Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Үйрмэгээ цац


2:3

Үйрмэгээ цац

Би жилийн энэ улиралд байнга дуртай байдаг. Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалтад оролцох нь олон гэр бүлийн, ялангуяа манай гэр бүлийн хувьд дуртай уламжлал болж хувирсан. Бид Христийн мэндэлсний баярын өдрүүдээр Ариун сүмийн талбайд найрал хөгжим, юутай ч харьцуулшгүй Мормон табернеклын найрал дууны сүр жавхлант дуу хөгжмийн тоглолт болохыг тэсэн ядан хүлээж байна. Захиас болон дуу хөгжим нь Христийн мэндэлсний баярын өдрийн уур амьсгалыг оруулж, бидэнд юуг тэмдэглэх, яагаад энэ нь чухал гэдгийг гүн гүнзгий сануулдаг.

Герман дахь Христийн мэндэлсний баяр

Би бага наснаасаа эхлэн Христийн мэндэлсний баярын өдрүүдээр төгс өвөл байгаасай хэмээн үргэлж хүсдэг байсан. Энэ нь миний хувьд хүйтэн агаар, цэвэр хөх тэнгэр, саяхан орсон шинэхэн зузаан, цагаахан цасан хучлага байв. Гэтэл өвөл жилээс жилд миний мөрөөдлийн төсөөллөөс бараг үргэлж тэс өөр, ихэвчлэн саарал, манантсан тэнгэр, нойтон шавхайтай цас, заримдаа бүр бороотой байдаг байсан.

Гэсэн хэдий ч, Христийн мэндэлсний баярын өмнөх орой ээж бидэнд өвлийн дулаан хувцас өмсгөн, аав биднийг хотын гудамжаар дагуулан авч явдаг байлаа.

Хүүхдүүд бид яагаад жил болгон ийнхүү гудамжаар явдаг байсны жинхэнэ зорилгыг буюу ээжид Христийн мэндэлсний баярын модоо чимэглэх, бэлгүүдийг модон доор тавьж, зочны өрөөг Ариун шөнөд бэлтгэх цаг зав гаргаж өгөхийн тулд гэдгийг мэддэг байв. Бид ингэж гудамжаар алхаж явахыг аль болох хурдан дуусгах гэж хичээдэг байсан юм. Харин аав маань ээжид хэрэгтэй цагийг гаргаж өгөхийн тулд дахиад нэг гудамж, тойрог олохдоо гарамгай сайн байлаа.

Тэр өдрүүдэд Звикагийн гудамжнууд оройн цагаар нэлээн харанхуй болдог байв. Дэлхийн II-р дайны дараахан байсан учраас гудамжны гэрэл ховор байсан юм. Хэдхэн дэлгүүр л нээлттэй байдаг байсан ба зарим нь дайны содон үнэрээ хадгалан үлдсэн бөмбөгдүүлсэн байшингийн хажууд байрладаг байв.

Бид ийнхүү алхахдаа Звикагийн сүмд түр саатан, Христийн мэндэлсний баярын сүлд дуунуудыг сонсож, баярын өмнөх өдөр гайхамшигт бадралт баг бишгүүр хөгжмийг дандаа тоглож байдаг мэт санадаг байсан тоглолтыг харах хамгийн дуртай байв. Яагаад ч юм энэ хөгжим хотын маань ядмаг гэрэлтүүлгийг цацрах одод адил гэнэт тодруулж, бяцхан бидний зүрх сэтгэлийг гайхамшигт хүлээлтийн сүнсээр дүүргэж байх шиг санагддаг байлаа.

Биднийг гэртээ эргэж ирэхэд ээж маань бүх бэлтгэлээ хийж дууссан байдаг байсан ба бид зочны өрөө рүү нэг нэгээрээ гүйлдэн орж, шинэхэн чимэглэсэн Таnnenbaumбуюу гацуур модыг бахдан хардаг байсан юм. Тэр үед модны олдоц ховор байсан бөгөөд бид олдсоныг нь л авдаг байв. Заримдаа бид арай боломжийн харагдуулахын тулд хэдэн мөчир хүртэл залгадаг байсан. Харин бяцхан миний нүдэнд Христийн мэндэлсний баярын мод хамгийн төгс гоёмсог харагддаг байв.

Тосон лааны сүүмэлзэх гэрэл өрөөнд нууцлаг, үлгэрийн мэт уур амьсгалыг бүрдүүлж, бид модны доор байх бэлгүүдийг сэтгэл хөдлөн харж, хүсэл маань биелэх байх хэмээн найддаг байж билээ.

