Болохоор чармайх нь
2020 оны И ба С-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг
2020 оны 6-р сарын 9, мягмар гараг
Ахлагч Үлиссэс Соарэс: Хайрт ах, эгч нар аа, та бүхэн хаа ч байлаа гэсэн өнөөдөр та нартай хамт байгаа нь эхнэр бид хоёрын хувьд нэр төрийн хэрэг. Та бүхэндээ Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хайр, мэндчилгээг дамжуулъя. Ерөнхийлөгч Нэлсон аминчлан та нарт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Тэрээр биднээс уулзаж буй хүмүүстэйгээ өөрийн хайр, хамгийн сайхан мэдрэмжийг хуваалцаарай гэж хүсдэг. Тэр Бурханы хүүхдүүдэд үзүүлдэг үйлчлэлд тань чин сэтгэлээсээ талархдаг.
Хүндэт хамтран зүтгэгчид минь, яриагаа эхлэхээсээ өмнө би та нарын институт, семинарт хийдэг гайхалтай үйлчлэлд хувиасаа чин сэтгэлээсээ талархахыг хүсэж байна. Та бүхэн өсөж буй үеийнхэнд Аврагчийн зам мөрөөр мөнх оршихуй руу урагшлан алхахад нь тусалж, заах онцгой эрхтэй билээ. Та нар түүхийн энэхүү хуудсанд дэлхийд ирэхээр бэлтгэгдсэн Бурханы хамгийн нэр төртэй сүнснүүдийн заримд заадаг. Бидний хайртай бошиглогч ерөнхийлөгч Нэлсон эдгээр нэр төртэй сүнсийг эцсийн агуу цугларалтын үйл явдал буюу Израилын цугларалтад оролцох Бурханы шилдэг баг, шилдэг тоглогчид, баатрууд хэмээн нэрлэдэг.1 Энэхүү агуу баг боломжгүйг гүйцэлдүүлж, бүхий л хүмүүний гэр бүлийн хувь заяанд нөлөөлөхөд тусалж чадна.2
Хайрт эхнэр Росана минь өнөөдрийн энэхүү онцгой цуглаанд надтай хамт оролцож байна. Сүүлийн 39 жилд тэр миний амьдралын гэрэл гэгээ болсоор байгаа. Тэрээр сайн сайхан, гайхалтай үлгэр жишээгээрээ манай гэр бүлийн гишүүн бүрийг Христтэй илүү адилхан болоход тусалдаг өөрчлөгч хүч болдог. Росана бид хоёр өсвөр насандаа сэтгэл зүрхээ зориулсан институт, семинарын багш нарынхаа заасан зүйлийг амьдралдаа хэрэгжүүлснээр ирдэг адислалыг хүртэгчид юм. Тэдний итгэлтэй үйлчлэл бидний амьдралд Есүс Христийн сайн мэдээнд анх хөл тавьж байх үед асар их нөлөө үзүүлсэн. Эдгээр итгэлтэй багш бидэнд Есүс Христийн сайн мэдээний үнэний дагуу амьдралаа чиглүүлэхэд тусалж, Тэнгэрлэг Эцэг рүүгээ эргэн очих замаар алхахыг оролдоход маань хөтлөн удирдсан. Одоо би хайртай эхнэрээ Сүмийн шинэ гишүүн байхад нь болон Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлэх хичээл зүтгэлд нь институт, семинар түүнийг хэрхэн адисалсан тухай туршлагаа хуваалцахад урьж байна. Хайрт минь, санал бодлоо хуваалцах уу?
Росана Соарэс эгч: Хайрт минь, гэрчлэлээ хуваалц хэмээн намайг урьсанд баярлалаа.
Би 9 орчим настай байхдаа Сүмийн талаар анх сонсож байсан. Харин 8 жилийн турш ааваасаа баптисм хүртэх зөвшөөрөл хүссэн ч тэр үргэлж үгүй гэдэг байв. Тэр намайг ийм чухал шийдвэр гаргахад хэт залуу байна гэдэг байсан ба би үнэхээр хүртэхийг хүсэж байгаагаа түүнд бас харуулах ёстой байлаа.
Хэдийгээр би Сүмийн гишүүн байгаагүй ч өдөр бүр ордог семинарын дөрвөн жилийг дүүргэсэн. Семинарын анги өдөр бүр өглөө 6 цагт цуглааны байранд ордог байлаа. Багшийг ирж авсан тохиолдолд л аав намайг явуулдаг байв. Аз болоход, надад гайхалтай сайн багш таарсан бөгөөд тэр өдөр бүр үүрээр, 5:30 гэхэд намайг ирж авдаг байсан юм. Аав өглөө бүр намайг 5 цагт сэрээж, би хувцсаа өмсөн, багшаа хүлээдэг байлаа. Би дандаа маш их нойрмоглодог байсан ба дотроо “Битгий ирээрэй. Битгий ирээрэй,” гэж хэлдэг байсан ч тэр үргэлж баяртайгаар ирдэг байв.
Би хичээнгүй семинарын багшаар адислагдсан ба түүнд талархаж явдаг. Тэр надаас амархан залхаж болох байсан. Гэвч Тэр тэгээгүй юм.
