүс царай, гаднах төрхөөрөө адилхан болохыг мэдэж авдаг.

Бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ мэдэж авдаг.

Бид Христ амилсан гэдгийг мэдэж авдаг.

Бурхан хүн нэг бүрийг мөн бидний хэрэгцээ, тулгарч байгаа асуудлыг маань мэддэг болохыг бид мэдэж авдаг. Учир нь Тэр Иосефыг нэрээр нь дуудсан юм.

Бид Бурхан Эцэг болон Түүний Хүү Их Эзэн Есүс Христийн хоорондох харилцаа, Есүс Эцэгтээ захирагдаж, Эцэг нь дэлхий дээрх мөнх бус хүмүүнтэй Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан харьцдаг болохыг мэдэж авдаг.

Эцэг Есүс Христийг Өөрийн Төрсөн Ганц Хүү болгосныг, Тэр Түүнийг хайрладаг болохыг бид мэдэж авдаг.

Есүс Христийн үнэн Сүм Иосеф Смитийн үед анх зохион байгуулагдсан байдлаараа дэлхий дээр байхгүй байсан гэдгийг бид мэдэж авдаг. Энэ нь Төлөөлөгч Паулын зөгнөсөн Агуу Урвалт үнэн бодит гэдгийг баталдаг.

Бид амьдралдаа Бурханы оролцоог хүсэн эрэлхийлбэл, Тэр биднийг өөрчлөх замыг илчилнэ гэдгийг мэдэж авдаг. Иосефын үеийн бүх шашны бүлэглэл буруу байсан.

Эрин үе бүрд Бурханы үзэгдэл, адислал, алдар сууг хүлээн авдаг болохыг мэдэж авдаг.

Бид Бурхан бошиглогчдоо хэрхэн сонгодог талаар ойлголттой болдог.

Бурхан зүрх сэтгэлээрээ цэвэр ариун, зөв шударга бөгөөд Түүний ажлыг хийх зөв шударга хүсэлтэй хүмүүсийг сонгодог гэдгийг мэдэж авдаг. Энэ нь Бурхан гаднах төрх, нийгмийн байр суурийг нь биш харин зүрх сэтгэлийг хардаг хэмээх Библийн сургаалыг нотолдог.

Ах эгч нар аа, Анхны Үзэгдэл бол олон зууны турш нуугдмал байсан олон үнэнийг илчилсэн түлхүүр юм. Иосеф Смитийн Анхны Үзэгдлээс олж мэдсэн олон нандин үнэнийг бүгдээрээ марталгүй, хөнгөн хийсвэр хандахгүй байцгаая.

Бурхан болон Түүний Хүү Есүс Христ Иосеф Смитэд үзэгдсэн нь цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийг авчирсан билээ. Бид энэхүү ариун үйл явдлыг мөн үүнээс сурч мэдсэн зүйлсээ хайрлан, санаа тавьдаг бүх хүнтэйгээ хуваалцах ёстой.

Та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр #L-D-S-Devo хаштаг сэдвээр дараах хоёр асуултыг бодож үзэн, хариулж, хуваалцаж болно.

  • Та Иосеф Смитийн Анхны Үзэгдлээс ямар үнэнийг олж мэдсэн бэ?

  • Үнэнийг болон асуултынхаа хариултыг эрэлхийлэх үед Их Эзэн танд хэрхэн хариулсан бэ?

Энэхүү чухал сэдэв, асуултуудын талаар та нар юу хуваалцахыг би тэсэн ядан хүлээж байна.

Би та бүхэнтэй бүрэн цагийн номлогчдод зааж байхдаа Иосеф Смитийн Анхны Үзэгдэл дээр анхаарлаа төвлөрүүлсний үр дүнд сурсан нэгэн үнэнийг хуваалцан яриагаа өндөрлөе.

Хэдэн жилийн өмнө надад Филиппиний бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэх боломж олдсон юм. Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд Манила дахь Номлогчийг бэлтгэх төвийн онцгой цугларалтад ээлжлэн үг хэлдэг байв. Ойролцоогоор Ази, Номхон далайн 14 орноос шинээр дуудагдсан бүрэн цагийн номлогчид Манилад ирдэг байсан.

