Өлгий ба тэнгэрлэг тэврэлт
Христийн мэндэлсний баярын талаарх миний дурсах дуртай нэгэн үйл явдал намайг зургаан настай байхад тохиолдсон юм. Баярын өмнөх орой би Германы Берлин дэх гэртээ эмэгтэй дүүтэйгээ унтдаг хоёр давхар орныхоо дээд давхарт унтаж байв. Маргааш Христийн мэндэлсний баяр гэхээс тэсэж ядан, маш их догдолсондоо би бөх унтаж чадахгүй байлаа. Учир нь шөнө дунд хаа нэгтээ жингэнэх хонхны дуугаар сэрчихсэн юм. Тэр үед би өрөөний хаалга аяархан онгойх чимээг сонсов. Нөгөө өрөөний гэрэл нүүрэн дээр минь тусахад би ухасхийн босоод, хаалга руу харлаа. Би харсан зүйлдээ итгэж ядав. Хаалганы цаана Санта Клаус зогсож байх нь тэр. Би тоглоогүй шүү. Үнэхээр тэр байсан! Тэр “хо, хо, хо” хэмээн хүнгэнэсэн дуугаар мэндчилээд, өөрийг нь даган, зочны өрөөнд очиж, гэрлээр чимэглэсэн гацуур модыг харахыг хүсэж байгаа эсэхийг надаас асуув. Би гайхширч, хэлэх үггүй болсон хэдий ч орноосоо шатаар яаран доош бууж, түүнийг дагаад, өөдөөс харсан өрөөнд ортол ээж, ах хоёр модны дэргэд зогсож байлаа. Би өрөөг тойруулж хараад, аавыгаа тэнд байхгүйг анзаарав. Яагаад аав үүнээс хоцорчихов оо? Ээж маань аавыг хогоо хаяхаар гарсан гэж хэлэв. Гэхдээ тэр яагаад ингэж их удаад байгаа юм бол! Өнөөг хүртэл би аавыгаа Санта Клаустай уулзаж чадаагүйд харамсдаг. Санта надаас “чи сайн охин байсан уу” гэж асуухад нь би түүнд “тийм ээ” гэж баяр хөөртэй хариулсан юм. Түүнийг бидний бэлдсэн жигнэмэг, сүүг амтархан идэхийг харсныхаа дараа би буцаад, орондоо оров. Хэдэн цагийн дараа сэрээд, Христийн мэндэлсний баярын өглөөг баярлаж догдлон угтсан юм.
Миний нөхрийн өвөө Хийтон Лант 1800 оны сүүлээр Мексикийн колонид амьдардаг залуухан байхдаа Христийн мэндэлсний баярын өглөөг тэс өөрөөр угтсан ажээ. Тэрээр өөрийнхөө түүхийг хуваалцахдаа: “Христийн мэндэлсний баяр болох үед цастай байсан тул хоньдоо дулаан пүнзэн дэх саравчинд нь хотлуулав. Би Христийн мэндэлсний баярын үүрээр хоньдоо харахаар эртлэн очсон юм. Тэгээд малын саравчнаас шингэхэн хоолойгоор майлах дууг сонсов. Дотогш ортол Нэлли гэдэг нэртэй хонь маань төллөж, бүр хоёр ихэр хургатай болсон байлаа. Би хар хурдаараа гэр лүүгээр гүйж ороод, алгаа ташин, ээждээ ‘Би та нарын дундаас хамгийн сайхан Христийн мэндэлсний баярыг үзсэн хүн нь боллоо: Нэлли хоёр ихэр хурга гаргажээ’ гэж хэлсэн юм. Бүх хүүхэд жүрж, өөр бусад зүйлсээ ширээн дээр орхиод, Нэллигийн бяцхан хургануудыг харахаар пүнз рүү гүйлдэв. Энэ бол Христийн мэндэлсний баяраар бидний авч байсан хамгийн том гайхамшиг байсан”1 гэж ярьсан юм. Гайхалтай нь, яг дараагийн жил нь, мөн түүнчлэн дараа, дараагийн жилүүдэд ч Христийн мэндэлсний баярын өглөө Хийтоны хотонд хурганууд төрсөөр л байсан юм.
Энэ түүхийг анх сонссон миний зүрх сэтгэл, оюун бодол тэр даруй Христийн мэндэлсний баярын анхны өдөр мэндэлсэн өөр нэг Хурга, Бурханы Хурга, Есүс Христийн тухай бодол руу Хөрвөсөн юм. Яг л Хийтон шинэ төллөсөн хургануудаа харахаар гүйж байсны адил, хоньчдыг дөнгөж мэндэлсэн Бурханы Хүүг харахаар яарч байгаагаар би төсөөлдөг. Тэрхүү даруухан агаад ариун орчинд тэдний юу харсныг та төсөөлж байна уу? Хайраар дүүрэн Иосефын эхнэр Мариагийнхаа хамт амлагдсан Мессиагийн мэндэлсэн талаар тунгааж буйг би төсөөлдөг. Мариа бяцхан хүүгээ даавуунд өлгийддөг түүх миний сэтгэлийг гойд хөдөлгөдөг.