Гучин жилийн дараа, хэсэг хугацаанд охиндоо гэртээ семинар заах боломж надад олдсон. Хичээлийн хуваариасаа болоод тэр жил охин маань цуглааны байранд очиж семинарт суух боломжгүй болсон байлаа. Тэр их хөдөлгөөнтэй байсан ба ялангуяа намайг багш нь байсан учраас 45 минут хөдөлгөөнгүй суух тийм ч дуртай байгаагүй. Тиймээс би өвөрмөц хичээлүүд бэлдэж, цорын ганц суралцагч байсан ч гэлээ охиндоо семинарын хамгийн сайн суралцагч мэт хандахаар шийдэв. Жилийн эцэс гэхэд тэр баяртай байсан ба Тэнгэрлэг Эцэгийнхээ өөрийг нь гэх хайрыг мэдэрсэн төдийгүй би ч бас үүнийг нь мэдэрсэн юм.
Ах, эгч нар аа, би охиныхоо адил Бурханы үг бидний оюун ухаан, хандлага, өөрсдийгөө болон бусдыг харах өнцгийг орвонгоор нь өөрчилдгийг мэднэ.
Би ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн нэгэн сайхан эшлэлээр үгээ төгсгөе.
“Гайхамшигт багш болох та нар үгийг заахаар бэлдэхдээ болон заахдаа мөн суралцагчдадаа анхаарал халамж тавихдаа аль хэдийн асар их хүчин чармайлт, золиос гаргасан. … Та нар одоо үүн дээрээ суралцагчдын маань дундаас илүү олон хүн жинхэнэ хөрвөлтөд хүргэх сонголтуудыг хийнэ гэдэгт итгэх итгэлээ нэмж болно.”3
Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.
Ахлагч Соарэс: Сайхан үг хэлсэнд баярлалаа, хайрт минь. Тэр үнэхээр гайхалтай байгаа биз?
Би та нарыг өсвөр үеийнхэнд амьдралдаа зөв шударгыг эрэлхийлэхийг ухуулж, нөлөөлөх боломж бололцоогоо дутуу үнэлдэггүй гэж найдаж байна. Тэд дайсны газар нутагт өсөж байна гэж хайрт ерөнхийлөгч Пакэр маань хэлдэгсэн. Таны тэдэнд заах чин сэтгэлийн үйлчлэлээр дамжуулан тэд итгэл, дуулгавартай байдалд өсөж, сүнслэг байдлын хувьд тэсвэртэй болж чадна. Тэд уруу таталтыг хэрхэн ялан дийлж, даван туулахыг сурна.
Хайрт ах, эгч нар аа, институт, семинарын хөтөлбөр нь Сүмийн бат бөх байдал, хүч чадалд нэн чухал үүрэг гүйцэтгэгч хоёр зүйл юм. Их Эзэн Түүнд болон Түүний хүүхдүүдэд та нарын үзүүлдэг үнэ цэнтэй үйлчлэлээр дамжуулан “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах [Өөрийн] ажил, алдар сууг” гүйцэлдүүлж байгаа гэдгийг би баттай хэлж чадна.4 Тиймийн тул та бидний гол зорилго үргэлж Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхдүүдийн аврал мөн өргөмжлөл байх ёстой.
Сайн мэдээг заах ба судлах нь, Шашны семинар, институтийн багш, удирдагчдад зориулсан энэхүү гайхалтай гарын авлагаас бид “Бидний зорилго нь өсвөр үеийнхэн болон залуучуудыг Есүс Христийн сургаал ба Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, Ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ, түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралд бэлтгэхэд нь туслахад оршдог” хэмээх сэтгэл хөдлөм мэдэгдлийг олж уншдаг.5
Энэхүү үүрэг хариуцлага нь Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь дээрх “Шашны институт, семинар нь (И ба С) өсвөр үеийнхэн, залуучуудыг Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлээ өсгөхөд нь туслахад эцэг эх, Сүмийн удирдагчдад тусалдаг”6 хэмээх мэдэгдэлтэй уялддаг.
Бодгалиудыг аврах энэхүү гайхамшигтай ажилд оролцож буй бидэнд тохиолддог хамгийн агуу сорилтуудын нэг бол болох-ыг эрэлхийлэх буюу Их Эзэний хүсдэг тийм шавь болон өсөх явдал юм. Тэгэхэд Их Эзэн биднийг заадаг хүмүүсийнхээ амьдралд мөнх амьдралын замаар алхахад нь нөлөөлөх боломжтой болгодог. Энэхүү болох тухай ойлголт нь Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагад “Бид Есүс Христийн сайн мэдээгээр амьдарч, Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлдэг. Бидний бие авч явах байдал болон зан харьцаа нь гэр орон, анги танхим, нийгэмд үлгэр жишээч байдаг. Бид амжилт, мэдлэг, хандлага, зан төлөвөө үргэлж сайжруулахыг хичээдэг”7 хэмээн дүрсэлсэн Түүний зорилгыг гүйцэлдүүлэх гурван хэсгийн нэгтэй салшгүй холбоотой.
Төлөөлөгч Паул бидэнд Христийнхтэй адил мөн чанарыг олж авахын ач холбогдлын тухай зөвлөсөн. Ефесчүүдэд бичсэн захидалдаа тэрээр ингэж өгүүлжээ.
“Тэр, заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайн мэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон нь
ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм.
