Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Тэнгэрлэг бэлэг


2:3

Тэнгэрлэг бэлэг

Балчир хүү

Христийн мэндэлсний баярыг ямар ч жаахан хүү надаас илүү тэсэн ядан хүлээж байгаагүй байх. Би энэ баярт дуртай байлаа. Аав, ээж хоёр минь гэрээ Христийн мэндэлсний баярын уур амьсгалтай болгохдоо гарамгай байв. Чимэглэл, хөгжим, гэрэл, амттан, мэдээж бэлгүүд байдаг байсан. Би бэлэг авахыг хэчнээн их хүсэн хүлээдэг байсан гээч. Жил бүр би хамгийн их хүсэж буй зүйлсийнхээ жагсаалтыг итгэл үнэмшилтэйгээр гаргадаг байв.

Бид фермерийн аж ахуйд амьдардаг байсан тул Христийн мэндэлсний баярын өглөө бэлгүүдээ задлахаасаа өмнө дулаан хувцсаа өмсөн, өвлийн тэсгэм хүйтэнд мал амьтдаа хариулахаар гардаг байлаа. Ажлаа дуусгаад, өглөөний гайхалтай сайхан үйл ажиллагаанд оролцохоор гэртээ яаран орохоос илүү сайхан зүйл үгүй байж билээ.

Би энэ төрсөн өдрийн эзэн болох Есүс Христ гэх хүний талаар дөнгөж мэдэж эхэлж байсан ч энэ баяр үнэхээр сайн зохион байгуулалттай мэт санагддаг байв. Энэ нь Түүний төрсөн өдөр боловч бүх бэлгийг бид авдаг байлаа. Ямар хүүхэд үүнд дургүй байх вэ дээ! Христийн мэндэлсний баяр бүх талаараа сайхан байв.

Аз болоход цаг хугацаа өнгөрөх тусам Аврагч, Түүний төрөлт болон төрсөн өдөр, Түүний амьдрал, гайхамшиг, хүч, золиослол, Цагаатгал, Амилалт, хамгийн гол нь Түүний сүр жавхлан, цаглашгүй хайрын талаарх миний ойлголтууд өсөн нэмэгдсэн билээ. Тийм ээ, Христийн мэндэлсний баяр бүх талаараа сайхан байсны учир нь гагцхүү Есүс Христ бүх талаараа сайн байсанд оршино. Өөрөөр хэлбэл, Есүс Христ бүх зүйлээрээ гайхамшигтай байсан.

Номлогчийн үйлчлэл

Олон залуу хүний адил би номлолд үйлчлэхийг асар их хүсэн хүлээдэг байсан ч анх удаа гэрээсээ хол тэмдэглэсэн Христийн мэндэлсний баяр сэтгэл санааг минь хямруулсан юм. Арван есөн насны төрсөн өдөр болохоос өмнөх хэдэн сард би зөвхөн номлолд үйлчлэх талаараа л бодож байв. Би ангийнхан болон найз нөхдийнхөө ихэнхээс насаар дүү байсан бөгөөд тэдний ихэнх нь аль хэдийн, намайг орхин номлолдоо явсан байсан. Надад номлогч болоход бэлэн болсон юм шиг санагдаж байсан ч номлолд үйлчлэхэд зөвхөн төрсөн өдөр минь л саад болж байв.

Үүрдийн юм шиг санагдаж байсан цаг хугацаа өнгөрч, ашгүй нэг төрсөн өдөр ч болж, би Номлогчийг Бэлтгэх Төвд оров. Арван хоёрдугаар сарын эхээр би Чили улсын Сантьяго руу номлолдоо очихоор онгоцонд суусан байлаа. Эцсийн эцэст би номлолдоо үйлчлэхээр явж, тун удахгүй Христийн мэндэлсний баяр болох гэж байгаа нь бүр ч сайхан байв. Би амьдралынхаа хамгийн гайхамшигтай туршлагыг олж авахад бэлэн байгаадаа итгэлтэй байсан.