Бэлэг авахад төрдөг баяр хөөр бэлэг өгөхтэй бараг адил байдаг байсан. Бидний ихэнх бэлгийг гараар хийдэг байв. Бүр бага байхдаа би нэг удаа ахдаа өөрийг нь зурсан зургаа бэлэглэж билээ. Би ч өөрийнхөө бүтээлээр бахархаж байсан. Ах маань ч өгөөмөр сэтгэл гарган талархан, шагшин магтаж билээ.

Би Зүүн Германд өнгөрүүлсэн бага насныхаа эдгээр сайхан дурсамжаа үргэлж нандигнах болно.

Төгсөшгүй хайр

Христийн мэндэлсний баярын өдрийг дэлхийн улс орнуудад гайхалтай, өвөрмөц байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалууд бий. Тэдгээр нь бүгд сайхан, гайхамшигтай содон ч өөр өөр байдаг.

Гэхдээ тэдгээрээс бидний Хаан Христ, Тайвшруулагч ба Итгэл, Израилийн Тайтгарлын мэндэлсний баярын нэг сүнс, нэг ижил мэдрэмжийг мэдэрч болно.

Энэхүү мэдрэмжийг баяр баясгалан, итгэл найдвар, хүсэн хүлээлт, урам зориг гэх мэт үгсээр дүрсэлж болох юм. Эдгээр нь бүгд бидний нэрлэдгээр “Христийн мэндэлсний баярын сүнсийг” илэрхийлдэг.

Гэхдээ миний хувьд Христийн мэндэлсний баярын өдрүүдээр төрдөг мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлдэг нэг үг бол хайр юм.

Эцсийн эцэст Христийн мэндэлсний баярын өдрүүдээр магтан дуулдаг бэлэг бол хайр буюу Эцэгийн өгсөн Хүүгийн бэлэг билээ. “Бурхан Өөрийнхөө цорын ганц Хүүг ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм.Үүгээр Бурханы хайр бидэнд илэрхийлэгдсэн юм.”1

Тэр хайраар бидний зүрх сэтгэл зөөлөрдөг. Бид энэрэнгүй сайхан сэтгэлийн угаас, өрөвч сэтгэлээр бусдад тусламжийн гараа сунгахад хүргэдэг мэдрэмжийг мэдэрдэг.

Христийн мэндэлсний баяр бидэнд бусдыг илүү сайн хайрлахад сүнслэгээр нөлөөлдөг.

Ийнхүү хэлж байхад ч гэсэн хайр гэх үг үүнийг хангалттай сайн илэрхийлж чадахгүй гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Бусад хэлний адил англи хэлэнд “хайр” гэх үгээр олон зүйлийг хэлж болно. Жишээлбэл, би бороонд “дуртай” эсвэл шинэ хувцас чинь надад “таалагддаг” эсвэл теннисний бөмбөгний шинээр задалсан лаазны үнэрт “дуртай” гэхийг “love” гэх үгээр хэлж болно.

Гэхдээ миний ярьж буй хайр бол үүнээс хамаагүй гүн гүнзгий зүйл юм. Бурханы хайрыг далайн эрэг дээрх элс гэж бодох юм бол бидний мөнх бус хүрээлэлд хэрэглэгддэг хайр нь ширхэг элстэй л дүйцнэ.

Түүний хайр бол хязгааргүй бөгөөд зүйрлэхийн аргагүй. Мөнх байдал тэнгэрлэг хайраар дүүрсэн байдаг. Энэ нь мөнхийн ач ивээлээр бялхаж, тусламжийн гараа сунган, өргөн дэмждэг. Энэ нь уучилж өршөөдөг мөн адисалдаг. Энэ нь бас гэтэлгэдэг.

Тэнгэрлэг хайранд зан ааш, соёл заншил, үзэл бодлын ялгаа гэж үгүй. Энэ нь бусдыг тайтгаруулж, энэрэн хайрлаж, ойлгоход өрөөсгөл хандлага, ялгаварлан гадуурхах үзлээр хандан саад хийх боломжийг олгодоггүй. Үүнд дээрэлхэх, ялгаварлан гадуурхах эсвэл бардамнах сэтгэл гэж огтхон ч байдаггүй. Тэнгэрлэг хайр нь бидэнд Аврагчийн адил “сул доройчуудад тусал[ж], доош унжсан гарнуудыг өргө[ж], мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болго[ход]”2 биднийг сүнслэгээр өдөөдөг.