Бид бүгд итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл ингэх ажээ.”8
Бид үйлчлэлээрээ дамжуулан бусдад тийн үйлдэхэд нь туслахыг хичээхдээ, хэрхэн Христийн бүрэн дүүрэн мөн чанарын хэмжээнд хүрч чадах вэ гэдэг нь бидний гол асуулт байж болно. Есүс Христийн сайн мэдээ тэр тал дээр бидэнд тусалдаг. Энэхүү асуултад хариулахыг оролдохдоо зарим зарчмыг хамтдаа авч үзье.
Анхдагч буюу үндсэн зарчим бол үргэлж Эзэн Есүс Христийг дагахад оршдог. Хандлага, үгс, үйлдэлдээ Есүс Христийн зан чанарыг хичээнгүйлэн тусгах нь бусдад Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт мөнх амьдрахад бэлтгэхэд нь ухуулан, нөлөөлөх боломж чадварыг маань нэмэгдүүлдэг. Ийнхүү үйлдсэнээр бид өсвөр үеийнхэндээ Их Эзэнийг хайрлаж сурахад нь тусалж чадна. Учир нь тэдний хайрладаг зүйлс тэдний эрэлхийлдэг зүйлсийг тодорхойлдог. Тэдний эрэлхийлдэг зүйлс бодож, үйлддэг юмсыг нь тодорхойлно. Тэд юу бодож, үйлдэнэ, тэр нь хэн болохыг нь тодорхойлно.
Та бид дэлхийд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг төлөөлдөг. Бидний хийдэг, хэлдэг бүхэн Сүмийн нүүр царай, үнэнийг болон цаашлаад Аврагчийг төлөөлж байдаг. Бид амьдралаа илүү сайн ойлгож, сайн мэдээтэй уялдуулахыг эрэлхийлэхдээ Есүс Христтэй илүү адил болохын тулд улам их хичээж зүтгэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс
“Есүс Христийн сайн мэдээ бол биднийг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд ямар болох ёстой, түүн шиг нь болгож чадах төлөвлөгөө билээ. Энэхүү толбогүй, төгс төгөлдөр байдал нь гэрээ, ёслол, үйлдэл, зөв сонголтуудын нийлбэрийн үр дүнд мөн тасралтгүй үргэлжлэх наманчлалын үр дүнд бий болдог”9 хэмээн заасан.
Би өсөж торнисон газар болох Бразилийн семинар, институтийн ангийнхантайгаа саяхан ярилцаж байхдаа, амьдралдаа чухал шийдвэр гаргах үед нь багш нарынх нь тэдэнд үзүүлсэн Христийнхтэй адил нөлөөний талаар тэдний ярьсан зүйлийг сонсоод гайхширсан. Тэдний заримын хэлсэн зүйлсийг сонсоцгооё.
Баррэто эгч: За, өсвөр насандаа эргэн очъё. Сайн мэдээг суралцаж байхдаа найдаж, мөрөөдөж байсан бүхэн, гаргасан шийдвэр болгон минь бат бөх суурьтай байсан гэдэгт би итгэлтэй байна. Ялангуяа, би семинарыг маш тодорхой санадаг. Энд, Бразилд семинар эхлэхэд би бага байсан. Би маш сайн, сэтгэл зүрхээ зориулан заадаг багш нартайгаа Аврагчийг хайрлаж эхэлснээ одоо ч санадаг. Семинарын суралцагч байхдаа миний олж авсан гэрчлэл улам бүр өсөж, хөгжсөн бөгөөд одоо ч өссөөр байгаа. Тэдгээр цаг үеийн улмаас, тэрхүү сургамж, багш нарын ачаар, гаргасан шийдвэрүүдийнхээ үр дүнд одоогийн би гэдэг хүн бий болсон.
Силва эгч: Миний хувьд, тухайн үед багш минь миний хувьд маш чухал байсан гэж бодож байна. Тэр үед би шинэхэн хөрвөгч байсан учраас тэр надад тэдгээр зарчмыг ойлгоход мөн амьдралдаа хэрэгжүүлж, Есүс Христэд байдаг тэвчээр, мэдлэгээ өсгөх, амьд бошиглогчдыг дуулгавартай дагах гэх мэт зан чанаруудыг эрэлхийлэхэд маш их тусалсан. Энэ бүхэн надад тухайн үед Ариун Сүнсийг, Сүнсний шивнээг сонсох чадвараа хөгжүүлэхэд тусалсан. Би шинэхэн хөрвөгч байсан учраас энэ нь миний хувьд чухал түлхүүр байсан. Энэ нь багш байсан. Тэр асар их мэдлэгтэй байсан ба олон суралцагчид мэдлэгтэй болоход нь тусалсан. Тэр бидний асуултанд хариулдаг байсан. Энэ нь надад гэрчлэлтэй болж, сайн мэдээнд хүчтэй байхад тусалсан.
