Жил тутмын нэвтрүүлэг
Хэлэлцүүлэг


2:3

Хэлэлцүүлэг

2020 оны И ба С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2020 оны 6-р сарын 9

Жэйсон Виллард ах: Дэлхийн өнцөг булан бүрд байгаа та бүхнийг бид энэхүү хэлэлцүүлэгт тавтай морилно уу хэмээн урьж байна. Намайг Жэйсон Виллард гэдэг. Би Шашны институт, семинарын туслах зохицуулагчаар үйлчилдэг. Өнөөдөр бидэнтэй хамт Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэйна Абурто эгч, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мишэлл Крэйг эгч, манай төлөөлөгч Пол В.Жонсон ахын гэргий Жилл Жонсон эгч, бас И ба С-ын туслах зохицуулагчаар үйлчилдэг Чад Вилкинсон, Бэрт Вимпий ах нар зэрэг онцгой зочид ирж оролцож байгаад бид үнэхээр талархаж байна. Өнөөдөр бидэнтэй хамт байгаа хүн нэг бүрд талархлаа илэрхийлье.

Бид дэлхий даяарх өсвөр үеийнхэн болон залуучуудыг илүү хүчирхгээр адислахыг эрэлхийлэх үед олон өөр нөхцөл байдалд та бүхэнд хэрэг болно гэж үзсэн зарим асуултыг энэ хэлэлцүүлгээрээ хэлэлцэхийг зорьж байна. Бид өнөөдрийн хэлэлцүүлгийг бэлтгэхдээ тэнгэрээс тусламж эрэлхийлсэн бөгөөд та бүхнийг мөн адил эрэлхийлэхэд урьж байна.

Ийнхүү эхний асуултаа тавья. Стресс, сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал болон бусад сэтгэл санааны асуудалтай багш, суралцагч, гэр бүлүүд улам бүр ихсэж байгаа мэт санагддаг. Бид тэдэнд туслахын тулд юу хийж болох вэ?

Рэйна Абурто эгч: Ер нь бодит байдал дээр бид бүгдэд ямар нэг зүйлээ эдгээх хэрэгцээ байдаг гэж би боддог. Гэхдээ хэрвээ тэд ямар нэгэн сэтгэл санааны эмгэгээс улбаалсан асуудалтай тулгараагүй л бол тэд хэвийн бус, согогтой гэсэн үг биш бөгөөд сэтгэл хөдлөл бол бидний тэнгэрлэг мөн чанарын нэгэн хэсэг юм гэдгийг ухааран ойлгоход суралцагчдадаа туслах нь чухал гэж би бодож байна. Гэвч гуньж гутрах мэдрэмж салахгүй байвал тусламж хүсэх нь зүйтэй. Тиймээс би Аврагчийн жишээг дагахыг та нарт зөвлөж байна. Тэр хүмүүст сэтгэл санаагаа илэрхийлэх боломж олгодог асуултууд тавьдаг байсан. Тэр хүмүүст өвчин зовлонгоо илэрхийлэх боломж олгож байсан. Жишээлбэл, Лазарыг нас барах үед Тэр Мария, Марта нараас асуулт асуусан. Тэрээр мөн Эммаус орох замдаа шавь нартайгаа ярьсан бөгөөд Аврагчаа алдсанаас үүдэлтэй асуудал, санаа зовнилоо илэрхийлэх боломж олгосон асуултуудыг тавьсан юм. Булшны дэргэдэх Мария Магдалинагаас Тэр мөн адил асуусан бөгөөд Тэрээр өөр өөр хүнд бодол санаагаа илэрхийлэх боломж олгосон асуултууд тавьж байсан.

Хэрэв бид суралцагчдадаа бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх аюулгүй орчинг бүрдүүлж өгвөл тэд зөвхөн ангидаа юм уу бие биетэйгээ хуваалцах биш, харин бичгээр илэрхийлээд ч юм уу, магадгүй гэр бүлийнхээ гишүүн, найз нөхдөдөө, тэр тусмаа Тэнгэрлэг Эцэгтэйгээ хуваалцах болов уу. Бид бодол санаагаа ямар нэгэн байдлаар илэрхийлэх боломж олгох асуултуудыг тэдэнд тавьж болно. “Найз нөхөд, гэр бүлийнхнийхээ юунд таны санаа зовнидог вэ?” “Бид нэг нэгэндээ хэрхэн тусалж чадах вэ?”

Хэрхэн бусдад туслах талаар ямар нэгэн санаа, илчлэлт эсвэл сүнслэг өдөөлт авахыг хүмүүсээс хүсэх юм бол, тэд залбираад л сүнслэг өдөөлт хүлээн авч, гарч бусдад тусалдаг болохыг би анзаарсан. Тиймээс, хэрэв бид хүмүүст шүүмжилж байгаа мэт мэдрэмж төрүүлдэггүй орчинг бүрдүүлбэл, ийм байдалд нь туслахын зэрэгцээ буруу хариулт гэж байдаггүйг ойлгож, тэд нээлттэй асуулт тавьж, бодол санаагаа айж эмээлгүй, чөлөөтэй илэрхийлж болно гэдгийг мэдрэхэд нь тусалж байгаа хэрэг. Ялангуяа тэд ямар нэгэн асуудалтай тулгарч байвал ганцаараа шийдвэрлэх гэж зүтгэх хэрэггүй бөгөөд Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид мөн нэг нэгэндээ хандаж болох юм. Амьдралд юу тохиолдож байгаагаас үл хамааран бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд бөгөөд бид Тэнгэрлэг Эцэгтээ хандаж болно. Бид бүгдээрээ ах эгч нар ба бид нэг нэгэндээ хандаж болно. Бид бүгдээрээ Христийн шавь нар бөгөөд бид Түүнд хандаж болно гэсэн үг юм.