Бид ийм л хайртай болохыг хичээдэг. Энэ нь хувь хүн болон хүмүүсийн хувьд биднийг тодорхойлогч зан чанар байх ёстой.

Бид энэ амьдралдаа тэнгэрлэг хайрыг бүрэн дүүрэн хөгжүүлж чадахгүй байж болох ч хичээхээ хэзээ ч больж болохгүй. Жилийн бусад үеийг бодвол бид бие биетэйгээ арай илүү ойртдог үе бол Христийн мэндэлсний баярын өдрүүд бөгөөд энэ үеэр бидний зүрх сэтгэл, бодол санаа тэнгэрлэг хайрын илрэл болох Аврагч Есүс Христийн төрөлтөд төвлөрдөг.

Хотын төлөөлөгч ба бяцхан хүү

Энэ хайр бидний амьдралд хэрхэн ажилладгийг дүрслэн үзүүлэх нэгэн түүхийг хуваалцья. 85 жилийн өмнө Христийн мэндэлсний баярын өмнөх нэгэн орой хотын төлөөлөгч өвлийн шуурганы дараа Солт Лэйк Ситигийн замыг шалгаж явав. Тэр машинаараа явж байгаад, замын хажууд ямар ч гадуур хувцас, бээлий, гуталгүй нэгэн бяцхан хүү зогсож байхыг харжээ. Төлөөлөгч замын хажууд машинаа зогсоон, хүүг машинд орж дулаац хэмээн уриад, Христийн мэндэлсний баяр болж байгаад баярлаж байгаа эсэхийг нь асуув. Хүү түүнд: “Манай гэрт Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхгүй. Аав маань нас бараад гурван сар болж байна, харин ээж маань намайг эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй минь орхиод явсан” гэв.

Хотын төлөөлөгч машиныхаа халаалтыг нэмээд, “За, хүү минь нэр, хаягаа надад өгчих. Гэрт чинь хэн нэгнийг явуулна. Та нарыг мартахгүй ээ” гэж хэлжээ.

Хотын төлөөлөгч Солт Лэйк Ситигийн хотын төв дэх гадасны ерөнхийлөгч байв. Тэр гадасны гишүүдтэйгээ хамт өөрсдийнхөө хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэр бүлүүдэд хоол хүнс, бэлэг бэлдэхээр ажиллаж байсан байна. Тэр хүү Сүмийн гишүүн байгаагүй ч энэ нь төлөөлөгчийн хувьд асуудал болсонгүй. Тэр орой тэрээр гадасныхаа нэг бишоптой хамт хүүгийн гэр бүлд Христийн мэндэлсний баярын сайтар дүүргэсэн сагсыг хүргэж өгсөн байна.3

Хүүтэй тааралдсан энэ тохиолдол гадасны ерөнхийлөгчид хүчтэй нөлөөлжээ. Энэ явдлаас хойш тэрээр зовж зүдэрч байгаа хүмүүсийг олж, тэдэнд туслахаар улам бүр сэтгэл шулуудсан байна. Тэр ч бүү хэл, энэ нь түүний амьдралын бэлгэ тэмдэг болсон билээ.

Тэр хотын төлөөлөгчийн нэрийг Харольд Бингам Лий гэдэг байсан бөгөөд 40 жилийн дараа тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 11 дэх ерөнхийлөгч болсон юм.

Ерөнхийлөгч Лий зовж зүдэрч буй хүмүүст туслах, Бурханы бүх хүүхдэд илүү бие даах чадвартай болоход нь туслах Сүмийн өргөн хүрээний хөтөлбөрийг боловсруулан гаргахад гол үүрэг гүйцэтгэжээ.

Амьдралынхаа сүүлийн мөчүүдэд ерөнхийлөгч Лий өөрөө ядуу, энгийн амьдралтай нэгэн байсан учраас зовж ядарч буй хүмүүсийг ойлгодог гэдгээ хэлсэн юм.4

Хэр их хөрөнгөтэй байхаас хэр их хайртай байх нь илүү чухал

Би ерөнхийлөгч Лийд ямар мэдрэмж төрж байсныг мэднэ.

Манай гэр бүлд ч гэсэн юм юмаар дутаж байсан үе бий. Долоон жилийн дотор бид гэр орноосоо хоёр ч удаа дүрвэж байсан. Зүүн Германд байхдаа бид хуучин фермийн байшингийн дээврийн өрөөг хөлслөн амьдардаг байв. Бид хоёр жижиг өрөөтэй байсан бөгөөд бүгдээрээ хамт унтлагын нэг өрөөнд унтдаг байлаа. Зай маш бага байсан учраас орны дундуур явахын тулд хажуулдан явдаг байсан юм.