Ахлагч Гонсалвэс: Намайг баптисм хүртчихээд цуглааны байранд анх удаа орж ирэхэд өсвөр үеийнхэн болон семинарын багш тэр даруй хүлээж авсан. Багш намайг ангид ирэхийг урьсан. Хичээл аль хэдийн эхэлчихсэн байсан учраас би тэр жилдээ батламж гэрчилгээ авахын тулд хэд хэдэн багц хичээлийг яаравчлан нөхөж хийх хэрэгтэй болж билээ. Би тэр багц хичээлүүдийг нөхөж хийж байхдаа юу ч сураагүй боловч оролцоотой байхыг сурсан ба тэр оролцоо маш чухал байсан. Ооролцоо маань чухайл байсан. Учир нь би өмнө нь огт бодож байгаагүй бас ойлгохгүй байсан судруудын талаар илүү ихийг сурах хүсэлтэй байгаагаа мэдэрч байв. Эхэн үеийн тэр сэтгэл догдлом үйл явдлуудын дараа оролцохоос ирдэг баяр хөөр миний амьдралын нэг хэсэг болсон. Энэ нь ердийн зүйл болж, би судруудын талаар илүү ихийг мэдэж авсан төдийгүй өсвөр үеийнхний амьдралыг асар их адисалсан үнэн зүйлсийг хийх хүсэлтэй байгаагаа мэдэрсэн. Эргээд бодоход би нэг л зүйлийг, тухайлбал өсвөр үеийнхний үйлдэл надад үнэнийг харуулсныг санаж байна.
Ахлагч Соарэс: Төлөөлөгч Паулын Тимотод бичсэн захидал бидэнд бусдад сайнаар нөлөөлөхийн тулд анхаарах хэрэгтэй чухал зөвлөгөөг сануулж, “чи итгэгчдэд үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол”10 хэмээн заадаг.
Миний дурдахыг хүсэж байгаа хоёр дахь зарчим бол үнэнийг зоригтой, тодорхой заах явдал юм. Та бид Есүс Христийн сайн мэдээг заахаар дуудагдсан. Бид өөрсдийн санаа, философийг судартай холиод ч заах ёсгүй. Сайн мэдээ бол “аврах Бурханы хүч”11 бөгөөд бид зөвхөн Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан аврагддаг. Бид Ариун Сүнсний удирдамж, дэмжлэгээр сайн мэдээний зарчмуудыг Сүмийн жишиг бүтээлүүд болон орчин цагийн төлөөлөгч, бошиглогчдын өнөө үед заагдаж буй үгсээс заах ёстой. Тэд дэлхийн гүн ухаан дунд төөрөлдөхгүй байж болохын тулд бид үнэний зэмсэг болж, тэдэнд тод томруун заах хэрэгтэй. Хүмүүний зүрхэн дэх Бурханы үгийн хүч болон энэ нь итгэлийг хэрхэн энгийн байдлаар хүчирхэгжүүлдэг тухай Алмагийн дүрсэлснийг унших гайхалтай. Алма 32:42-ыг хамтдаа уншицгаая:
“Мөн энэ нь та нарын дотор үндэслэж болохын тулд, та нар үгийг арчлахдаа зориулсан шаргуу байдал хийгээд та нарын итгэл түүнчлэн та нарын тэвчээрийн учир, болгоогтун, удахгүй та нар үүний жимсийг, хамгийн эрхэм, амтат бүхнээс дээд амтат, мөн цагаан бүхнээс цагаан түүнийг, тийм ээ, цэвэр бүхнээс цэвэр түүнийг түүх болно; мөн та нар бүр цадталаа, та нар өлсөхгүй, бас цангахгүй болтлоо энэ жимсэн дээр найрлах болно.”
Ах эгч нар аа, энэхүү агуу сударт манай өсвөр үеийнхний зүрхэндээ хүлээн авч болох, амьдралдаа сайныг үйлдэхэд ухуулах үнэний хүчийг дүрсэлдэг. Үр дүнтэйгээр багшлах нь Сүм дэх удирдлагын утга учир мөн гэдгийг санаарай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс амьдралаа өөрчилж, дуулгавартай болохуйц тийм их үр өгөөжтэй байдлаар заалгасан үед мөнх амьдралд хүрч чадна. Тэднийг хүчээр зөв шударга байлгах юм уу тэнгэрт аваачиж чадахгүй. Тэднийг удирдах ёстой ба энэ нь үр өгөөжтэй заах хэрэгтэй гэсэн үг юм.12
Өнгөрсөн 4-р сарын Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинд өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-ийн талаар заасан. Энэхүү захиасынхаа төгсгөлд тэрээр Сүмийн бүх гишүүнд үүнийг судалж, үнэний талаар тунгаан бодож, тэдгээр үнэний бидний амьдралд үзүүлсэн нөлөөний талаар бодох даалгавар өгсөн. Бидний үүрэг тэрхүү даалгавраас илүү гарна гэдэгт би итгэж байна. Та бид энэхүү тунхгийн сүнслэгээр өдөөгдсөн үнэнийг өсвөр үеийнхэн, залуучуудынхаа зүрх сэтгэлд хүргэхээр томилогдсон бүлэг хүний нэг хэсэг юм. Нэг үгээр хэлбэл, институт, семинарын багш нар өсвөр үеийнхэнд ээдрээтэй дэлхий дээрх аялалд нь бэлтгэл болгож, эдгээр үнэнийг тунхаглах үүрэг хариуцлагынхаа хүрээнд 15 бошиглогч, үзмэрч, илчлэгчийн үргэлжлэл байдаг билээ. Та бид энэхүү тунхгийн адислалыг тэдний амьдралд бодитой зүйл болгох чухал үүрэг хариуцлагатай. Бид бүгд бэрхшээлтэй цаг үед амьдарч байгаагаа мэддэг. Дэлхийн хүмүүс өөрсдийн амьдрал дахь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын чухал үүргийн талаар мартаж, тэнгэрлэг мөн чанарынхаа алсын харааг алдаж байна. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх Есүс Христийн сайн мэдээний туйлын ариун үнэний орон зайг дэлхийн гүн ухаан улам бүр эзэлж байна. Та бидэнд Их Эзэний мутар дахь зэмсэг болж, өсвөр үеийнхнийгээ адисалж, тэдний зүрх сэтгэлд энэхүү тунхагт тодорхой, хүчирхгээр тунхагласан үнэнүүдийг авчрах агуу боломж бий.