Бэрт Вимпий ах: Би ахлагч Холландад талархдаг. Та нар санаж байгаа байх. Тэр 2013 оны 10-р сарын чуулган дээр үг хэлсэн. Тэрээр өмнө нь сэтгэл гутралд орж байсан зовлонгийнхоо талаар бас ярьж байсан. Тэр хэлсэн үгэндээ “Даралт ихсэхэд эсвэл хорт хавдар гэнэт илрэхэд бид хүлээн зөвшөөрөхөөсөө ичдэггүйтэй адил [сэтгэцийн асуудлаасаа] санаа зовж, ичих хэрэггүй юм” гэж дурдсан байдаг.1 Энэ талаар ярьж, илэрхийлж, бүр хуваалцах нь хэвийн зүйл гэж тэр хэлсэн. Түүний хуваалцсан гурван зүйлд би үнэхээр талархдаг. “Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлээ бүү алд. … Өөрийнхөө сүнслэг сайн сайхны төлөө та түлхүүрүүдийг атгадаг хүмүүсээс зөвлөгөө ав. Байдал тань муудсан хэвээр байвал мэргэшсэн, мэргэжлийн ур чадвартай, ёс зүй сайтай, нэр хүнд бүхий хүмүүсээс зөвлөгөө ав.”2

Суралцагчдаас маань гадна багш нар маань хэрэгтэй тусламжаа авахын тулд эдгээр зүйлийг илэрхийлж, энэ талаар ярих нь зүйтэй гэдгийг мэдэх нь чухал гэж би бодож байна. Манай мэргэжил нэгт хүмүүс хүний нөөцийн ажилтнуудтайгаа уулзаж, бидэнд ямар тэтгэмж байгаа мөн хаанаас тусламж авч болохоо мэдэж болно. Мөн Сүмийн вэбсайт бол холбогдох эх сурвалжуудыг олж болох гайхалтай газар юм.

Виллард ах: Баярлалаа, Вимпий ах аа. Дараагийн асуулт манай өсвөр үеийнхэн, залуучуудтай холбоотой бөгөөд Сүм тэдний амьдралд хэр чухал болох, яагаад Сүм тэдэнд хэрэгтэй мөн яагаад тэд Сүмд хэрэгтэй болох талаарх асуулт юм.

Мишэлл Крэйг эгч: Энэ маш чухал асуулт гэж би бодож байна. Манай өсвөр үеийнхэн болон ганц бие залуучууд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх нь дагах ёстой дүрэм журам эсвэл хийх зүйлсийн жагсаалт биш юм гэдгийг мэддэг байх ёстой гэдэгт би бат итгэдэг. Энэ нь нийгмийн бүлгэмээс чухал зүйл юм. Тэд Есүс Христийн сайн мэдээний мөн чанар хайранд оршдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол Бурханыг болон бусдыг хайрлах хайр юм. Сайн мэдээнээс суралцаж, үүний дагуу амьдарснаар тэд өөрсдийн хэн болохыг болон зорилгоо мэдэж, мэдрэх болно.

Өнөөгийн өсвөр үеийнхэн маань бусдыг хайрлах, нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүрч туслах зэрэг зарчмуудыг дагадаг. Тэдэнд гар бие оролцох үйл хэрэг хэрэгтэй байгаа бөгөөд дэлхийд өөрчлөлт гаргахыг тэд хүсэж байна. Хэрвээ тэд итгэлтэй байж, Сүмийн байгууллагын бүтцийн хүрээн дотроо хийх юм бол өөр ямар ч байгууллагаар дамжуулан хийж чадахгүй өөрчлөлтийг дэлхийд хийх боломжтой байх болно гэдгийг тэд ойлгож байгаа байх гэж би найдаж байна.

Ерөнхийлөгч Нэлсоны хийж буй мөн Сүмийн баримталж буй чиглэлээс надад хамгийн их таалагддаг нэг зүйл бол миний мэдэхээр, энэ цаг үед урьд өмнөхөөс илүү өсвөр үеийнхэн болон ганц бие залуучуудыг онцгойлон авч үзэж байгаа явдал юм. Насанд хүрсэн хүний хувьд бид хүлээзнэн, өсвөр үеийнхэндээ удирдах, төлөвлөх, илчлэлт эрэлхийлэх мөн тэрхүү илчлэлтийнхээ дагуу үйлдэх боломж олгох хэрэгтэй. Бид тэдний оюун ухааныг хүндэлж, бидэнд өгөх сургамжийг нь авах хэрэгтэй. Тоон үзүүлэлтээ өсгөхийн тулд бус, харин дэлхийд тэдний хэрэгцээ байгаа тул тэд бидэнд хэрэгтэй. Мөн Сүмд тэдгээр хэрэгцээг нэг нэгээр нь хангах арга барил бүхий бүтэц бий. Өсвөр үеийнхэн, залуучууд маань гэр орондоо болон Сүмд мөн семинар, институт дээр суралцаж байгаа бүх зүйл нь зүрх сэтгэлээ зориулж, гараа сунган бусдад тусалж, бусдыг хайрлахад мөн тааралдсан хүмүүстээ үйлчлэхэд сүнслэгээр өдөөх болтугай хэмээн би найдаж байна. Яагаад гэвэл, энэ нь Есүс Христийг болон бусдыг хайрлах хайрын бодит үр дүн.