Филиппин дэх ажил маань дуусах дөхөж байхад бидэнд НБТ-ийн онцгой цугларалтад үг хэлэх сүүлийн боломж олдсон юм. Би индэр дээр суугаад, тэнд цугларсан гайхамшигт бүрэн цагийн номлогчдыг харж байснаа мартдаггүй. Би удахгүй хийх гэж байгаа ажил нь ямар чухал болохыг ойлгоход нь туслах ямар нэгэн зүйл хуваалцахын тулд сүнслэг удирдамж эрэлхийлэн залбирч байлаа. Би юу хэлэхээ бодож суутал танхимын ханан дээрх зураг дээр харц маань тусав. Та нар энэ зургийг цуглааны байрандаа харж байсан байх. Энэ нь Дэл Парсоны зурсан Иосеф Смитийн Анхны Үзэгдэл хэмээх алдартай зураг байсан юм. Зураг нь 14 настай Иосеф Смит Ариун ойн цоорхойд өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христээс зааварчилгаа авч байгааг дүрсэлсэн байдаг.

Би номлогчдод өгөх захиасаа Дэл Парсоны Анхны Үзэгдэл хэмээх зураг уруу зааж, яг тэр цаг мөчид Ариун ойн цоорхойд өвдөглөн сууж, амьдралдаа удирдамж хүсэн залбирч буй Иосеф Смит өмнөх, одоо, ирээдүйд үнэнийг эрэлхийлэх сонирхогчдыг төлөөлж байгааг хэлэв. Яагаад? Яагаад гэвэл түүнд чин сэтгэлээсээ сонирхож байгаа бүх хүнд байдагтай адил асуулт байсан юм. Үнэндээ Их Эзэнээс шашны бүлэглэлүүдийн аль нь зөв болохыг асууж байхдаа тэрээр үнэнийг эрэлхийлж байсан. Тэр амьдралынхаа зорилгыг мөн Тэнгэрлэг Эцэгийн авралын агуу төлөвлөгөөг эрэлхийлж байсан билээ.

Тухайн үед Иосефын зүрх сэтгэлээсээ өргөх залбиралд хариулах эрх мэдэл бүхий номлогчид дэлхий дээр байсан билүү? Үгүй, байгаагүй ээ. Тиймээс тэрхүү ариун мөчид Тэнгэрлэг Эцэг болон Түүний Төрсөн Ганц Хүү, Есүс Христ бяцхан хүү Иосеф дээр ирэн, асуултад нь хариулж, Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт эхэлсэн юм.

Иосеф Смиттэй адил үнэнийг болон дэлхий дээрх зорилгоо идэвхтэй эрэлхийлж буй сонирхогчид л амлалт өгч, тэдгээрийгээ биелүүлж, эцэст нь баптисм хүртэх магадлал өндөртэй байдаг. Энэ нь зөвхөн бүрэн цагийн номлогчдын мэдэж байх ёстой зүйл биш бөгөөд бид ч гэсэн сайн мэдээг хуваалцаж байхдаа мэдэж байх нь зүйтэй. Түүнчлэн амьдралынхаа зүг чиг, зорилгыг хайж байгаа ихэнх хүн энэ онцгой цугларалтад оролцож байгаа хүмүүсийн насны бүлэг хамрагддаг гэдгийг онцлон хэлэх нь чухал болов уу. Тэд та нарын найз, танилууд тань юм. Миний эхнэр Нэнси ч гэсэн та нарын насан дээр үнэн болон амьдралынхаа зорилгыг эрэлхийлэн хайж байсан.

Залуу найз нар аа, Есүс Христийн сайн мэдээ дэлхийд бүрэн сэргээгдсэн энэ цаг үед төрсөн маань ямар их адислал билээ. 1820 оны хаврын тэр нэгэн сайхан өдөр Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ Иосеф Смит дээр ирсэн гэдгийг би та нарт гэрчилж байна. Тэдний хуваалцсан болон Иосефын даруухнаар хүлээн авсан ариун мэдээлэл нь дэлхийн түүхэнд ариун бошиглогчдын хэлж байсан бошиглолын мэдэгдлийн биелэл байсан гэдгийг би гэрчилж байна. Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улс үүсэн байгуулагдсанаар олгогдсон шашны эрх чөлөө нь Сэргээлт болох арга замыг бэлдсэн гэдгийг би гэрчилж байна. Мөн би ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн “Иосеф Смит урт богино байх нь хамаагүй, яг тэр хэдхэн хормын туршид Бурханы мөн чанарын талаар бүх цаг үеийн шашны боловсролтой ямар ч хүнээс илүү ихийг олж мэдсэн билээ”45 хэмээх Анхны Үзэгдлийн талаарх мэдэгдэл үнэн гэдгийг гэрчилж байна. Энэ хожмын өдрүүдэд Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн талаарх гэрчлэлээ хуваалцах боломж бидэнд байгаа нь юутай сайхан билээ.

