Энх Амгалангийн Ханхүү
Өөр нэгэн цаг үед алс холын өөр нэгэн газарт миний эцэг Норман Нийлсон бага залуу байхдаа дэлхийн 2-р дайнд Номхон далайд тулалдсан 4 жилийнхээ 2 дахь жилд ороод явж байлаа. Тэрээр байлдааны онгоцны мэргэжилтэн байжээ. Зурган дээр Папуа Шинэ Гвинейн ширэнгэн дунд амьдарч байсан майхныхаа өмнө зогссон байна. 1943 оны Христийн мэндэлсний баярын өдөр бэлэвсэн ээждээ бичсэн захидалдаа тэр “Та бичсэн он сарыг минь хараад, өнөөдөр Христийн мэндэлсний баярын өдөр гэдгийг анзаарах байх. Би өглөө 7 цагт босож, өглөөний унд уугаад, өдрийн 3 цаг хүртэл ажилласныхаа дараа горхи руу очиж, хувцсаа угаан, усанд орсон. Оройн хоолонд бид маш бага хэмжээний цацагт хяруул, амтат төмс, эрдэнэ шиш, сүмс бас үзэмтэй бялуу идсэн. Хэдэн жилийн өмнө та нартайгаа хамт гэртээ ширээгээ тойрон суугаад, хамт байхдаа иддэг байсан бүх зүйлээ ахин дуртайяа идэх юмсан. Бидний Христийн мэндэлсний баярын илгээмж баяраас өмнө ирээгүйд бид их гонсгор байгаа. Христийн мэндэлсний баяраар юу ч аваагүй хүмүүс энд олон байна. Худаг ширгэх хүртэл усыг нь хэзээ ч санагалздаггүй гэж та надад олон удаа хэлж байсныг би санаж байна” хэмээжээ.
Өнгөрсөн жил эхнэр Мариа, дүү Сюзан хоёр маань аавын Дэлхийн 2-р дайнд 4 жил цэргийн алба хаасан тухай түүхийг бичсэн юм. Тэд түүний ээждээ бичсэн бүх захиаг нэгтгэсэн. Би Христийн мэндэлсний баярын энэ уйтгартай захиаг уншаад, нэг л итгэж өгөхгүй байснаа та нарт хэлэх хэрэгтэй. Та нарт энэ түүх байдаг л түүх мэт санагдаж болох ч энэ нь хайрт аавын минь тухай байсан тул би тэрхүү Христийн мэндэлсний баярын өдөр болсон үйл явдлыг ямар нэг байдлаар өөрчлөхийг хүссэн. “Айдахогийн энэ залуу эр хэр их зовлон шаналлыг тэвчиж чадах юм бол доо?” гэж бодон, зүрх минь шимширч байв. Түүнийг ердөө 12-хон настай байхад аав нь зүрхний шигдээсээр өнгөрч, ээж нь түүнийг өсгөсөн бөгөөд тэр цэрэгт татагдаж, аймшигт дайны үеэр ширэнгэн ойд амьдарч байсан. Ядаж Христийн мэндэлсний баяраар бэлэг авч болохгүй байсан гэж үү? Түүний нөхцөл байдлыг тунгаан бодож байхдаа би Ариун Сүнсний надад хандан, “Брэнт, энэ түүх яаж төгссөнийг чи мэднэ шүү дээ. Аав чинь эцэст нь хамгийн чухал бэлгийг хүлээн авч, итгэлээр дүүрэн амьдралыг туулахдаа Христийн мэндэлсний баярт хамгийн их дуртай байсан”гэж ярихыг мэдэрч билээ.
Би аавынхаа түүхийг цааш нь уншиж байгаад, 1945 оны 2-р сард ээждээ бичсэн түүний сүүлийн захиануудын нэгийг олсон. Тэрээр Генерал Даглас Макартурын удирдлаган доор 4 жил цэргийн алба хаахдаа Австралийн Дарвинаас Папуа Шинэ Гвиней, Филиппинийн Лэйте булан, эцэст нь Манилад тулалдаж байгаад албаа дуусган, гэртээ харьжээ. Дайны ихэнх үед Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цугларалт болохгүй байсан бөгөөд Филиппинд очсоныхоо дараа цэргийн албаа хааж дуусах дөхөж байх үеэр Сүмийн цуглааныг олж оролцох боломж түүнд гарчээ. Сүмийн цуглаанд очсоныхоо дараа ээждээ бичсэн сонирхолтой захиаг нь хуваалцъя. “Би өчигдөр Сүмд очсон. Гэхдээ надад яриа нь тийм ч чухал санагдаагүй. Ээж ээ, надад өмнө нь тун чухал мэт санагддаг байсан зүйлс одоо нэг их хамаагүй санагдах болсон. Би Бурханд итгэх итгэлийнхээ талаар энд яриагүй юм шүү. Итгэл маань урьд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ хүчирхэг болсон ба Бурханыг алдаа гаргах бүрд маань шийтгэхээр дээр зогсож байдаг нэгэн биш, харин биднийг хайрлаж ойлгодог хүн хэмээн хардаг болсон.”
