Жил тутмын нэвтрүүлэг
Хүнд хэцүү үед Түүний дуу хоолойг сонсох нь


2:3

Хүнд хэцүү үед Түүний дуу хоолойг сонсох нь

2020 оны И ба С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2020 оны 6-р сарын 9, мягмар гараг

Өнөөдөр та нартай хамт байгаадаа би үнэхээр баяртай байна. Шашны семинар, институтэд (И ба С) шаргуу ажилладаг та бүгдэд би үнэхээр хайртай. Энэ жил семинарын ангид бүрэн цагаар зааж эхэлсний минь 42 жилийн ой болж байгаа бөгөөд цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг гайхаж байна. Суралцагчид, хамтран ажилладаг багш нар болон эдгээр он жилд өөр өөр үүрэгт ажлуудад үйлчилсэн хамт олонтойгоо өнгөрүүлсэн дурсамжуудаа би нандигнадаг. Ихэнх цагаа, бүхий л зүрх сэтгэлээ залуучуудын амьдралыг адислахын тулд зориулдаг мянга мянган дуудагдсан багш нарыг би хүндлэн биширдэг. Би дэлхий даяарх улс орнуудад зааж буй тэдний зарим хичээлд оролцож байсан ба тэдгээр ангид болдог зүйлс зүрх сэтгэлийг минь хөдөлгөж байсан. Жилл бид хоёрын ач, зээ нар институт, семинарт хамрагдах насанд хүрсэн бөгөөд тэдэнд нөлөөлөх хүмүүст бид үнэхээр талархаж байна. Энэхүү гайхалтай ажилд оролцож буй та бүгдэд талархаж байна.

Энэ жилийн эхээр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Та хэрхэн #Түүнийгсонсдог вэ?” 1 нэртэй бичлэгээ толилуулсан. Тэрээр уг бичлэгтээ “Анхны үзэгдлийн 200 жилийн ойг тэмдэглэж буй энэхүү онцгой жил би та нарыг ‘Та Түүнийг хэрхэн сонсдог вэ?’ гэсэн энэ чухал асуултын талаар ойр ойрхон нухацтай бодоосой хэмээн урьж байна. Мөн би та нарыг Түүнийг илүү сайн мөн ойр ойрхон сонсох алхмууд хийхэд урьж байна” гэж хэлсэн. Би энэ урилгыг ялангуяа тэрхүү бичлэг цацагдаж эхлэх үетэй давхацсан COVID-19 цар тахал болон үүний хор уршигтай холбож тунгаан бодлоо.

Өнгөрсөн хэдэн сар миний хувьд Түүнийг илүү сайн сонсох онцгой боломж тохиосон үе байлаа гэж надад бодогдсон. Олон хүн энэ гамшигт өвчнөөс болж дотнын хүмүүсээ алдсан. Цар тахал бидний амьдрал, цагийн хуваарийг өөрчилж, бидний дасал болсон өдөр тутмын хэв маягийг тэр чигт нь үгүй хийсэн. Бидний заах, шүтэн бишрэх, чөлөөт цагаа өнгөрөөх газруудыг өөрчилж, бид юмсыг өөрөөр хийхээс аргагүйд хүрэв. Энэ нь бидэнд И ба С-т бид юуг, хэрхэн хийдгээ мөн Их Эзэн биднийг ямар нэгэн зүйлээ өөрчлөөсэй гэж хүсэж байгаа эсэхийг эргэж харах нэг цонх болж өгсөн. Бид Түүнийг сонсвол Тэр биднийг удирдах болно.

Бэрхшээлтэй, сэтгэлийн дарамттай цаг үеүд нь хүлээн авахад бэлэн байгаа хүмүүст тэнгэрлэг чиглүүлэг авах онцгой цаг үе байдаг. Юу Анхны үзэгдлийг авчирсныг бодоорой. Энэ нь “хүмүүсийн дунд багагүй үймээн хийгээд хагарлыг бий болгож байсан”2 “их будлиан хийгээд муу муухай бодлын”3 үе байсан. Бошиглогч Иосеф Смит “миний оюун буурь суурьтай бясалгал хийгээд их хүндрэлд учраад байв”4 гэж хэлжээ. Тэрээр “өөрийн болон дэлхий ертөнцийн нүглийн төлөө гашуудсан.”5 Энэ нь түүний хувьд бэрхшээлтэй үе байсан ба тэрээр ойн төгөлд очсон бөгөөд тэнгэр нээгдсэн.

Түүний Либерти шоронд өнгөрүүлсэн цаг үеийн тухайд юу гэх вэ? Тухайн үед түүний хувийн нөхцөл байдал аймшигтай байсан бөгөөд шоронд байх үед нь гэгээнтнүүдийг Миссуригээс хөөгдөхөд түүнд бүр их хүнд байсан биз ээ. Гэхдээ тэрхүү хэцүү нөхцөлд Их Эзэн Иосефын ойлголтыг нээсэн юм.