Ээжид маань нэгэн халуун тогоо байдаг байсан ба бид түүнийг нь зуух болгон ашигладаг байв. Харин бид нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү орохын тулд фермийн багаж хэрэгсэл, төрөл бүрийн авдар сав, таазнаас дүүжилсэн янз бүрийн хатаасан махан дундуур явах хэрэгтэй байдаг байлаа. Нэг удаа би өвдөж, орондоо өдөржин хэвтэхдээ дээврийн өрөөг бидэнтэй хамт хуваалцдаг байсан хулганыг ажиглаж билээ. Бид өрөө рүүгээ усаа дээш зөөдөг, бас саравчны хажууд гадаа байх жорлонд орохын тулд хашааны нөгөө зах руу явах хэрэгтэй байдаг байлаа. Ням гарагт бид Франкфурт дахь Сүмийн байранд очоод, буцаж ирэхийн тулд 2 цаг алхдаг байсан юм. Бид хааяа л гудамжны машинд суудаг байв.

Би одоо ч гэсэн тэр өдрүүдийг дурсан санаад, сэтгэл шимширдэг чбаярладаг. Эцэг эх маань биднийг тэжээхийн тулд чадах бүхнээ хийсэн бөгөөд тэд биднийг хайрладаг гэдгийг бид мэддэг байсан. Тийм ээ, тэр үед бид үнэхээр ядуу байсан ч нэг нэгнээ, Их Эзэнийг мөн Түүний Сүмийг гэх хайрыг мэдэрдэг байсан учраас миний хувьд тэдгээр нь жинхэнэ аз жаргалтай цаг үе байсан.

Ядуу байдлаасаа ичих хэрэггүй. “Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй”5 тул Дэлхийн Аврагч малын байранд төрж, Түүнийг тэжээлийн тэвшинд тавьсан гэдгийг бүү март. Удалгүй Тэр, Иосеф Мариа хоёртой хамт Херодын аллагаас зугтаан, хамгаалалт эрэлхийлэн Египет рүү дүрвэсэн. Олон түмний дунд тохинуулж явах үедээ Есүс зовлонд нэрвэгдсэн, өлссөн, өвдсөн хүмүүсийн дунд явж байсан. Есүс тэр өдрүүдийг тэдэнд үйлчилж өнгөрүүлдэг байв. Тэрээр “сайн мэдээг ядууст дэлгэрүүл[эхээр]”6 ирсэн билээ. Олон талаараа Тэр тэдэнтэй адил байв, Учир нь Түүнд ч гэсэн “толгой хоргодох газар байхгүй”7 байв.

Тэрээр ариун сүмийн эрдэнэсийн сан руу хоёр жижиг зэс зоосоо хийсэн бэлэвсэн эмэгтэйг магтсан.8 Түүний мөнх бус амьдрал дахь хамгийн сүүлчийн захиас нь бидний аврал бусдад, ялангуяа “хамгийн дордод” тооцогдох хүмүүст хэрхэн хандсанаас шалтгаална хэмээн хэлсэн. Учир нь Тэрээр “Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь тийнхүү хандсан бол … Надад хийсэн хэрэг”9 хэмээн хэлсэн билээ.

19-р зууны нэгэн яруу найрагч дараах мөрүүдийг бичсэн юм. Тэрээр:

Хүйдэс даасан мөс, цастай гудамжинд

Бүрэг зана шувуу ирнэ;

Түүнийг үргээлгүйгээр өрөвдөн хайрлаж,

Үйрмэгээ цац. …

 

Илүүчлэх зүйл хэнд ч бий, хэн ч тэгтлээ ядуу бус,

Өвөл ирэн, юмс хомсдох үед;

Талх ганцхан чинийх биш аваас,

Үйрмэгээ цац.