Зоригтой, тодорхой заасан үнэн тэднийг Есүс Христийн сайн мэдээнд хэрхэн хүчирхэгжүүлсэн талаарх сайн найзуудынхаа хэлсэн бусад сэтгэгдлээс заримыг та нартай хуваалцъя.
Ахлагч Силва: Миний санаанд орж байгаа эхний зүйл бол багш нарын үлгэр жишээ. Учир нь энэ бол бидний хардаг эх сурвалж юм. Бид тэдэнтэй адил болохыг хүсдэг. “Хэзээ нэгэн өдөр ийм гэр бүлтэй болох боломж надад байгаа болов уу? Хэзээ нэгэн өдөр би тэдгээр зүйлийг үнэхээр хийх боломжтой юу?” гэж би үргэлж боддог байсан. Үлгэр жишээгээр заалгасан сургаалын зарим үр нөлөө нь хүлээн авах явдал байдаг. Тиймээс бид сургаалыг хүлээн аваад, өөрсдийн нөхцөл байдалд тохируулах хэрэгтэй. Би өдөр бүр үнэхээр илүү сайжирч, хамгийн сайн сонголтуудыг хийж болохын тулд ур чадвараа ашиглан үүнийг хамгийн сайнаараа хийхийг хичээсэн. Би эхнэрээ ингэж сонгосон ба тэр миний хамгийн сайн сонголт байсан учир надад тусалсан зүйлсийн нэг юм.
Баррэто эгч: Би үргэлж багш нараасаа үлгэр жишээ авдаг байсан. Би одоо ч нэгийг нь санаж байна. Тэр залуухан, хараахан гэрлээгүй байсан. Тэрээр буцаж ирсэн номлогч эгч байсан бөгөөд түүнийг зааж байхад би хараад, “Би түүн шиг болмоор байна. Би түүнтэй илүү адилхан болмоор байна” гэж бодсон. Учир нь тэр Аврагчтай адил байсан. Тэр бидэнд маш их хайртай байсан ба түүнийг хичээл заах бүрд би түүний хайр, хийж байгаа юмандаа сэтгэлээ зориулж байгааг нь мэдэрдэг байсан. Хэдийгээр би хөрвөгч биш ч гэсэн, миний амьдралын нэг чухал зүйл бол хөрвүүлгийн маань үе юм. Би Сүмд төрсөн. Биднийг амьдралынхаа түүхийг ярих үед миний түүх арай өөр байсан нь би Сүмд болон сайн мэдээнд эргэлзэж байснаа огт санадаггүй. Бүх зүйл надад маш тодорхой энгийн байсан. Гэхдээ миний бодлоор, өөрөө мэдэж авах цаг ирдэг нь үнэн. Яг л тийм зүйл надад тохиолдсон бөгөөд семинар, институт, ялангуяа семинарын цаг үе миний хувьд өөрөө мэдэж авах цаг байсан. Энэ талаар эргэн дурсахад, би яагаад сүмд байгаагаа, миний хувьд Сүм үнэхээр үнэн эсэх, надад сайн мэдээ, Есүс Христийн талаар гэрчлэл байгаа эсэхийг шийдэх чухал цаг үе байсан. Зөвхөн тэр он жилүүдийн ачаар одоо намайг байлгаж чадаж байна.
Гонсалвэс эгч: Юуны өмнө, багш, удирдагчид маань төгс биш ч гэлээ, бид өөрсдийгөө тэдэнтэй адил юм шиг болон тэдэн шиг гэр бүлтэйгээр мөн тэдний үлгэр жишээг дагаж, тэдэн шиг ойлголттой болж, тэр мэдлэгийг олж авч байгаагаар төсөөлөн боддог. Хэд хэдэн удирдагч надад нөлөөлж, үлгэр жишээ үзүүлсэн учраас би “би том болоод тэдэн шиг болохыг хүсэж байна” боддог байсан. Энэ нь намайг амьдралдаа ухаалаг сонголт хийхийг үргэлж хичээхэд хүргэдэг байв. Би алхам алхмаар урагшилсан. Ахлагч Бэднарын хэлсэнчлэн, хөрвүүлэг агшин зуур тохиодоггүй бөгөөд алхам алхмаар буюу зүрх сэтгэл, бодол санаа, зан төлөв бага багаар өөрчлөгдөх замаар хийгддэг. Хөрвүүлэг нь үргэлж Бурханы хүсэл дээр төвлөрч байдаг. Тиймээс Бурханы хүсэл эхэнд байдаг. Багш нар маань надад судруудыг ойлгож, тэдгээрийг хайрладаг болоход тусалсан. Тэгээд энэ нь миний амьдралын нэг хэсэг болсон. Би Бурханы хүсэлтэй нийцэх ухаалаг сонголтууд хийхийг эрэлхийлдэг байсан юм.