Гэвч би онгоцноос буугаад, зарим зүйл Ютад, гэрт минь байдгаас огт өөр болохыг олж харав. Тийм ээ, Христийн мэндэлсний баяр болох гэж байхад ид зуны улирал мэт санагдав. Цас хаана байна аа? Хүрэм, гутал хаана байгаа юм бол?

Тун удалгүй би ажлынхаа сорилт бэрхшээлийг мэдэрч эхлэв. Цагийн зөрүү арилахгүй байснаас би заримдаа хүмүүст хичээл зааж байхдаа унтчихдаг байлаа. Өөр зан заншилтай, НБТ-д сурснаас маань огт өөр сонсддог, оньсого мэт хэл яриатай, өвөрмөц хоол ундтай газар байлаа. Хоол гэснээс, хамтрагч бид хоёр ямар нэгэн муудсан зүйл идсэнээс болж хоёулаа тун хүнд өвдөж байсан. Тэгээд, эдгээрээс гадна, Чилид байсан хамгийн анхны маань шөнө газар хөдлөлт болсон юм.

Энэ бол миний анх удаа гэрээсээ хол тэмдэглэсэн Христийн мэндэлсний баяр байсан бөгөөд би үнэхээр хүнд өвдсөн байлаа. Мэдэхгүй улсад орон дотроо хэвтээд, бараг ойлгохгүй шахам хэлээ ойлгохыг хичээн, танихгүй шахуу хүнтэй хамт амьдарч байв. Номлогчийн ажил ийм байдаг гэж үү? Би яагаад номлолд үйлчлэх гэж тэгтлээ яарсан юм бол?

Гэхдээ эдгээр хүндрэл бэрхшээл байсан ч гэсэн би Чили орны хүмүүсийг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж эхэлсэн юм. Тэд үнэхээр гайхалтай хүмүүс бөгөөд тэднийг хайрлахад тун амархан байсан. Мөн тэдний ихэнх нь бидний захиасыг сонсохын хүслэн болж байв. Шударга бус энэ бодит амьдрал дээр хүмүүс Аврагчийн захиасыг үнэхээр их хүсэж байгаа үед яагаад ч юм, Христийн мэндэлсний баярын сүлд мод болон дүүрэн бэлэгтэй уут урьд нь байсан шиг тийм чухал биш байлаа. Хэрэв Христ бид бүгдийн төлөө зовж шаналан, нас барахаар тэнгэрлэг гэрээ орхиж, энэ дэлхийд ирсэн юм бол би ч бас Түүний гайхамшигт захиасыг хуваалцахаар гэрээсээ явж, цөөн багаахан бэрхшээлийг тэвчиж чадах нь гарцаагүй.

Тэрхүү Христийн мэндэлсний баяр хүмүүст Тэнгэрлэг Эцэгийн хамгийн сайхан бэлэг болох аз жаргалын алдар суут төлөвлөгөөг олж авахад туслахын жинхэнэ баяр хөөрийг надад заасан бөгөөд хүмүүс Христийн мэндэлсний баярын үеэр төдийгүй үргэлж хамгийн их хүсдэг зүйл бол аз жаргал болохыг би мэдэж авсан.

Залуу бэлэвсэн эр ба гэрлэлт

Би номлолоо дуусгаснаасаа хойш хэдэн жилийн дараа шинэ сорилт бэрхшээлтэй учирсан юм. Би сэтгэлээр унаж, ядарч туйлдан, маш их ганцаардсан байв. Хэдхэн сарын өмнө хоёр жил орчим ханилсан хань минь автомашины ослоор гэнэт өнгөрч, намайг долоон сартай охинтой маань орхин одсон юм.

