Тэнгэрлэг бэлэг
Эрхэм хүндэт ах, эгч нар аа, үнэхээр гайхалтай үдэш болж байна. Сайхан хөгжим, захиасаар бидний сүнсийг өргөлөө. Крэйвэн эгч тэнгэрлэг тэврэлт, тайтгаруулах өлгийн талаарх бодлоороо зүрх сэтгэлийг маань уяраалаа. Ахлагч Нийлсон гурван жилийн турш цэргийн алба хаахдаа Христийн мэндэлсний баяраар зовж зүдэрсэн эцгийнхээ амьдралыг дүрслэн, бидний сэтгэлийг хөдөлгөлөө. Ахлагч Холланд дэлхийн Аврагчийн амьдралын тухай зааж, биднийг сүнслэгээр өдөөлөө.
Би энэ завшааныг ашиглан, хүлээн авсан олон адислалынхаа төлөөх талархлаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхийлэн үерлүүлэх урилгыг минь хүлээн авсанд та бүхэндээ талархаж байна. Сая сая хүн үүнд хариу үйлдсэн. Мөн та нар өдөр бүр Тэнгэрлэг Эцэгтээ залбирахдаа Түүний удирдамж, хамгаалалт, сүнслэг өдөөлтөд болон хамгийн гол нь Түүний хайрт Хүү Есүс Христийг бэлэг болгон өгсөнд үргэлжлүүлэн талархсаар байгаад би онцгойлон талархаж байна.
Христийн мэндэлсний баяр гайхамшигтай дурсамжийг сануулдаг. Христийн мэндэлсний баярын нэгэн ялдам дууллыг дуулсан өхөөрдөм бяцхан охин Клайр Кросбитай хамт энэ баярыг тэмдэглэх завшаан яг жилийн өмнө Вэнди бид хоёрт тохиосон юм. “Дэлхийг гэрэлтүүлцгээе” санаачилгад зориулж тавьсан бичлэгийнхээ нэг хэсгээс би хуваалцъя.1
Ахлагч Холланд үнэхээр хоёр мянга гаруй жилийн өмнөх тэр нэгэн адислагдсан шөнийг энэ дэлхийд амар тайвныг авчирч, хүмүүсийн дунд сайн сайхныг өдөөхөөр урьдчилан томилогдсон Нэгэн төрснөөр ариусгасан гэдгийг бидэнд санууллаа.2 Есүс Христ өнгөрсөн, одоо, ирээдүйн бүх хүн төрөлхтнийг адислахаар мэндэлсэн.
Бид “Амгалан шөнө” дууг дуулахдаа ч Бетлехемийн бяцхан хүүгийн амьдрал тэндээс эхлээгүй төдийгүй Калварид ч төгсгөл болоогүй гэдгийг мэддэг. Мөнх бус байдлын өмнөх амьдралд Есүс бүх хүн төрөлхтний Мессиа, Христ, Аврагч, Гэтэлгэгч байхаар Өөрийн Эцэгээр тослогдсон. Биднийг цагаатгахын тулд Түүнийг урьдчилан томилсон. “Тэрээр бидний гэмт үйлдлийн улмаас шархдаж, хилэнцүүдийн маань улмаас бяцарсан билээ.”3 Тэрээр үхэшгүй мөнх байдлыг бодит болгож, мөнх амьдралыг бүх цаг үед амьдрах хүмүүст боломжтой болгохоор ирсэн.4
Энэ нь бид бүгдээрээ тэр тусмаа энэ үймээн самуунтай жилд нас барж, одоо хөшигний нөгөө талд очсон таны хайртай хүмүүс ч бас амилна гэсэн үг юм. Энэ нь бид нэг бүрчлэн үргэлжлүүлэн хөгжих боломжтой гэсэн үг. Энэ нь бидэнд илүү сайн сайхан зүйлс ирнэ гэдэгт найдаж болно гэсэн утгатай.
Их Эзэн яагаад уг газрыг сонгож төрөх болсон юм бол гэж та бодож үзсэн үү? Тэрээр дэлхийн хаана ч төрж болох байсан. Гэсэн ч Тэрээр Өөрийн ариусгасан тэр газрыг сонгосон юм.