Бүх зүйл явж явж Есүс Христ дээр ирдэг гэж би боддог. Багшийн хувьд болон өсвөр үеийнхэн, залуучууд, хүүхдүүдийг хайрладаг, тэдэнтэй харилцдаг хүмүүсийн хувьд бидний хийж, заадаг бүх зүйл Есүс Христийн амьдрал, үйл хэрэг, Цагаатгалын талаарх гэрчлэлийг нь хүчирхэгжүүлэх учиртай. Үүнд л бүх зүйлийн утга учир оршиж байна. Хэрвээ бид ийн хийж чадах юм бол тэд энэ бол Есүс Христийн сайн мэдээ, Түүний сайн мэдээ бөгөөд энэхүү сайн мэдээнд гишүүн нь болон орсноор хүлээн авах адислалууд үнэхээр гайхалтай төдийгүй бид бүгдээрээ энэ ажлыг гүйцэлдүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгоно байх хэмээн би найдаж байна. Энэ бол үнэхээр Түүний ажил мөн.

Виллард ах: Сайхан хэллээ. Танд баярлалаа. Вилкинсон ах аа, та юу нэмж хэлмээр байна?

Чад Вилкинсон ах: Би Крэйг эгчийн саяын хэлсэнтэй бүрэн санал нэг байна. Түүнийг ярьж байх үед суралцагчдын маань ихэнх нь буцаж ирсэн номлогч байсан институтийн ангийнхаа талаар бодож суулаа. 18 сар эсвэл хоёр жилийн турш өөр хүмүүс дээр анхаарлаа төвлөрүүлсний дараа гэртээ эргэн ирж, дасан зохицох нь тэдэнд тулгамддаг хамгийн хүнд асуудлуудын нэг болохыг тэд ярьсан. Сайн мэдээний болон ангийнхаа хүрээнд бид энэ талаар бодож үзэж эсвэл эдгээрийг хийх арга зам олж, өөрсдөөсөө өөр юманд санаа тавих боломж олгох зүйлд тэднийг уриалж болох юм.

Виллард ах: Жонсон эгч ээ, та үүн дээр юу нэмж хэлмээр байна вэ?

Жилл Жонсон эгч: Намайг энэ асуултын талаар бодож байх хооронд зөвхөн Бурханы эрх мэдэл, хүч оршдог сүмд байгуулах боломжтой гэрээнд байдаг хүчийн талаар өөр бодол орж ирж байлаа. Залуучуудыг Сүмээс холдуулах асар их дарамт, татаж чангаах хүч орших өнөөгийн энэ дэлхий ертөнцөд тэднийг гэрээгээ сахиснаар хүлээн авдаг хүчтэй дахин холбох хэрэгтэй байна. Бид энэ дэлхийд тулгарах зүйлс, саад бэрхшээл, уруу таталт зэргийг даван туулахдаа ганцаардаж, хүчин мөхөсдөж байгаагаа мэдэрч магадгүй. Гэхдээ зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс болон ариун газруудаас л олж болох гэрээнүүдээс өөр юунд ч байхгүй асар их хүчийг та нар олж авах боломжтой. Үүнийг гагцхүү Сүм өгөх чадалтай гэдэгт би баттай итгэдэг. Сүм нь сайныг үйлдэхээс гадна өөр олон зүйлийг өгдгийг бид суралцагчдадаа зааж, энэ талаарх гэрчлэлээ хуваалцаж, өөрсдийн амьдралаар харуулж чадна. Гэрээнүүдэд хүч агуулагддаг.

Вимпий ах: Жонсон эгч ээ, таны хэлсэн зүйлд би талархаж байна. “Би Сүмд явалгүйгээр Тэнгэрлэг Эцэгтэй ойрхон байгаагаа мэдэрч чадна” гэж хэлж байсан залуучуудтай би ярилцаж байсан. Үүнд би “Би санал нэг байна. Гэхдээ миний зорилго бол зөвхөн Тэнгэрлэг Эцэгтэй ойрхон гэдгээ мэдрэх биш, харин Түүнтэй адилхан болохыг хүсдэг. Миний зорилго бол өргөмжлөгдөх явдал юм” гэж хариулж байсан. Өсвөр үеийнхэн болон залуучууддаа мөнх бус амьдралын зорилго бол Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болох явдал гэдгийг санахад бүгдэд нь туслах хэрэгтэй гэж би боддог. Тэд Сүмээс Жонсон эгчийн ярьснаар санваарын түлхүүр, ёслол, гэрээнүүдийг олж болно. Энэ бол дэлхий дээрх Бурханы хаант улс бөгөөд өөр хаанаас ч, ямар ч арга замаар олж авах боломжгүй. Тэд Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болоход туслах зүйлсийг эндээс олж авах боломжтой.

Виллард ах: Үнэхээр үнэн. Зүгээр л ямар ч хамаагүй үйл хэрэгт оролцох биш, өнгөрсөн Ерөнхий чуулган дээр дурдсанчлан “Христийн үйл хэргийн” нэгэн хэсэг болох хэрэгтэй. Эдгээр гэрээ бидэнд ийм л боломж олгодог. Үнэхээр баярлалаа. Суралцагчдаа адисалж, илүү их хүчээр зааж, гайхамшигт хичээл заах хүчийг өсгөн нэмэгдүүлэхэд ямар өчүүхэн мөн энгийн зүйлс тусалдаг вэ?

Bилкинсон ах: Энэ асуулт надад их таалагдлаа. Бид ур чадвар, арга барил гэх мэт олон зүйлийн талаар ярьж, зааж, сургасан. Эдгээр нь бүгд чухал. Гэхдээ Ариун Сүнс багш юм бол бид Түүнийг ялган таньж, багшаа болгож, ангидаа урин авчирвал Түүний хүч, гайхамшигт чадлаар хичээл заагдах болно.