Ахмад Алмаг олон гишүүн нүгэл үйлдсэнээс болж хэд хэдэн асуудлыг шийдэх бэрхшээлтэй нүүр тулах үед “Алмагийн сэтгэл зовж,”6 Бурханы хуулиудыг зөрчсөн тэдгээр гишүүний асуудлыг хэрхэн шийдэх талаар эргэлзэж байв. Тэр “Бурханы мэлмийд тэр бурууг хийх вий хэмээн айсан” учраас “бүхий л бодгалиа мөн зүрх сэтгэлээ Бурханд юүлсэн”78 бөгөөд Их Эзэн эдгээр зөрчил гаргагчдын асуудлыг яаж шийдэхийг заасан байдаг.

Дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст Аврагчийн цовдлуулалттай хамт болсон гамшигт үхэл, устгалын нөхцөл байдлыг бодоод үз дээ. Түнэр харанхуйн дунд тэд бүгд Аврагчийн дуу хоолойг сонсож бас ойлгосон.9 Дараа нь хүмүүс ариун сүмийн ойролцоо цуглах үедээ Эцгийн дуу хоолойг сонссон боловч гурав дахь удаагаа “үүнийг сонсохоор сонороо дэлгэн; мөн тэдний харц дуу гарсан зүгт чиглэх”10 хүртэл ойлгоогүй юм. Тэр үед тэд Эцэгийг Хүүгээ танилцуулж, “түүнийг анхааран сонсогтун”11 гэж хэлэхийг сонсов. Энэ нь Өөрийг нь сонсох эрхтэй тэдгээр хүнд Аврагчийн тохинуулсан тохинууллын гайхамшигт үйл явдлын эхлэл болсон.

Эдгээр жишээ бүрд Сүмд мөн дэлхийд, тэр цаг үеийн болон ирээдүй үеийн хүмүүст адислал болсон илчлэлтүүд юүлэгдэж байсан юм. Энэхүү үйл явдлуудад оролцсон хүмүүс маш хувийн шинжтэй илчлэлт, адислалуудыг хүлээн авчээ.

Ариун төгөлд очсон Иосеф Смит аль ч сүмд нэгдэх хэрэггүй гэдгийг олж мэдсэнээс гадна “бусад олон зүйлийг”12 заалгасан. Их Эзэн мөн түүнд нүглүүд нь уучлагдсан талаар хэлсэн.13

Иосеф Смитийг Либерти шоронд байхад “зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд мөн ухаалаг бас шударга, мөн ариун журамтай зөвлөгөө, мөн эрх мэдэл, бас адислалуудыг чиний гар дороос байнга эрэлхийлэх болно”14 хэмээн амласан.

Ахмад Алма зөрчил гаргагчдын асуудлыг шийдэх заавраас гадна маш хувийн чанартай захиасыг хүлээн авчээ. Түүнд мөнх амьдрал хүлээн авах болно гэж хэлсэн юм.15

Аврагчийг Өгөөмөр нутагт айлчлах үед Түүнийг сонссон хүмүүс зөвхөн Христийн сургаал бус бусад чухал сургаалыг заалгасан. Тэд бүр нэг бүрчлэн Түүний бие дэх сорвинд хүрч, Аврагчийн бодит байдлыг хувьдаа гэрчлэгчид болсон.16

Бид зөвхөн өөрсдийн үүрэг, дуудлагуудад удирдамж, сүнслэг өдөөлт хүлээн авдаггүй бөгөөд Их Эзэн бэрхшээлтэй үед хувийн сүнслэг өдөөлт, адислалуудыг нэмж өгөхүйцээр биднийг хайрладаг.

Алмагийн номын төгсгөл хавьд бид “Нифайчууд болон леменчүүдийн хоорондох дайны үлэмж агуу урт удааны учир олных нь зүрх сэтгэл хатуурчээ, … мөн олных нь зүрх сэтгэл зүдгүүрүүдийнхээ учир зөөлөрч, үүний хэрээр тэд Бурханы өмнө өөрсдийгөө бүр даруу байдлын гүнд хүртэл даруусгасан ажээ”17 хэмээн уншдаг. Бид эдгээр бэрхшээлтэй үетэй нүүр тулахдаа зүрх сэтгэлээ зөөллөж, өөрсдийгөө даруусгаж чадна. Энэ нь бэрхшээлтэй үеийг Түүнийг сонсоход тохиромжтой, гайхамшигтай үе болгодог.