Есүс Бетлехемд төрсөн. Еврей хэл дээр бет лехем гэдэг нь “талхны гэр” гэсэн утгатай. “Амьдралын талх”5 гэгддэг Тэрээр “талхны гэр”-ээс гаралтай байх нь үнэхээр зүйтэй явдал.
Тэр мал амьтдын дунд эгэл даруу орчинд төрсөн. Тэнд “Бурханы Хурга”6 Пасхалын тахилд бэлтгэгдэн, Дээгүүр өнгөрөх баярын үеэр мал амьтдын дунд төрсөн. Мөн нэгэн өдөр Тэрээр “нядлагдахаар хөтлөгдөх хурга”7 болох болно. Тэр Хурга, Хоньчины аль аль нь байсан.
“Сайн хоньчин”8 гэж нэрлэгддэг Түүнийг төрөхөд хоньчид Түүний ариун төрөлтийн зарыг хамгийн түрүүнд хүлээн авдаг.9
Түүнийг төрөхөд “өглөөний гэрэлт од”10 гэж нэрлэгддэг нэгэн шинэ од тэнгэрт гарч ирсэн.11
Түүнийг төрөхөд Тэр Өөрийгөө “ертөнцийн гэрэл”12 гэж нэрлэсэн ба Түүний ариун төрөлтийн тэмдэг болж дэлхий даяар харанхуй болоогүй.13
Есүс биднийг аврахаар гүн рүү орж мөн тэндээс бүх зүйлээс дээгүүр босож ирэхээ бэлгэдэн, дэлхий дээрх хамгийн нам доор байрладаг цэвэр усанд баптисм хүртсэн юм.14 Түүний үлгэр жишээг харвал, Тэрээр бид ч гэсэн уйтгар гуниг, сул дорой байдал, санаа зовнил зэрэг хувийн бэрхшээлийнхээ гүнээс гарч, өөрсдийн гайхамшигтай чадамж, бурханлаг хувь тавилангийн оргилд хүрч чадна гэдгийг заасан байдаг. Энэ бүхэн Түүний нигүүлсэл, ач ивээлээр боломжтой болдог.
Аврагч ангаж цангах ямар байдгийг мэдэх хүмүүс л зөвхөн бүрэн ойлгох тийм хичээлийг цөлийн хуурай, тоос шороон дунд заасан.
Есүс худгийн дэргэд буй эмэгтэйд
“Энэ уснаас уух хүн бүр дахин цангана.
Харин Миний өгөх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь өөд оргилох булгийн ус болно”15 гэж заасан.
Энэ судар надад ахлагч Марк Э.Пэтэрсэнтэй хамт байсан нэгэн сайхан үйл явдлыг сануулж байна.16 Тухайн үед тэрээр Арван хоёр Tөлөөлөгчийн Чуулгын гишүүн байсан бөгөөд надад уг чуулгад дуудагдахаасаа өмнө, түүний мөнх бус амьдралдаа сүүлчийн удаа аялсан Ариун газар луу дагалдан явах завшаан тохиосон юм.
Ахлагч Пэтэрсэн хорт хавдраасаа болж маш их шаналж байв. Түүний хувьд удаан бөгөөд шаналгаа зовиуртай хоносон шөнө нь би түүнийг тайвшруулах гэж хамаг чадлаараа хичээж билээ. Түүнийг тун бага идэж, ууж чаддаг болохыг би харсан. Маргааш нь тэрээр томоохон газарт үг хэлэх хуваарьтай байлаа.