Нэг удаа Жонсон ах надад Сатан И ба С-ын бүх ажилтныг эсвэл бүх хүнийг ариун явдлын хууль, мэргэн ухааны үгийг зөрчин эсвэл маш муу, буруу, ноцтой зүйл хийхэд уруу татаж чадахгүй. Гэхдээ тэр хүчийг сулруулах жижиг зүйлсийг биднээр хийлгэж чадна. Магадгүй тэр биднийг гомдоллох, ширээ тойрч суугаад бусдыг муулах, хэн нэг суралцагчийг шоглох, шоолж инээх үед бид Ариун Сүнсийг алдах буюу Ариун Сүнсний бидэнтэй хамт орших байсан түвшинг сулруулах энэ мэт жижигхэн зүйлсийг хийхэд уриалан дуудаж чадна гэдгийг заасан.

Би Хуучин гэрээний Ахарын тухай бодож байна. Тэднийг Иерихогийн эсрэг тулалдаанд явахад хорио цээртэй зүйлст хүрч болохгүй мөн Иерихогийн ямар ч эд зүйлс, эрдэнэсээс авч болохгүй хэмээн зарлигласан байв. Ахар үүнийг зөрчсөн ба хэн ч энэ талаар мэдсэнгүй. Харин Аи хотын эсрэг тулалдах дараагийн тулаанд тэд илт ялах байсан ч ялагдаж, 36 залуу амь эрсэдсэн юм.

Эндээс бидний хийдэг зүйлс чухал гэсэн зарчмыг харж болно. Бидний хэлэх, гомдоллох, үглэн дуулах гэх мэт жижиг зүйлс Ариун Сүнсний хүчийг амьдралдаа илүү ихээр юүлэн авахад нөлөөлөн, саад болж болох тул энэ нь чухал юм. Энэ нь хүч чадлын бүхэл бүтэн тогтолцоонд муугаар нөлөөлдөг. Энэ бол маш чухал. Би та бүхнийг эдгээрийг хийгээсэй гэж урьж байна. Ариун Сүнсийг урихад эсвэл Түүнтэй хамт байж, Багшийн нөлөөг хамгийн дээд хэмжээнд мэдрэхэд бидэнд туслах энгийн бөгөөд өчүүхэн зүйлд анхаарал хандуулаарай.

Виллард ах: Вимпий ах аа, танд хэлэх зүйл байна уу?

Вимпий ах: Хэрэв бид үнэхээр Аврагчид төвлөрөх юм бол, тухайлбал сууж байхдаа суралцагчдынхаа талаар болон хичээлийнхээ талаар бодох үед би үнэхээр Христ төвтэй байна гэсэн үг. Би суралцагчдаа Аврагчийн зан чанар, шинж төрхийг мэдэж аваасай гэж хүсдэг. Хэрвээ би Аврагчид төвлөрч байвал энэ нь тэндээс эхэлнэ.

Миний анхаарлаа хандуулдаг хоёр дахь зүйл бол суралцагчид маань юм. Би ахлагч Бэднарт талархдаг. Та нарын санаж байгаагаар, тэр Удирдагчдыг баяжуулах цувралаар хүү нь пристийн болон лоорэлын үйл ажиллагаанд туслахыг хүссэн талаарх түүхийг хуваалцсан. Тэгээд Ахлагч Бэднар түүнд Иаков 1:5-ыг уншиж өгчээ: “Өөрөөр хэлбэл итгэлийн мөн агуу зовнилын учир, бидэнд өөрсдийн хүмүүсийн талаар, тэдэнд чухам юу тохиолдох талаар үзүүлэгдсэн болой.” Хэрвээ та нар тэр түүхийг санаж байгаа бол ахлагч Бэднарын хүү аавыгаа “Юу болох хэрэгтэй вэ? Үйл ажиллагааг төлөвлөхийнхөө өмнө суралцагчдадаа ямар туршлага өгөх хэрэгтэй вэ гэж бод” гэж хэлж байгааг хоёр удаа хэлүүлсний эцэст ухааран ойлгосон юм. “Суралцагчдад маань юу хэрэгтэй вэ?” гэсэн хандлагаар бэлд.

Миний боддог гурав дахь зүйл бол Вилкинсон ахын дурдсан зүйл буюу ангид байхдаа Ариун Сүнсэнд Өөрийн үүрэг, хариуцлагыг биелүүлэх боломж олгохыг хичээх явдал юм. Энэ бол үнэхээр чухал. Ариун Сүнс ямар үүрэг, зорилготой болох талаар бид бодохдоо Сайн мэдээг заах ба суралцах нь гарын авлагын хэсэг 2.1-ийг авч үзэх нь зүйтэй гэж би бодож байна. Зүгээр л үүнийг ойлгож, Ариун Сүнсэнд Өөрийн үүрэг, зорилгыг ангид гүйцэтгэх боломж олгох нь маш их, бүр маш чухал ач холбогдолтой.

Крэйг эгч: Хэрэв заах явцад Сүнс байхгүй байгааг мэдрэх үедээ Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын талаарх гэрчлэлээ чин сэтгэлээсээ хуваалцвал Ариун Сүнс хүрч ирдэг гэсэн нэгэн энгийн зүйлийг би олж мэдсэн. Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын бурханлаг байдлын талаар гэрчлэх нь Ариун Сүнсний үүрэг юм. Тиймээс, хэрэв би энгийн ч гэлээ гэрчлэлээ хуваалцах юм бол Ариун Сүнс хүрч ирэх болно.