Ахлагч Соарэс: Өнөөдөр миний дурдахыг хүссэн бас нэгэн зарчим бол бид суралцагчдадаа Сүнсээр заах эрхтэй явдал юм. Бид Их Эзэний зараалд байгаа. Бид бол Түүний төлөөлөгчид бөгөөд Түүний өмнөөс үйлдэж, Түүнийг төлөөлөх үүрэг даалгавар, эрх мэдэлтэй. Түүний төлөөлөгчийн хувьд бид Түүнээс тусламж авах эрхтэй. Бид олон янзын заах арга барилыг эзэмшиж, суралцагчдадаа зөв шударга байдалд сонгох эрхээ эдлэхэд нь хэрхэн туслахад суралцан, хичээл бүрд хичээнгүйлэн бэлдэх шаардлагатай нь тодорхой. Гэсэн хэдий ч, зааж буй хичээлдээ Ариун Сүнсээр дамжуулан Их Эзэний тусламжийг хүлээн авахын тулд тэрхүү тусламжийг авахуйц байдлаар амьдрах хэрэгтэй.
Тэргүүн Зөвлөл Сүмийн багш нарт хандан, “Та нарын үйлчлэлийн хамгийн чухал хэсэг нь өдөр бүр залбирч, судраас суралцан мөн зарлигуудыг дуулгавартай даган, өөрсдөө сүнслэг бэлтгэлтэй байх явдал юм. Бид та нарыг урьд өмнөхөөсөө илүү том зорилготойгоор сайн мэдээний дагуу амьдрахаар зориг шулуудаасай хэмээн уриалж байна”13 гэж хэлсэн юм. Тэгээд бид Их Эзэнээс тусламж хүсэхэд Тэрбээр Сүнсээрээ адисалж, бид юу хийхээ мэдэх болно. Сүнсээр заах нь бидэнд ангийн гишүүдэд сайн мэдээний зарчмуудыг илүү сайн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэхээр өдөөгдөж болох арга замаар заахад тусалдаг гэдгийг үргэлж санаарай. “Иймийн тул, номлодог тэр нь мөн хүлээн авдаг тэр нь бие биенээ ойлгодог, мөн хоёул сэнхэрч мөн хамтдаа баясдаг буюу” 14 Энэ нь аль хэдийн мэддэг зүйл байж болох ч суралцагчид мөнхийн үнэнийг Сүнсээр заалгасан үед л тэрхүү Сүнсээр дамжуулан хүлээн авч чаддаг гэдгийг би та нарт батлан хэлж байна.
Энэхүү гайхалтай ойлголтыг тайлбарласан Нифайн арга барил надад таалагддаг. Тэрээр “Мөн эдүгээ би, Нифай, миний хүмүүсийн дунд сургагдсан бүх зүйлийг бичиж чадахгүй; бас би бичихдээ ярихынхаа адил бузгай нэгэн биш; учир нь хүн Ариун Сүнсний хүчээр ярихад Ариун Сүнсний хүч үүнийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэдэг”15 хэмээсэн. Сүнс биднийг заах үед үнэнийг хүмүүний үрсийн зүрх сэтгэлд хүргэх маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хайрт ах, эгч нар аа, бид олны өмнө гарч ярихдаа уран цэцэн, чадварлаг байж болох ч Сүнсгүйгээр бидний чадвар ямар ч өөрчлөлт хийхгүй. Ерөнхийлөгч Рэссэлл М.Нэлсон “Сүнс хэрхэн [бидэнтэй] ярьдгийг мэдэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Бурхан Тэргүүтний хувьд Ариун Сүнс элчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр Эцэг, Хүү хоёрын хүлээн аваасай гэж хүссэн бодол санааг [бидний] оюунд авчрах болно. Тэр бол Тайтгаруулагч. Тэрээр [бидний] зүрх сэтгэлд амар амгаланг авчирна. Тэр үнэнийг гэрчилж, Их Эзэний үгийг сонсож, уншихад юу үнэн бэ гэдгийг [бидэнд] батлах болно”16 хэмээн заасан.
Миний дурдахыг хүссэн дөрөв дэх зарчим бол зүрх сэтгэлээсээ заах явдал юм. Уран яруу хэллэг, элэгсэг дотно үг хэрэглэн заадаг ба сонсоход урамтай бас таатай багш нар байдаг. Гэсэн ч зүрхнээс зүрхэнд ярьдаг, хүсэл татам үзэл бодолтой багш нар бол заалгасан зүйлсээ үйлдэл болгоход биднийг үнэхээр өдөөж чаддаг хүмүүс юм. Тэдгээр багшийн зарим нь олны өмнө ярихдаа тийм ч сайн биш байж болох ч суралцагчид тэднийг сонсохдоо, илүү сайн ойлгохын тулд нүдээ нээдэг. Эдгээр багш сайн сайхныг эрэлхийлэх, өргөмжлөл өөд тэмүүлэхэд нь суралцагчдад нөлөөлж, ухуулах хүсэл тэмүүллийг зүрх сэтгэл, оюун бодолд нь суулгаж чаддаг. Миний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн багш нар бол зүрх сэтгэлээсээ заадаг байсан хүмүүс юм. Тэд заах арга барилд тийм ч гарамгай байгаагүй. Гэвч тэд зүрхнээс зүрхэнд ярьж чаддаг байсан. Тэдний нөлөө бичиж тэмдэглэсэн хичээлийн төлөвлөгөө, боловсролын онолтой хамааралтай байгаагүй, харин жинхэнэ халамж, чин сэтгэл, хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилтэй холбоотой байв. Америк зохиолч, сурган хүмүүжүүлэгч Паркэр Палмэрын хэлснээр, “Сайн багш нар холбоотой байх чадварыг эзэмшдэг. … Сайн багш нарын бий болгосон харилцаа холбоо тэдний арга барилд биш, харин зүрх сэтгэлд нь буюу хүмүүний дотор оюун ухаан, сэтгэл хөдлөл, сүнс, хүсэл давхацсан газар болсон зүрхэнд оршдог.”17
Бидний Их Эзэн Есүс Христ бол тэрхүү зарчмын төгс жишээ байсан. Тэрээр далайн эргийн элсэнд хөлийн мөрөө үлээсэн ч заасан хүмүүсийнхээ амьдрал, зүрх сэтгэлд сургаалынхаа сүнслэг мөрийг үлдээсэн. Тэрээр тухайн үеийн шавь нартаа болон өнөөдөр бидэнд “Намайг дага”18 хэмээх үгсийг адилхан хэлдэг.