 

Удалгүй өвөл амьдралд тань ирэхэд

Төлбөрөө төлөх мөч ирнэ,

Нүглийн тань хариуд дээд тэнгэрээс

Цацсан үйрмэгийг тань жинлэнэ.10

Амьдралд ямар байр суурь эзэлж байгаагаас үл хамааран, бидний хүн нэг бүр бүрэг зана шувуу буюу Бурханы өмнө гуйлгачин байдаг билээ. Бид Түүний ач ивээлээс хамааралтай. Бид Аврагч Есүс Христийнхээ золиослолоор дамжуулан авралын агуу төлөвлөгөөний нэгэн хэсэг болж, аврагдах найдвар, аз жаргалыг олж авдаг. Энэхүү сүнслэг бэлэг нь Бурханы зарлигуудыг дагаж, эргэн тойрныхоо хүмүүсийг энэрэн хайрлаж, тусламжийн гараа сунгахад бидэнд сүнслэгээр нөлөөлдөг юм. Гэхдээ бид ганц атга үйрмэг ч байсан, Бурханы бидэнд зориулан бэлдсэн тэнгэрлэг зоогт талархаж байгаагаа илэрхийлэн, сэтгэл санааны, сүнслэг эсвэл материаллаг зүйлсийг ядуустай хуваалцахдаа баяртай байна.

Христийн мэндэлсний баяраар бусдыг адислах

Бидний дуртай Христийн мэндэлсний баярын өдрүүдэд гэрэл, дуу хөгжим, бэлэг, гоёл чимэглэлд хөөрөн баясах нь зүйн хэрэг. Энэ бол бидний жилийн энэхүү цаг үед яагаад дуртай байдгийн нэгэн шалтгаан гарцаагүй мөн.

Гэхдээ бид Бурханы Хүү, Есүс Христийн дагалдагч гэдгээ хэрхэвч мартаж болохгүй. Бид Түүний дэлхийд ирсэн явдлыг үнэхээр хүндлэхийн тулд Түүний хийснийг хийж, найз нөхөддөө энэрэл хайр, нинжин сэтгэлээр туслах ёстой. Бид үүнийг өдөр бүр, үг хэл, үйлдлээрээ хийж болно. Бүгдээрээ Христийн мэндэлсний баярыг хаана байгаагаасаа үл хамааран арай илүү эелдэг, илүү өршөөнгүй мөн шүүлгүй, талархалтай байж, элбэг дэлбэг байгаа зүйлээсээ хэрэгтэй хүмүүст нь өгөөмрөөр өгөхийг уламжлал болгоцгооё.

Бетлехемд төрсөн Есүсийн талаар эргэцүүлэн бодох нь бидний Түүнтэй илүү адил болоход сүнслэгээр нөлөөлөх болтугай. Мөн Христийн тохинуулал, үлгэр жишээ бидний зүрх сэтгэлийг Бурханы тэнгэрлэг хайр, гүн гүнзгий энэрэнгүй сэтгэлээр дүүргэх болтугай. Эцэст нь бид өөрсдийн үйрмэгийг илүү өгөөмрөөр, илүү их хайраар цацаж түгээх болтугай. Энэ бол Христийн мэндэлсний баярын үеэр төдийгүй байнга өргөдөг миний залбирал, адислал юм. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. 1 Иохан 4:9–10

  2. Сургаал ба Гэрээ 81:15

  3. Ерөнхийлөгч Харольд Б.Лий, Ye Are the Light of the World(1974 он), 346–347.

  4. Брэнт Л.Гөүтс, Harold B. Lee: Prophet and Seer (1985), 32-р бүлгийг үзнэ үү.

  5. Лук 2:7.

  6. Лук 4:18, Англи жишиг хувилбар.

  7. Матай 8:20, Англи жишиг хувилбар.

  8. Maрк 12:42–44-ийг үзнэ үү.

  9. Матай 25:32–46-г үзнэ үү.

  10. Алфрэд Крөүкуил “Scatter Your Crumbs,” Робэрт Чамбэрсийн хэвлэсэн, The Book of Days (1881), 2:752. Уг шүлэг бүтнээрээ:

    Хүйдэс даасан мөс, цастай гудамжинд

    Бүрэг зана шувуу ирнэ;

    Түүнийг үргээлгүйгээр өрөвдөн хайрлаж,

    Үйрмэгээ цац. …

    Үүдээ цоожлолгүй үлдээн

    Ирсэн бүгдийг оруул;

    Ядуусыг илүү эелдэг угтан авч,

    Үйрмэгээ цац.

    Илүүчлэх зүйл хэнд ч бий, хэн ч тэгтлээ ядуу бус,

    Өвөл ирэн, юмс хомсдох үед;

    Талх ганцхан чинийх биш аваас,

    Үйрмэгээ цац.

    Удалгүй өвөл амьдралд тань ирэхэд,

    Төлбөрөө төлөх мөч ирнэ,

    Нүглийн тань хариуд дээд тэнгэрээс,

    Цацсан үйрмэгийг тань жинлэнэ.