Виллард ах: Бид илүү хүчтэй, Христэд илүү их төвлөрч заах талаар ярилцлаа. Суралцагчид дээрээ илүү төвлөрөхийг эрэлхийлэхдээ, багш болох бид хичээлийн бэлтгэлээ тэдэнд илүү холбоотой, тэдний онцлогт таарсан байлгахын тулд юу хийж болох вэ?

Жонсон эгч: Би энэ асуултыг эхлээд уншихдаа, суралцагчдадаа нэг нэгээр нь тохинуулна гэдэг нь юу гэсэн үг болох талаар бодсон. Энэ нь тэднийг сайн мэддэг болно гэсэн үг юм уу? Бид тэднийг нэг бүрчлэн мэддэг болж чадах уу? Тэднийг илүү сайн таньж мэдэхэд туслах арга замаар тэдэнтэй хамт цагийг өнгөрөөнө гэсэн үг үү? Дараа нь би энэ асуулт 100 гаруй суралцагчид заадаг Орем дахь багшийн хувьд арай өөр байх болов уу гэж бодсон. Тэдний амьдралд оролцохыг хичээх нь сүмд хамт явдаг зургаан суралцагчтай бөгөөд тэдэнтэй болон заримынх нь гэр бүлтэй ойр дотно байдаг Германы Франкфурт дахь багштайхарьцуулахад амаргүй даваа. Багшийн хувьд суралцагч бүртэй хувийн харилцаа тогтоож, тэдний гэр бүлд зочилж, чухал үйл явдалд нь оролцоно гэж бодоход л шантарч болох юм. Тэдний амьдралд олон үйл явдал болж өнгөрөх бөгөөд та нар цочирдож магад.

Тиймээс тэдний хэрэгцээг дүгнэх хэдэн санааг би хуваалцъя. Би энэ талаар бодсон бөгөөд бид зүгээр л асуух хэрэгтэй. Бид суралцагчдаасаа ямар хэрэгцээ байгааг нь асуух хэрэгтэй. Энэ Сүм дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг ба соёлын олон ялгаа байдаг учир бид ижил настай, ижил насны бүлгийн, ижил соёлтой суралцагчдаасаа юу олж ажигласныг бусад багшаас асуух хэрэгтэй. Гэхдээ хамгийн чухал нь, бид Тэнгэрлэг Эцэгээсээ асууж, Сүнсэнд найдаж мөн хэрэв бид чадлынхаа хэрээр хийвэл суралцагчдынхаа талаар юу мэдэх хэрэгтэй мөн тэдэнд юу заах хэрэгтэй болохыг олж мэдэх чадлаар адислагдана гэсэн амлалтад найдах хэрэгтэй. Өсвөр үеийнхэнд олон шинэ бэрхшээл тулгарч буй энэхүү адармаатай дэлхийд тэдэнд заахдаа Тэнгэрлэг Эцэгээсээ удирдамж заавар авах нь юу юунаас илүү чухал юм.

Абурто эгч: Хэрэв бид тэдэнтэй зөвлөлдөж, тэдний талаар олж мэдэх юм бол тэднийг илүү сайн таньж мэднэ гэж би боддог. Мөн тэднийг ажиглаж, өгч буй дохионуудыг нь сонсох юм уу харах нь чухал. Тэдний хэлсэн эсвэл хэлээгүй үгс, асуусан зүйлс тэднийг илүү сайн таньж мэдэхэд бидэнд тусална. Тэдэнд нэрээ нууцлан асуух боломжийг ч хүртэл олгож болох юм. Заримдаа нэрийг нь нууцлах юм бол тэд зүрх сэтгэлийнхээ гүнд нуугдсан зүйлийг илүү чөлөөтэй илэрхийлдэг. Суралцаж буй зарчим, сургаалыг тэдний амьдралд ирээдүйд биш харин яг одоо болж буй зүйлтэй холбоорой. Тэгвэл тэд судруудаас өөрсдийгөө харж мөн Израилыг цуглуулах ажил, аврал ба өргөмжлөлийн ажлыг хийж байгаагаар өөрсдийгөө харж чадна. Мөн тэд амьдралаа эргэн харж, Их Эзэн тэдний амьдралыг адисалсан үеүдийг олж харан, өөрсдийн хэн болохыг мөн Их Эзэн тэднийг адислахад үргэлж бэлэн байдгийг санана. Тэдэнд тэр холбоог олж харахад туслаарай. Үүнийг хийхийн тулд тэдний амьдралд юу болж байгааг мэдэх хэрэгтэй.

Вилкинсон ах: Саяын хэлсэн хоёр санаа үнэхээр гайхалтай сайхан байлаа. Хичээлийн эхний өдөр хүртэл би суралцагчдаар өөртөө зориулж захиа бичүүлж байсан үе бий. Энэ захидалд үйлдсэн нүглүүдээ эсвэл үүнтэй адил зүйлээ биш, зүгээр л өөрийнхөө тухай бичээрэй гэдэг байсан. Багшийн хувьд хичээлийн энэ жилд эсвэл улиралд танд хүрч үйлчлэхийн тулд би таны талаар юу мэдэх хэрэгтэй вэ? Гэр бүл, ажил, оролцдог үйл ажиллагааныхаа талаар надад юу хэлмээр байна? Энэ ангиас юу хүсэн хүлээж байгаагаа хэлнэ үү? Эсвэл “Би итгэлтэй байж чадахгүй байна,” “Надад ийм асуудал тулгараад байна” гэдгээ ч хэлж болно. Үүний дараа би суралцагчдынхаа зургийг аваад, захидалтай нь үддэг. Би захидлыг уншихдаа, суралцагчдынхаа талаар мэдэж авдаг бөгөөд бэлтгэж байхдаа тэдгээр зүйлийг санадаг. Эдгээр нь Жонсон эгч, Абурто эгч хоёрын бидэнд заасан зарим зүйлийг бодит амьдралд хэрэгжүүлэх зарим арга зам байж болох юм.