Би их сургуульд сурч, ажиллахын зэрэгцээ ганц бие эцэг байхад суралцахыг хичээж буй оюутан хүн байсан. Христийн мэндэлсний баяр ойртож, хүмүүс баяраар гэр бүлтэйгээ, хайртай хүмүүстэйгээ хамт байхын тулд гэртээ харьцгааж байв. Би ажлын шаардлагаар сургуульдаа үлдэх хэрэгтэй болсон. Би ганцаардаж, туйлын уйтгар гунигтай байв. Христийн мэндэлсний баяр ч болоод өнгөрлөө. Цаг хугацаа ч үргэлжилсээр байв.

Бараг жилийн дараа, Христийн мэндэлсний баяр дахин ойртох үед би ганц бие хэвээр байлаа. Хүн ганцаараа байх нь сайн биш гэж сударт хэлсэн байдаг (Эхлэл 2:18) бөгөөд би үнэн сэтгэлээсээ үүнтэй санал нийлж байв. Надад хань, нялх охинд минь ээж хэрэгтэй байлаа.

“Би төгс төгөлдөр боломжийн хань биш байж магадгүй. Гэхдээ ямар ч эмэгтэй хүн Христийн мэндэлсний баяраар жинхэнэ, амьд нялх охинтой болохыг хүсэхгүй гэж үү? Хүүхэлдэй биш, харин жинхэнэ хүүхэдтэй болохыг хүсэхгүй гэж үү?” хэмээн би бодсон. Аз болоход хэрэв хэн нэгэн нь нялх хүүхэдтэй болохыг хүссэн бол би ч бас тэр бэлгийн нэгэн хэсэг болмоор байлаа.

Би биологийн ангид хамт сурдаг Нэнси гэдэг нэгэн залуу бүсгүйг харж явдаг байсан ч хичээлийн хагас жил дуусах дөхөхөд түүнтэй ярих зүрх зориг хүрэхгүй л байсаар байв. Нэг өдөр тэнгэр ивээж, тохиолдлоор бид хоёр шалгалтын төвөөс яг нэгэн зэрэг гарч явж таарав. Надад олдсон энэ боломжийг ашиглан би түүнтэй яриа өдлөө. Тэр орой би Нэнси рүү утсаар ярьж, түүнийг болзоонд урьсан юм. Бид нэг удаа, дараа нь бас хэд хэдэн удаа болзоонд явав. Хэдий тийм боловч би Христийн мэндэлсний баяр ойртож буйг мөн Нэнсиг гэр рүүгээ явна гэдгийг мэдэж байлаа. Бидний хооронд үүсэж эхэлсэн хайр дурлалаа хадгалж, улам бүр цэцэглүүлэхийн тулд би юу хийж чадах вэ?

Би төлөвлөгөө зохион, Нэнсигийн эгч болон түүний найз залуугийн тусламжтайгаар Христийн мэндэлсний баярын өмнөх 12 хоногт өдөр бүр Нэнсид бэлэгтэй сюрприз барихаар шийдэв.

Төлөвлөгөө маань ч бүтэмжтэй болов. Нэнси бэлэг авч байсан ч тэдгээрийг хэн өгч байгааг огт мэдэхгүй байлаа. Түүний гэрийнхэн тэр чигээрээ энэ нууцыг тайлах гэж хичээж байв. Нэнсигийн эгч болон түүний найз залуу үүнд оролцсоноо хэнд ч хэлэхгүй гэдгээ амласан. Энэ бол үнэхээр гэмгүй цэвэр зорилготой нууц бүлэглэл байсан юм.

Гэхдээ нэгэн орой гэр бүлийнхэн нь нууцыг тайлах зүйл олж илрүүлэв. Хонх дуугарахад тэд хаалга руу яаран очоод, нэгэн машин хурдтай хөдөлж, яваад өгөхийг харав. Тэд машины дугаарыг бичиж аваад, хэн уг машиныг эзэмшдэгийг мэдэхээр маргааш нь жолооны үнэмлэхийн бүртгэлийн газар руу утасджээ. Эгчийнх нь найз залуугийн гэр бүлийн гишүүн уг машины эзэн болохыг тэд олж тогтоон, улмаар бэлгүүд хэнээс ирж байсныг мэдэв. Нэнсигийн эгч, найз залуутайгаа миний төлөвлөгөөнд оролцсоноо хүлээн зөвшөөрөв. Нэнси бид хоёр Христийн мэндэлсний баярын өдрийг хамт өнгөрүүлэх боломжтой болсон учраас би ч илэрсэндээ сэм баярлаж билээ. Бид түүнээс хойш үргэлжлүүлэн болзсон юм.