Манай гэр бүл саяхан бяцхан ач охиноо угтан авсан юм. Нэг өдөр түүнийг ээж нь дулаан зөөлөн өлгийнд өлгийдөөд, энгэртээ тэврэхийг би харсан юм. Өлгийдөх гэдэг нь манцуйлан боох гэсэн утгатай. Түүхийн туршид өлгий, даавуунд манцуйлах нь тайвшруулах зорилгоор ашиглагдаж ирсэн бөгөөд тавгүйтсэн хүүхдийг ч тайвшруулдаг. Бэрийгээ охиноо өлгийдөж байгааг хараад, би өлгий хэрэгтэй байж болох хүмүүсийн талаар, бүр алсаас ч гэсэн үгүйлж байгаа тэдний талаар бодлоо. Сайхан үг, сонсох чих, ойлгох зүрх нь зовж зүдэрсэн хүмүүсийн сэтгэлийг тайвшруулж, зөөллөж чаддаг.
Бараг гурван жилийн өмнө манай хүргэн эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарсан юм. Учир шалтгааныг нь олохын тулд тэрээр олон тооны шинжилгээ өгч, шат дараалсан арга хэмжээ авсан боловч эцэст нь зүрхний хагалгаанд орох шаардлагатай гэдгээ мэдсэн юм. Хүргэнийг хагалгаанд ороход охин маань хадмууддаа мэдэгдэхээр зурвас илгээв. Түүний хадмууд алс хол газар өөр улсад номлолд үйлчилж байсан бөгөөд хадам ээж нь түүнд “Тэнгэрлэг тэврэлтийг илгээж байна” хэмээх тайвширлын үгтэй зурвасаар хариу илгээжээ.
Хэсэг хугацааны дараа нэгэн сувилагч түүний хажуугаар өнгөрч явснаа зогсоод түүний нулимс цийлгэнэсэн нүд рүү харан, та нөмрөх бүтээлэг авах уу гэж асуужээ. Охин маань зүгээр ээ гэж хэлээд татгалзсан ч өнөөх сувилагч тэр даруй явж, дулаан бүтээлэг авч иржээ. Сувилагч охиныг маань бүтээлгээр ороогоод, “Танд тэнгэрлэг тэврэлт хэрэгтэй байгаа гэж надад мэдрэгдлээ” хэмээн хэлжээ.
Бурханы Хурга, Сайн Хоньчин Тэрбээр сүргээ нэг бүрчлэн мэддэг. Тэрээр энэрлээр дүүрэн сувилагчийг охин руу минь илгээсний адил бидний хэрэгцээтэй үед дэлхийн тэнгэр элч нарыг илгээж, тэднээр дамжуулан хайрынхаа мутраар тэвэрч өлгийддөг .2 Тэрээр бүх хүнд амар тайван, сайн сайхныг авчрахаар дэлхийд ирсэн.3 Тэрээр гашуудах тэдний хамт гашуудаж, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг.4
Бидний хүн нэг бүрийг хайрлаж, санаа тавьдаг Их Эзэний олон арга замыг эргэцүүлэн бодохдоо энэ хайрыг бусадтай хуваалцахын тулд би илүү их зүйл хийх хүсэлтэй болдог. Мөн би олон удаа хүлээн авсан тэнгэрлэг тэврэлтээ болоод өлгийг илүү таньж мэдэхийг хүсэж байгаа хэдий ч танин мэдэхдээ бас удаан л байна.
Амар тайван байдал маш их шаардлагатай энэ дэлхийд бидний эелдэг зөөлөн үгс, энэрэнгүй мөн нигүүлсэнгүй үйлс нь бусдыг өлгийдөх дулаан өлгий болж чадна. Биднийг бусдадаа үйлчлэх өдөөлтийн дагуу үйлдэх тусам Их Эзэн бидэнд бусадтай хуваалцах тэнгэрлэг өлгийг нэмж өгдөг гэдгийг би ойлгосон. Та ямар өдөөлт хүлээн авсан бэ? Тэнгэрлэг тэврэлт хэрэгтэй хэнийг та мэдэх вэ? Бид биечлэн эсвэл зайнаас бусдадаа үйлчилснээр хайртай хүмүүсийнхээ, бүр танихгүй нэгний амьдралыг өөрчилж чадна.
Аврагчийн мэндэлсний баярыг тэмдэглэхдээ бид Түүний хайр, энэрэл, амар амгаланг мэдрээд зогсохгүй бусадтай эдгээр адислалыг хуваалцаасай хэмээн залбирч байна. Би тэвшинд нойрсох өлгийтэй бяцхан хүү, Бурханы Хурганы тухай эргэцүүлэн бодох үедээ залуу Хийтоны үгсийг давтан хэлдэг. Тэр бол “Христийн мэндэлсний баяраар бидний авч байсан [эсвэл авах] хамгийн том гайхамшиг юм.”5
Есүс Христийн нэрээр, амен.