Виллард ах: Дараагийн асуулт маань багш нарт маань тустай. Бид сургаалыг тодорхой, үнэн зөв заах болон янз бүрийн нөхцөл байдал, соёл уламжлалтай суралцагчдыг бодол санаа, төрсөн мэдрэмжээ зохих ёсоор хуваалцахад урих гэсэн хоёр зүйлийг хэрхэн тэнцвэртэй байлгаж чадах вэ? Суралцагчдад ангид дуу хоолойгоо илэрхийлж, ярьж, магадгүй ангид болж байгаа зүйлсээс арай өөрөөр бодол санаа, мэдрэмжээ хуваалцаж болно гэдгийг мэдрүүлэхэд анхаарахын зэрэгцээ сургаалыг заах гэж хичээж байгаа багшид та юу хэлэх вэ?

Вимпий ах: Заримдаа ангид энэ тэнцвэрийг олоход хэцүү. Бидний үүрэг бол үзэл бодол биш үнэнийг заах гэдгийг санах хэрэгтэй гэж би бодож байна. Суралцагчид маань ангид ирэхдээ үнэнийг сонсоно гэдгээ мэддэг байвал зохино. Тиймээс бид сударт болон бошиглогчдын үгсэд төвлөрөх нь зүйн хэрэг бөгөөд суралцагчид маань ангид ирэхдээ энд л ирж, хариултаа авна гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Түүнчлэн бид өсвөр үеийнхэн, залуучуудад Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгож, үүнд найдахад нь туслах зорилготой гэдгээ санах хэрэгтэй. Би суралцагчдадаа ойлголт авахад нь туслах хэрэгтэй.

Гэхдээ бидний суралцагчид ч гэсэн үүрэг хариуцлага үүрдэг гэдгийг санавал зохино. Сургаал ба Гэрээ 50-р хэсгийг сана: бид үнэний үгийг номлох боловч суралцагчид маань үнэний үгийг хүлээн авах хэрэгтэй хэмээсэн байдаг. Тэд ангид итгэлтэй ирэх хэрэгтэй. Тиймээс бид ангиа суралцагчид маань ирэх, үнэнийг заах орчин гэдгийг мэдэрдэг лаборатори гэж үзвэл тэд асуулт, туршлага, асуудлуудаа чөлөөтэй хуваалцаж болно гэдгээ мэдрэх болно. Гэхдээ багш нарын хувьд бид суралцагчдадаа сурч сурахад нь туслах буюу Сүнсийг хэрхэн мэдрэх, энэ орчинд бодол санаагаа хэрхэн хуваалцах, бодож буй зүйлээ хуваалцахад нь туслахын тулд байдаг. Энэ нь магадгүй өнөө үед ямар үзэл санаа эсвэл зүйлс дэлхийд яригдаж байгааг биш, харин үнэнийг олж мэдэхэд туслах хэлэлцүүлэг нь судар болон бошиглогчдын үгс рүү хөтөлж болох юм.

Гэвч үнэнд анхаарлаа төвлөрүүлцгээе. Сүнслэг мэдлэг олж авах загварыг бодоцгоо. Хэрвээ бид тэр загвар дээр төвлөрөх юм бол хэрхэн итгэлээр үйлдэн, мөнхийн талаас харсныхаа дараа, хариултаа бурханлаг эх сурвалжуудаас хайх талаар сурахад нь суралцагчдадаа тусалж чадвал тэд ангид ирээд үнэнийг сурч мэдээд, Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болж чадна. Тэд ингэх гэж л ангид ирдэг.

Бүсийн нэг захирал маань өөрийн нэг туршлагыг надтай хуваалцаж билээ. Ангид сууж байхад нь нэг залуу Сүмийн сургаалтай зохицохгүй нэгэн үзэл бодлыг хуваалцсан аж. Багш хариуд нь ийн хэлжээ. “Авралын төлөвлөгөөний талаарх чиний гэрчлэл, ойлголт чамд юу гэж хэлж байна? Үүний талаар итгэл дээр, чиний мэддэг, мэдэрсэн зүйл дээр суурилан тэр талаар ярьцгаая” гэж хэлсэн байна. Харин дараа нь тэд итгэлээр үйлдэж, үүнийг мөнхийн талаас нь харах гэж хичээх яг тэр мөчид мөнөөх залуу илчлэлт хүлээн авахыг харсан гэж тэр хэлсэн юм. Тэд юу мэдэж, юуг мэдэхгүй байгаагаа мөн яагаад үүний учрыг олох гэж хичээж байгаагаа ярилцжээ. Тэдэнд бүх хариулт байгаагүй ч, ийм нөхцөл байдалд тэд өөрсдийн мэдэх зүйл дээр үндэслэн тухайн орчинд үнэнийг мэдэхээр хамт цугларан, уг зүйлийг итгэлийн дагуу үйлдэх итгэлтэй байсан.