Өглөө болов. Ахлагч Пэтэрсэн өөрийг нь хүлээж буй том цуглаан руу очихоор Галилын тэнгисийн хойд эрэг рүү эр зориг гарган явав. Тэрээр Аврагчийн Уулан дээрх номлолоос заахаар шийджээ. Ахлагч Пэтэрсэнийг “Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ!”17 гэж хэлэх үед нүд нь нулимсаар дүүрсэн байлаа. Тэрээр тэмдэглэлээ хажуу тийш тавиад, толгойгоо өргөн, “Өлсөх, цангах гэдэг үнэхээр ямар байдгийг та нар мэдэх үү?” гэж асуув. Түүнийг үнэхээр мэддэг гэдгийг би мэдэж байсан. Дараа нь тэр “Та зөвт байдлын төлөө үнэхээр өлсөж, цангаж чадах үедээ л Христтэй илүү адил болж чадна” гэж заасан. Ахлагч Пэтэрсэн үүний амьд жишээ байв. Тун удалгүй тэрээр энэ мөнх бус амьдралаа төгсгөсөн юм.18
Зөвт байдлын төлөө өлсөж, цангах тухай бодох бүрдээ би энэ хүндэт төлөөлөгч сүүлчийн номлолуудынхаа нэгийг Их Эзэн Есүс Христийг эрэлхийлэх, зөвт байдлын төлөө өлсөж, цангах, Түүнтэй илүү адил болох нь үнэхээр юу гэсэн утгатай болохыг заахад зориулсныг нь боддог.
Энэ жил Нэлсон эгч бид хоёр гэр бүлдээ зориулсан Христийн мэндэлсний баярын хайрын ажлаа эртнээс бэлдэж эхэлсэн. 11-р сарын эхээр Вэнди Христийн мэндэлсний баярт бид бэлэн боллоо гэж мэдэгдсэн. Би тэр даруй “Өө, сайн байна! Одоо бид Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлж чадах юм байна” гэж хариулсан.
Дэлхий дээрх хүн бүр дэлхийг хамарсан цар тахлын гамшгийн үр дагаварт өртсөн, урьд өмнө тохиолдож байгаагүй энэ жил бид Христийн мэндэлсний баяраар Аврагч болон Түүний амьдрал бидэнд үнэхээр ямар утга учиртай болох тухай бэлэгт анхаарлаа төвлөрүүлэхээс илүү чухал зүйлийг хийж чадахгүй.
Бидний хайрт Тэнгэрлэг Эцэг “ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно.”19
Бурханы Хүү дараа нь “надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй”20 гэж амласан. Эцэг, Хүү хоёрын өгсөн үгээр хэлшгүй, юутай ч зүйрлэшгүй ямар агуу бэлэг вэ!
Хайрт Хүүгээ бэлэг болгон өгсөнд би Бурханд талархдаг. Мөн би зүйрлэшгүй золиос гаргаж, үүрэг даалгавраа гүйцэтгэснийх нь төлөө бидний Их Эзэн Есүс Христэд талархдаг. Есүс анх ирэхдээ нууцлаг байдлаар ирсэн. Харин Хоёр дахь ирэлтээрээ Их Эзэний цог жавхлан “илэрч, махбодтой бүхэн хамтдаа үзэх болно.”21 Тэгээд Тэрээр “эздийн Эзэн, хаадын Хаан”-аар хаанчлах болно.”22
Одоо Аврагчийн итгэмжлэгдсэн үйлчлэгчийн хувьд би хайрт ах, эгч та бүхнийгээ адисалъя. Та болон таны гэр бүлийнхэн Их Эзэний дуу хоолойг сонсох чадвараа нэмэгдүүлж, амар амгалангийн адислагдан, Эцэг, Түүний Хүү хоёр таныг хэчнээн их хайрлаж, халамжилдаг болохыг мэдрэх чадварыг дээшлүүлэх илчлэлт хүлээн авч, Түүнийг эрэлхийлэх бүхнийг удирдахад бэлэн байх болтугай. Би Моронайтай үгээ нэгтгэн, “Бурхан Эцэгийн мөн түүнчлэн Их Эзэн Есүс Христийн, мөн … Ариун Сүнсний ач ивээл та нарт оршин байж мөн үүрд үлдэхийн тулд бошиглогчид хийгээд төлөөлөгчдийн тухайлан бичсэн Есүсийг эрэлхийлэхийг би та нарт уриалж байна.”23 Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр залбирлаа, амен.