Яг л миний бодсоноор Нэнси Христийн мэндэлсний баяраар жинхэнэ, амьд нялх охинтой болохыг хүссэн байлаа. Тэрээр охиныг минь өөрийнхөө охин мэт хайрласан. Азаар, би тэрхүү бэлгийн нэг хэсэг байлаа. Дараа зун нь бид гэрлэв. Энэ бол миний хүлээн авсан хамгийн сайхан бэлгүүдийн нэг юм.

Би Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын агуу төлөвлөгөөг өөрийн биеэр мэдэрч байв. Би мөнхийн гэр бүлтэй болж, бид үүрд мөнх лацдан холбуулсан юм. Мөнхийн гэрлэлт, гэр бүл бол итгэлтэй бүх хүн энэ болон ирэх амьдралдаа хүлээн авдаг бэлэг юм. Үүнээс агуу ямар бэлэг байх билээ?

Би өөрийн ганцаардмал, уй гашуутай өдрүүдээ эргэн хараад, Есүс Христ ч мөн адил нэгэнтээ орхигдож, гарцаардлыг мэдэрч байсныг, Тэрээр хэнээс ч илүү миний зовлонг мэддэг гэдгийг ойлгосон билээ. Тэрээр хэн бүхнээс илүү миний шаналлыг мэдэрсэн юм. Би хамгийн их ганцаардсан үедээ ч Есүс Христ намайг орхисон мэт мэдрэмжийг мэдрээгүй. Тэр миний Аврагч төдийгүй миний ах, миний сайн найз байсан.

Залуу эцэг

Бүл цөөтэй гэр бүл маань өнөр болж, хэдэн жилийн дараа би дахиад л санаа зовоосон зүйлтэй тулгарлаа. Христийн мэндэлсний баяр ойртоход Нэнси бид хоёр бие биенээ хараад, тэр жил балчир хүүхдүүддээ өгөх Христийн мэндэлсний баярын бэлгэнд зарцуулах авах ямар ч мөнгөгүйгээ ухаарсан юм.

Би их сургуулиа дөнгөж төгсөөд байсан бөгөөд бид санхүүгийн хувьд тогтвортой болохыг хичээж байв. Би сайн ажилтай байсан хэдий ч амьдралын өндөр өртгийг төлж дийлэхгүй нь тун удалгүй тодорхой болов. Бидний хийдэг ганц ач тустай зүйл нь аравны нэгээ бүрэн төлдөг явдал байсан. Хэн ч бидний энэ нөхцөл байдлыг мэдэхгүй байхад Тэнгэрлэг Эцэг болон Аврагч мэдэж байлаа. Тэд Христийн мэндэлсний баярын гайхамшгуудыг бидэн рүү бага багаар илгээж эхэлсэн юм.

Нэгэн өдөр хаалганы хонх дуугарав. Хөрш маань хайрцагтай тоглоом бариад зогсож байв. “Бид байшингаа цэвэрлэж байгаад хүүхдүүд маань тоглохоо больсон эдгээр тоглоомыг оллоо. Танай хүүхдүүдэд таалагдах болов уу гэж бодоод” хэмээн тэр хэлэв. Тэдэнд таалагдалгүй яахав!

Бас нэгэн өдөр хаалганы хонх дахин дуугарав. Энэ удаа тойргийн маань хэдэн гишүүн ирсэн байлаа. Тэд жаахан охины дугуй барин зогсож байсан бөгөөд “Манайд энэ дугуй хэрэггүй болсон тул танай гэр бүлийг санаад ирлээ. Танай охин үүнийг унах болов уу?” гэж асуув. Бид хөл газарт хүрэхгүй баярласан!