Олон цэрэг, эмч, сувилагч, далайчин, нисгэгч болон гэмгүй иргэд аль аль талд олноороо амьд үрэгдсэн тэрхүү хүнд бэрх цагт аав минь Христийн мэндэлсний баярын бэлэг болох тэр баярын жинхэнэ учир утгыг олсон гэдгийг Сүнс надад заасан билээ. Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг өөрийг нь ойлгож, анхаарч байдгийг тэр олж мэдсэн. “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм”1 хэмээх амьдралын хамгийн чухал сургамжийг аав маань олж авчээ. Хүнд хэцүү байдлыг чадах чинээгээрээ сөрсний эцэст аав минь биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийг олсон. Олсон тэр зүйл нь эргэлзээ, өвдөлт, зовлон шаналлаар дүүрэн ертөнцөд аз жаргал, баяр хөөрийг түүнд авчирчээ. Тэрээр дайныг ардаа орхин, ийм бэлэгтэйгээр гэртээ эргэн ирсэн билээ.
Хэрэв би аавынхаа оронд байсан бол гэрээсээ хол өнгөрөөсөн гурван Христийн мэндэлсний баярын хүнд үеийг даван туулж чадах байсан эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ Христийн мэндэлсний баярын жинхэнэ бэлэг бол Тэнгэр дэх Эцэгээс бидэнд өгсөн Аврагч Есүс Христ гэдгийг түүний ойлгосон шиг би ч мөн үүнийг ойлгосон. Энэ Христийн мэндэлсний баярын үеэр дэлхий дахинд үүссэн нөхцөл байдлын улмаас бидний зарим нь гэрээсээ алс хол эсвэл гэр бүлтэйгээ ойрхон ч тэднээсээ тусгаарлагдсан байгаа. Бидний зарим нь 1943 оны Христийн мэндэлсний баяраар аавын минь мэдэрсэн зүйлийг энэ жил мэдэрч байж болно. Бид яагаад ямар ч хүн айлчилж ирэхгүй байгааг болон яагаад бэлэг авахгүй байгаагаа гайхаж болно. Гэхдээ бид Бурхан руу харж амьдарвал Есүс Христ хамгийн агуу бэлэг гэдгийг ойлгоно. Энэхүү бэлгийг задалснаар бид гайхамшигтай амар амгалан амьдралын түлхүүрийг олж авдаг.
Шинэ Гэрээний Марк номын 4-р бүлэгт Аврагчийн дагалдагчдад аймшигт зүйл тохиолддог. Тэднийг Аврагчтай хамт Галилын тэнгист байхад хүчтэй шуурга дэгджээ. Дагалдагчдыг ихэд айхад Аврагч тэднээс “Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ?”2 хэмээн асуужээ. Аврагчийг Өөрийн дуу хоолойгоор тушаахад салхи, давлагаа намжив. “Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг, Тэр ер нь хэн бэ?”3 хэмээн дагалдагчдын асуусан чухал асуултыг энэ Христийн мэндэлсний баяраар тунгааж үзэхийг би та бүхнээс хүсэж байна. Би энэ асуултад хариулахыг хичээе. Есүс Христ бол “Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон”4 мөн. “Түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг.”5 Тэр бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Тэр бол Тэнгэрлэг Эцэгийн Ууган Хүү.
Исаиа Аврагчийг дараах байдлаар дүрсэлжээ. “Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй … Эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана, алхлаа эс цуцна.”6
Ийм суурин дээр Аврагч биднийг энэхүү Христийн мэндэлсний баяраар болон үргэлж “Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая. … Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Буулга минь аятай, ачаа минь хөнгөн”7 хэмээн урьж байдаг. Тэрээр биднийг “ир” хэмээн урьдаг.
Бид ямар ч нөхцөл байдалд хаа ч байсан, гэр бүл найз нөхдөөсөө яаж ч тусгаарлагдсан бай Аврагч Есүс Христ бол бэлэг, Түүнд очвол Тэр бидний зовлонг хөнгөлнө гэдгийг санаж мөн аав минь аймшигт дайны үеэр Түүнийг олсон шиг та нарыг ч бас энэ Христийн мэндэлсний баяраар Түүнийг олоосой хэмээн би найдаж байна. Аврагч “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ”8 хэмээн хэлсэн. Бид ямар нөхцөлд байгаагаасаа үл хамааран Түүнд найдвал амар амгаланг олох болно.
Та бүхэнд Христийн мэндэлсний баярын мэндийг хүргэхийн сацуу туйлдсан дэлхий баярлах энэ цаг мөчид бидний Хайрт Тэнгэрлэг Эцэгийн Төрсөн Ганц Хүүгээ золиослохыг зөвшөөрч, бидэнд өгсөн бэлгийг та бүхэн хүлээн авч, зөвшөөрөх болтугай хэмээн би залбирч байна. Бидний хайртай Тэнгэрлэг Эцэгийг болон Түүний төгс Хүү, Энх Амгалангийн Ханхүүг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.