Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Христийн мэндэлсний баяр бол нэг нэгнээ хайрлах, уучлах мөн бие биендээ үйлчлэх улирал юм.


2:3

Христийн мэндэлсний баяр бол нэг нэгнээ хайрлах, уучлах мөн үйлчлэх улирал юм.

Би Христийн мэндэлсний баярын улирлаар хүүхдүүдийн баяр хөөр, хүлээлтийг ажиглан харах дуртай. Би Аргентинд Хүүхдийн хэсэгт байхдаа хэрхэн хүлээдэг байснаа санаж байна. Нэг жил Хүүхдийн хэсгийн багш нар маань биднийг хуучин тоглоомуудаа цэвэрлэж, хүүхэлдэйнүүдийнхээ үсийг угаан, даашинзуудыг нь янзлаад, Христийн мэндэлсний баяраар эмнэлэгт байгаа бяцхан охид, хөвгүүдэд бэлэг болгон өгч болно гэв.

Долоо хоногийн турш намайг хуучин хүүхэлдэйнүүдээ угааж, цэвэрлэхэд ээж надаас учрыг нь асуусан юм. Намайг Хүүхдийн хэсгийн багш нарынхаа хийхийг зөвлөсөн зүйлийг тайлбарлахад ээж маань “Чи өөрийнхөө гоё тоглоомуудаасаа ч бас нэгийг өгөх хэрэгтэй” гэв.

“Яагаад би ингэх хэрэгтэй гэж?” хэмээн би хариуллаа.

Тэгэхэд ээжийн хэлсэн үгс миний оюун ухаанд энэ олон жил тов тодхон үлдсэн юм. Ээж минь “Крис, өөрийнхөө хамгийн их хайртай, хайртай учраас өгөхөөс ч харам байдаг, золиослол шаардах тийм зүйлээ өгвөл маш сайн шүү. Тэнгэрлэг Эцэг бидэнд яг ийм бэлэг өгсөн.Тэнгэрлэг Эцэг зүгээр л хэн нэгэн хүүг биш, Өөрийн Хүү, Есүс Христийг илгээсэн. Бид Түүнтэй дахин хамт амьдрахаар эргэн очиж болохын тулд Тэр Өөрийн цорын ганц, төгс Хүүгээ илгээсэн юм шүү дээ” гэж хэлсэн билээ.

Тэр жил би хамгийн дуртай тоглоомуудаасаа нэгийг өгснөөрөө, Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өгсөн бэлэг болох бидний төлөө Өөрийн амийг үл хайрлан өргөсөн Түүний Цорын ганц хайрт Хүү, Есүс Христийн талаар арай илүү ойлгох болсон юм.

Жил бүр Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх үеэр аав минь Лукийн дараах гайхалтай түүхийг судруудаас уншиж өгдөг байв.

“Тэр өдрүүдэд газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг гарчээ. …

Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав.

Иосеф Давидын удмын хүн байсан тул бас Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг Давидын хот уруу . …

хүүхэдтэй болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр явав.

Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж,

Тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.

Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байжээ.

Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.

Тэнгэр элч тэдэнд, Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.

Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.

Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ.

Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,—

Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.”1

Ах, эгч нар аа, өнөөдөр бид хэрхэн ийм амар амгаланг мэдэрч, тааллыг олсон хүмүүс байж чадах вэ?

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш би энэ асуултыг бодож тунгааснаар, Христийн мэндэлсний баяр бол бид бүхэн гурван үйлдэл буюу гурван бэлгийг өгч болох улирал юм гэсэн бодол оюунд минь орж ирсэн юм.Бид мэдээж энэ бэлгүүдийг жилийн туршид өгч болох хэдий ч Христийн мэндэлсний энэ гайхалтай улирлаар Хүүгээ бидэнд өгсөн Эцэгийн энэ бэлгийг дурсан санаж, өөрсдийнхөө өгөх хувийн чадвар чадамж, хүслийг сайжруулахдаа Тэдний жишээг хэрхэн дагах талаар бодож үздэг.

1. Христийн мэндэлсний баяр бол хайрыг өгөх улирал юм.

Тэнгэр дэх Эцэг, бидний Аврагч Есүс Христ хоёр бол хайрын хамгийн агуу үлгэр жишээ билээ. Бидний дуртай сударт “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм” 2 хэмээн заадаг.

Аврагч хүн бүрийг хэрхэн хайрлахыг бидэнд үлгэрлэн заасан. Тэрээр Бурханаа хайрлахыг мөн хөршөө өөрийн адил хайрлахыг бидэнд бас заасан.

Ахлагч Жон А.Видцөүгийн тайлбарласнаар :

“Бид хайрын бүрэн дүүрэн хийгээд зайлшгүй шинж чанарыг ойлгохгүй байж болох ч үүнийг таньж болох хэдэн шалгуур бий.

Хайр үргэлж үнэн дотор байдаг. … Худал хуурмаг, заль мэх болон ёс суртахууны хуулийн аливаа зөрчлүүд нь хайр үгүйн нотолгоо юм. Худал хуурмагийн дунд хайр устаж алга болдог. … Иймээс … хайртай хүнээ хуурдаг эсвэл үнэний эсрэг аливаа зүйлийг түүнд үйлддэг [хүн] үнэхээр хайртай биш гэсэн үг.

Үнэндээ, хайр байгаа л бол хайртай нэгнээ гомдоож, зовоож эсвэл гэмтээхгүй. Худал зүйлд үнэн байхгүйтэй адил догшин хэрцгий авирт хайр байх нь үгүй. …

Хайр бол идэвхтэй эерэг хүч юм. Энэ нь хайртай хүнд чинь тусалдаг. Хэрэгтэй зүйл байвал хайр түүнийг олж өгөхийг хичээнэ Хэрэв сул дорой зүйл байвал хайр үүнийг хүчээр түлхэн гаргана. Хуурамч, тогтворгүй байвал хайр үүнд тусалж чадахгүй.