За тэгэхлээр, тэр эрчээрээ урагшлахад тань би хэрхэн суралцаж, хариултаа олж авч сурахад туслах вэ? Заримдаа бид сайн мэдээний сургаал, зарчмуудад өөрсдийг маань өөрчлөх боломж олгохгүйгээс сайн мэдээний сургаал, зарчмуудыг өөрсдийн орчин, нөхцөл байдалд тохируулахыг хичээдэг тул үүнд болгоомжтой хандах ёстой. Бид “Тэнгэрлэг Эцэг минь, би Тантай адилхан болохыг хүсэж байна. Сайн мэдээний сургаал ба зарчим надад хэрхэн тусалдагийг сурахад туслаач” гэсэн үгсийг “надад асуулт, асуудлууд байгаа ч би үнэнийг мэдэхийг үнэхээр хүсэж байна” гэсэн хандлагатайгаар хэлж чадна. Багшийн хувьд бид хариулж байгаа байдлаараа ийм орчинг үнэхээр бүрдүүлж чадна гэж би боддог. Гэхдээ бид бас суралцагчдадаа үнэнийг сурч мэдэж, асуудалтай тулгарахдаа тусламж хүлээн авч, үнэхээр үнэнийг мэдэхээр судрууд болон бошиглогчдод хандахад тусалснаар энэ орчинг бүрдүүлдэг. Бид бас гэрчлэл, гэрчийн хүчийг дутуу үнэлэх хэрэггүй гэж хэлмээр байна. “Хоёр буюу гурван гэрчийн аманд үг болгон үндэслэгдэх болно.”3 Судруудад бошиглогчдын үгс, үнэний талаарх тэдний гэрчлэл байдаг. Харин Сүнс үнэнийг гэрчлэх үед залуучууд маань үүний учрыг ойлгож, хэрхэн өөрсдөө сурч мэдэн, үнэнийг мэдэж болохоо сурах болно.

Bиллард ах: Би Нифайн хэлсэн үгэнд дуртай, “Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ, би; тийм болохоор, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би хэмээв.”4 Нифай өөрийн мэддэг зүйлийн талаар гэрчилсэн бөгөөд энэ нь биднийг адисалсан билээ!

Вилкинсон ах: Миний санаанд орсон нэг бодол бол ариун явдлын хуулийг зөрчсөн эмэгтэйн түүх болон Аврагчийн үзүүлсэн жишээ юм. Тэр үнэнийг заахаас ичээгүй. Тэрээр энэ нь буруу хэмээн сургаалыг тэр эмэгтэйд заасан. Гэхдээ Тэрээр уг эмэгтэйг хамгаалах замаар, энэ талаар сургамж авах аюулгүй орчинг бүрдүүлж байж заасан юм.

Жонсон эгч: Би ч бас адилхан зүйл бодож байлаа. Хэрэв суралцагчид Аврагчийн хайр, Цагаатгалын хүчийг хэр хүчтэй мэдэрнэ, тэр хэмжээгээр зарлигуудын тухай мөн тэдгээрийг дагахгүй байснаас ирэх үр дагаврын талаар заасан хичээл тэдэнд хүчтэй хүрнэ. Эцэст нь анги, хичээлээс тэдний авах ёстой мэдрэмж бол тэднийг хайрладаг хүн байдаг, Цагаатгалын хүчээс хүртэх арга зам бий, хэрэв бид бүх хүний адил алдаа гаргасан бол Цагаатгал бидэнд тусална гэсэн мэдрэмжийг авсан байх ёстой. Энэ бүхний эерэг тал нь суралцагчид ангиас гарахдаа авч гардаг тэр зүйл юм. Тэд итгэл найдварыг мэдэрдэг. Миний бодлоор энэ дэлхийд итгэл найдвар л тэдэнд хэрэгтэй.

Виллард ах: Хэлсэн зүйлд тань баярлалаа. Үнэндээ энэ сүүлийн асуулт үүнтэй бас холбоотой. Бид өсвөр үеийнхэнд хэрхэн тэднийг анхаарч хардаг гэдгээ болон асуултууд нь чухал гэдгийг мэдрэхэд тусалж болох вэ? Крэйг эгч ээ, та юу нэмж хэлмээр байна вэ?

Крэйг эгч: Би та бүхний сайн мэдэх Марк дээрх нэг судрын талаар бодлоо. Нэгэн баян залуухан удирдагч Аврагч дээр ирэн, мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ гэж асуудаг. Аврагч түүнд аль хэдийн мөрддөг зарим зарлигийг хэлдэг. Бид бүгдэд хүнд хэцүү зүйл тохиолддог шүү дээ. Харин Тэрээр уг залуугаас үнэхээр хүнд хэцүү, бэрх зүйл хийхийг хүсэхийнхээ өмнө, бид бүгдэд бэрх зүйл байдаг, 21-р шүлэг: “Есүс түүнийг ширтэн харж, хайрласан”5 гэсэн хэсэгт би дуртай. Бид өсвөр үеийнхэнтэйгээ харилцах бүрдээ хийж чадах хамгийн чухал зүйл бол тэдэнд хайрыг мэдрүүлэн туслах явдал гэж би боддог. Энэ нь дандаа амар хялбар байдаггүй бөгөөд бидний зүгээс Аврагчийн адил харах мэлмийтэй болохын тулд асар их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болдог.