Хэдэн долоо хоногийн өмнө жаахан хүү маань орон нутгийн нэгэн дэлгүүрийн зураг будах тэмцээнд оролцсон юм. Гэтэл бид нэг өдөр түүнийг уг тэмцээнд түрүүлсэн болохыг хүлээн авсан утасны дуудлагаар мэдэв. Хүү маань хүүхдийн алдартай киноны бичлэг хожсон байв. Энэ бүхэн биднийг гайхшируулж байв!

Энэ бүх жижиг гайхамшгуудаас гадна хүүхдүүд маань хэдэн бэлэг авахаар боллоо. Бид аравны нэгээ төлсөн бөгөөд Тэнгэрлэг Эцэг болон Аврагч тэнгэрийн цонхыг нээж, яндангаар бидний дээрээс адислалуудаа хальтал цутгасан билээ.

Христ хүү маш эгэл даруухан нөхцөл байдалд мэндэлсэн байхад бусад хүн Түүнийг олсон бөгөөд Тэр үнэ цэнтэй бэлгүүд өгсөн гэдгийг би эргэцүүлэн бодов. Дэлхийн эцгийн хувьд би үр хүүхдүүддээ чадах бүхнээ өгөхийг маш их хүсдэг.

Бидний Тэнгэрлэг Эцэг ч бас үүнийг хүсдэг. Гэхдээ Түүний хайр бол үнэхээр төгс бөгөөд Тэр өөрт буй бүхнээ бидэнд өгөхийг хүсдэг нь хэмжээлшгүй бэлэг юм.

Дүгнэлт

Ах, эгч нар аа, бид бүгдэд ганцаардсан, өвдсөн, сэтгэлээр унасан, ядуурсан эсвэл гэрээсээ хол байх үе нэг биш удаа тохиолдож байсан. Аз болоход, бидэнд биднийг ойлгодог Тэнгэрлэг Эцэг болон Аврагч байна. Бид тэдэнд хандвал Тэд биднийг гараас маань хөтлөн, бүх сорилт бэрхшээлийг даван туулахад туслах болно.

Ах, эгч нар аа, бид бүгд ганцаардсан, өвдсөн, сэтгэлээр унасан, ядуурсан эсвэл гэрээсээ хол байгаа хэн нэгнийг нэг биш удаа мэдэх болно. Бидний Эцэг болон Аврагч биднийг бусдад туслахад удирдан чиглүүлдэг бөгөөд бусдад туслах нь бидэнд өгөгдсөн онцгой эрх юм.

Би хүүхэд байхдаа Христийн мэндэлсний баяр жилд ганц удаа л болдог гэж боддог байсан. Би одоо насанд хүрсэн хүний хувьд Христийн мэндэлсний баяр өдөр бүр болдгийг ухаарсан. Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг болон Аврагч Есүс Христ хоёрын өгөөмөр, сайхан сэтгэлийн ачаар бид өдөр бүр тэнгэрлэг бэлгүүдийг тасралтгүй хүлээн авдаг. Тэнгэрлэг бэлгүүд тоочихын аргагүй олон.

Эцэг, Хүү хоёрт талархах талархал маань үнэхээр хэмжээлшгүй бөгөөд гүн гүнзгий юм. Хуучин цагийн Аммоны нэгэн адил “би өөрийн мэдэрч [байгаагийнхаа] хамгийн бага хэсгийг ч хэлж чадахгүй” (Алма 26:16).

Тийм ээ, бид Христийн мэндэлсний баярын улирал бүрд Есүс Христийн төрсөн өдрийг тэмдэглэдэг. Гэхдээ Эцэг, Хүү хоёрын нинжин сэтгэлийн ачаар бид бүх бэлгийг авдаг. Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.