Сүүлийн хэдэн сард бидэнд тохирч байсан ч урагш ахихад тийм ч чухал бус, магадгүй үргэлжлүүлэн зууран барих юм бол бидний дэвшилд саад болох ямар ямар зүйлийг хасаж болох талаар мэдэхэд туслах хангалттай өөрчлөлтүүд тохиосон. Магадгүй бид өнгөрсөнд харснаасаа илүү цөөн хязгаарлалт бүхий ирээдүйд зохицож, бэлтгэх цаг үед байж болох юм.

Заримдаа би олон удаа дуудагдсан боловч “сонсохоос татгалзсан” 18 байх вий дээ гэж боддог. Одоогийн нөхцөл байдал үүнийг давахад тусалж болох юм. Бидэнд “хэзээ ч мэдэгдээгүй тийм маягаар” 19 өөрчлөх, бэлтгэх боломж буй мэт надад санагдаж байна.

Хувьсан өөрчлөгдөж буй үед өсөн өндийж байгаа үеийнхний амьдралыг хамгийн сайнаараа адислахад төвлөрснөөр зорилгодоо хүрдэг хүчин чармайлтыг би нотолж байна. Их Эзэн Сүмд сүнслэг бэлгүүдийн талаар заахдаа “хүмүүний үрсийн нөхцөл байдлуудын дагуу түүний нигүүлсэлд нийцүүлэн, үйлчлэлийн ялгаануудыг мэдэх нь Ариун Сүнсээр өгөгддөг болой”20 гэж тайлбарласан нь миний сонирхлыг татдаг. Хүмүүний үрсийн нөхцөл байдал өөрчлөгддөг бөгөөд Их Эзэн тэдгээр нөхцөл байдалд тааруулан нигүүлслээ үзүүлдэг. Бидэнд үйлчлэлийн ялгаануудыг мэддэг энэхүү бэлэг хэрэгтэй бөгөөд тэгвэл бид хүмүүний үрсийн нөхцөл байдлын дагуу тусалж чадна. Эдгээр нөхцөл өөрчлөгддөг, ирээдүйд ч өөрчлөгдөнө.

Бид Түүнийг илүү сайн сонсож, эрхэм шавь нартаа заахад хэрэгтэй тусламжийг хүлээн авахыг сурах үед яг Иосеф Смит, Алма мөн Өгөөмөр нутаг дахь хүмүүсийн адил бидэнд боломжтой хувийн эрдэнэс, мэдлэгүүдийг хүлээн авах болно гэж би мэдэрдэг. Бид даруу мөн Их Эзэний удирдамжид нээлттэй байвал эдгээр хувийн захиас бидэнд ирнэ. Эдгээр нь санаандгүй ирж болох бөгөөд хүмүүст төвлөрдөг тэдгээрт ийн ирдэг юм. Гэхдээ эдгээр нь хүчирхэг адислалууд байх болно.

Өнгөрсөн зун Норвегийн дуучин Сиссэл Табернеклын найрал дуучид, Ариун сүмийн талбайн найрал хөгжимтэй хамт тоглолт хийсэн. Тэрээр “Тайвшир”21 гэх нэртэй сайхан дуугаа дуулсан нь сэтгэл хөдлөм мөн хүчирхэг байсан. Би та нарыг үүнийг YouTube.com-оос олж, үзэхэд урьж байна. Энэ дууны захиас нь ялангуяа энэхүү өвөрмөц цаг үед зориулсан мэт санагдаж байна. Би дууны үгийн зарим хэсгээс хэлье.

Эргэлзэн тээнэгэлзэх мөчид

Их адислал хэрэгтэй үед

Саруул ухаан сарних цагт

Намуун зөөлөн дуу хоолой надад

Тайвшир, тайвшир, тайван бай

Тайван бай, Их Эзэний Сүнсийг хүлээ

Тайвшир, Түүний хоолойг сонс

Түүнийг Бурхан гэдгийг мэд хэмээдэг.

Гай зовлон тохиолдох цагт

Гарах гарцгүй санагдах үед

Ганцаардаж гансрах мөчид

Намуун зөөлөн, цэвэр ариун дуу хоолой

Тайвшир, тайвшир, тайван бай, хүү минь.

Тайван бай, Их Эзэний Сүнсийг хүлээ.

Тайвшир, Түүний хоолойг сонс.

Түүнийг Бурхан гэдгийг мэд хэмээдэг.

Энэхүү түүхэн цаг үеийн боломжийг ашиглацгаая. Тайвшир. Түүнийг сонс! Тэгээд урагшил. Энэ нь амьдралыг нь адислахаар бидний хичээж буй залуу хүмүүст өөрчлөлт авч ирэх бөгөөд бидний хувийн амьдралд ч өөрчлөлт авч ирнэ.

Их Эзэн та нарыг нэг бүрчлэн адислах болтугай гэж би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.