Энэхүү шалгууруудад тэнцэж буй зүйл бол агуу хайр юм. Үнэнч хайр мөн бол түүнийхээ төлөө золиослол хийдэг. … Энэ нь хамгийн эцсийн шалгуур мөн. Христ мөнх бус байдалд байгаа ах, эгч бидний төлөө Өөрийгөө, Өөрийн амийг зориулж, хайрынхаа үнэн бодит байдлыг тунхагласан.”3

Тэнгэр дэх Эцэг маань ийм хайрын төлөө золиос гаргахад мөн өгөхөд хүүхдүүд биднийг бүгдийг нь урьдаг.“Өгөгтүн, тэгвэл чамд өгөгдөх болно”4 хэмээн Аврагч хэлсэн. “Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг.” 5

2. Христийн мэндэлсний баяр бол үйлчлэх улирал юм.

Бидний Их Эзэн, Аврагч дарлагдсаныг өргөж, гутарсанд найдвар төрүүлж, төөрөлдсөнийг эрж хайн хүмүүст тохинуулж явсан. Тэрээр сохорсонд хараа оруулж, өвдсөнийг эдгээж, доголон нэгнийг алхуулж, үхэгсдийг босгодог байсан.

Христийн мэндэлсний баярын үеэр би бүх хүн төрөлхтөнд өөрсдийн цаг зав, үйлчлэлийг үнэгүй зарцуулж буй дэлхий даяарх Есүс Христийн төлөөлөгчид болох номлолд үйлчилж буй ахлагчид болон эгч нар, ахмад номлогчид, номлолын ерөнхийлөгчдийн талаар бодож байна. Би дуудлагат ажилдаа олон цагаар, үнэнчээр үйлчилдэг бүх ах, эгчийнхээ тухай бодож байна. Бас яг одоо би бидний аюулгүй байдлын төлөө цэрэгт алба хааж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийг бодож байна. Та бүхний үйлчлэлд талархъя.

Хэдийгээр бид одоо Их Эзэнд болон эх орондоо бүрэн цагаар үйлчлээгүй байгаа ч үйлчлэх боломж хязгааргүй их байгаа. Чин сэтгэлийн сайхан үгс, үйл хэрэг ачаануудыг хөнгөлж, зүрх сэтгэлийг сэргээдэг. Тэнгэр дэх Эцэг маань бид бүхнийг үйлчлэхэд урьдаг. Ийнхүү үйлчилснээр “хаан [бидэнд], Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг”6 гэж хэлнэ.

3. Христийн мэндэлсний баяр бол уучлах улирал юм.

Бусдыг уучлах нь бидний амьдралд амар амгалан, баяр хөөр авчирдаг. Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант: “Бурханы Сүнснээс өөр бидэнд сайхан сэтгэл, хайр халамж, тусч, өгөөмөр зан, удаан тэсвэр, уучлал өршөөлийг авчрах зүйл нэгээхэн ч байхгүй. Өөрийн чинь эсрэг хийсэн хөршийнхөө алдаа зөрчлийг уучлахад бэлэн байж, өршөөхөөс илүү баяр хөөр авчрах зүйл үгүй, эргэн тойрныхондоо өс санаж, хэрцгий авир гарган, зүрх сэтгэлээ хатууруулахаас өөр хэцүү ял шийтгэл бидэнд үгүй билээ”7 хэмээн заасан.

Бид нүглийнхээ өршөөлийг хүлээн авахын тулд бусдыг уучлах хэрэгтэй.

Бусдыг уучлах нь уур хилэн, гомдол, өшөө хорслыг даван туулах боломжийг бидэнд олгодог. Христийн мэндэлсний баяраар хэн ийм мэдрэмж мэдрэхийг хүсэж байна вэ? Уучлал бол бас сүнсний шархыг эдгээж, зөвхөн Бурханы өгч чадах амар амгалан ба хайрыг авчирдаг.

Тэнгэр дэх Эцэг маань биднийг наманчлаасай мөн өөрийгөө төдийгүй бусад хүн бүрийг уучлаасай хэмээн хүсэж байдаг. Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэнчлэн: “Гэхдээ дэндүү оройтчихсонгэж бодож байсан ч мөн өчнөөн олон боломжоо алдсан гэж бодож байсан ч, би чинь олон алдаа гаргасан шүү дээ гэж бодож байсан ч … эсвэл гэр орон, гэр бүл, Бурханаасаа хэчнээн их холдчихсон мэт санагдаж байсан ч тэнгэрлэг хайрын хүрэх хязгаарын цаад талд та нар гараагүй шүү гэдгийг би гэрчилж байна. Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй шүү.”8.

Ах, эгч нар аа, Христийн мэндэлсний баярын энэ улиралд бүгдээрээ хамгийн шилдэг бэлгүүдийг өгцгөөе. Бүгдээрээ элэгдэж хуучирсан тоглоомоо биш, хамгийн дуртай тоглоомоо талархсан сэтгэлтэйгээр золиослол болгон өгцгөөе.Эргэн тойрны хүмүүстээ хайрын, үйлчлэлийн мөн уучлалын жинхэнэ бэлгийг өгцгөөе. Бид ийн наманчлах юм бол Израилийн Ариун Нэгэн биднийг өршөөх болно. Түүнийг амьд гэдгийг би гэрчилж байна. Тэр бол хаадын Хаан, Амар Амгалангийн Ханхүү, бидний Аврагч, бидний Гэтэлгэгч мөн бидний анд нөхөр билээ. Есүс Христийн нэрээр, амен.