Одоо бүгдээрээ манай ангийнхны болон найзуудын маань сүүлчийн сэтгэгдлийг сонсоцгооё. Би тэднийгээ та нартай танилцуулаагүй байсан байна. Энэ гурван хос бол Глаусиа ба Риналдо Баррэто, Лусэлиа ба Мауро Гонсалвэс, Сэлиа Мариа ба Рамилфо Силва. Би энэ гайхалтай хүмүүсийн ихэнхийг хүүхэд наснаасаа хойш таньдаг байсан. Би тэднийг амьдралынхаа туршид харж, зөв шударга үлгэр жишээнээс нь суралцсаар ирсэн. Тэд бол гэр бүлээ сайн мэдээнд өсгөж, Их Эзэний дуудсан үүрэг хариуцлагад бүх зүрх сэтгэлээрээ үйлчилсэн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй, тэвчээртэй, үнэнч гишүүд юм.
Ахлагч Баррэто: Миний амьдралд семинар, институтийн багш, профессор, зохицуулагч, захирлууд маш сайн үлгэр жишээ үзүүлсэн. Тэр үеэс хойш бид маш сайхан найз нөхөд болсон. Би тэдэнд болон миний амьдралд үзүүлсэн тэдний үлгэр жишээнд талархаад баршгүй. Тэд мөн маш сайн найзууд байсан. Би тэдэнтэй юуны ч тухай ярихдаа үргэлж итгэлтэй байдаг байсан. Тэд намайг чиглүүлж, сайн мэдээг зааж байсан ч үлгэр жишээ нь гайхалтай байсан. Тэд надад маш том нөлөө үзүүлсэн.
Гонсалвэс эгч: Надад сайн мэдээ байгаад мөн гэр бүлээ сайн мэдээнд өсгөх боломжтой байсандаа, бага байхдаа хийсэн тэр бүх зүйлийнхээ үр шимийг өнөөдөр харж байгаадаа би туйлын талархалтай байна. Нэг удаа ариун сүмийг онцгойлон адислах үеэр ариун сүмийн урд зогсоод, ерөнхийлөгч Кимбаллтай хамт дуулах аз завшаан надад тохиож байсныг санаж байна. Тэр үед Лобо эгч найрал дууны удирдаач байсан. Цөөхөн хүнд селестиел өрөөнд орох боломж олдсон бөгөөд би тэнд миний сурч байсан, өсвөр насандаа сурсан бүх зүйл үнэ цэнгүй байгаагүй гэдгийг ариун сүм дотор мэдэрснээр мөнх оршихуй хүртэл үргэлжлүүлэн явахыг үнэхээр хүсэж билээ. Амьдрал дээрх бүх зүйл зорилготой ба миний зорилго бол гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд буцаж очих явдал.
Ахлагч Силва: Юуны өмнө надад тэдгээр хүчтэй багш нарт талархах сэтгэл төрж байна. Тэр хүмүүс заахаар бэлтгэхийн тулд өөрсдийгөө сайн дураараа зориулж, цаг заваа зориулсаар ирсэн. Багш нарын суралцагчдадаа үзүүлэх сайн нөлөөг би хэмжиж чадахгүй. Заримдаа бид үүнийг олон жилийн дараа л олж мэддэг. Гэхдээ тэд зөвийг үйлдэж, зам дээрээ үлдэх сонголтыг хийдэг. Би үүний төлөө үнэхээр их талархдаг. Би Иосеф Смит Бурханы бошиглогч байсан гэдгийг гэрчилж байна. Иосеф Смит Бурханы бошиглогч гэдгийг үгүйсгэж боломгүй туршлагууд надад байдаг. Мормоны Ном бол Бурханы үг. Өнөөдөр биднийг удирдан чиглүүлж, илчлэлт хүлээн авдаг бошиглогч байгаа ба Есүс Христ Сүмийг удирдах ажлыг идэвхтэй хийж байгаа. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр хуваалцлаа, амен.
Ахлагч Соарэс: Баярлалаа, хайрт найзууд минь. Та бүхэн багадаа сурсан зүйлийнхээ сайн үлгэр жишээ байж, Есүс Христийн сайн мэдээг бусдын зүрх сэтгэлд тодорхойлсоор байх үед тань Их Эзэн та нарыг адислах болтугай.