Ах эгч нараа, үнэн сэргээгдсэн. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Дэд Хууль 4:27–31-ийг үзнэ үү.

  2. Исаиа 60–62-ыг үзнэ үү.

  3. Иеремиа 30–33-ыг үзнэ үү.

  4. Езекиел 37:15–28-ыг үзнэ үү.

  5. Даниел 2:44-ийг үзнэ үү.

  6. Амос 9:11-ийг үзнэ үү.

  7. Малахи 3:1-ийг үзнэ үү.

  8. Матай 17:11-ийг үзнэ үү.

  9. Mark 9:12-ыг үзнэ үү.

  10. Үйлс 3:19–21-ийг үзнэ үү.

  11. Ром 11:25–27-г үзнэ үү.

  12. Ефес 1:9–10-ыг үзнэ үү.

  13. 2 Тессалоник 2:1–3-ыг үзнэ үү.

  14. Илчлэлт 14:6-г үзнэ үү.

  15. 1 Нифай 13:34–42-ыг үзнэ үү.

  16. 2 Нифай 26:14–17-г үзнэ үү.

  17. Иаков 6:1–4-ийг үзнэ үү.

  18. 3 Нифай 21-ийг үзнэ үү.

  19. Даниел 1:4.

  20. Даниел 1:20.

  21. Даниел 2:5.

  22. Даниел 2:19.

  23. Даниел 2:24.

  24. Даниел 2:25.

  25. Даниел 2:26.

  26. Даниел 2:27–28.

  27. Даниел 2:31–35.

  28. Даниел 2:37–38.

  29. Даниел 2:44–45.

  30. Asael Smith, in Steven C. Harper, Joseph Smith’s First Vision: A Guide to the Historical Accounts (2012), 13–14.

  31. Харпэр, Joseph Smith’s First Vision, 15–16; Richard Lyman Bushman, Joseph Smith: Rough Stone Rolling (2005), 197-г үзнэ үү.

  32. Харпэр, Joseph Smith’s First Vision, 16–22; Bushman, Joseph Smith, 14–29-ийг үзнэ үү.

  33. Люси Мак Смит, “Lucy Mack Smith, History, 1844–1845,” book 2, page 4; josephsmithpapers.org.

  34. Харпэр, Joseph Smith’s First Vision, 16–22; Bushman, Joseph Smith, 14–29-ийг үзнэ үү.

  35. Иосеф Смит—Түүх 1:11–12.

  36. “First Vision Accounts,” Gospel Topics, topics.lds.org.

  37. Иосеф Смит, in Karen Lynn Davidson, David J. Whittaker, Mark Ashurst-McGee, and Richard L. Jensen, eds., Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, vol. 1 of the Histories series of The Joseph Smith Papers, edited by Dean C. Jessee, Ronald K. Esplin, and Richard Lyman Bushman (Salt Lake City: Church Historian’s Press, 2012), 12–13; spelling, punctuation, and capitalization modernized; see also Dean C. Jessee, “The Earliest Documented Accounts of Joseph Smith’s First Vision,” in John W. Welch and Erick B. Carlson, eds., Opening the Heavens: Accounts of Divine Manifestations, 1820–1844 (2005), 1–33; “First Vision Accounts,” Gospel Topics, topics.lds.org.

  38. Иосеф Смит, in Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, 12–13; spelling, punctuation, and capitalization modernized; see also “First Vision Accounts,” Gospel Topics, topics.lds.org.

  39. Иосеф Смит, in Dean C. Jessee, Mark Ashurst-McGee, and Richard L. Jensen, eds., Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers, edited by Dean C. Jessee, Ronald K. Esplin, and Richard Lyman Bushman (Salt Lake City: Church Historian’s Press, 2008), 88; spelling, punctuation, and capitalization modernized; see also “First Vision Accounts,” Gospel Topics, topics.lds.org.

  40. “First Vision Accounts,” Gospel Topics, topics.lds.org.

  41. Иосеф Смит, in Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, 494; see also “First Vision Accounts,” Gospel Topics, topics.lds.org.

  42. Иосеф Смит—Түүх 1:13–19.

  43. “First Vision Accounts,” Gospel Topics, topics.lds.org.

  44. Жозеф Ф.Смит, Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 14.

  45. Гордон Б.Хинкли, “Inspirational Thoughts,” Ensign, Aug. 1997, 3.

Хэвлэх