Энэ талаар бодох үед надад орж ирж байгаа өөр нэгэн зүйл бол бид асуулт тавихын хүчийг ашиглах явдал юм. Үүнийг өнөөдөр энд ярилцлаа. Гэхдээ бид үнэхээр суралцагчдаа, зааж байгаа хүмүүсээ мэдэрч, сайн асуултыг, тухайлбал тэдний мэдрэмжийг болон хаана байгааг нь олж мэдэх боломжтой асуултуудыг тавьж, дараа нь өөрсдийнхөө асуумаар байгаа бодит зүйлээ асуухад нь урамшуулах хэрэгтэй. Эдгээр асуулт заримдаа эвгүй эсвэл хариулт нь амар хялбар байдаггүй. Энэ нь хэвийн зүйл. Эдгээрээс зайлсхийж болохгүй. Яагаад гэвэл, ийм хэцүү асуулт байна гэдэг чинь сонирхож байгаагийн илрэл гэж би боддог. Тэднийг идэвхгүй оролцогч байгаасай гэж бид хүсэхгүй нь мэдээж. Бид тэднийг асуугаасай гэж хүсдэг. Бид болон бидний ажил бол зохих эх сурвалж руу, нэн ялангуяа Их Эзэнд хандан, хувийн илчлэлт хүлээн авч, хүлээн авсан илчлэлтийнхээ дагуу үйлддэг болгоход тэднийг чиглүүлж, туслах явдал юм. Бид өөрсдийн итгэл үнэмшлийг, заримдаа эргэлзээгээ хуваалцах итгэлцлийн орон зайг бий болгохдоо ийнхүү бас үйлдэх ёстой. Бид эдгээр аюулгүй орон зайг бий болгож, тэдний оюун ухаан, чадвар, бидэнд заах зүйлс, тэдний өгөх зүйлийг хүндэлж мөн аврал ба өргөмжлөлийн ажилд оролцох бошиглогч, Есүс Христийн дуудлагад хариулах боломж олгох юм бол тэд анзаарагддаг, үнэлэгддэг бас хэрэгтэй гэсэн мэдрэмжийг аяндаа авах болно гэж би бодож байна.

Абурто эгч: Бид бас амьдралын болон гэр бүлийн өөр өөр нөхцөл байдалд байгаа суралцагчидтай харьцахдаа мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж боддог. Тэд бидний нэгэн адил энэ Сүмийн, Христийн биеийн нэг хэсэг гэдгийг тэдэнд мэдрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Бид бас ярихад хэрэглэж байгаа үгээ болгоомжтой сонгох хэрэгтэй. Жишээ нь, эцэг эхтэйгээ амьдардаггүй суралцагчид байвал бид “эцэг эх” эсвэл “та нарыг хайрладаг хүмүүс” гэхийн оронд “танай гэр бүл” гэж хэлж болно. Эмзэг байх нь бидэнд ч бас асуудал тулгардаг, сул тал байдаг гэдгийг олж харахад тэдэнд тусална гэж би бодож байна. Тиймээс бид хамтдаа энэ аяллын нэгэн хэсэг бөгөөд хэн ч төгс биш гэдгийг суралцагчдаа мэдрэхэд нь тусалбал тэд чухал гэдгээ мэдрэх болно. Түүнчлэн тэднийг, тэдний хэлсэн үг, тавьсан асуултыг сонсох хэрэгтэй нь мэдээж. Хэрэв тэд асуулт асуувал, бид хийж байгаа зүйлээ орхиод, өөрсдөө хариултаа олж авахад нь тэдэнд туслах хэрэгтэй. Заавал хариултыг нь өгөх шаардлагагүй, харин тэд залбирч байгаад, судруудаас амьд бошиглогчдын үгсээр дамжуулан өөрсдөө хариулт олж авах ёстой.

Жонсон эгч: Эдгээр асуултад хариулах явцад амьдрал дээр надтай учирч байсан багш нарынхаа тухай мөн тэдний миний амьдралд үзүүлсэн агуу нөлөөг бодлоо. Зүгээр л гайхалтай. Энэ хэлэлцүүлэгт сүүлийн хэдэн өдөр бэлдэхдээ би багш нараа, тэдний хайр, Аврагчид үнэнч тууштай байсан талаар нь мөн үзүүлсэн асар их нөлөөг нь бодсондоо талархаж байна. Тэдний ачаар мөн Аврагчийг болон намайг хайрлах хайрынх нь ачаар би өөрийгөө чухал, ач холбогдолтой хүн гэдгээ мэдэрдэг байсан. Би бас энэ Сүмд байгаа сайн багш нартаа мөнхөд талархах болно. Сайн сайхан зүйлсийг эргэн бодуулсан гайхалтай завшаантай хэрэг байлаа.

Виллард ах: Эцэст нь хэлэхэд, сайн багшийн үлгэр жишээг үгээр хэлэхийн аргагүй. Энэхүү хэлэлцүүлэг эсвэл ярилцлагаар, заах талаар эцэс төгсгөлгүй ярьж болно. Амьдралыг тань адисалсан багш, тусламжийн гараа сунгаж, амьдралыг тань ямар нэг байдлаар адислан тохинуулсан хүнийхээ талаар бодоход л хангалттай. Ингэж яривал одоо бидэнд олгосон цаг хугацаа хүрэлцэхгүй ба том сургаал айлдах хэрэг гарна гэдгийг би мэднэ. Үүнийг сануулсанд баярлалаа.

Цаг дуусахаас өмнө, өнөөдрийн хэлэлцүүлэгт өөрсдийн хэлсэн үгээр, тэр тусмаа Христийнхтэй адил амьдралынхаа үлгэр жишээгээр зааж байдаг та бүхэндээ талархмаар байна. Та нар Есүс Христийн шавь бөгөөд та нартай хамт байж, хүн нэг бүрээс суралцах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Дэлхий даяар сонсож буй та бүхэнд энэ хэлэлцүүлэгт оролцсон хүн нэг бүрийн өмнөөс та нартаа хайртай гэдгээ хэлмээр байна. Бурханы хүүхдүүдийг олон арга замаар адислахыг эрэлхийлж байгаад тань талархаж байна. Тэр амьд бөгөөд энэ бол Түүний ажил гэдгийг би гэрчилж байна. Та нарын хаана байхаас үл хамааран хамгийн баялаг адислалууд дээрээс тань цутгах болтугай хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.