Миний хуваалцахыг хүссэн хамгийн сүүлийн, маш чухал зарчим бол үнэн гэж мэддэг зүйлээ гэрчлэх явдал юм. Сайн мэдээн дэх хайртай хамтрагчид минь, та бүхний хүчирхэг гэрчлэлийн хүч суралцагчдын тань амьдралыг үүрд өөрчлөх болно. Энэ нь бидний хүн нэг бүрд эсвэл өвөг дээдэст маань номлогчдыг гэрчлэлээ хуваалцахыг сонсох үед тохиолдсон тэрхүү зүйл юм. Ариун Сүнсний хүчээр ирсэн хүчирхэг гэрчлэл амжилттай амьдралыг тэтгэгч хүч бөгөөд амар амгалан, тайтгарал, баталгааг өгдөг. Аврагчийн сургаалуудыг байнга дагасан үед амьдрал сайхан, ирээдүй аюулгүй болж, бидний замд хөндөлсөх сорилт бэрхшээлүүдийг даван туулах хүч чадалтай байх болно гэдэг итгэл үнэмшил бат бөх гэрчлэлийн ачаар үүсдэг билээ. Та бүхний хүчирхэг гэрчлэл суралцагчдын тань итгэлийг дэмжиж, сайн мэдээний талаарх гэрчлэлээ хөгжүүлэхэд нь тэдэнд туслах болно. Тэдний гэрчлэл тэдэнд өөрсдийн амьдрал дахь Христийн тэнгэрлэг цагаатгах золиосын хүчийг таньж мэдэхэд туслах багануудын нэг болно. Тэднийг зөв шударга байдалд гэрчлэлдээ тулгуурлан үйлдэх үед гэрчлэл нь итгэлийг нь сулруулж, амьдралынх нь турш оюун бодолд нь итгэлгүй байдлыг ятгах дайсны уруу таталтын эсрэг бамбай болж чадна гэдгийг би нотолж байна. Энэхүү суурь нь тэдэнд сайн мэдээний үнэнийг дэлхийд зоригтойгоор тунхаглах урам зориг өгөх болно.
Хүүхдийн хэсгийн дуунд: “Ариун Эцэг минь амьд, намайг бас хайрлана. / Ариун Сүнс надад үүнийг үнэн хэмээн шивнэдэг. / Тэр үнэн гэж хэлдэг”19 гэж өгүүлдэг.
Энэхүү сүнсээр би та бүхэнтэй шат шатаар босгосон, намайг Бурханы үгийг илүү бүрэн дүүрэн ойлгохын тулд чин сэтгэлээсээ үргэлжлүүлэн эрэлхийлэх үед өсөж хөгжиж байдаг гэрчлэлээ хуваалцаж өнөөдрийнхөө үгийг төгсгөе. Тэрхүү гэрчлэлийн үрийг намайг хүүхэд байхад манай гэр бүлд заасан гайхалтай номлогчид анх миний зүрх сэтгэлд суулгасан. Дараа нь тэр үрийг үлгэр жишээ, Их Эзэнд үнэнч байдлаараа надад заасан итгэлтэй аав, ээж минь арчлан тордсон. Яваандаа тэрхүү гэрчлэлийн үр намайг гайхамшигтай семинарын багш нарынхаа сургаалыг сонсож, бага насандаа амьдралдаа хэрэгжүүлэхээр өдөөгдөх үед нахиалсан.
Есүс бол Христ. Тэр амьдыг би мэднэ. Тэр миний гэм нүглийн төлөө зовж шаналж, амилуулагдан, зан байдлыг минь өөрчлөх боломж олгосон гэдгийг би мэднэ. Тэрээр миний төлөө өөрийгөө умартаж, Өөрийн хүслээс татгалзаж, Эцэгийн Түүнээс хүссэн зүйлийг гүйцэтгэсэн гэдгийг би мэднэ. Тэрээр агуу зовлон шаналлын тэрхэн мөчид хүртэл Өөрийгөө золиосолж, Эцэгийн хүссэн зүйлийг үйлдсэн.
Бидний Тэнгэрлэг Эцэг амьд, залбирлыг маань сонсдог гэдгийг би мэднэ. Тэр зовлон шаналлыг ойлгодог гэдгийг би та нарт гэрчилж байна. Энэ бол дэлхий дээрх Есүс Христийн үнэн Сүм гэдгийг би мэднэ. Их Эзэн сайн мэдээний болон санваарынхаа Сэргээлтийг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан эхлүүлсэн. Би Аврагчдаа болон Тэнгэрлэг Эцэгтээ хайртай бөгөөд Тэдэнд үйлчлэх дуртай. Би амьдралынхаа турш Бурханы хүүхдүүдэд үйлчилснээр Их Эзэндээ хайраа үзүүлэхийг хичээсээр ирсэн. Хайрт ах, эгч нар аа, Их Эзэнд үнэнчээр, хайраар үйлчилснээр надад үргэлж нөлөөлж байсан семинар, институтийн багш нартаа би хэчнээн их талархаж байна гээч. Бүх зүйл тэр үед эхэлсэн ба би үүний төлөө үнэхээр их талархдаг.
Ах, эгч нар аа, би та нарт хайртай. Би өнөөдөр та нартай хамт байх боломжтой байсандаа баяртай байна. Их Эзэний болон дэлхий дээрх Түүний хүмүүсийн төлөө та бүхний хийдэг бүхий л зүйлд дахин талархлаа илэрхийлье. Би энэ бүхнийг Есүс Христийн ариун нэрээр хэллээ, амен.